Амьсгалын замын цочмог халдвартай ханиад, томуу ихэссэнтэй холбоотой дүүрэг болон өрхийн эмнэлгүүдийн ачаалал хэр байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн эмнэлгийг зорилоо.Биднийг тус эмнэлгийн хүлээн авах тасгийн хаалгаар ороход хүүхдээ тэврэн дугаарлаж суугаа ээжүүд, дуу дуугаа аван эмнэлгийн коридор дүүрэн уйлалдах нялхас угтсан юм. Тэдний дунд хүүхдээ тэврэн суугаа Д.Алтансувд “Хүү минь ханиад хүрээд хатгаа туссан. Төрөөд 29-хөн хонож байгаа болохоор нэг орон дээр өөр хүүхдүүдтэй хүлээж авч болохгүй. Тиймээс Эх нялхас руу яв гэсэн. Эмчид хүүгээ үзүүлэх гэж бүтэн өдөржин суулаа. Гэтэл үзүүлсний дараа өөр эмнэлэг рүү яв гэх юм” хэмээн ярьж байлаа. Энэ бол Баянзүрх дүүргийн эмнэлгийн дүр зураг. Тус эмнэлэг хүүхэд хэвтэн эмчлүүлэх 150 ортой. Гэвч одоогоор ханиадтай хатгаа туссан 300 гаруй хүүхэд хүлээн аваад байгаа ажээ. Эмнэлгийн чийрэгжүүлэх өрөө, кабинет, том хүмүүсийн эмчилгээний зарим өрөөг татан буулгаж, хүүхдийн тасаг болгосон ч багталцахгүй байгаа тул нэг орон дээр 2-3 хүүхэд хэвтүүлж, ор хүрэлцэхүйн улмаас зарим өвчтөнөө хүлээн авч чадахгүй байгаа гэнэ. Ор хүрэлцээгүйн улмаас хүүхдээ шөнөжин тэвэрч хонох үе ч бийБид хүлээн авах тасгаар нэвтрэн хүүхдийн тасгийг зорилоо. Тус эмнэлгийн хүүхдийн тасаг төлбөртэй, төлбөргүй гэсэн хоёр тасагт өвчтөнөө хүлээн авдаг бөгөөд биднийг ороход коридороор дүүрэн хүүхдээ тэвэрсэн ээжүүд угтав. Ой гаруйхан настай өвчиндөө шаналаад уйлж буй хүүхдээ тайвшруулах гэж аргаа барсан нэг ээж “Манай хүүхэд ой гарантай. Ханиадтай байж байгаад хатгаа болоод хүндэрчихсэн. Нэг орон дээр гурвуулаа байгаа болохоор хүүхдээ уйлахаар коридорт аваад гараад ирдэг. Нэгнийгээ сэрээчих гээд байх юм. Анх нэг орон дээр оруулаа байх хэцүү байсан. Шөнө болохоор хүүхдүүдээ орон дээр унтуулчхаад шалан дээр хэвтэж хонодог. Заримдаа хүн ихтэй үед хүүхдээ шөнөжин босоогоороо тэвэрч хонох үе ч бий . Хүү минь л эдгэрч байвал шалан дээр хэвтэж хонох ч яахав гэж бодох юм” хэмээн ярьж байлаа. Таван сартай Анужин охин эмнэлэгт хэвтээд дөрөв хонож буй ч биеийн байдал нь сайжрахгүй байгаа аж. Ханиалгах нь ихэд зовиуртай байгаа бололтой. Ханиалгах бүртээ уйлагнах бөгөөд ээж нь аргадан, хөхүүлж байлаа. Түүний ээж Г.Уянга “Охин минь хэд хоног халуураад шууд хатгаа болчихсон. Энэ ханиад их хүнд тусдаг юм байна. Энд хэвтэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хатгаатай. Олон хүн нэг агаараар амьсгалж байгаа болохоор хүүхэд эдгэхгүй байна. Нэг нь эдгэрч байхад шинэ ханиадтай хүүхэд орж ирэхэд нөгөөх нь дахиад л ханиад тусчих юм” гэлээ. Бид төлбөргүй тасгаас цааш өнгөрч төлбөртэй тасгаар орлоо. Энэ тасагт нэг хүүхэд нэг орон дээр хэвтэн эмчлүүлж байгаа ч ганцхан өрөөнд л гэхэд 10 гаруй ор зэрэгцүүлэн тавьж хөл эргэх зайгүй болгожээ. Зургаан сартай охиноо эмчлүүлж буй ээж Д. Ганчимэг “Охиноо анх ханиад хүрэхээр нь эмнэлэгт хандсан. Гэтэл гэрээрээ эмчилгээ хийлгэ гээд буцаачихсан. Хэд хоногийн дараа хүүхэд маань сандаргаад дахиад үзүүлтэл хоёр уушги нь гүн хатгаатай болчихсон байна гэсэн. Анх төлбөргүй тасагт хэвтэж байсан. Нэг орон дээр гурван хүүхэдтэй хамт байсан болохоор хэд хоног хүүхдээ босоогоор тэвэрч хоносон . Тэгээд маргаашаас нь хөөцөлдөж байж хоногийн 28 мянган төгрөгийн төлбөртэй өрөөнд орсон” хэмээн ярьж байлаа.Хүүхэд 38.5 хэмээс дээш халуурсан тохиолдолд л халуун буулгах эм өгнөТус эмнэлгийн хүлээн авах тасгийн эмчээс эмнэлгийн ачааллын талаар тодруулахад, “Ачаалал маш их байна. Биднийг энэ талаар мэдээлэл өгч болохгүй гэсэн” гээд нэрээ нууцлахыг хүссэн юм. Тэрээр “Бид гэрээр эмчлэх боломжтой хүүхдүүдээ аль болох буцаадаг. Зайлшгүй хэвтэх шаардлагатай хүүхдээ л авч байна. Өдөртөө 300 орчим хүүхэд үзүүлж байгаагийн 30 хувь нь хэвтэн эмчлүүлж байна. Нэг орон дээр 2-3 хүүхэд хүлээн авахаар нэгнээсээ дахин халдварлах магадлал өндөр байна. Орой болохоор ачаалал бүр их болдог” гэв. Түүнээс эцэг, эхчүүдэд хандан хүүхдээ ханиад, томуу хүрсэн үед гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийх талаар тодруулахад “Бага насны хүүхэд халуурч байгаа үед тогтмол хугацаанд халууныг үзэж 38.5 хэмээс дээш гарвал халууныг нь буулгах эм өгнө . Мөн парацетамолыг зөв хэрэглэж дадах хэрэгтэй. Ихэнх эм парацетамолын найрлагатай. Эцэг, эхчүүд хүүхдээ халуурахаар нурофен өгчихөөд араас нь парацетамол өгөөд байна. Гэтэл нурофен нь парацетамолын найрлагатай эм шүү дээ” гээд хүүхдэдээ эмчийн заавраар эм уулгахыг зөвлөлөө. Энэ жил тархаж буй ханиад нь хүнд явцтай, дээрээс нь агаарын бохирдол их байгаа болохоор түргэн хугацаанд хатгалгаа болох магадлал өндөр байгаа ажээ.