Open iToim app
Соёл, урлаг | 5 мин уншина

​Б.Сувд: Дээлний босоо зах Манжийнх биш, Киданы үед бий болсон нь олдвороор нотлогддог

​Б.Сувд: Дээлний босоо зах Манжийнх биш, Киданы үед бий болсон нь олдвороор нотлогддог
Нийтэлсэн 2017 оны 2 сарын 8
Монгол дээл хувцас ба түүний түүх нь монголчуудын оюун санаа, урлахуйн арга барил, түүхэн замналын хөгжиж ирсэн нэгэн жишээ. Үүнийг онол ба практикийн үүднээс судалсан судлаач, доктор, профессор, "Монгол костюмс" төвийн захирал Б.Сувд  “Монгол дээл хувцасны түүхэн хөгжил” сэдвээр өнгөрсөн баасан гаригт лекц уншлаа. Лекцийн дараа түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна. 

Хүннү дээл бол үнэндээ Хүннү дээл биш
-Сайн байна уу. “Монгол хувцасны нууц товчоо” номдоо багтаасан монгол дээл, хувцасны түүхэн хөгжилд хийсэн судалгааныхаа талаар сонирхолтой лекц уншлаа. Та үндэсний дээл хувцсыг хэдий үеэс судалж эхлэв. Энэ номоо хэзээнээс бичиж эхэлсэн бэ?
-Киев хотын Технологи, дизайны их сургуульд суралцаж байхад манайд хувцасны загвар зохион бүтээх хичээл ордог байсан юм. Тэр хичээл дээр дэлхийн хувцасны түүхийн талаар, орон орны үндэсний хувцасны соёлын тухай ордог байсан. Гэтэл монгол үндэсний хувцасны талаар ганц ч дурддаггүй байсан. Тэр нь надад маш харамсалтай санагдсан. Тэр хэрээрээ монгол үндэсний хувцсыг гадны орнууд мэддэггүй юм байна гэсэн бодол төрсөн. Тэр үеэс хойш л монгол үндэсний хувцсаа судалж, ном бичих санаатай явж ирсэн. “Монгол хувцасны нууц товчоо” номоо 2015 онд гаргасан. Номоо бичихдээ маш олон археологичидтай хамтран эртний дээл хувцсыг судалж, археологийн олдворууд дээр нь үндэслэн бичсэн. Хувцасны түүхэн хөгжил бол тухайн үндэстний соёлын үнэт зүйлс, үүх, түүхийг агуулж байдаг. Нэг үгээр хэлбэл, энэ номноос үндэсний хувцасны түүхэн хөгжлөөр дамжуулан Монголын эзэнт гүрний түүхийг харж болно. Монгол үндэсний хувцасны түүх соёлыг нэн эртний үеэс эхлээд ямар байр байдлаар өөрчлөгдөж, шинэчлэгдэж ирснийг археологийн судалгаан дээр тулгуурлан бичсэн гэж ойлгож болно.
-Таны судалгаанаас монгол дээлний үүх, түүхийн талаар маш олон зүйлийг харж болохоор байна. Лекцийн үеэр бидний одоогийн өмсөж, хэрэглэж байгаа Хүннү гэж нэрлэж байгаа дээл бол жинхэнэ Хүннү дээл биш гэж хэлсэн. Хүннүгийн үед өмсөж, хэрэглэж байсан дээлнээс юугаараа ялгаатай вэ?
-Орчин үед хүмүүсийн Хүннү дээл гээд байгаа нь бол үнэндээ Хүннү дээл биш. 1924 онд Төв аймгийн Батсүмбэрийн Ноён уулаас олдсон хоёр төрлийн Хүннү дээл байдаг. Урдуураа задгай энгэртэй энэ дээлүүд ОХУ-ын Санктпетрбургийн Эрмитажид хадгалагдаж байгаа. Ташуулсан энгэртэй дээлийг сэргээн засварлахдаа буруу хийж, түүнийгээ Хүннү дээл гэж нэрлээд байдаг. 
-Сүүлийн үед босоо захтай дээл Хятадынх, Хүннү дээл биднийх гэж ярих болсон. Харин таны судалгаанаас харахад босоо захтай дээл Киданы үед үүссэн гэж байна. Энэ тухайд?
-Бид өвөг дээдсийнхээ өв соёлыг сайн мэдэхгүйгээс болж босоо зах Хятадынх гэдэг. Үүнийг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Оросын судлаач Л.Л. Викторова судалгаандаа “Монголчуудын дээл босоо захтай, энгэр нь дөрвөлжин” гэж тодорхойлсон байдаг. Энэ нь Монголчууд босоо захыг Манж нараас авсан гэсэн ойлголтыг няцаадаг. Босоо захтай дээл Манжаас өмнө, бүр Киданы үед байсан . Киданы үеийн босоо захтай дээлийн олдвороос Киданы үед монгол дээлний загвар үндсэн хэлбэрээ олсон гэж  судлаачид үздэг. Бид ч мөн номоо бичихдээ Киданы үеийн босоо захтай дээлний олдворыг олж, босоо захтай дээл Киданы үед үүссэн гэдгийг нотолсон. Мөн Киданы үед хаад, ноёдын зэрэг, дэвийн хувцас, дээлний төрөл бүрийн хатгамал, урлал үүссэн гэж үздэг. 
-Нэн эртний үеийн хувцасны олдворыг буган чулууны хөшөөтэй холбож тайлбарлалаа. Мөн тэр үеэс шивээс үүссэн байх магадлалтай талаар ярьсан. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Буган чулуу хөшөөнөөс үүдэлтэй анхны шивээс Монголын талаас үүдэлтэй гэж зарим судлаачид үздэг. Буган чулуу хөшөө бол тэр үеийн шивээсийг тал талаас нь харуулсан байдаг. Шивээсийг нарийн судлаад үзвэл нүүдэлчдээс, тэр дундаа Монголын талаас гаралтай гэж болох оор байгаа юм. Буган чулуу хөшөөнөөс үүдэлтэй дээлний маш олон чимэглэл, дүрслэлүүд гарч ирсэн байдаг. Буга, бодон гахай, бар гэх мэт. 
-Сүүлийн үед хүмүүс баяр ёслолоор ууж өмсдөг болсон. Ууж болон нударганы түүх, соёлын тухайд?
-13-р зууны үеийн хатад богино ханцуйтай ууж давхарлаж өмсдөг байсан. Ууж тэр үеэс гаралтай. Харин нударга бол бага хаадын үед  бий болсон. Манайхан нударгыг бас Манжийнх гэж хэлдэг. Нударга бол бага хаадын үеэс гарч ирсэн гэдгийг олдворууд нь  баталдаг.  Бид түүх, соёлоо цааш нь түлхэхийн оронд өөрсдөө сайн судлах хэрэгтэй. Хувьсгалын дараа үеэс угсаатны, ямбатны хувцас гэдэг утгаар нь нударгыг халж эхэлсэн байдаг. Орчин үед нударгатай дээл их ховор болсон доо. 
-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Энэ жилийн дээлний загварын чиг хандлага ямар байна. Хүмүүс ихэвчлэн ямар өнгийн дээл хийлгэж байна?
-Орчин үед шинэ загварын үндэсний хувцас гаргаж байна гээд зарим талаар монгол хувцасны ёс заншлыг алдагдуулж байна. Залуу дизайнерууд монгол хувцасны үндсэн элементийг зөв гаргаж, авч явах ёстой. Нэн ялангуяа залуу дизайнерууд монгол хувцасны үндсэн элементийг зөв гаргаж, зан заншил, уламжлалаа мэддэг байх хэрэгтэй. Дээлний деталь бүр ямар нэг билгэдлийг шингээж байдаг. Хээ угалзны тухайд гэхэд юу урлаж байгаагаас хамааран бэлхүүснээс дээш байх уу, доош байх уу гэдэг нарийн ёс журамтай байдаг. Энгийн жишээ гэхэд, монголчуудын хувцасны дэг жаягт настай хүн, хүүхэд хоёрын дээл ганцхан шилбэтэй, идэр насных нь гурван шилбэтэй байх ёстой гэдэг. Энэ бүхнийг нарийн сайн мэдэж байх хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс энгийн, босоо захтай дээл сонирхох болсон. Тод өнгөтэй, саатай материал давамгайлж байна. 
-Нүүдэлчин монголчуудын хувцас Хятад болон бусад орны хувцсанд хэрхэн нөлөөлж байсан талаар судалсан гэсэн энэ талаараа? 
-Бид түүхэндээ хүчирхэг явсан ард түмэн. Хүчирхэг улсуудын соёл хувцсаар нь түгэж байдаг. Хүчирхэг улсын нөлөөнд байгаа орнууд өөрийн мэдэлгүй өнөөх соёлыг нь даган дуурайдаг. Хятадууд манай уламжлалт дээл хувцаснаас өөрсдийн дээлэндээ авсан юм маш их. Орос, Япон, Солонгосын эрдэмтэд хүртэл нүүдэлчдийн хувцаснаас суурин иргэншилд авсан зүйл их бий гэдгийг нотолсон байдаг. Тухайлбал, Солонгос, Япон, Хятад ёслолын хувцас, Ираны углаа хувцас, төв азийн нүүдэлч иргэний дээлний нөлөөгөөр баяжсан гэж үздэг.  
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн