Иргэдээс хэрхэн бага стресстэх, стрессээ хэрхэн тайлах, мөн сэтгэлзүйн холбогдолтой асуултууд манай редакцид ирүүлсэн юм. Тиймээс бид Анагаах ухааны докторант, АШУҮИС-ийн багш, сэтгэлзүйч Р.Энхтүвшинтэй ярилцаж, иргэдээс ирүүлсэн зарим асуултад хариулт авлаа.
Асуулт 1: Аливаа зүйлийг хэтэрхий муу, сөрөг талаас нь хараад байх юм. Энэ нь эргээд миний сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг. Эерэгээр, өөдрөг талаас нь харахын тулд яах ёстой вэ. Мөн зарим үед өөрийгөө хэн нэгэнтэй хэтэрхий их харьцуулснаас болоод өөрөө өөртөө гуртах үе олон байдаг. Энэ талаар зөвлөгөө өгөөч?
-Хэтэрхий гутранги үзэлтэй, аливааг байнга сөрөг талаас нь хардаг, хэт их санаа зовомтгой, айдаг, түгшдэг хүмүүс сэтгэцийн тулгамдсан асуудалтай байх магадлал өндөр байдаг.
Өөрийгөө бусадтай харьцуулан гутарч, мөн аливааг хэтэрхий сөрөг талаас нь хардаг гутранги үзэл ихэвчлэн тухайн хүний гэр бүлийн хүмүүжил, удамшилтай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, бага байхад нь эцэг эх нь маш их загнадаг, өөрийн үзэл бодлоо тулгадаг, дуулгавартай байлгах гэж үргэлж чичилсэн хүүхэд том болоод хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулдаг, өөрөө өөртөө итгэлгүй, гутранги үзэлтэй болчихдог. Мөн төрөлхийн буюу удамшлын гутранги үзэлтэй хүн байж болох юм. Ер нь тухайн хүний хандлага,сэтгэлзүйн онцлог ямар орчинд өсөж, хүмүүжсэнтэй шууд холбоотой байдаг. Мөн өөр нэг зүйл нь эхийнхээ хөхнөөс эрт гарсан хүүхэд өөртөө итгэлтгүй, гутранги үзэлтэй болдог . Хүүхэд хамгийн багадаа ой зургаан сар хүртэл эхийнхээ хөхийг хөхөх ёстой . Эхийнхээ хөхийг хөхнө гэдгийг зөвхөн хооллож байна гэж ойлгож болохгүй. Хүүхэд эхийнхээ хөхийг хөхөж байхдаа ээж надтай үргэлж хамт байна гэсэн сэтгэлзүйн маш том амар амгаланг мэдэрч байдаг. Гэтэл энэ үед хөхнөөс нь гаргачих юм бол тухайн хүүхэд насан туршдаа салан хагацах айдас, түүнээс үүдсэн өөртөө итгэлгүй байдал, гутранги үзэл бий болдог. Мөн эхийнхээ хөхийг том болтлоо хөхсөн хүүхдүүд хэт өөдрөг үзэлтэй байдаг гэсэн судалгаа ч бий. Иймд гутранги үзэлтэй, аливаад шүүмжлэлтэй ханддаг, өөрийгөө бусадтай харьцуулдаг хүмүүс эхлээд юунаас болоод ийм байдалтай болсноо мэдэх хэрэгтэй. Түүнийхээ дараа сэтгэлзүйчэд хандаж зөвлөгөө авах, аливааг аль болох сайн сайхнаар төсөөлөх гэж хичээх хэрэгтэй.
Асуулт 2: Нойргүйдэл удаан үргэлжилбэл сэтгэцэд нөлөөлөх үү. Ажлын ачааллаас болоод олон хоног нойргүй явах тохиолдол ч байдаг?
-Гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр хэд хоног нойргүй явсан гээд сэтгэцийн эмгэгтэй болохгүй. Харин сэтгэл санаанаас болоод нойргүйдэж, энэ байдал нь зургаа болон түүнээс дээш сар үргэлжилбэл сэтгэцийн эмгэгтэй болох магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл нойр хулжиж, эсвэл үүрээр сэрж байна гэдэг сэтгэцийн ямар нэг асуудал бий болж байна гэсэн үг.
Асуулт 3: Ямар төрлийн зан чанартай хүмүүс бусдаас илүү стресстддэг вэ?
Асуулт 4: Үргэлж ажил бодогдоод байдаг сэтгэлзүйн хандлагаа хэрхэн өөрчлөх вэ?
-Ажилдаа бүх зүйлээ зориулаад байдаг хүмүүст хоёр төрлийн нийтлэг шинж байдаг. Нэгдүгээрт, тухайн хүн гэртээ очоод аз жаргалтай, амар амгалан байж чаддагүй, эсвэл гэр бүлгүй ганц бие хүмүүс байж болно. Хоёрдугаарт, тухайн хүн аливаа зүйлд хэтэрхий чин сэтгэлээсээ ханддаг, ач холбогдол өгдөг байж болно. Мэдээж ажлаа сайн хийх нь зөв ч гэр бүлдээ цаг гаргах нь илүү чухал. Гэр бүлтэй мөртлөө ажлаас өөр зүйл бодогдохгүй байгаа бол эхнэртээ, нөхөртөө, хүүхдэдээ хандсан хайр халамжаа нэмэгдүүлж, гэртээ очоод амрах тохилог, амар тайван орчныг бүрдүүлээд үзээрэй гэж зөвлөмөөр байна. Харин гэр бүлгүй залуу хүмүүсийн хувьд зарим үед ажлаа түр хойш нь тавиад өөртөө цаг гаргаж дуртай зүйлээ хийж байх хэрэгтэй.
Асуулт 5: Стресстэхээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ. Яаж бага өртөх вэ?
-Стрессгүй амьдрал гэх юм бол ямар ч идэвхгүй нэгэн хэвийн амьдрал болно. Тиймээс стресст хэрхэн бага өртөх талаар зөвлөгөө өгье.
Дасан зохицох буюу сэтгэлзүйн дархлаатай болох хэрэгтэй
Амьдрал баян гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэн нэг хүн миний талаар муугаар ярьсан үед амархан гомдох биш хүмүүс угаасаа л ийм байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн сэтгэлзүйн дархлаа хэрэгтэй. Мөн хүмүүс ийм гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс гадна би өөрөө ийм хүн гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийгөө нээж олох хэрэгтэй гэсэн үг. Мөн нийгэмд ийм зүйл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх дархлаа хэрэгтэй. Сүүлийн үеийн хүмүүс интернетээс тийм мэдээлэл уншсан чинь, эсвэл ийм бичлэг харсан чинь сэтгэл тавгүй болчихлоо, ажлын эрч хүч байхгүй болгочихлоо гээд л ярьдаг. Энэ нь тухайн хүнд нийгэмд угаасаа л ийм зүйл байдаг гэдгийг хүлээн зөвшөрсөн сэтгэлзүйн дархлаа байхгүй байгаатай холбоотой. Тиймээс стресст бага өртөхийн тулд хамгийн түрүүн хүлээн зөвшөөрч, дасан зохицсон сэтгэлзүйн дархлаатай болох юм.
Мөрөөдөлтэй, зорилготой, төлөвлөгөөтэй хүн бага стрессддэг
Асуулт 6: Стресс тайлах ямар арга байдаг вэ?
Магтаалын үг хэлэх, сонсох
Сэтгэл гэдэг эрхтэн өвддөг, шаналдаг, хугардаг, бас баярладаг. Сэтгэлийг баярлуулдаг, стресс тайлах хамгийн том зэвсэг бол магтаал. Өглөө босоод урмын үг сонссон хүн бүтэн өдрийг туулах хүчтэй болдог. Хааяа ч гэсэн өөрийгөө магтаж, гамнаж, хайрлаж байх хэрэгтэй. Мөн хэн нэгэнээр магтуулж сурах хэрэгтэй, магтаалыг чин сэтгэлээсээ хүлээж авч чаддаг байх хэрэгтэй. Магтаж байхад өмнөөс нь би тийм хүн бишээ, эсвэл би угаасаа л ийм хүн гэх мэтээр хүлээж авч хариулах юм бол тухайн хүн дахиад таныг магтахаас цэрвэдэг болно.
Өөрчлөлт, шинэчлэлт стресс тайлах эм
Нэгэн хэвийн байдлаас салж өөрчлөлт хийх хэрэгтэй. Үсээ тайруулах, ажлын ширээгээ солих, шинэ хувцас худалдаж авах, уруулын будгаа өөрчлөх гэх мэтээр сэтгэлзүйдээ шинэ зүйлийг мэдрүүлж байх хэрэгтэй. Өнгө хүртэл сэтгэлзүйд нөлөөлж байдаг.
Амрах, дэлгүүр хэсэх, хамт олонтойгоо салхинд гарах, караокед орох, спортоор хичээллэх, бүжгийн клубт явах гэх мэтээр өөрийнхөө дуртай зүйлийг хийх хэрэгтэй. Ямар зүйлээс хамгийн их сэтгэл ханамж авдаг гэдгээ бодоод түүнийгээ хийгээд үзээрэй.
Ажил дээрээ хэт их бухимдалтай, стресстэх үедээ гурван секунд амьсгаагаа хүчтэй аваад, гурван секунд түгжээд, гурван секунд буцаагаад гаргах дасгалыг хийгээд үзээрэй. Дасгалыг хийх явцдаа цээж дүүрэн амьсгалж, гаргахдаа бүх амьсгаагаа гаргах хэрэгтэй. Энэ дасгал найман жилийн турш судалж байж гаргасан стресс тайлах арга байгаа.