-Хувь хэмжээ бага боловч ногдуулж буй татварын ачаалал өндөрт тооцогдож байна-
Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш Ч.Өнөржаргалтай татварын өнөөгийн тогтолцоо, хоёр дахь шатны шинэчлэлийн талаар ярилцлаа. Татварын эрх зүйн орчинд ойлгомжгүй зүйл, заалт түгээмэл байгаа нь тодорхой бус байдал үүсгэдэг хэмээн тэрбээр хэлж байна.
-Татварын хоёр дахь шатны шинэчлэл өнөөгийн татварын орчинд тодорхой дэвшил гаргаж чадах болов уу. Та уг шинэчлэлийг хэрхэн харж байна вэ?
-Татварын эрх зүйн орчныг бүхэлд нь шинэчлэх хуулийн төсөл дээр ажиллаж байгаа багийн хоорондынх нь уялдаа холбоо их чухал. Тэр утгаараа энэ удаагийн шинэчлэлд илүү нухацтай хандах хэрэгтэй байгаа юм. Шинэчлэл нь муу зүйл биш. Гэхдээ өмнөх байдлаас нь муутгах ёсгүй. Гол нь дээрдүүлэх гэж л шинэчлэл хийдэг. Ийм зарчмаар ажиллах учиртай. Тиймээс боломжит түвшинд нь тооцоо, судалгаа хийж, түүндээ үндэслэх нь шинэчлэл бодит үр дүнд хүрэхэд нөлөөлнө. Ингэснээр татварын бааз суурь тэлж, ойлгомжгүй байдал тодорхой болоход түлхэц болох байх.
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /НӨАТ/ энэ оноос хэрэгжиж эхэллээ. Мэргэжлийн хүний нүдээр харахад НӨАТ-ын тухай хууль өмнөх хуулиасаа хэр сайжирсан бэ?
-Шинээр хэрэгжиж буй НӨАТ-ын тухай хууль товчхондоо, үзэл, баримтлалын хувьд ухралт хийсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх байдлаасаа зарим талаар дордчихлоо. Босгыг нь 50 сая төгрөг болгож, буцаан олголтын тухай хэсгийг нэмээд л бусдыг нь 2006 онд баталсан хуулийн хүрээнд хэвээр үлдээсэн бол илүү дээр байх байсан гэж бодогдоод байгаа. Сайн тал нь гэвэл бүртгэл, хяналтын системд дэвшил гарч байна. Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд шинэчлэлийн санаа зөв боловч цаасан дээр буухдаа хүлээсэн түвшинд хүрч чадсангүй.
-Татварын шинэчлэлийг Засгийн газар гурван жилийн хугацаанд багтаан хийхээр төлөвлөж буй. Гэвч үлдэх цаг хугацаа улам давчуу болж байна.
-Тийм ээ. Зөвхөн шинэчлэл хийхийн тулд бүгдийг шинэчилж болохгүй л дээ. Тэгэхээр цаг хугацаанд автаж, шүүрхий хууль гаргах нь илүү сөрөг үр дагавартай. Гаргаж буй хуулийн төсөлд хөндлөнгийн шинжээчдээр үнэлгээ хийлгэж, дүгнэлтийг нь ядаж л хуулиа батлахаасаа өмнө сонсох хэрэгтэй байна. Сайн хууль гаргахын тулд шүүлтүүр өндөр байхаас аргагүй. Татварын шинэчлэлийн хуулийн төсөл хэлэлцэх явцыг ажиглахад Байнгын хорооны хурлын идэвхи, ерөнхий асуудалд хандах байдлаас нь ажихад УИХ-ын гишүүд хэтэрхий хойрго, аливаа асуудалд хайхрамжгүй ханддаг юм шиг санагдсан. Шинэчлэлийг ийм байдлаар хийж болохгүй.
-Татвартай холбоотой маргаан, зөрчил сүүлийн түгээмэл гарах боллоо. Үүнийг татварын тогтолцоо, систем шаардлага хангахгүй байгаатай холбон зарим эдийн засагч тайлбарлаж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Татварын өнөөгийн тогтолцоонд маш олон хүчин зүйл сайн, муугаар нөлөөлж ирсэн. Шууд аль нэгийг нь нэрлэхэд өрөөсгөл болох талтай. Татвартай холбоотой маргаан, зөрчил гарах болсон нь нэг татвар төлөгчид татварын ойлголт мэдлэг сайтай болсных. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтнууд, нягтлан бодох бүртгэлийн болон хуулийн хэлтсийн ажилтнуудын мэдлэг чадвар өдрөөс өдөрт сайн болж байгаагийнх. Ямар асуудал дээр маргах, тайлбар өгөхөө мэддэг болж байна. Энэ бол дэвшил. Татварын зөвлөх үйлчилгээ бий болж татвар төлөгчид аливаа асуудалд мэргэжлийн байр сууринаас нухацтай хандах, эрх ашгаа хамгаалахад нь нөлөөлсөн байх.
Маргаан огт гарахгүй байна гэж байхгүй. Үүнээс гадна иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн төлж буй татварт хяналт тавих, түүнийг нь хэрхэн зарцуулж байгааг эрс сонирхох нь нэмэгдсэн. Бухимдал төрүүлэх болсон өөр нэг шалтгаан нь ижил тэгш татвар төлдөггүй байдал. Үүнээс болж иргэд татвар төлөхөөс зайлсхийх байдал үүсч байна. Мөн татварын албаны үйл ажиллагаа, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хандлага системдээ сөргөөр нөлөөлдөг болохыг ч үгүйсгэхгүй. Ер нь хууль, эрх зүйн орчинд хамаг л болохгүй асуудал байна гэж дүгнэх нь харьцангуй ойлголт.
-Татварын албаны үйл ажиллагаа юунаас болж доголдож байна вэ?
-Төрийн албаны тогтворгүй байдал татварын байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хүртэл таагүй нөлөө үзүүлэх болсон гэж харагддаг. Татварын ажилтан ямар нэгэн айдасгүй, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй өмнөх ажлаа хийх боломжийг нь олгохгүй байна. Тухайн хүн эрхэлсэн ажилдаа мэргэшсэн, туршлагатай боловч намын ялгаа, үзэл бодлын зөрүүтэй байдлаас болж ажилгүй болох, тушаал буурах нь олширсон. Энэ байдлаас татварын байцаагчдын чадавхи суларсан байх талтай.
Татварын хуулийн төслийг боловсруулахад мэдлэг хуримтлуулсан баг ажиллах ёстой. Гэтэл НӨАТ-ын тухай хуульд ийм баг ажиллаж чадсан, эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Шинэчлэл хийгдсэн ч хуулийнх нь үндсэн үзэл баримтлал хадгалагдах учиртай. Товчхондоо, нам дагасан улстөржсөн байдал эргээд татварын тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж байна. Танилтай хүн татвар төлөхгүй байж болохгүй шүү дээ. Эдгээр хүчин зүйлийг өөрчлөхгүйгээр шинэчлэлийн үр дүн гарахгүй.
-Сүүлийн үед зарим томоохон компани татвараас зугтах, жижиг, дунд компаниуд албан бус салбарт орох, компаниа жижгэрүүлэх хандлага даамжрах болсон. Энэ нь далд эдийн засгийн хэмжээ нэмэгдэхэд хүргэж буй. Ийм нөхцөлд татварын бодлого, тогтолцоог шинэчлэх хэрэгтэй юу?
-Хуулийн хэрэгжилт чухал. Түүнээс таны хэлж байгаа нөхцөлд шинэчлэл хийх нь бүхнийг сайн, сайхан болгочихно гэсэн үг биш. Хуулиар бүх харилцааг зохицуулах гэж оролдох нь зарим тохиолдолд үр дүнд хүргэхгүй байх нь бий. Татварын орчинд үүссэн төвөгтэй байдлыг залруулахаар шинэчлэл хийж байна гэж ойлговол хэтэрхий нэг талтай. Шинэчлэл нь зөвхөн өнөө маргаашаа бус ирээдүйд чиглэсэн байх учиртай. Ийм шинэчлэл хийх хэрэгтэй.
Түүнээс дан ганц төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд шинэчлэл хийж байгаа бол энэ алдаа. Харамсалтай нь хоёр дахь шинэчлэл төсвийн орлогыг бүрдүүлэхийн төлөө байгаа нь хүрэх үр дүнг улам бүдгэрүүлж байна. Төсвийн орлогыг хэт өндөр тогтоож, түүнийг төвлөрүүлэх гэж муйхар аргаар шаардлага тавьж болохгүй. Гааль, Татварын ажилтны ажлын дүнг орлогын төлөвлөгөөтэй холбож, үүгээр хэмжих нь эргээд системд асуудал үүсгэх буруу зам руу түлхэх эрсдэлтэй.
-Манайх хуулийнхаа үзэл санаа, философийг бүрэн дүүрэн ойлгож, хэрэгжүүлж чаддаг уу?
-Тухайн татварын системийг нутагшуулахдаа олон янзын санааг нэмэлтээр оруулж өгсөн байдаг л даа. Зарим тохиолдолд хэт чимхлүүр зүйл, заалтыг хуульд бараг л хүчээр тусгах нь бий. Ерөнхийд нь зарчмын хувьд тодорхойлоод орхих ёстой зүйлийг нэг бүрчлэн задалж тоочих. Ингэснээр тэдгээртэй төстэй нэр дурьдагдаагүй зүйлс хэрхэх нь тодорхойгүй болж орхих, эсвэл заавал байх ёстой хэсгийг гээх нь цөөнгүй. Эдгээр нь хуулийн үндсэн үзэл санаа алдагдахад хүргэдэг. Татварын суурийг хэрхэн тодорхойлох нь зарим салбар, онцлог бараа үйлчилгээний хувьд хуульд тодорхойлсон нь хагас дутуу байна.
Хэнээс хэзээ, яаж татвар хураах нь тодорхой байх ёстой. Мөн татварын хөнгөлөлт, чөлөөлт ихсэх нь орлогын бүрдэлт, тэгш бус байдал алдагдахад нэг талаар хүргэдэг. Хэт ялгавартай байдал үүсгэхээс болгоомжлох нь зүйн хэрэг. Мэдээж татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлөлт, чөлөөлтөөр харж үзэх салбар, тодорхой үйлдвэрлэл улс оронд байх нь зөв. Үүнийг улам хавтгайруулж болохгүй.
-Монгол Улсын татварын орчин хэр таатай вэ. Татварын ачаалал нь бусад хөгжиж буй эдийн засгийн бүтэц адилхан, хүн амын тоо ойролцоо орнуудтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-Татварын хувь хэмжээ харьцангуй бага боловч ногдуулж буй татварын ачаалал өндөрт тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдөд очих татварын ачаалал тийм бага биш. Татварын сууриа зөв тодорхойлох хэрэгтэй байгаа юм. Бидний хувьд татвар төлөх сэтгэлгээ, хандлагаа өөрчлөх нь чухал. Татвар дарамттай, хэцүү гэж нэг талаар ойлгоод байдаг. Улсад орлогоосоо юу ч өгөхгүй байх хязгааргүй сэтгэл, хүсэл байна. Мөн дээр дурдсан ялгавартай буюу тэгш бус байдал газар авсан нь сөрөг сэтгэлгээг даамжруулсан.
Татвараа байнга төлж байгаа нь төлөхгүй байгаагаа хараад төлөхгүй байж болох юм байна гэсэн үзлээр хандах байдал олшрох болсон. Уг нь нийтээрээ татвар төлөх нь иргэний үүрэг. Үүнээс гадна татвар хураах шат дамжлага одоогийн тогтолцоонд хүндрэл үүсгэж, үл ойлголцох байдалд хүргэж буй. Татвараа төлж байгаагаа улам дарамтлах, үйл ажиллагааг нь дахин шалгахдаа ямар нэгэн алдаа хайж, торгууль тогтоох нь татвар төлөгчдийн сэтгэлгээнд сөргөөр хүчтэй нөлөөлж байна. Энэ нь татвараас зугтах, зайлсхийхэд хүргэх нэг шалтгаан мөн. Тэгэхээр татварын алба, түүний удирдлага өөрийнхөө үйл ажиллагаанд хүртэл анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Хэдий хувь хэмжээ багатай ч хүнд суртал, хүндрэл, бэрхшээл байгаа нь тогтолцоогоо уруудахад хүргэж байгаа нэг шалтгаан байхыг үгүйсгэхгүй.
-Татварын хуульд түгээмэл ямар алдаа байдаг вэ?
-Татварын орчныг зохицуулах эрх зүйн баримт бичигт хэт ерөнхий, ойлгомжгүй байдал түгээмэл. Төдийлэн шаардлагатай бус зүйл, заалт их орсон байдаг. Бүх нийтээр жигд татвараа төлөхийн тулд гаргаж буй хуулийн чанар, чансааг дээшлүүлэхээс өөр аргагүй болчихсон. Үүнийг өргөн хүрээнд дээрх шинэчлэлээр дамжуулан хийх учиртай. Хуульд тодорхой бус заалт их байх тусам тэр хэрээр ойлгомжгүй байдал үүсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд сайтар боловсруулсан, судалгаатай хууль гаргах нь асуудлыг арилгах, засах гарц.
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж байна. Нэг талаар боломж олгож байгаа боловч эдийн засагт ямар их хөрөнгө нууц хэлбэрээр оршиж байсныг ил болгож буй хэрэг. Энэ нь цаг үеэ олсон хууль байж чадсан уу?
-Тодорхой хэмжээнд өөрчлөлт гарч, татварын бааз суурь тэлнэ гэж харж байгаа. Гол нь татвар төлөгчдийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Хуулийн сул тал гэвэл нийгэмд сөрөг хүлээлт үүсгэх талтай. Улс цаашид байнга ийм боломж үзүүлэхгүй байх. Аж ахуйн нэгж болон Хувь хүний орлогын татварын тухай хуулийг шинэчлэхдээ бүтээлч, тооцоо, судалгаатай хандаасай гэж судлаачдын хувьд харж байна. НӨАТ-ын хуульд төсвийн орлого тасарсан сэтгэлгээгээр хандсан нь илт байсан. Хуулийн төсөлд судлаач, хөндлөнгийн шинжээч нар санал оруулахаар тусгалаа олдоггүй, яагаад авсан саналыг нь оруулаагүй гэдгээ ч манайхан эргээд тайлбарладаггүй. Энэ байдал нь хуулийн төсөл сайжрах, цаашид илүү боловсронгуй болох, эсэхэд эргэлзэхэд хүргэдэг.