Өнгөрсөн бямба гаригт "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн уушгины эмч, дотрын тасгийн эрхлэгч Н.Наръяа “Агаарын бохирдол- уушгины өвчлөл” сэдвээр лекц тавилаа. Лекцийн дараа түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Агаарын бохирдол ихтэй энэ үед уушгины ямар төрлийн өвчин зонхилон тохиолдож байна вэ?
-Өдөр тутмын үзлэгээс харахад өвчтөнүүдийн ихэнх нь бөглөрөлт хэлбэрийн амьсгалын замын өөрчлөлттэй байна . Агаарын бохирдол, хүйтнийг дагаад уушгины үрэвсэл, багтраа, астма, уушгины архаг бөглөрөлтийн сэдрэлт болдог. Тухайлбал, уушгины архаг бронхит хүндрээд уушгины хурц үрэвсэл үүсдэг. Уушгины өвчлөлд олон дахин өртдөг хүүхдүүд агаарын бохирдол ихтэй хүйтний улиралд вирүсийн халдвартай хавсраад уушгины хатгалгаа болдог. Харин насанд хүрэгчдийн хувьд астма, гуурсан хоолойн бөглөрөлт өвчний сэдрэлтийн тохиолдол их байна. -Өвчтөнүүдийн ихэнх нь бөглөрөлт хэлбэрийн амьсгалын замын өөрчлөлттэй байна гэж байна. Уушгины бөглөрөлт юунаас болж үүсдэг вэ?
-Гуурсан хоолойн үрэвслийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Ханиалгах, халуурах шинэ тэмдэг удаан хугацаагаар үргэлжилж, олон дахин давтагдаж, өндөр халуурах шинж тэмдэг дарагдахгүй бол гуурсан хоолойн архаг үрэсвэл болдог. Мөн халуурах, цэр гарах, цээжээр өвдөх, амьсгалын замын шуугиан илэрч эхэлбэл эмчээс зөвлөгөө авч, тодорхой шинжилгээг хийлгэж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Өөрийн дураар антибиотик хэрэглэж болохгүй.
-Манайхан ханиад хүрлээ гээд шууд эмийн сангаас антибиотик авч уудаг. Энэ бол маш буруу. Антибиотикийг ихэвчлэн бактер кокын халдварын үед хэрэглэдэг. Харин манай орон шиг хүйтэн оронд агаарын бохирдолтой үед ихэвчлэн вирусийн гаралтай халдвараар хүндэрдэг. Тэгэхээр хамгийн түрүүнд ханиалгаж, халуурч байгаа шинж тэмдэг юунаас үүсч байна вэ гэдэг үүсгэгчээ тодорхойлох хэрэгтэй. Ханиадны вирус тээгээгүй мөртлөө өөр өвчний үед ханиалгаж болно. Энэ үед үүсгэгчийг нь тодорхой болгох хэрэгтэй юм. Манайх шиг агаарын бохирдол өндөртэй оронд үүсгэгч нь тодорхойгүй уушгины үрэвсэлт эмгэгүүд үүсэх боломж маш их өндөр байдаг. Ямар ч шинж тэмдэг илэрч болно. Эмчийн заавраар эм хэрэглэхийг зөвлөмөөр байна.
-Уушгины багтраа өвчин зөвхөн удамшлаас шалтгаалах уу. Удамшлаас гадна шалтгаалдаг хүчин зүйлүүд байна уу?
-Багтраа өвчин удамшлын шалтгаантай байдаг. Ээж аав нь багтраа өвчинтэй бол хүүхэд багтраа өвчтэй байх эрсдэл 80хувь байдаг. Мөн мэргэжлийн шалтгаантай, түр зуур илрэх багтраа өвчин гэж байж болно. Цээж шуугих, шөнө унтаж чдаахгүй давчдах, бачуурах тохиолдол олон удаа давтагдах нь багтраа өвчний гол шинж тэмдэг.
-Сүүлийн үед утлагын аппарат, агаар цэвэршүүлэгчийг гэрийн нөхцөлд их хэрэглэж байна. Хэр сайн нөлөөтэй байдаг вэ?
-Хүйтэн болон аппаратаар хийх утлагыг заавал эмчийн заавраар хийх ёстой. Халуун утлагыг вирусын халдварын үед гэрийн нөхцөлд хийж болно. Цэвэршүүлэх аппаратын хувьд бол агаарын бохирдол өндөртэй улсуудад хэрэглэхийг олон улсад хүлээн зөвшөөрсөн байдаг.
-Агаарын бохирдол ургийн хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?
-Амсьгалж буй агаарт агуулагдаж буй нүүрсхүчлийн хий хэдий чинээ их байна төдийн чинээгээ төв мэдрэлийн ситсемийг гэмтээж байдаг. Ганц ураг гэлтгүй бүх эрхтэнтэд сөргөөр нөлөөлдөг.
-Агаарын бохирдол ихтэй хүйтний улиралд уушгины өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар?
-Тамхи татахгүй байх. Гэр орны агаарыг цэвэршүүлж, тоос шороогүй байлгах, гэрийг тодорхой хэмжээний чийгтэй байлгах хэрэгтэй. Амьсгалын замын халдварын шинж тэмдэг илрэх юм бол маш богино хугацаанд анхны арга хэмжээг авах ёстой. Энэ үед ихэвчлэн амьсгалын дээд замын, залгиур хоолой, агаар дамжих замын өвчлөл их байгаа учраас хүйтэн агаар бага авах, амны хаалт зүүх, хэт хүйтэн өдөр гадуур удаан явахгүй байх, хүүхдийг гадуур хамаагүй явуулахгүй байх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Харин вирусийн гаралтай ханиадны ханиах, амьсгаадах, халуурах шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд гэртээ дулаахан байж, халуун утлага хийх хэрэгтэй. Мөн сүүлийн үед D витамины дутагдалтай хүмүүс их байна. Өвлийн улирал урттай, нарны тусгал багатай энэ үед D витаминаа маш сайн нөхөж байх хэрэгтэй. D витамин нь агаарын бохирдол, уушгины өвчлөлөөс сэргийлж байдаг. Агаарын бохирдолтой үед D амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь зүйтэй -Чоно, нохойн мах идээд уушги нь эрүүл болсон гэж олон хүн хэлдэг. Анагаах ухаан талаасаа чоно, нохойн мах уушгийг эрүүлжүүлэх үү?
-Үнэг, чоно уушгины өвчнөөр маш бага өвчилдөг амьтад. Хар үнэгний мах уушгины өвчтэй хүнийг эмчилж байна уу гэсэн судалгаа хийгдсэн байдаг. Сайн үр дүн гараагүй.