Open iToim app
Чөлөөт цаг | 5 мин уншина

​Наадмаар трэнд болох дээлний загварууд

​Наадмаар трэнд болох дээлний загварууд
Нийтэлсэн 2017 оны 6 сарын 30
Монгол түмний хүсэн хүлээдэг Үндэсний их баяр наадам хаяанд иржээ. Үүнтэй зэрэгцээд үндэсний хувцасны томоохон салонууд наамдын гоёлоо аль хэдийн урлаж эхэлжээ. 

Олон танигдсан томоохон хувцас загварын салонууд тухайн жилийн загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг. Томоохон салонуудын наадмын гоёлд зориулан урлаж эхэлсэн дээлний загвар, чиг хандлага өнгө, хийцээс ажиглахад наадамчин олон маань хэт гоёж, хээ хуар болсон, чамин дээлнээс илүүтэй гоёл багатай, дан дээл, нимгэн монгол цамц өмсөх хандлагатай байна.
Харин өнгөний хувьд зуны тод өнгүүд зонхилж байгаа аж. Материалын хувьд хөнгөн, нимгэн байх нь иргэдийн эрэлтэд нийцэж байгаа гэнэ.
Ингээд танд томоохон хувцас загварын салонуудын санал болгож буй наадмын гоёлуудыг танилцуулж байна.

Монгол костюмс салон энэ зуны наадмын гоёлд Индонез батик материалаар урласан дээлүүдээ санал болгож байгаа ажээ. Батик нэртэй энэ материал Индонез улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн байдаг. Өөрийн гэсэн хээ, онцлогтой өвөрмөц материал ажээ. Ерөнхийдөө энэ материал ахимаг насны хамгийн багадаа 30-аас дээш насны хүмүүст тохиромжтой сонголт ажээ.

Дэлхийн загварын ертөнцийн тухайн жилийн болон улиралын өнгөний чиг хандалгыг тодорхойлдог Пантоне колор институтээс гаргасан өнгөний иж бүрдэлүүд Урбан брэндийн наадмын ХҮРЭЭ коллекцид тусгалаа олжээ.
Эрэгтэй монгол цамцны хувьд загвар нь зөөлөн тоннтой өнгийн хосолгоотой. Энгэрт нь монгол хээ угалзыг урлан шаглаж өгсөнөөрөө илүү чамин тансаг байдлыг илэрхийлж байгаа аж. Агаар салхи сайн нэвтрүүлэн таатай мэдрэмж төрүүлэх тааран материалыг уламжлалт хэв маягийг хадгалан босоо зах энгэр шинэлэг давхар ханцуйтай хослуулан урлажээ. 

Эмэгтэй дан дээлний хувьд зөөлөн тоннтой ягаан өнгийн даашинзыг тод ягаан өнгийн хээг энгэрт нь уран нарийн хатгаж өгсөн нь бүсгүй таныг улам ихэмсэг тансаг харагдуулах аж. Ханцуйг энгийн бус хагалбартай хийж сампин товчоор чимэн мөн хагалаа халаасыг хоёр ташаанд хийсэн нь онцлог юм.

"Хайрын Хурим" салоны наадмын шинэ цуглуулгад тод өнгө ба өд, цацаг гэх зэрэг энэ зуны чиг хандлагууд шингэжээ. Зуны загварыг Монгол үндэсний уламжлалт хээ, эсгүүртэй сайхан зохицуулан уусгажээ. 

Эртний монгол хатдын эхнэр мөрийг орчин үеийн загвар ба материалд шингээн уусгаж, өд мэт сүрлэг эмжээр, тэсрэлт үүсгэх тод өнгөөр шийдэж өгсөн энэ удаагийн загварууд орчин үеийн эмэгтэйн бүхий л сонирхлыг харгалзан үзсэн байна. Намирсан нимгэн торгон материал халуун өдрүүдэд тохиромжтой байж, харин тод өнгийн сонголтууд анхаарал татам төрх бий болгоно. Энгийн эсгүүртэй атлаа нарийн чимэглэл ба тансаг материалаар онцгойрох "Хайрын Хурим" салоны наадмын загваруудыг илүү өвөрмөц хэв маягаар загварчлахыг хүсвэл нэгэн жигд өнгийн total look бүрдүүлж, эсвэл жийнсэн өмдтэй давхарлан өмсөж  болох юм.

Хэрвээ та дээрх загварын дээлүүдийн үнэ болоод захиалгын талаар сонирхож байгаа бол салон тус бүрийн фэйж хуудсаар дамжуулан холбогдоорой.

Харин та элдэв чамин загварлаг дээл гэхээс илүүтэй үндэсний монгол дээлээ сонирхож байгаа бол Нарантуул, Баянзүрх зэрэг захуудыг зориход болох юм байна. Нарантуул захаас гэр бүлээрээ хос дээл 180-350 мянган төгрөгийн хооронд авах боломжтой. Харин захиалгаар хийлгэх бол эмэгтэй дээл 70 мянга, эрэгтэй дээл 90 мянган төгрөгөөр оёж байгаа аж.  
Монгол дээлний түүх онцлогийн талаар судлаач, доктор, профессор, "Монгол костюмс" төвийн захирал Б.Сувдтай ярилцсанаа хүргэж байна.

-Нэг үе хүн бүр Хүннү дээл өмсдөг болсон байсан. Харин сүүлийн үед эргээд босоо захтай дээлээ өмсөж эхэлж байна. Хүннү дээлний гарал үүсэл, хөгжлийн талаар яриагаа эхлүүлье?
-Орчин үед хүмүүсийн Хүннү дээл гээд байгаа нь бол үнэндээ Хүннү дээл биш. 1924 онд Төв аймгийн Батсүмбэрийн Ноён уулаас олдсон хоёр төрлийн Хүннү дээл байдаг. Урдуураа задгай энгэртэй энэ дээлүүд ОХУ-ын Санктпетрбургийн Эрмитажид хадгалагдаж байгаа. Ташуулсан энгэртэй дээлийг сэргээн засварлахдаа буруу хийж, түүнийгээ Хүннү дээл гэж нэрлээд байдаг.
-Сүүлийн үед босоо захтай дээл Хятадынх, Хүннү дээл биднийх гэж ярих болсон. Энэ тухайд?
-Бид өвөг дээдсийнхээ өв соёлыг сайн мэдэхгүйгээс болж босоо зах Хятадынх гэдэг. Үүнийг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Оросын судлаач Л.Л. Викторова судалгаандаа “Монголчуудын дээл босоо захтай, энгэр нь дөрвөлжин” гэж тодорхойлсон байдаг. Энэ нь Монголчууд босоо захыг Манж нараас авсан гэсэн ойлголтыг няцаадаг. Босоо захтай дээл Манжаас өмнө, бүр Киданы үед байсан . Киданы үеийн босоо захтай дээлийн олдвороос Киданы үед монгол дээлний загвар үндсэн хэлбэрээ олсон гэж судлаачид үздэг. Бид ч мөн номоо бичихдээ Киданы үеийн босоо захтай дээлний олдворыг олж, босоо захтай дээл Киданы үед үүссэн гэдгийг нотолсон. Мөн Киданы үед хаад, ноёдын зэрэг, дэвийн хувцас, дээлний төрөл бүрийн хатгамал, урлал үүссэн гэж үздэг.
-Наадам, баяр ёслолоор ууж ихээр өмсдөг болсон. Ууж болон нударганы түүх, соёлын тухайд?
-13-р зууны үеийн хатад богино ханцуйтай ууж давхарлаж өмсдөг байсан. Ууж тэр үеэс гаралтай. Харин нударга бол бага хаадын үед бий болсон. Манайхан нударгыг бас Манжийнх гэж хэлдэг. Нударга бол бага хаадын үеэс гарч ирсэн гэдгийг олдворууд нь баталдаг. Бид түүх, соёлоо цааш нь түлхэхийн оронд өөрсдөө сайн судлах хэрэгтэй. Хувьсгалын дараа үеэс угсаатны, ямбатны хувцас гэдэг утгаар нь нударгыг халж эхэлсэн байдаг. Орчин үед нударгатай дээл их ховор болсон доо.
-Нүүдэлчин монголчуудын хувцас Хятад болон бусад орны хувцсанд хэрхэн нөлөөлж ирсэн байдаг вэ?
-Бид түүхэндээ хүчирхэг явсан ард түмэн. Хүчирхэг улсуудын соёл хувцсаар нь түгэж байдаг. Хүчирхэг улсын нөлөөнд байгаа орнууд өөрийн мэдэлгүй өнөөх соёлыг нь даган дуурайдаг. Хятадууд манай уламжлалт дээл хувцаснаас өөрсдийн дээлэндээ авсан юм маш их. Орос, Япон, Солонгосын эрдэмтэд хүртэл нүүдэлчдийн хувцаснаас суурин иргэншилд авсан зүйл их бий гэдгийг нотолсон байдаг. Тухайлбал,Солонгос, Япон, Хятад ёслолын хувцас, Ираны углаа хувцас, төв азийн нүүдэлч иргэний дээлний нөлөөгөөр баяжсан гэж үздэг. 
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн