Open iToim app
Бүтээгч | 5 мин уншина

МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭВ: "Urban Jeans"-ийг хэн, хэрхэн бүтээдэг вэ

МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭВ: "Urban Jeans"-ийг хэн, хэрхэн бүтээдэг вэ
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 10
Бид монгол брэндийн бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг, нэг бүтээгдэхүүний ард хэчнээн монгол хүн хөлс, хүч, хөдөлмөрөө зарцуулдаг, мөн монгол брэндийн бүтээгдэхүүнийг сонгохын чухлыг онцлох зорилгоор МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭВ цуврал сурвалжлагыг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаагийн цувралаараа Денимон компанийг зорьж "Urban Jeans"-ийг хэн, хэрхэн бүтээдэг талаар сурвалжилж, тус компанид зургаан жил ажиллаж буй гүйцэтгэлийн цехийн мастер Ц.Анхбаяртай цөөн хором ярилцлаа.

"Urban Jeans" брэндийг үйлдэрлэн гаргадаг Денимон компани 2009 онд байгуулагдсан бөгөөд анх хоёрхон ажилтантай хоёр өрөө байранд үйлдвэрлэлээ явуулж эхэлжээ. Тэгвэл өдгөө 100 гаруй ажилчинтай, Улаанбаатар хотноо 10, хөдөө орон нутагт мөн 10 гаруй салбар дэлгүүртэй бөгөөд ойролцоогоор 150 гаруй өрхийг ажлын байраар хангаж, амьдралаа залгуулахад нь хувь нэмэр оруулж буй Монгол Улсын оёдлын салбарын тэргүүлэх үйлдвэрийн нэг болж чаджээ. 
Монголд жинсэн өмд үйлдвэрлэж эхэллээ гэх мэдээ сонсогдож байсан нь саяхан мэт санагдаж байгаа ч өдгөө "Urban Jeans" брэндийн өмд, майк, цамцыг мэдэхгүй, өмсөж үзээгүй хүн ховор болжээ. Түүнчлэн тус оёдлын үйлдвэр өдөрт ойролцоогоор арав гаруй төрлийн загвараар 400-500 ширхэг жинсэн өмд, цамц, яайк үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг байна. 

Ингээд бид нэг ширхэг жинсэн өмд хэрэглэгчийн гарт хүрэхийн тулд хэр олон монгол хүний гараар дамжин, ямар их хүч хөдөлмөр шингэж байдгийг сурвалжилснаа хүргэж байна.
Жинсэн өмдийг хийх хамгийн эхний шат бол мэдээж эсгүүрийн хэсэг. Энэ хэсэгт огтлох, боолт хийх, зурлага зурах үүрэгтэй гурван хүн ажиллана. Эсгүүрчний гараас гарч бэлэн болсон эсгүүр оёдлын хэсэгт шилжинэ. Оёдлын хэсгийн хамгийн эхний дамжлага гурван утастай хэрээс. Түүний дараа халааны нэг, хоёр оёдлуудаа хийж, улмаар халаасны оёогоор үргэлжилж угаалгын цех рүү шилжих хүртлээ 30 гаруй оёдлын дамжлагаар дамждаг  байна.

Энэ талаар тус үйлдвэрийн оёдлын цехийн мастер Ц.Алтантуяа “Зөвхөн оёдлын цехийн дамжлага дээр гэхэд л 20 гаруй хүн ажилладаг. Өдөрт нэг хүн 16 өмд оёх нормтой байдаг . Өөрөөр хэлбэл, нэг хүнээр 16 ширхэг өмд дамжин гарч оёогдох ёстой гэсэн үг. Миний хувьд тусгай зориулалтын машин дээр сууж жинсэн өмдний нарийн деталь оёдлуудыг оёдог. Эсгүүрээс эхлээд л тэр олон хүний гараар дамжин над дээр ирсэн хувцсыг алдаа гаргахгүй маш сайн оёх шаардлагатай байдаг. Учир нь миний гаргасан жаахан алдаанаас тэр олон хүний хөдөлмөр үгүй болох эрсдэлтэй. Тэр хэрээрээ оёдлын цехд ажиллаж байгаа хүн бүрийн хариуцлага маш өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, нэг өмдийг хийхийн тулд зөвхөн оёдлын цехийн 20 гаруй хүн өөрт байгаа бүх л сэтгэл, хөдөлмөр, оюунаа зарцуулах хэрэгтэй болдог” хэмээн ярьж байлаа.

Оёдлын хэсгээс гарсан өмд угаалгын хэсэгт очино. Оёод бэлэн болсон жинсэн өмдийг "super wash" технологийн дагуу заавал угаах хэрэгтэй байдаг. Учир нь жинс тодорхой хэмжээний агшилтаа авах, нэхэх үед утсыг тасрахаас хамгаалж түрхсэн цардуул, техникийн тосуудыг арилгадаг байна. Түүнчлэн биед эвтэйхэн зөөлөн болгох гэж тусгай зориулалтын галт уулын чулуу хийж угаадаг ажээ.

Ийнхүү угаах хэсгээс гарсан өмд уурын индүү, зүлгэлт, цайруулалт, сэмрэлт, маажилт хийх, шүршилт, утас түүлт гэх мэтчилэн 10 гаруй дамжлагыг дамжиж байж сая MADE IN MONGOLIAN шошгыг наан борлуулалтын хэсэгт шилждэг байна.

Энэ бол нэг жинсэн өмд таны гарт очихдоо дамждаг үйлдвэрийн процесс бөгөөд нэг жинсэн өмд 48 цагийн турш эсгүүрчнээс эхлээд MADE IN MONGOLIAN шошгыг наах ажилтан хүртэл 50 гаруй хүний гараар дамжин хэрэглэгчдийн гарт хүрдэг байна.

 Тус компанид зургаан жил ажиллаж буй шилдэг ажилтан, гүйцэтгэлийн цехийн мастер Д.Анхбаяртай цөөн хором ярилцлаа.
-Таны хувьд зургаан жил үйл ажиллагаа явуулж буй компанийнхаа ууган ажилчдын нэг юм байна. Өнөөдрийг хүртэл ажлаа ямар сэтгэлээр хийж ирсэн бэ. Ачаалалтай, өндөр ур чадвар шаарддаг үйлдвэрт удаан ажиллана гэдэг хувь хүнээс маш их тэвчээр, хатуужил, хөдөлмөр шаарддаг байх? 
- Би ШУТИС-ийг дизайнер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд л анх энэ үйлдвэрт орж өнөөг хүртэл компанийнхаа түүхийг хамтдаа бичилцээд явж байгаадаа талархаж явдаг. Намайг анх энэ үйлдвэрт ороход 10 хүрэхгүй ажилтантай байсан. Бүх загваруудаа өөрөө туршиж үзээд л явдаг байлаа. Тэр бүхнээ үнэлүүлж компаниасаа "pruis" машинаар шагнуулж байсан даа. Байгуулагдаад хөлөө олоогүй, дээрээс нь ачаалал ихтэй үйлдвэрт ажиллана гэдэг тухайн үедээ шантрах, хэцүү санагдах үе гарч л байсан. Гэхдээ тэглээ гээд надад итгэл хүлээлгэж байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүй гэж хичээсээр өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Одоо бол компани маань 100 гаруй ажилтантай. Зах зээлд өөрийн байр сууриа олсон томоохон компани болоод байна. Магадгүй тэр үед би шантраад хойш суусан бол ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн гэж юу байдгийг мэдэхгүй, биеийн амрыг харсан амьдралаар л амьдрах байсан байх гэж бодож явдаг.
-Жинсэн хувцасны загваруудаа анх өөрөө гаргадаг байсан гэж ярилаа. Тухайн үед ямар, ямар загварууд гаргаж байв?
-Тухайн үед туршлага бага байсан болохоор олон шинэ загваруудыг туршиж үзэж байсан. Энэ нь залуу хүний хувьд өөрийг сорьж үзэх давхар боломж байсан гэх үү дээ. Тэгээд ихэвчлэн шинэ загваруудаа гаргахдаа байгалийн үзэгдлээс санаа авдаг байсан. Тухайлбал, Үүрцайх, Цасхан, Аянга загварууд тухайн үедээ нэлээд амжилтад хүрсэн. Нэг загвар гаргахын тулд бүтэн жилийн хугацааг зарцуулах үе ч байсан. 
-Орчин үеийн залуус ямар загвартай жинс сонирхож байна. Танайхаас сүүлийн үед ихэвлэн ямар загварын жинсэн өмд, майк хийж байна вэ?
-Орчин үеийн залуус хэт цайралттай, тод өнгийн жинс сонирхохоо больсон. Аль болох энгийн даруухан, хар бараан өнгөтэй жинс сонирхдог болсон. Тиймээс бид энгийн даруухан стандарт жинснүүдийг хийж байна. 
-Импортоор оруулж ирсэн жинсэн өмднөөс "Urban Jeans"-ний давуу тал, онцлог юу вэ?
- Манайх жинсэн хувцас хийдэг зориулалтын деним гэдэг нэртэй материалаа Солонгосоос оруулж ирдэг. Жинсэн материалаар хийсэн хувцас эдэлгээ даах чадвар сайтай, хуучрах тусмаа улам гоё харагддаг зэргээрээ ямар ч материалын хувцсыг дагуулахгүй чанартай гэж дэлхий дахинд тооцогддог. Лабораторид судалсан тестийн судалгаанаас харахад жинсэн материалаар хийсэн ажлын хувцас чийг дамжуулалт 20-33 хувь, үрэлтийн хүчэнд тэсвэрлэх чадвар даавуун материалаас 3.7 дахин сайн, тоос тоосонцорыг нэвтрүүлдэггүй чанар нь даавуун материалаас 43 хувь өндөр байгаа нь нотлогдсон байдаг. Манай жинсний хувьд бол бусад улс орнуудтай чанар, материал, стандарт, технологийн хувьд адилхан үйлдвэрлэгдэж байгаа. Харин монгол хүмүүсийн биеийн онцлог, хэлбэр хэмжээнд тохируулж хийдгээрээ онцлог, давуу талтай. Учир нь импортоор оруулж ирсэн жинсэн өмнүүд суудал, хэмжээ урт богинооороо монгол хүний биеийн онцлогт таардаггүй.
- "Urban Jeans"-д ямар арчилгаа хэрэгтэй байдаг вэ?
- Ерөнхийдөө жинсэн материалтай хувцас арчилгаа бага шаарддаг. Бага зэрэг давс уусгасан 40 градусын халуун усанд жинсэн хувцсыг угаавал илүү тохиромжтой байдаг. 

Бид монгол брэндийн бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг, нэг бүтээгдэхүүний ард хэчнээн монгол хүн хөлс, хүч, хөдөлмөрөө зарцуулдаг, мөн монгол брэндийн бүтээгдэхүүнийг сонгохын чухлыг харуулах зорилгоор“МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭВ” цуврал сурвалжлагыг бэлтгэн хүргэж байна. Бидэнтэй itoimagency@gmail.com, 777057758 дугаараар холбогдоно уу.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн