Оросын эртний эд зүйлс худалдаалдаг сайтад БНМАУ-ын баатар цолны алтан таван хошуу тэмдгийг 49.000 доллараар худалдах тухай зар нийтэлжээ. Тодруулбал, БНМАУ-ын баатар С.Дампилийн Монгол ардын армийн хуягт бригадад цэргийн алба хааж хөнгөн пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг сэтлэн давах ширүүн тулалдааны үед баатарлаг гавьяа байгуулж шагнуулсан БНМАУ-ын баатар цолны тэмдэг болох алтан таван хошууг зарах тухай нийтэлж, зах зээл дээр байхгүй онцгой ховор үнэ цэнэтэй эдлэл хэмээн бичжээ.
С.Дампил нь БНМАУ-ын баатар цолтой 59 хүний нэг бөгөөд цагтаа энэ цолыг ард түмнийхээ төлөө дайсан этгээдүүдийг онц баатарлагаар байлдан дарж, цусан гавьяа байгуулсан, эх орноо батлах хамгаалах үйл хэрэгт амь, бие хайргүй зүтгэж, төр, нийгмийнхээ өмнө баатарлаг гавьяа байгуулсан хүнд олгож Сүхбаатарын одон, алтан таван хошуу тэмдэг, БНМАУ-ын баатрын үнэмлэхээр шагнадаг байжээ. Мөн Улсын баатар цол нь төрийн дээд шагнал бөгөөд энэ цолоор шагнуулж алтан таван хошуугаар энгэрээ мялаалгасан хүн ихэд хүндэтгэн зүүн энгэрийнхээ хамгийн дээд захад зүүдэг байжээ.
Гэтэл төрийн дээд шагнал болох түүхэн үнэ цэнэтэй баатар цолны энэ тэмдгээс эхлээд төрийн шагнал, одон медалийг хадгалах, хамгаалах хуулийн зохицуулалт байдаггүйн улмаас түүхэн баатарлаг гавьяа байгуулж, халуун амь бүлээн цусаараа эх орноо хамгаалж явсан тэдний үнэ цэнэ хөсөр гишгэгдэж, амьд ахуй цагтаа үнэлүүлж явсан одон медаль нь гаднынханд зарагдах болжээ. Тодруулбал, өнөөг хүртэл мөрдөж ирсэн "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм" болон “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-д төрийн шагналыг хэрхэн хадгалах, хамгаалах тухай хуулиар зохицуулаагүй байна. Тиймээс төрийн шагналыг хадгалах, хамгаалах хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай аж.
Төрийн шагналаар шагнагдсан хүн төрийн шагнал, үнэмлэхийг хүндэтгэлтэй хадгалахын зэрэгцээ гадаадад зарж борлуулах, хувь хүний цуглуулга, үзмэрт шилжүүлэхийг хориглон, тухайн хүн нас барсан тохиолдолд улсын болон орон нутгийн музейн байнгын хадгалалт, хамгаалалт, үзмэрт шилжүүлэхийг хуульчлан тогтоож баатар цолны медалиа эх орондоо үлдээе.