Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх, эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс сар бүр шийдлийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ удаад махны экспортыг нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцэхээр ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газар, Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг (ТИКА) болон Монголын махны холбооны төлөөллийг урьж оролцууллаа.
Манай улс 70 сая малтай. Иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 6 сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах боломжтой аж. Гэвч техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө муу, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоогүй, малын халдварт өвчин зэргээс шалтгаанаас мах, сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байгаа ажээ. Тиймээс махны экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд харьяа яамнаас ямар арга хэмжээ авч, бодлого хэрэгжүүлж байгаа талаар, мөн махны экспортын өнөөгийн нөхцөл байдал ямар төвшинд байгаа, энэ хүрээнд ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар албаны хүмүүсийн байр суурийг сонссон юм.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян зохионо” гэж тусгасан. Энэ дагуу 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс ”Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлж байна. Аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэж байхыг холбогдох сайд нарт даалгасан юм.
“Мах, сүүний анхдугаар аян”-аар үхрийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн тариаланг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, экспортоо нэмэгдүүлэхийг зорьсон. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд дээрх аяны хүрээнд ямар ажлууд хийж, хэрэгжүүлж байгаа талаар ХХААХҮЯ-ны бодлогын газрын дарга М.Энх-Амар "Махны экспортод сөргөөр нөлөөлж байгаа гол зүйл бол малын эрүүл мэндийн асуудал болоод байна. Тиймээс яамны зүгээс ОХУ-аас хөнгөлөлттэй вакцин оруулж ирсэн. Мөн ОХУ-тай малын эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал яригдаж байна. Мөн бодлогын хүрээнд бол хоёр чухал хуулийн төслийг өргөн барьж, удахгүй хаврын чуулганаар хэлэлцүүлэхэр тогтсон. Манай улс жилдээ 10 гаруй сая толгой мал нядалдаг. Ойролцоогоор жилдээ 100 мянга орчим тонн мах экспортлох боломжтой гэж үзэж байна. Махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд хамгийн түрүүнд олон улсын эрүүл мэндийн стандартад нийцсэн үйлдэртэй болж, мах боловсруулах ёстой. Тиймээс яамнаас эрүүл ахуйн стандарт шаардлагад хангасан жижиг оврын үйлдвэрүүд байгуулах чиглэлд ажиллаж байна" гэлээ.
Мөн хэлэлцүүлгийн үеэр Туркын хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагаас ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй мал нядалгааны халал стандарт нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа талаараа танилцууллаа. Төслийн хүрээнд Говь-Алтай аймагт мал нядалгааны, бага оврын, загвар үйлдвэр байгуулж, үйлдвэрт ажиллах ажилчдыг сургах ажлыг эхлүүжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр бид махаа халал стандартаар боловсруулан, Турк, Иран зэрэг Исламын шашинтай улсуудад экспортлох боломжтой болж байгаа юм байна. Энэ талаар Туркын хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Вэйсэл Чифтчи "Энэ онд “Монгол Улсад мал нядалгааны халал стандарт нэвтрүүлэх”, “Говь-Алтай аймагт мал нядалгааны бага оврын үйлдвэр байгуулах”, “Тэжээлийн ургамал тариалах-туршилтын бүс” төслүүдийг хэрэгжүүлнэ. Махны экспортыг нэмэгдүүлэх нэг арга нь мах боловсруулалтыг халал стандартад шилжүүлэх. Бид эхний ээлжинд халал аргаар мах нядалж бэлтгэх талаар сургалтууд явууллаа. Энэ аргаар боловсруулж, бэлтгэсэн махыг Шинжан Уйгараас эхлэн Иран зэрэг олон сая хүн амтай Исламын шашинтай орнууд худалдан авдаг” гэв.
Хэлэлцүүлэгт Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат "Монголд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, экспортлох эрхтэй 48 махны үйлдвэр бий. Үүнээс 50 орчим хувь нь одоогоор хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. ОХУ, Хятад руу мах экспортлох зөвшөөрөлтэй 32 үйлдвэр, олон улсад мах экспортлох зөвшөөрөлтэй есөн үйлдвэр бий. Гэхдээ махаа экпортод гаргаж байгаа компаниуд тун цөөн бий. Мах экспортлоход тулгардаг олон бэрхшээл бий үүний нэг нь дулааны аргаар боловсруулсан махыг Хятад улс руу гаргахад хил дээр их удаж, удаан хугацаанд шалгуулдаг. Дулааны аргаар боловсруулсан мах экпортод гаргах нь манай улсын хувьд маш үр өгөөжтэй зүйл. Тиймээс хил дээр гардаг хүндэрлийг багасгаж, Хятад, Монголын хамтарсан итгэмжилсэн лаборатори байгуулах шаардлагатай" гэж ярилаа.