Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Ц.Майдар: Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон Монголын анхны англи хэлний сурах бичгийг зохиосон

Ц.Майдар: Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон Монголын анхны англи хэлний сурах бичгийг зохиосон
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 30
10 жилийн турш хийсэн судалгаагаараа монгол хүний сэтгэхүйн онцлог, сурах арга барилд тохирсон англи хэлний сурах бичгийг зохиосон судлаач Ц.Майдартай ярилцлаа. 
-Сайн байна уу. 10 жилийн турш хийсэн судалгаагаараа монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон англи хэлний сурах бичгийг зохиосон гэсэн. Сурах бичгийнх нь талаар яриагаа эхлүүлье?
-Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад ашиглаж байгаа англи хэлний сурах бичгүүд гадаадаас шууд орчуулсан байдаг болохоор монгол хүүхдүүд сайн сурч чаддаггүй. Учир гадаад сурах бичгүүд гадаад хүүхдүүдээ л зориулж  зохиогдсон байдаг. Нэг үгээр хэлбэл, англи сурах бичиг монгол хүүхдүүдийн сэтгэхүйн онцлогт тохирдоггүй болохоор англи хэлийг сайн сурч чаддаггүй гэсэн үг. Үүнийг ажиглаж үзээд 2006 оноос хойш Монгол хэлийг Англи, Орос хэлтэй харьцуулан судалж эхэлсэн. Хамгийн анх Монгол, Англи,Орос хэлний дүрмийн харьцуулсан сурах бичиг гаргаж байсан. Түүнийгээ таван удаа шинэчлэн монгол хүн англи хэлийг ямар дүрмээр, ямар аргаар сурвал хамгийн амархан, хурдан хугацаанд сурах вэ гэдгийг томьёолсон сурах бичгийг энэ жил гаргасан. Монгол хүн англи хэл сурах шинжлэх ухааны аргыг гаргаж ирсэн гэж ойлгоход болно.
-Монгол хүний сэтгэхүйн ямар онцлогт тулгуурлан сурах бичгээ зохиосон бэ?
-Судалгаагаа хийхдээ Солонгос хэлний дүрмийг Монгол хэлний дүрэмтэй харьцуулан судалж, дундаас нь Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон 50 ширхэг дүрмийн хувилбарыг гаргаж ирсэн. Монгол хүмүүсийн хэл сурах авьяас бусад орны хүмүүсээс илүү хөгжсөн байдаг. Энэ нь бидний хэрэглэж буй крилл үсэгтэй холбоотой. Бид 35 авиаг алдаагүй цэвэр дуудаж, сонсож байна гэдэг дэлхийн аль ч улс, үндэстэнд байхгүй маш чухал чадвар . Мөн монгол хүмүүс төсөөлөх аргаар аливаа зүйлийг маш сайн цээжилж чаддаг онцгой чадвартай . Үүнийг батлан харуулж байгаа жишээ гэвэл дэлхийд Монголын нэрийг гаргаж буй Оюун ухааны академийн сурагчид байна. Тиймээс монгол хүмүүсийн энэ онцлогуудыг судалж түүнд нь тохируулан сурах бичгээ зохиосон.
-Сурах бичигтээ англи хэл сурах 50 дүрмийн хувилбарыг оруулсан гэж байна. Дүрмээс гадна үг цээжлэх маш чухал. Гадаад үг цээжлэх аргын талаар сурах бичигтээ тусгасан уу?
-Дүрмийн сурах бичгээс гадна үг цээжилдэг ярианы сурах бас бий. Тэр сурах бичигт гадаад үгийг монгол хүмүүс хэрхэн хурдан хугацаанд цээжлэх аргыг тусгаж өгсөн. Тухайлбал, хүмүүс маш их үг мэддэг хэрнээ түүнийгээ өгүүлбэр болгож холбож ярьж чаддаггүй. Тиймээс тэр сурах бичигтээ гадаад үгийг дангаар нь бус өгүүлбэрээр цээжлэх аргыг оруулсан. Мөн англи үгийг төсөөлөх аргаар цээжлэх тухай бичсэн байгаа. Ярианы сурах бичигтээ спорт, эрүүл мэнд, аялал жуулчлал, урлаг, хөдөө ахуй гээд 100 сэдвийг багтааж, сэдэв тус бүрээс 10 асуулт, 10 хариулт бэлдэж оруулсан. Сэдэв тус бүрт үзэх хүүхэлдэйн кинотой. Кино үзэх нь хүний сонсголыг нээж, хэл сурахад чухал нөлөөтэй байдаг.
-Таны гаргасан дүрэм болон ярианы сурах бичгийг ашиглан англи хэл сурвал хэр хугацааг зарцуулах вэ. Англи хэл сурах аргын номуудыг тань ашиглан хэл сурсан хүмүүс хэр олон байгаа вэ?

-Ерөнхийдөө сурах бичигт зааснааар хичээлээ үзэх юм бол 10 хоногт бүх дүрмээ мэдээд авчихна. Ярианы сурах бичгээ сайтар ашиглаж, бүх ярианы өгүүлбэрийг цээжилж чадах юм бол сарын дотор англи хэлтэй болох боломжтой.
Сурах бичгийн үр дүнг хүртэж хичээл заалгасан хүмүүс олон бий. Саяхан гадаадад сурах гэж байгаа ШУТИС-ийн хэдэн оюутан хичээл заалгасан. Ярианы сурах бичигт тусгасан цээжлэх аргуудыг ашиглан өдөрт 100 өгүүлбэрийг цээжилж чадсан . Мөн зарим албан байгууллагууд урилгаар англи хэл заалгадаг. АСЕМ-ийн уулзалтын үеэр зочид буудлуудын холбооноос үйлчилгээний хүмүүст богино хугацаанд англи хэл заагаад өгөөч гэсэн саналыг тавьж байсан. 
-Ерөнхий боловсролын сургуулиудад ашиглаж байгаа англи хэлний сурах бичгүүд гадаад сурах бичгүүд байдаг болохоор хүүхдүүд сайн сурдаггүй гэсэн. Та өөрийнхөө гаргасан сурах бичгээ БСШУЯ-д танилцуулж, санал тавьж үзсэн үү?
-БСШУЯ-д сурах бичгийнхээ талаар танилцуулга хийсэн одоогоор хариу ирээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн боловсролын газраас англи хэлний багш нарт сургалт явуулж өгөөч гэсэн саналыг ирүүлж багш нарт хичээл заасан. 
                                                           Сурах бичгийг сонирхож буй хүмүүс холбоо барих утас: 99708015
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн