Дэлхийн 170 гаруй оронд салбартай, үндэстэн дамнасан технологийн компани болох “IBM”-ийн санхүүгийн шинжээчээр ажилладаг Ц.Азжаргалыг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагынхаа зочноор урьж оролцууллаа.
-Сайн байна уу. Бидний ярилцлагын урилгыг хүлээж авсанд баярлалаа.
-Сайн байна уу. Би Японд ажилладаг нэг найзтайгаа одоогоос жилийн өмнө гадаадад ажиллаж, амьдардаг монгол залуустай ярилцлага хийгээд түүнийгээ монголчууддаа хүргэж байвал их үр өгөөжтэй бөгөөд сонирхолтой юм байна даа гээд ярилцаж байсан. Гэтэл танай сайтын ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагыг уншаад их таалагдсан. Ярилцлагынхаа зочноор урьж оролцуулж байгаад баярлалаа.
-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Цогтсайханы Азжаргал гэдэг. Би Эрдэнэт хотын “Эрдмийн сан” дунд сургуулийг төгсөөд Австралийн Сидней хотын Технологийн их сургуульд санхүү, маркетингийн чиглэлээр бакалавраа хамгаалсан. Их сургуулиа төгсөөд Калифорнид түр хугацаагаар сайн дурын ажил хийж байгаад Монголд очоод Төрийн банканд борлуулалтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэгээд дараа нь АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн харьяа “Marriott” бизнесийн их сургуульд бизнесийн удирдлагаар мастераа хамгаалж, түүнийхээ дараа “IBM”-д орж одоо Нью-Иорк дахь төв салбарт нь санхүүгийн шинжээчээр ажиллаж байна.
-Дэлхийн 170 гаруй оронд салбартай, үндэстэн дамнасан технологийн томоохон компани “IBM”-д хэрхэн орсон талаараа ярихгүй юу. Мэдээж маш өндөр шалгуурыг давж байж, энэ том компанид ажиллах болсон байх?
-АНУ-д мастераа хамгаалахаар анх сургуульдаа бүртгүүлэх үед төгсөөд ажиллах компаниа одооноос хайгаарай гэж хэлж байсан. Тэр үеэс хойш өөрийгөө бага багаар бэлдэж, сургуулиа төгсөөд ажиллах компаниа судалж эхэлсэн. АНУ-д бизнесийн удирдлагаар сурч байгаа оюутнуудад зориулсан ажлын байрны үзэсгэлэн яармаг болдог. Тэр үеэр “IBM”-ийн ажлын ярилцлагад ороод зуны дадлага хийх урилга авсан. Харин дадлагаа дуусгаад үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Тухайн үедээ ажлын ярилцлагад тэнцэхэд испани хэлтэй байсан минь давуу тал болсон. Учир нь тухайн үед ажлын ярилцлага авч байсан компаниудын дийлэнх нь гадаад оюутан авахгүй гэж байсан. Испани хэлтэй байсан нь тэдний анхаарлыг их татсан байх л даа. -Олон мянган оюутан дундаас “IBM” таныг сонгосон нь испани хэлнээс гадна танаас өөр давуу талыг олж харсан байх?
-Та яагаад “IBM”-ийг сонгосон юм бэ?
-Мастертаа сурч эхлэхээс өмнө төгсөөд ажиллах компаниа хайж, судалж эхэлсэн. Энэ үеэс л “IBM”-ийн талаар маш их судалсан. Тухайн үедээ “IBM” технологиор дамжуулан олон нээлт хийсэн, дэлхийд хамгийн их патент гаргасан компани гэдгээрээ миний анхаарлыг татаж байсан. Мөн “IBM” зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүнийгээ зарахаас гадна улс орнуудын тулгамдсан асуудлуудыг технологиор дамжуулан шийдэж өгдөг нь надад маш их таалагдсан. Тухайлбал, “IBM” ажилтнууддаа жилд нэг удаа сарын цалинтай чөлөө олгоод аль нэг улс руу явуулан тулгамдаж байгаа асуудал дээр нь ажиллуулж, компаниас тухайн газарт нь хөрөнгө оруулдаг. Бразилд замын түгжрэлийн асуудлыг нь шийдэж, Африкт ус хангамжийнх нь үйл ажиллагааг сайжруулж өгдөг гэх мэтээр улс орнуудын тулгамдсан асуудлуудад нь технологиор дамжуулан тусалдаг. Мөн тэр үед Хятадын агаарын бохирдлыг шийдэж өгөх технологи дээр хамтран ажиллаж байгаа гэдгийг сонссон болохоор “IBM”-д орчихвол Монголдоо бага ч болов хувь нэмэр оруулж болох юм байна гэж бодож байсан. Энэ тухайгаа л ажлын ярилцлагын үеэр хэлж байсан юм. -“IBM”-д санхүүгийн шинжээчээр ажиллаж байгаа гэсэн. Хийж байгаа ажлынхаа талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-“IBM” дотроо санхүүгийн салбар нь хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр хэрээрээ санхүүгийн шинжээч гэдэг бол маш хариуцлагатай ажил. Миний хувьд компанийнхаа зах зээлийн тайланг гаргаж, шинээр худалдаж авсан жижиг компаниудын санхүүгийн системийг нь шийдэж, тухайн компаниудыг хариуцан ажилладаг.
-Сар, улирал бүр тайлан гаргана гээд нэлээн завгүй ажилладаг байх. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Сар, улирлын тайлан гаргах үеэр нэлээн завгүй тогтсон ажлын цаггүй болчихдог. Зарим үед нойргүй хонох үе ч гарна. Харин тайлан гаргахаас бусад цагт бол ажлын ачаалал хэвийн болдог. Би бага цагт маш том датан дээр ажиллаж үр дүнг гаргах хэрэгтэй байдаг болохоор ажлаа илүү амар, хялбар болгох зорилгоор санхүүгийн нарийн системүүдийг ашигладаг. Манай компани багаар ажиллахыг маш сайн дэмждэг. Мөн компани дотроо ажлаа өөрчлөөд, бусад салбарт өөрийгөө сорих бүрэн боломжтой. Юу хиймээр байна, юу сурмаар байна гээд бүх зүйл нээлттэй байдаг. Мөн ажилчдадаа сар бүр 40 цаг өөрийгөө хөгжүүлэх лекцэд суусан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Би ажлаа заавал оффис дээр ирж хийх шаардлагагүй гэрээсээ, бүр далай эрэг дээрээс зугаалж яваад ч хийх боломжтой байдаг. Гагцхүү зөвхөн ажлаа цагт нь үр дүнтэй хийсэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг.
-“IBM” дэлхийд алдартай том компани болж чадсаны нууцыг та хувьдаа юу гэж хардаг вэ. Амжилтад хүрэхэд нь нөлөөлсөн зүйл гэх юм уу?
-Дэлхийн хамгийн шилдэг, ухаалаг хүмүүсийг сонгож ажиллуулдаг. Дээрээс нь маркетингаа маш сайн хийдэг. Мөн олон жилийн турш компанийн нэр хүндээ хадгалж ирэхэд нөлөөлсөн чухал зүйл нь ажилчдаа маш өндөр ёс зүйтэй байхыг шаарддагтай холбоотой гэж боддог. Тийм ч учраас “IBM”-ийн нэрийн хуудас болж байгаа хүн ёс зүйн хувьд ямар алдаа гаргаж болохгүй вэ, ямар үйлдэл хийж болохгүй вэ гэдэг талаар шинэ ажилчдадаа олон цагийн лекц сонсгож бэлддэг. Тухайлбал, тендерийн шалгаруулалт боллоо гэхэд тухайн ажилтан өөрийнхөө танидаг, хамаатан, төрөл саднаа оролцуулж болохгүй гэх мэтээр ёс зүйн маш олон зүйлийг зааж сургадаг.
НҮБ-ын албан ёсны зургаан хэлийг эзэмшихийг хүсдэг
-Залуу хүнд үлгэр дууриал гэж байдаг даа. Таны хувьд үлгэр дуурайлал авдаг хүн хэн бэ?
-Миний үлгэр дуурайлал бол манай аав, ээж гэж хэлмээр байна. Аавынхаа сониуч зан, мэдэхгүй бол сураад, мэдээд авах ёстой гэсэн хандлага, ээжийнхээ ухаалаг, аливаа зүйлийг нягт нямбай хийдгийг нь дуурайхыг хүсдэг. Мөн хүний эрхийн төлөө тэмцэж явсан Martin Luther King гээд хүн бий. Тэрээр “Бид амьдралдаа хамгийн чухал гэж үздэг асуудлууд дээрээ дуугарахгүй өнгөрсөн тэр үед бидний амьдрал дуусаж байна гэсэн үг” гэж хэлсэн байдаг. Хувьдаа энэ талаар их бодож, амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээдэг. Шударга бус зүйлд маш дургүй.
-Та ном хэр их уншдаг вэ. Унших дуртай, чухалчилдаг номынхоо талаар ярихгүй юу?
-Би амжилттай бизнесменүүдийн тухай намтарчилсан ном унших дуртай. Одоо “The Everything Store: Jeff Bezos and the Age of Amazon” гээд Амазон хэрхэн амжилтад хүрсэн тухайн номыг уншиж байна. Энэ номд Амазоны амжилтыг хоёр гол зүйлтэй холбоотой гэж үзсэн байгаа юм. Эхнийх нь Амазоны үүсгэн байгуулагч өнөөдрийг биш дандаа ирээдүйг харж байсан. Нөгөө нэг зүйл нь хэрэглэгчийг нэгдүгээрт тавьж, тэдэнд нийцүүлдэг байсан нь Амазоныг амжилтад хүрэхэд нөлөөлсөн тухай бичсэн байсан. Мөн “The Power of Now: A Guide to Spiritual Enlightenment” гээд яг одоо бүх хүчээ гэсэн утгатай ном уншиж байна. Энэ номоос хүн маргаашаар биш өнөөдрөөр амьдрах нь хамгийн чухал гэдгийг олж харж байгаа. Мөн “Finding Your Element: How to Discover Your Talents and Passions and Transform Your Life Robinson, Ken” гээд дуртай зүйлээ хэрхэн олох тухай номыг уншиж байна. Энэ номонд бясалгал хийж үз, өөрийнхөө хүслийг бүгдийг нь бич, мөрөөдлийнхөө талаар график гаргаад түүнд хүрэхийн тулд юу хийх вэ гэдгээ бод, ямар амжилт гаргамаар байна, юу хиймээр байна гэдгээ бодоод тэр зүйлээ дагаад хий гэх мэтээр өөрийгөө таньж мэдэх, өөрийн гэсэн үнэт зүйлээ хэрхэн олох талаар сонирхолтой техникүүдийг зааж өгсөн байна лээ.
-Испани хэлтэй байсан нь “IBM”-д ороход давуу тал болсон гэж түрүүн хэлсэн. Испани хэлийг хаана сурсан юм бэ?
-Би Англи, Орос, Испани хэлтэй. Цаашдаа НҮБ-ын албан ёсны зургаан хэлийг эзэмшихийг хүсдэг. Испани хэлийг сурах гээд хоёр сарын курст явж байсан. Түүнийхээ дараа сайн дурын ажил хийж явахдаа испани хэлийг сайн сурсан. Мөн Хятад хэлийг бага зэрэг мэднэ. -Гадаад хэлийг яаж сурсан талаараа манай залуучуудад зөвлөгөө өгөхгүй юү. Гадаад хэл сурахад хамгийн чухал зүйл юу вэ?
-Би англи хэлийг тавдугаар ангид байхдаа монгол багшаар заалгаж сурсан. Арван жилдээ англи хэлний Улсын олимпиадад түрүүлж байсан. Хамгийн түрүүлж сурсан гадаад хэлээ маш сайн сурчих юм бол бусад хэл нь их амархан байдаг. Мөн хэл сурахад хамгийн нэгдүгээрт хувь хүний хичээл зүтгэл маш чухал. Гадаад хэлийг сурахад заавал тухайн оронд нь очиж сурах шаардлагагүй. Зөвхөн хичээл зүтгэл, суръя гэсэн хүсэл тэмүүлэл байхад хаана ч сурч болдог. Үүнээс гадна хэл сурахад сонсголоо хөгжүүлэх, ном унших, гадаад хүнтэй ярих гээд үр дүнтэй аргууд бий. Монгол хүнийхээ хувьд гадаад хэлээс гадна Монгол хэл, бичгээ маш сайн эзэмшсэн байх ёстой гэж боддог. -“IBM”-д танаас гадна монгол хүн ажилладаг уу?
-“IBM”-д 15 монгол хүн ажилладаг. Монгол Улсаа яаж дэмжих вэ, монгол хүндээ хэрхэн туслах вэ гээд л хоорондоо үргэлж ярьдаг. Саяхан компаниасаа найман мянган ам.долларын хандив аваад АНУ-д байдаг Монгол судлалын төв, Монгол сургуулиудад өгсөн. Мөн монгол хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” ТББ-ын ТУЗ-ийн гишүүнээр сонгогдоод удаагүй байгаа. Энэ байгууллагадаа санхүүжилт босгож өгөх гээд хөөцөлдөж явна. Мөн он гаргаад "IBM"-ээс Улаанбаатарт мэдээлэл технологийн сургалт явуулахаар төлөвлөж байгаа. “IBM”-ийн өөрөө сэтгэдэг, долоон хэлээр ярьдаг компьютерын маш том процессор бий. Тэр процессорт шинээр өөр ямар шийдлийг оруулах талаар “IBM” зуун мянган ажилтан оролцсон тэмцээн болсон. Тэр үеэр “IBM”-д ажилладаг монгол залуус хамтарч байгаад тэр процессорт Монгол хэл зааж өгье гэсэн саналыг дэвшүүлсэн. Тэгсэн хурал дээр гүйцэтгэх захирал “Монгол хэл зааж өгөх санал гаргасан байна” гээд хэлсэн чинь хүмүүс бүгд шоолоод “Юу вэ. Монгол хэл гэсэн үү” гээд л инээлдэж байсан. Гэхдээ олон мянган хүмүүсийн өмнө тэр том хурал дээр Монгол хэл заах талаар гүйцэтгэх захирал дурдаад өнгөрсөн нь том амжилт байсан. Бид хаана ч явсан Монголд юу хийж өгч болох вэ, яавал дээр вэ гэж байнга боддог. -Монгол залуус эх орныхоо төлөө хийе, бүтээе гэсэн нэгдмэл сэтгэлтэй байдгийг нь сонсоод бахархаж, бас талархаж байна. Монгол хүний гадаад хүмүүсээс ялгарах онцлог, давуу тал юу байдаг вэ?
-Та өөрийнхөө цаашдын 5-10 жилийг хэрхэн төсөөлдөг вэ. 10 жилийн дараа хаана, ямар ажил хийнэ гэж төлөвлөж байна вэ?
-Баян их мөнгөтэй эсвэл эрдэмтэн профессор, УИХ-ын гишүүн болоод тийм зүйлийг хийнэ, энэ асуудлыг ингэж шийднэ гэж ярьж суухыг хүсдэггүй. Харин одоо би юу хийж чадах вэ гэдгийг үргэлж боддог. Би Улаанбаатарыг утаагүй болохыг хармаар байна, эрүүл мэндийн салбарыг өөрчилмөөр байна. Бүхнийг өөрөө хийж чадахгүй ч гэсэн чаддаг, мэддэг хүнтэй нь хамтарч, нэгдмээр байна. Миний ирээдүйн 5-10 жилийг өнөөдөр бүтээнэ гэж боддог. 5-10 жилийн дараа гэр бүлтэй болсон байна байх. Мөн хувийн бизнестэй болно гэж бодож байгаа. -Монгол Улсынхаа хөгжилд таны зүгээс яг одоо ямар хувь нэмэр оруулж байна вэ?
-Өнгөрсөн жил намайг Америкийн тусгаар тогтнолын өдрөөр ярилцлага өгөөч гэж байсан. Тухайн үед надад гэнэт "Би яагаад харийн газар ирчихээд тэдний тусгаар тогтнолын талаар яриад сууж байгаа юм бэ, би Монгол эх орныхоо төлөө юу хийсэн бэ" гэж бодогдсон. Харамсалтай нь надад Монголынхоо төлөө хийсэн зүйл юу ч байгаагүй. Мөн Монгол дахь АНУ-ын элчинд ажиллаж байсан Америк хүн надад “Танай улс гэнэтийн халдлагад өртөж, аюул тулгарахад та нарыг хэн ч тоохгүй, хэн ч туслахгүй. Учир нь Монгол Улсад дуу хоолой байдаггүй ” гэж хэлж байсан. Тэр үед надад маш харамсалтай санагдсан. Түүнээс хойш би Монгол Улсынхаа дуу хоолой болох ёстой, байгаа газраасаа яаж эх орондоо тусалж болох вэ гэдгээ бодож эхэлсэн. Монгол гэдэг үгийн барууныхан хааяа хараалын үг гэж буруу ойлгож хэрэглээд байдаг. Гэтэл нэг удаа Швед кинонд монгол гэдэг үгийг хараалын үг болгож хэрэглэсэн байсныг гадаадад амьдардаг монголчуудтай хамтран эсэргүүцэж Нью-Иоркийн кино театрт очиж найруулагчид НҮБ-ын албан бичиг хүргүүлж байсан. Түүнийхээ дараа BBC-ийн World service radio-д энэ талаар ярилцлага өгч байсан. Монголыг дэлхийтэй холбох гүүр хэрэгтэй юм байна гэж бодоод Монголыг гадаадад сурталчлах MONGOLIA LIVE гээд пэйж хуудсыг нээсэн монгол залуустай нэгдсэн. Манай пэйж хуудас одоогоор 45 орны гишүүнтэй, 360 гаруй мянган лайктай болсон. Монголын түүх соёл, урлаг уран сайхныг дэлхийд түгээх зорилготой ажиллуулж байгаа. Монголтой холбоотой хаана юу болж байна бүгдийг нь сурвалжлаад пэйждээ оруулдаг болсон. Өнгөрсөн долоо хоногт АНУ-д болсон Чингисийн тахилгын үйл ажиллагааг хөтөлж, сурвалжилсан. MONGOLIA LIVE-даа урлаг, уран сайхан, ёс заншлаас гадна Монголд тулгарч байгаа утааны асуудал, ядуурал гээд бүх зүйлийг оруулдаг. Мөн би Монгол хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” ТББ-ын гишүүнээр ажиллаж байгаа гэж хэлсэн. Энэ байгууллагаараа дамжуулан монгол хүүхдүүдэд зориулсан олон ажил хийхээр төлөвлөж байна. Одоогоор "Лантуун дохио" ТББ-т гадаадад ажиллаж, амьдардаг 115 хүн тусалж дэмжин хамтран ажиллахаар бүртгүүлсэн. Тэр хүмүүс нэгдээд монголын эмзэг бүлгийн хүүхдүүдийн төвийг санхүүжүүлэхэд тусална гэсэн амлалтыг өгсөн. Мөн бид “Ид шидийн уут” гээд 500 мянган хүүхдэд бэлэг өгөх хандивын аяныг зохион байгуулж байна. -Үндэстэн дамнасан томоохон компанид ажилладаг таны хувьд улс эх орныхоо хөгжилд, тэр тусмаа өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй талуудад нь илүү гярхай ханддаг болов уу?
-Би эдийн засагч, улс төрч хүн биш болохоор улс орны хөгжлийн талаар ийм, тийм гэж ярих нь ахадсан хэрэг болох байх. Хүмүүсээс сонсоод түүнийгээ зөв юм болов уу гэж бодож байсан хоёр зүйлийг хуваалцъя. Өнгөрсөн хавар Харвардын их сургууль дээр Монголын хөгжлийн талаар форум болсон. Тэнд Харвардын профессор Ricardo Hausmann “Бүтээгдэхүүний орон зайгаа хэр хөгжүүлж байгаагаас улс орны хөгжил хамаардаг. Тэр орон зайг бий болгохын тулд улс оронд боловсролтой, дипломтой хүмүүс бус мэргэжилтэй, ажил хийж чаддаг хүн хэрэгтэй” гэж хэлж байсан нь их зөв санагдсан. Мөн миний Солонгост улс төрийн чиглэлээр сурдаг нэг найз солонгос хүнтэй хамт Монголд очсон юм билээ. Тэгсэн тэр солонгос хүн манай найзад “Танай хүмүүс чинь Монголоо гэсэн сэтгэл маш бага юмаа. Хүүхдэд улс орноо гэсэн сэтгэл, үзэл хандлагыг багаас нь бий болгож өгдөггүй болохоор их аюултай байна” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр бид хүүхдүүддээ багаас нь эх орноо хайрлах, хамгаалах сэтгэл, эх оронч үзлийг суулгаж өгөх хэрэгтэй юм шиг санагдсан. Би өнгөрсөн хавар Монголд очоод талбай дээр шүлсээ хаяад сууж байгаа хүүхэд харсан. Тэгээд тэр хүүхдэд “Ийм сайхан эх оронтой хүн байж улсынхаа нийслэлийн төв талбайд битгий шүлсээ хаяж байгаарай” гэж хэлсэн. Дараа нь тэр хүүхэд шүлсээ хаяхдаа нэг зүйл бодох байх гэж бодож байна. Энэ мэтээр томчууд бид хүүхдүүддээ үлгэр дууриал болж, багаас нь тэдэнд зааж сургах юм бол хүн бүр улс эх орноо гэсэн чин сэтгэлтэй болно гэж бодож байна. -Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг танд үлдээе?
-Намайг дэмжиж, тусалж явдаг хүмүүстээ баярлаж, талархаж явдгаа хэлмээр байна. Миний математикийн багш С.Бээжинсан, англи хэлний багш Туяа, Ё.Эрдэнэчимэг, Д.Цэцэгдэлгэр, Rob Stubblefiel нарт баярлалаа гэж хэлье. Мөн миний хажууд байж тусалдаг бүх хүн, найз нөхөд, зөвлөх нартаа баярлаж явдгаа илэрхийлмээр байна.
Монгол хүний ур ухаан, оюуны чадамж, авьяас билгийг дэлхийд таниулж яваа, үндэстэн дамнасан томоохон компаниудад ажилладаг, гадаадын шилдэг их сургуульд суралцдаг олон монгол залуус бий. Тиймээс iToim агентлаг эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуусыг ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагаараа танилцуулж байна. Бидэнтэй itoimagency@gmail.com, 77057758 дугаараар холбогдоно уу.