Дэлхийн хамгийн том хоёр шүүхийн байгууллагын нэг Голландын Гааг хотын олон улсын эрүүгийн шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг монгол залуу Н.Орчлонг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагынхаа зочноор урьж оролцууллаа. Тэрээр Монгол Улсад хууль зүйн боловсрол эзэмшиж, цагдаагийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан бөгөөд өдгөө дэлхийн хэмжээний хүнд ноцтой гэмт хэргүүдийг шийддэг Олон улсын эрүүгийн шүүхэд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа ажээ. Мөн тэрээр дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын дунд зохиогддог "Олон улсын эрүүгийн шүүхийн моот корт" тэмцээнд 2011 оноос хойш жил бүр зочин шүүгчээр оролцдог байна.
-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээн аваад ярилцахаар болсон танд баярлалаа. Та юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн. ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагынхаа зочноор урьсанд баярлалаа. Намайг Н.Орчлон гэдэг. 1999 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр баклаврын зэрэгтэй төгсөөд Монголд цагдаагийн мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2001 онд АНУ-д Миннесотагийн их сургуульд хууль зүйн магистраа хамгаалж АНУ-д олон нийтийн өмгөөллийн албанд өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байсан. Сүүлийн 10 жил Голландын Гааг хотын Олон улсын эрүүгийн шүүхэд өмгөөлөгчөөр ажиллаж байна. Голланд, Герман, Бельги, Франц, Итали, Швайцарь, Австри зэрэг улсуудад хууль зүйн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.
-Анх олон улсын шүүхэд ажиллахаар болсон түүхээсээ хуваалцана уу. Олон улсын шүүхэд өмгөөлөгчөөр ажилд ороход мэдээж маш том шалгуурыг давсан байх?
-Миний хувьд Олон улсын эрүүгийн шүүхэд ажилд орохдоо анх онлайнаар холбогдон анкет бөглөж, ажлын ярилцлагад орж, мэргэжлийн олон шалгалтууд өгсөн. Дэлхийн шүүхийн байгууллага болохоор шалгуурыг нь л давж чадах юм бол аль ч орны иргэн ажиллах боломжтой байдаг. Нэг ажлын байранд 2000-3000 хүн өрсөлддөг. Миний хувьд тухайн үед ажилд ороход бусдаас ялгарсан давуу тал гэх юм бол нийтлэг эрх зүйн ба эх газрын хууль зүйн боловсролыг эзэмшсэн, яллах, өмгөөлөх талдаа туршлагатай байсан. Мөн англи, франц хэлтэй байсан маань ажлын шалгаруулалтад тэнцэхэд чухал нөлөө үзүүлсэн.
-Ажилд ороход ажлын туршлага, хэлний чадвараас гадна хувь хүнээс өөр ямар чадварыг шаарддаг вэ?
-Хийж буй ажлаа дэлгэрэнгүй танилцуулна уу. Хамгийн сүүлд ямар хэрэг дээр ажилласан гэх мэтээр?
-Олон улсын эрүүгийн шүүхийн байгууллага бол дэлхий дахинаа хамгийн хүнд ноцтой гэж үздэг эзлэн түрэмгийлэх, дайны, хүн төрөлхтний эсрэг, төрлөөр устгах гэх мэт дөрвөн төрлийн гэмт хэргээр шүүн таслах ажиллагаа явуулдаг. Тухайлбал, миний хувьд Ардчилсан Конго улсын хэрэг, Африкийн орнуудын дайн, Кени улсын хэргүүд дээр ажиллаж байсан. Яг одоо Африкийн Уганда улсад үйлдэгдсэн гэмт хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байна . Шүүхийн харьяалал нь дандаа хүнд ноцтой хэргүүд дээр байдаг болохоор хэргийн цар хүрээ маш өргөн байдаг. Тэр хэрээрээ хууль зүйн мэргэжлийн маш олон талын ур чадвар шаарддаг. -10 жилийн хугацаанд өмгөөлөгчөөр ажилласан хамгийн том хэрэг юу байсан бэ?
-Африкийн Кени улсад Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдсэн иргэний дайны хэрэг дээр гурван жил ажиллаж өнгөрсөн хавар шүүх хурал нь болсон. Дайны үеэр 1000 гаруй энгийн иргэн амь үрэгдсэн. Тухайн үед Кени улсын дэд Ерөнхийлөгчөөс эхлээд улс төрийн олон хүнийг сэжигтнээр дуудан байцаасан. Гэтэл Африкийн холбоо энэ хэргээс үүдэлтэйгээр манай шүүхийн байгууллагын эсрэг гомдол гаргаж эхэлсэн. Африкийн холбоонд хамгийн их нөлөөтэй улстөрчийг манай шүүх хэрэгт холбогдуулан байцаасан учраас бүхэл бүтэн тивийг төлөөлж байгаа холбоо манай байгууллагын эсрэг арга хэмжээ авч эхэлсэн. Африкийн гурван улс манай шүүхээс татгалзсан байх жишээтэй. Энэ мэтээр үндэстэн дамнасан том хэргүүд дээр ажиллана гэдэг шүүгчдээс, тэр дундаа өмгөөлөгчөөс маш их ур чадвар шаарддаг. Зөвхөн гэрчийн мэдүүлэг авахын тулд гэрчийг улс дамжуулан нүүлгэх хэрэгтэй үе ч гардаг.
-Эндээс эхлээд таны хувь хүний тань талаар ярилцъя. Таны role model хэн бэ?
-Миний role model бол өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэмцэж явсан Мартин Лютер Кинг байсан. "Хүн бүр хүн шиг хүндлэгдэж хүн шиг амьдраасай гэж би мөрөөдөж байна" хэлсэн байдаг. Би өөрийнхөө ажилдаа ч мөн үүнийг хэрэгжүүлэх гэж хичээж амьдардаг. Гэмт халдлагад мөн арьс өнгөөр ялгаварлах үзлээс болж олон мянган гэмгүй хүмүүс амиа алдаж байна шүү дээ.
-Таны хувьд мэргэжил чадвараас гадна амжилтад хүрэхэд өөр юу нөлөөлсөн бэ?
-Олон улсын эрүүгийн шүүхэд таниас өөр монгол хүн ажилладаг уу?
-Та Монголд өрнөж байгаа хууль, эрх зүйн шинэтгэлийг ажигладаг биз дээ?
-Манайхан шинээр тийм ч хууль батална, ийм ч хууль хэрэгжүүлнэ гээд ярих юм. Хууль баталж, өөрчилж, шинэчилж байгаа нь буруу зүйл биш л дээ. Гэхдээ хуулийг боловсронгуй болгох гэхээсээ илүү хувь хүн шударга, ёс зүйтэй байж Монгол Улс хөгжинө. Тогтолцоо нь буруу байна гэж амьгүй зүйлийг буруутгаад байдаг. Үнэндээ тогтолцоо нь бусад улс оронтой адилхан л байдаг. Буруутгаж байгаа тэр зүйлээ өөрсөд рүүгээ заах ёстой. Хуульч хүмүүсийн хувьд мэргэжлийн бахархал, хувь хүний үнэ цэнэ, ёс зүйн хэм хэмжээ маш чухал. Улстөрчид нь ёс зүйтэй байх ёстой. Мэдээж өөрчлөх шинэчлэх ёстой хуулиуд бий. Гэхдээ дүрэм журмыг өөрчиллөө гээд хүн л өөрчлөгдөхгүй бол юу өөрчлөгдөхгүй. Манайхан шинэчлэл яриад л нэрийг нь , гадна талыг нь гоё болгож өөрчлөөд байдаг. Миний төгссөн Цагдаагийн дээд сургуулийн нэрийг гэхэд л Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль гэх мэтээр хэдэн ч удаа өөрчиллөө. Сурч байгаа хүмүүсийнх нь тархинд өөрчлөлт хийхгүй бол сургуулийн нэр өөрчиллөө гээд ямар ч хэрэггүй. Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчилнө, шинэчилнэ гэж ярьж байна. Монголд хууль дутагдсандаа, Үндсэн хууль буруу бичигдсэндээ асуудал гараагүй. Хүнээ өөрчлөхгүй бол Үндсэн хууль өөрчиллөө гээд ямар ч хэрэг болохгүй. Авлига, хээл хахуулиас хараат байлгахын тулд шүүгчдийн цалинг нэмж байна. Үнэндээ цалинг мөнгийг нэмлээ гээд тухайн хүний ёс зүй өөрчлөгдөхгүй. Улс орнуудын эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалдаг судалгаагаар АНУ-д 100 мянган гэмт хэргийн нь дөрөв санаатай бол Японд 0.3 хувь нь Голландад 0.4 хувь нь, Хятадад нэг нь санаатай гэмт хэрэг байдаг. Гэтэл Монголд 100 мянган гэмт хэргийн ес нь санаатай гэмт хэрэг байна. Энэ нь Монголын гэмт хэргийн орчин ямар байгааг харуулж байна. Шинэчлэл яриад өөрчлөгдөхгүй. Эрүүгийн нөхцөл байдал хүнд хэвээрээ л байна.
-Үндсэн хуулийг олон нийтийн санал асуулгаар өөрчлөх нь зөв үү. Олон улсад ямар жишиг байдаг вэ?
-Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд ард нийтийн санал асуулга авч байна гэдэг зүгээр л хэлбэр төдий зүйл. Бодитой, сайн үр дүн гарахгүй. Харин үүний оронд хуулийг өөрчилж, шинэчлэх гэж байгаа улстөрчид иргэний нийгмийн байгууллагуудтай маш сайн хамтарч ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, хууль боловсруулсан бол түүнийгээ иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн хүнээс дэмжлэг авч харилцан санал солилцож шийдэх ёстой. Гэтэл манайхан хуулиа дураараа боловсруулаад баталчихдаг. Тухайлбал, хүний эрхтэй холбоотой хууль батлах бол Хүний эрхийн байгуууллагуудын саналыг тусгаж, тэдний дэмжлэг авах ёстой. Энэ бол хууль боловсруулж, баталж байгаа хүмүүсийн ёс зүйн үүрэг.
-Таны 5-10 жилийн төлөвлөгөө юу вэ. Алсын хараа гэх юм уу. Монголдоо хэзээ ирэх вэ. Таны зүгээс эх орныхоо хөгжилд ямар хувь нэмэр оруулна гэж боддог вэ?
-Би амьдарч, ажиллаж байгаа газраа хамгийн сайн нь байж, монгол хүний нэрийг сайнаар авч явж, үлгэр дуурайлал болохыг хичээдэг. Энэ бол эх орондоо өөрийн зүгээс оруулж буй хувь нэмэр. Мөн хуулийн оюутнуудад зөвлөгөө өгч, дэмжихийг хичээдэг. Мөн Монгол Улсаа төлөөлөөд дэлхийн хэмжээний хууль эрх зүйн асуудлуудад оролцоод явж байна. 5-10 жилийн дараах төлөвлөгөө гэвэл хууль зүйн доктор хамгаалах төлөвлөгөөтэй байгаа.
-Хууль зүйн доктороо ямар сэдвээр хамгаалахаар төлөвлөж байгаа вэ?
-Монголчууд бид олон зуун жилийн дайнч түүхтэй хүмүүс. Тийм болохоор Чингис хаан болон эртний хаадын тогтоож байсан дайны хуулийн түүхүүдийг монгол хуульчийнхаа хувьд олон улсад таниулж, англи хэл дээр судлах төлөвлөгөөтэй байгаа.
-Мэдээж таны хувьд улс эх орноо хөндлөнгийн нүдээр хардаг хөгжүүлэх, өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай байдаг болов уу?
-Улс орон хөгжиж буй хамгийн том шалтгаан бол шударга ёс зүйтэй иргэн гэж түрүүн хэлсэн. Нөгөө нэг зүйл нь ард түмэн нь ажилч, хөдөлмөрч байж сая улс орон хөгжинө. АНУ-д "хөдөлмөрлө тэгвэл чамайг дэмжинэ" гэж соёлоор ханддаг. АНУ яагаад хөгжсөн бэ. АНУ-д автобусанд зүгээр суудаг хүн байдаггүй. Бүгд л ном уншиж, хийх ажлаа төлөвлөж бодож явдаг. Хөдөлмөрч иргэн улс орны хөгжлийн нууц.
-Та монгол болон гадаадын сургуулийн хуулийн сургуулийн оюутнуудад олон улсын эрүүгийн хуулийн чиглэлээр лекц уншдаг гэсэн. Мэдээж ажил мэргэжил, туршлага талаасаа хуваалцдаг байх. Түүнээс гадна тэдэнд юу гэж захьдаг вэ?
-Хамгийн сүүлд 2015 онд Австрид Салзбургын их сургууль, 2016 онд Ирландын Үндэсний их сургуульд урилгаар лекц уншсан юм байна. Мөн Монголд амралтаар очихдоо хуулийн сургуулиудаар явж лекц уншдаг. Ажиглаад байхад гадаад оюутнууд маш их зүйл асуудаг. Харин монгол оюутнууд юу ч асуудаггүй. Тэр үед би “Мэдэхгүй зүйлээ асуух нь хормын ичгэвтэр явдал. Мэдэхгүй явах нь насны ичгэвтэр явдал" гэж зөвлөдөг. Мэдлэгийг харилцан ярилцаж байж л олж авдаг. Тэнэг асуулт гэж байдаггүй. Байнга л асууж байх хэрэгтэй. АНУ-ын хуулийн сургуулиуд Сократын системээр хичээлээ заадаг. Оюутнууд хичээл дээрээ яг хуульч шиг мэтгэлцдэг. Үүнийг Монголын хуулийн сургуулиуд мөн хэрэгжүүлээсэй гэж хүсдэг.
Монгол хүний ур ухаан, оюуны чадамж, авьяас билгийг дэлхийд таниулан үндэстэн дамнасан томоохон компаниудад ажилладаг, гадаадын шилдэг их сургуульд суралцдаг олон монгол залуус бий. Тиймээс iToim эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуусыг ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагаараа танилцуулж байна. Бидэнтэй itoimagency@gmail.com, 77057758 дугаараар холбогдоно уу.