Open iToim app
Дэлхийн монгол | 10 мин уншина

​ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН: МУИС-иас “Apple”-ийн инженер болсон Б.Хасан

​ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН: МУИС-иас “Apple”-ийн инженер болсон Б.Хасан
Нийтэлсэн 2016 оны 10 сарын 18
Дэлхийн томоохон компаниудад ажиллаж, монгол хүний ур ухаан, оюуны чадамж, авьяас билгийг дэлхийд таниулж яваа олон монгол залуус бий. Тэдний нэг МУИС-ийг программ хангамжийн чиглэлээр төгсөж өдгөө дэлхийд алдартай Apple-д инженереер ажиллаж байгаа Болдын ХАСАН-тай онлайнаар холбогдон ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цувралынхаа энэ удаагийн зочноор урьж оролцууллаа.

-Сайн байна уу. iToim-ын урилгыг хүлээж авч ярилцахаар болсон танд баярлалаа.
-Сайн. ХХI ЗУУНЫ МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагынхаа зочноор урьж оролцуулсанд баярлалаа.
-Юуны өмнө манай уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Болдын Хасан гэдэг. МУИС-ийн математик компьютерийн сургуулийн программ хангамжийн ангийг бакалавр зэрэгтэй төгссөн. Сургуулиа төгсөөд Мобиком компанийн мэдээлэл технологийн албанд программ хангамжийн инженерээр хоёр жил ажиллаад АНУ-д мастераа хамгаалсан. Түүний дараа АНУ-ын Rocket Fuel гэдэг нэртэй компанид инженерээр 3 жил ажиллаж байгаад одоо “Apple”-д инженерээр ажиллаж байна.
-Өмнө нь ярилцаж байсан зочдын маань олонхи нь гадаадын томоохон их сургууль төгсч, алдартай компаниудад ажиллаж байсан. Таны хувьд Монголдоо, МУИС-ийг төгсөөд дэлхийд алдартай “Apple”-д ажиллаж байгаа нь их сонирхолтой, бас бахархмаар санагдаж байна. “Apple”-д ороход нэлээд өндөр шалгууртай байсан байх?
-Тэгэлгүй яахав. “Apple”-д орохоос өмнө хуучин ажиллаж байсан компаниасаа гараад хэд хэдэн компанид өргөдөл өгч цөөнгүй газраас татгалзсан хариу авч байсан. Тэгээд тэр үед өөрийгөө бэлдэж хэдэн сар болсон. Татгалзсан хариу авч байсан ч шантраагүй л дээ. Харин ч миний хувьд компаниудаас татгалзсан хариу авч байсан нь давуу тал болсон гэх юм уу. Татгалзсан хариу авах бүртээ өөрийгөө аль тал дээрээ хөгжүүлэх ёстой, юуг суралцах ёстой гэдгээ мэдэж хэсэг хугацаанд бэлдсэн. Түүнийхээ дараа “Google”, “Apple” зэрэг компаниудад ажлын ярилцлага өгч “Apple”-д орохоор шийдсэн. Шалгуурын хувьд мэдээж өндөр байсан. Инженерийн мэргэжил талаасаа олон бодлого бодуулж байсан санагддаг. 
-Тухайлбал, ямар бодлого бодуулж байв?
-Ер нь ажлын ярилцлага гэдэг зөвхөн ажилд авч байгаа компани ажилтнаа шалгаж байгаа бус, ажилд орох гэж байгаа хүн нь бас ирээдүйн амьдралынхаа ихээхэн хугацааг өнгөрөөх газраа сонгож байгаа хэрэг гэж боддог. Тэгэхээр бие биенээ л шалгадаг. Инженерүүдийн хувьд ихэвчлэн ажилд орвол бусадтай багаар хэр сайн хамтарч чадах вэ, техникийн асуудлыг хэр шийдэж чадах вэ, бас шинэ технологийг хэр хурдан сурч, эзэмшиж чадах вэ гэдгийг шалгадаг. Намайг Apple-д ярилцлага өгч байхад асуусан нэг асуулт нь “Хэрвээ чи “Apple”-д iMessage гэсэн application бичихээр болвол ямар шийдлээр, хэрхэн бичих вэ” гэж асууж байсан. Ерөнхийдөө иймэрхүү төрлийн асуултууд асууж, бодлого бодуулдаг юм билээ.
-Apple-д аль чиглэлээр инженерээр ажиллаж байгаа вэ. Хийж байгаа ажлынхаа талаар?
-Одоо Apple-д iMessage, FaceTime, Notifications хариуцсан багт инженерээр ажиллаж байна. “Apple”-ийн нэг онцлог нь хийж байгаа зүйлээ олон нийтэд танилцуулахаас өмнө бүх хүмүүсийн хувьд нууц байдаг болохор яг юун дээр ажиллаж байгаагаа тодорхой хэлж болдоггүй юм аа. Ерөнхийдөө бол “Apple”-ийн системээр нэг төхөөрөмжөөс нөгөө төхөөрөмж рүү хэрхэн найдвартай хурдан мэдээлэл дамжуулах вэ гэдэг шийдэл дээр ажилладаг гэж ойлгож болно. Жишээ нь, өмнө нь би WWDC2016 дээр танилцуулагдсан HomeKit гэдэг гэр ахуйн төхөөрөмжүүдийг iPhone, iPad-аар удирдах боломжтой application-ийн арын систем дээр нь ажиллаж байсан.
-“Apple” компани надаас өөрт ногдсон ажлаа л хамгийн сайн хийхийг шаарддаг-

-Цахиурын хөндийд ажилладаг таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Ажлын өдрүүдэд өглөө 8.00 цагт босоод кофе уух зуураа компьютерийн шинжлэх ухааны эргэн тойронд, мөн дэлхий нийтээр юу болж байгаа талаар мэдээ уншдаг.
Ихэвчлэн 9.00-10.00 цагийн хооронд ажил дээрээ очоод, хамгийн түрүүнд мэйлээ шалгана. Тэгээд тухайн өдөр хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж байгаад чухлаас нь эхлээд л хийж эхэлнэ дээ. Орой ажлаа тараад фитнессээр хичээллэнэ, мөн өөрийгөө хөгжүүлэх хувийн прожектууд дээр ажиллана, шинэ техник технологиудыг сонирхож үзнэ. Ерөнхийдөө миний ажлын нэг өдөр ийм хувиараар өнгөрдөг. Харин амралтын өдрүүдээр бол аль болох бүтэн амрахыг хичээдэг. Хааяа найз нөхөдтэйгээ уулзана, аяллаар явна.
-Таны ажлын онцлох арга барил?
-Хувьдаа цагаа маш сайн төлөвлөж, өөрт хэрэгтэй зүйлдээ зарцуулахыг хичээдэг. Ажлаа хийхдээ ерөнхийдөө чухал, яаралтай биш, чухал биш гэсэн дарааллаар ангилж хийдэг. Өөрөөр хэлбэл, хийх ажлуудаа цаг хугацааны дарааллаар нь жагсааж яаралтай, чухлаа түрүүлж хийнэ гэсэн үг. Тухайн өдрийнхөө яаралтай, чухал ажлыг 8 цагт багтаагаад бүх анхаарлаа тэр ажилдаа төвлөрүүлдэг. Энэ нь ажлын бүтээмж, цаг хэмнэлт, дараагийн ажлаа эрч хүчтэй, урамтайгаар эхлүүлэхэд их тустай, мөн ажлын дарамт ачаалал ч багасдаг.
-“Apple” компани ажилчдаа ямар арга барилаар удирддаг вэ. Компанийн тогтсон соёл байдаг байх?
-“Apple”-д ажиллахад багаар ажиллах чадвар, багийн гишүүдийн биентэйгээ ойлголцох чадвар их чухал байдаг. Багийн гишүүдтэйгээ хамтарч ажиллаад өөрийнхөө үүрэгт ажлаа маш сайн хийхийг л надаас шаарддаг. Нэг үгээр хэлбэл, ажлаа ямар арга барилаар хийх нь бус ямар үр дүн гаргахыг л компаниас чухалчилдаг. Тийм болохоор би ажлаа ажил дээр хийнэ үү, гэртээ суугаад хийнэ үү, аяллаар явж байгаад хийнэ үү тэр нь чухал биш байдаг. Хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүн гаргах нь чухал.
-Амжилтын 99 хувь нь хичээл, зүтгэл хөдөлмөр-

-Залуу хүнд ROLE MODEL үлгэр дууриалал гэж байдаг даа. Таны ROLE MODEL хэн бэ?
-Миний хувьд тэр гээд хэлчих ROLE MODEL байдаггүй юм шиг байна. Би ер нь амжилттай яваа хүмүүсийн өөрт таалагдсан, миний амьдралд эерэг нөлөө үзүүлэх зан чанарыг амьдралдаа тусгаж авах дуртай. Жишээ нь, бага байхдаа Kim Woo Jung-ийн “Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна” номыг уншиж байсан. Тэр номонд Kim Woo Jung бага байхдаа зах дээр сонин зардаг байсан үеэ дурсан бичсэн байдаг. Тухайн үед зах дээр олон хүүхэд ном, сонин зардаг, маш өрсөлдөөнтэй байдаг байж. Тэгээд Kim Woo Jung яавал тэр хүүхдүүдээс ялгарч олон сонин зарж их борлуулалттай ажиллаж болох вэ гэдгээ бодож байгаад нэг шийдлийг олсон гэдэг. Юу гэхээр тэрээр сонин зарж байхдаа хүмүүсийн хариултыг өгөхдөө маш их цаг алддаг байснаа олж мэдээд сонин зарахаар очихдоо хариултаа бэлдээд очдог болсон нь түүнийг бусад хүүхдүүдээс илүү олон ном зарж, ашигтай ажиллахад хүргэсэн гэж бичсэн байдаг. Эндээс би хувьдаа ямар нэг зүйлийг хийхээсээ өмнө яаж хийвэл хамгийн бага цаг зарцуулах вэ, хамгийн оновчтой зөв байх вэ гэдгийг өөртөө тунгааж боддог болсон. Энэ мэтчилэн үлгэр дууриал авч, амьдралдаа хэрэгжүүлдэг ROLE MODEL-иуд бий.
-Та ч мөн хэн нэгэн залуугийн ROLE MODEL болох хэрэгтэй.Тэгэхийн тулд өөрийгөө таниулах хэрэг гарна. Гэтэл энэ нь уламжлалт соёл, эрдэмтэй хүн даруу гэдэг утгатай зөрчилдөх болдог. Сүүлийн үед эрдэмтэй хүн даруу биш байх үүрэгтэй болчихсон юм шиг санагддаг?
-Би ч хэн нэгэний ROLE MODEL болох хэмжээний тийм мундаг хүн биш л дээ. Мэргэжлээрээ ажиллаж эхлээд тавхан жил болж байна. Гэхдээ ажлынхаа цаг завыг тааруулаад найз нөхөд, дүү нартаа компанийн ярилцлагад хэрхэн бэлдэх вэ, өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гээд л зарим нэг зүйлүүд дээр чадахаараа зөвлөгөө өгөхийг хичээдэг. Ер нь аливаа хүн өнөө, маргаашийнхаа ажилд шантрахгүй, ирээдүйн том зорилго, мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөвөл амжилтад хүрнэ гэж боддог. Хэрвээ энэ ярилцлагыг уншиж байгаа залуусаас программ хангамжийн чиглэлээр зөвлөгөө авах хүсэлтэй хүн байгаа бол нээлттэй шүү гэж хэлмээр байна.
-Хаана ч амьдарч, ажиллаж, сурч байсан тухайн хүн өөрөө хичээх юм болохгүй,бүтэхгүй зүйл гэж байхгүй-
-Таны хувьд Монголын хөрснөөс ургаад оргил нь болж чадсан байна. Энэ нь дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин төрж байна гэдгийг харуулаад байна л даа. Гэхдээ нөгөөтэйгээр хэт цөөхөн байна. Энэ тоог яаж олон болгох вэ. Яавал монгол хүн бүр таны замналаар явж чадах вэ?
-Би өөрийгөө оргил нь болж өндөр амжилтад хүрчихсэн хүн гэж бодохгүй байна л даа. Үүнийг хувь хүний хичээл зүтгэлэээр бий болох зүйл юм болов уу гэж бодож байна. Мэдээж хэрэг өндөр хөгжилтэй орнуудад томоохон сургуульд сурах, монголд сурах хоёрын дунд ялгаатай зүйлүүд бий л дээ. Гэхдээ хаана ч амьдарч, ажиллаж, сурч байсан тухайн хүн өөрөө хичээх юм болохгүй,бүтэхгүй зүйл гэж байхгүй гэж хувьдаа боддог. Амжилт бол хичээл зүтгэл, хөдөлмөр 99 хувь гэж хэлэх дуртай. Үлдсэн нэг хувь нь сурсан сургууль,орчин нөхцөл гэх мэт бусад зүйлсээс хамаарах байх.
Нөгөө нэг зүйл нь би том зүйлийг хийхээр төлөвлөсөн бол түүнийгээ жижиг, жижиг алхмуудад хувааж бага багаар нь хийдэг. Өөрөөр хэлбэл, том мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийх ёстой вэ гэдгээ эхлээд гаргана, түүнийгээ бага багаар нь хийж өдөр бүр урагшилдаг гэх юмуу. Ингэх нь надад хэт ачаалал, хүнд дарамт өгдөггүй өөрт их амар байдаг. Алхам,алхмаар нэг шат өгсөж байхад барианд хүрэх өдөр заавал ирдэг. Хүрэх алхмаа тодорхойлж, бага багаар бариа өөд алхахгүй байж бариаг хараад л хол байна, яаж хүрнээ гээд бэрхшээл тоочоод суух юм бол хүрч чадахгүй шүү дээ.
-Та дэлхийн олон орны хүмүүстэй өрсөлдөж яваа шүү дээ. Чадварын хувьд , монголдоо сурч чадаагүй ч гэдэг юм уу тийм зүйлүүд гарах уу?

- Ямар ч хүнд сургуулиа төгсөөд ажил дээр гарахаар мэдэхгүй зүйлүүд их гардаг. Их сургуульд бол тухайн мэргэжлийн үндсэн суурийг л тавьж өгдөг. Ажилд ороод ажиллаад эхлэхээр олон шинэ технологиудыг шинээр сурч мэдэх хэрэг гардаг. Ер нь зөвхөн манай салбарыг л аваад үзэхэд нэг шинэ технологийг боловсролын системд тусгатлаа наанадаж 5-10 жил болдог. Тэгэхээр их сургуульд сурч байгаад ажилд орохоор дандаа л хоцрогдолтой ордог. Тийм болохоор компаниуд ямар нэг технологийг мэддэг гэхээсээ илүү, хурдан сурч чаддаг хүмүүсийг ажилд авах илүү сонирхолтой байдаг байх.

-Байр машинтай болохыг бус онгоц, аралтай болохыг мөрөөдөх хэрэгтэй-

-Инженер болох нь таны багын мөрөөдөл байв уу?

-Бага байхдаа менежер болно гэж боддог байсан. Гэтэл арван жилдээ математикт их сонирхолтой хүүхэд байсан болохоор инженерийн ангид орчихсон л доо. Ер нь хүн томоор мөрөөдөж, сэтгэж амьдрах хэрэгтэй юм шиг санагддаг. Би анх их сургуульд байхдаа нэг тэмцээнд шалгараад Цахиурын хөндийтэй танилцахаар явж байсан. Тэр үед тэмцээнийг зохион байгуулж байсан залуу надаас “Чиний мөрөөдөл юу вэ” гэж асуусан. Гэтэл би тэр үед машинтай, байртай болох гээд хэлсэн чинь өөдөөс ямар энгийн зүйл мөрөөддөг юм бэ. Онгоцтой, аралтай болно гэж том зүйлийг харж мөрөөдөх хэрэгтэй шүү дээ гэж хэлж байсан. Тэр үеэс л байр, машиныхаа мөрөөдлийг орхисондоо. (инээв)
-“Apple”-д таниас гадна өөр монгол хүн ажиллаж байна уу?
-“Apple”-д надаас гадна hardware инженерээр Энх-Амгалан гээд ах, мөн Тэргэл гээд бүсгүй дизайнераар ажилладаг.
-Та сард хэдэн төгрөгийн цалинтай ажилладаг вэ?
-Ер нь өөрийнхөө цалинг нууц байлгасан нь дээр гэж бодож байна. Хэрвээ сонирхож байгаа бол www.glassdoor.com сайтаас компаниудын цалинг ажлын байраар нь харж болно.
-Та өөрийнхөө 5-10 жилийг хэрхэн төсөөлдөг вэ. Таны алсын хараа ч гэх юм уу?

-Программ хангамжийнхаа чиглэлээр өөрийгөө хөгжүүлж, front-end, back-end, distributed-systems гээд бүх чиглэлд өөрийгөө хөгжүүлж дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадвартай болохыг зорьж байгаа. Түүнийхээ хажуугаар өөрийн гэсэн компани байгуулж, түүндээ хүчин зүтгээд явж байвал миний ирэх 10 жилийн том зорилго биелэх байхдаа. Мөн гэр бүлтэй болно. 
-Монголдоо хэзээ ирэх вэ?
-2017 оны зун амралтаараа Монголд очно. Харин Монголдоо амьдрах талаар арай өөр бодолтой байгаа. Надад Цахиурын хөндийд сурч мэдэх зүйл асар их байна, хийж амжуулах ажил ч байна. Гэхдээ Монголдоо очих их сайхан шүү.
-Алдааг амжилт болгон ашиглах хэрэгтэй-
-Манай IT инженерүүд бүтээгдэхүүн хийж гадаадын зах зээлд гаргах боломж хэр байдаг вэ. Ер нь Монголд IT-ийн салбарыг хөгжүүлэхэд ямар гаргалгаа байна вэ?

-Монголд сурсан инженерүүдийн хувьд хичээгээд оролдвол дэлхийн хэмжээний сайн чанартай бүтээгдэхүүн гаргах бүрэн боломжтой гэж бодож байна. Миний туршлагаар Монголын дунд сургуулийн боловсролын системийг бусад орнуудтай харьцуулахад их сайн санагддаг. Би бага сургуульд байхдаа Швейцарьт сурч байгаад шилжиж ирж байсан юм. Гэтэл маш хоцрогдолтой ирж ангийнхнаа гүйцэх гэж нэлээн юм болж байж билээ. Харин хамгийн ахиц дэвшил багатай шат нь миний бодлоор Монголд хэтэрхий олон чанаргүй их сургуулиуд байна. Тэгэхээр улсаас их сургуулийн төвшинд хөрөнгө оруулалт хийж, тэр тал руу бодлого явуулбал илүү амжилттай байх болов уу.
-Мэдээж өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлэх өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай байдаг болов уу?
-Миний хувьд эх орноо ингэж, тэгж хөгжүүлнэ, тийм гаргалгаа бий гээд ярих нь дэндүү ахадсан хэрэг болох байх. Харин миний мэргэжлээр ирээдүйд сурахыг хүсч, сонирхож байгаа хүүхдүүдэд урам зориг өгч, сайн үлгэр дууриал үзүүлж, боломжтой бол зөвлөгөө өгч, тусалж дэмжих нь хойч ирээдүйдээ бага ч болов хувь нэмэр оруулах юм болов уу гэж боддог. Ярилцлагын саналыг хүлээж авсан маань ч гэсэн үүнтэй холбоотой.
-Ирээдүйд биднийг ямар технологи удирдах вэ?
-Сүүлийн арван жил BIG DATA чиглэл рүү ихэнх компани хошуурч байсан, одоо үед machine learning, хиймэл оюун ухаанаар удирдах технологид дэлхийн томоохон компаниуд хөрөнгө оруулж байна. Ирээдүйд virtual reality, augmented reality талруугаа хөгжих болов уу. Гэхдээ бидний хэрэглэж байгаа технологи, гар, утас компьютер өдрөөс өдөрт л хувьсан өөрчлөгдөж байгаа болохоор тааварлах аргагүй юм аа даа.
-Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаад юу гэж хэлэх вэ?
-Алдсан ч алдаанаасаа суралцаад мөрөөдөл, зорилго өөдөө урагшлаасай гэж хүсч байна. Алдааг алдаагаар нь биш амжилтаар өөртөө давуу тал болгон ашиглаарай.
Монгол хүний ур ухаан, оюуны чадамж, авьяас билгийг дэлхийд таниулан үндэстэн дамнасан томоохон компаниудад ажилладаг, гадаадын шилдэг их сургуульд суралцдаг олон монгол залуус бий. Тиймээс iToim эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуусыг ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагаараа танилцуулж байна. Бидэнтэй itoimagency@gmail.com, 77057758 дугаараар холбогдоно уу. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн