ХБНГУ-ын Мюнхен хотын Людвиг-Максимилианы их сургуульд эрүүгийн эрх зүйн докторант, Баварийн Мужийн шүүхэд тангараг өргөсөн герман-монгол хэлний итгэмжлэгдсэн орчуулагч, Европын эрх зүйн магистр Д.Чанцалдуламыг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цувралын ээлжит зочноор урьж оролцууллаа. Тэрээр “Германы эрүүгийн эрх зүйн ерөнхий анги” хамтарсан бүтээл, “Сониуч зүрх” зэрэг номуудаа бичиж нийтлүүлээд байгаа төдийгүй герман хэлнээс эрх зүйн чиглэлийн хэд, хэдэн бүтээл орчуулжээ.
Өдгөө хуулийн чиглэлээр Германдаа дээгүүрт эрэмблэгддэг Мюнхений Людвиг-Максимилианы их сургуульд эрүүгийн эрх зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар судалгаа хийхийн зэрэгцээ Вюрцбургийн их сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, өөрийн сургуулийг МУИС-ийн хууль зүйн сургуультай зуучлан холбож, Герман, Монгол хоёр их сургуулийн хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, эрдмийн гүүр болж яваа нэгэн ажээ.
"Анх хуулийн оюутан болохоор Германд ирээд, DSH буюу оюутан болохын тулд өгдөг хэлний шалгалтаа өгчихөөд л хичээлдээ орж байлаа. Их сургууль нь төлбөргүй ч, амьжиргааны мөнгөө олохын тулд заавал ажил хийх шаардлага гарна. Оюутны визээр ажил хийх эрх хязгаарлагдмал, харин их сургуульд, сурч буй чиглэлээрээ ажиллавал хэдэн ч цагаар ажиллахыг зөвшөөрдөг болохыг мэдэнгүүтээ их сургуульд ажил орохоор шийдсэн юм. Ингээд эрүүгийн эрх зүйн тэнхимд оюутан туслах болсон доо. Юм "канонддог", кофе зөөдөг л ажил гэж олон хүн дургүйцэж байсан ч энэ хугацаанд би маш их зүйл сурсан. Оюутнууд амраад гэртээ харихаар мөнгө хэрэгтэй хүн чинь ганцаараа тэнхимдээ ажиллаад, нарийн бичгийн орлогч хийгээд, утсаар ярьж, албан захиа бичиж сурсан. Яваандаа, элдэв хурал, уулзалт зохион байгуулдаг болсон. Өөрийн ширээ, хожим нь өрөөтэй, сүүлд нь сургууль руу нэвтрэх түлхүүртэй хүртэл болдог.
Төгсөөд оюутан туслахаас эрдэм шинжилгээний туслах ажилтан болсон. Тэнхимд ажиллах хугацаанд олон улсын зочид, төлөөлөгчид байнга ирнэ. Хятад, Солонгос, Япон, Турк гээд гадны их сургуулиудаас төлөөлөгч ирэх бүрт "Монголоос ингэж ирдэг бол" гэж сэмхэн боддог байлаа. Ингээд ийм хамтын ажиллагаа хэрхэн эхлэлээ тавьдгийг сонирхож, багшдаа Монголын тухай сурталчилж, нийтлэлүүдийг нь орчуулан гаргаж, эцэст нь хамтын номоо гаргахдаа энэ бүхэн нэг л өдөр үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байсан юм. Ийнхүү анхны зочноо хүлээн авч, эрүүгийн эрх зүйн хоёр тэнхмийн эрхлэгч нарын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг солилцсон нь саяхан. Эрдмийн солилцооны энэхүү гүүрээр хоёр талаас судлаачид, оюутан солилцож, хурал хэлэлцүүлэг зохион байгуулах, харилцан айлчлал хийх зэргээр үргэлж урсгалтай байгаасай гэж хүсдэг. Сурч ажилласан энэ сайхан сургуульдаа Монголоос хүн авчрах юмсан гэж боддог шүү ” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
-Эрүүгийн эрх зүйн чиглэлээр Германы томоохон хуулийн сургуульд докторын зэрэг хамгаалж буй. Докторын зэргээ ямар сэдвээр хамгаалж байгаа вэ?
-“Монголын эрүүгийн эрх зүйг Зөвлөлтийн загвараас ангижруулах нь” гэсэн сэдвээр диссертациа бичиж байна. Судалгааны ажлын нэрийг сонсоод эгдүүцэх хуульч нар бишгүй. Удирдагч багш маань энэ нэрийг оноосон юм. Би бол харьцуулсан судалгаа гэх мэтээр арай зөөлөн нэрлэх байсан байх. Монголын Эрүүгийн хуулийг боловсруулахдаа Оросын Эрүүгийн хуулиас үг бүрчлэн авсан нь бий. Гэтэл Оросын Эрүүгийн хууль олон улсад их шүүмжлэлд өртдөг, шинэтгэл хийгдэж буй тогтолцоо. Социализмийн үеийн нийгмийн үнэт зүйлс тэргүүнд тавигдахаа больж, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн, ардчилсан нийгэмд нийцэх хууль бий болгох хэрэгцээ аяндаа гарсан шүү дээ. Монголын өнөөгийн Эрүүгийн хууль хэдийгээр ардчилсан үнэт зүйлсийг хамгаалдаг, эрх зүйт төрийн үндсэн зарчмуудыг хэлбэрийн хувьд агуулсан боловч тулгуурлах онол, үзэл баримтлал нь Германы эрх зүйтэй харьцуулбал учир дутагдалтай, тиймдээ ч уг хуулийг хэрэглэхэд зөрчилдөөнтэй зүйл их тулгардаг байна. Германы эрүүгийн эрх зүйн онолыг өдгөө Латин Америкийн олон орон, Хятад, Япон, Солонгос зэрэг Азийн орнууд, мөн Турк улс эрх зүйдээ нутагшуулж байна. Олон оронд үлгэр жишээ болж байна гэдэг түүнд зөв тогтолцоо байна гэсэн үг. Энэ онолыг судалж, танилцуулж, тэндээс манай улсад авмаар юм юу байна, зохицох зүйл хэр байна, ямар онол нь бидний үндэсний онцлог, уламжлалд нийцэж, эрх зүйт төрийн шинж чанарыг бэхжүүлэх вэ гэдгийг гаргаж ирэх, санал болгох зорилготой юм. Нөгөө талаас Монголын Эрүүгийн эрх зүйн болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг илчлэх, шүүмжлэх зорилготой. Асуудлыг хөндөж байж, илрүүлж байж шийдэл олдог. Академик ертөнцөд давамгайлдаг нэг хандлага бол шүүмжлэх. Магтан дуулах бол сонин биш. Шүүмжлэх зүйл гаргаж ирж, шийдэл олдог нь таалагддаг.
Германы Эрүүгийн эрх зүйн онолоор аливаа гэмт хэрэгт ял оноохдоо дур зоргоор бус, хуульчилсан хэргийн бүрэлдэхүүнд тулгуурлаж, урьдчилан тогтоосон,тодорхой,ганцхан байдаг шалгах бүтцийн дагуу задлан шинжилнэ. Ингэснээр гэмт хэргийг хэрхэн шийдэж байгаа нь ил тод байж, шүүх эрх мэдлийг урвуулан ашиглах нөхцөл багасна. Учир нь шүүхийн шийдвэр ямар үндэслэлтэй гарсныг хуульч,судлаачид, олон нийт бүгд уг шалгах бүтцийн дагуу хянах, шүүмжлэх боломжтой. Хууль сурч буй оюутан, хуулийг хэрэглэж буй хэн болов ч нэг л бүтэц эзэмших нь. Хэрэг бүрийг хэнээс нь шалтгаалж олон янзаар шийдэх бус гагцхүү тэр шалгах бүтцийн дагуу шинжих нь ил тод, шударга байх давуу талтай. Мэдээж энэ бүтэц нь олон жилийн судалгааны үр дүн, онол дээр суурилсан.
-Эрүүгийн эрх зүйн шинэчилсэн хууль батлагдаж 2002 оны Эрүүгийн хууль сууриараа өөрчлөгдсөн. Нэгдүгээрт гэмт хэргийн бүрэлдэхүүн, ангиллын онол 100 хувь өөрчлөгдсөн. Социализмын үеийн гэмт хэргийн жагсаалтуудыг өөрчилж, зах зээлд чөлөөтэй шилжсэн орнуудын жишиг рүү нэлээд ойртсон. Хоёрдугаарт бүтэц, гуравдугаарт ялын бодлого 100 хувь өөрчлөгдсөн гэж хууль боловсруулагчид тайлбарлаж буй. Таны хувьдаа шинэчлэгдсэн Эрүүгийн хуулийн дэвшилттэй болон зөрчилтэй талыг юу гэж харж байгаа вэ?
-1926 оны анхны Эрүүгийн хуулиас хойш өнөөг хүртэл Эрүүгийн хуулийг нийт найман удаа шинэчлэн баталжээ. Хамгийн сүүлийн буюу 2015 оны шинэ батлагдсан хуулиар Эрүүгийн хуулинд дорвитой өөрчлөлт оруулж, 2016 онд хүчин төгөлдөр болох байсныг шинэ засгийн газар түдгэлзүүлж, дахин шинэчлэх, хүчин төгөлдөр болох хугацааг 2017 онд хойшлуулсан байгаа. Судлаачийн хувьд ажиглагдсан зүйл гэвэл, өмнөх гэмт хэргийн эрх зүйн үр дагавар арилаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрх зүйн байдал нь шууд хүндэрдэг, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох, ялтай байдал зэргийг тусгай ангийн хүндрүүлэх нөхцөлд тооцохгүй болсон, цаазаар авах ялыг халсан, албадан ажил хийлгэх ялыг сольж нийтэд тустай ажил хийлгэх болгосон гэх мэт дэвшилттэй зүйл бий боловч эдгээр нь хэлбэр төдий өөрчлөлт юм. Гэмт хэргийн тодорхойлолтыг өөрчилж, үйлдлийн шинж, гэм буруугийн шалгуураар дэлгэрүүлэн зүйлчилсэн, гэмт хэргийн уламжлалт ангилал, бүрэлдэхүүний ойлголтыг халсан боловч тулгуурлах онол бүрэлдээгүй хэвээр. Өөрөөр хэлбэл хуулийн нэр томьёо, санаа зөв боловч түүний тулгуурласан үндсэн онол, зарчмын асуудал надад дутуу санагдаад байгаа юм. Гэм буруугийн зарчим гэдэг нэр томьёог оруулснаар өөрчлөлт гарах бус энэ зарчим маань ямар үндэстэй, тэр нь Монголын эрүүгийн эрх зүйд ямар байр суурийг төлөөлдөг, олон улсын ийм зарчим дор ойлгох зүйлстэй ижил байна уу, тэс өөр юм яриад байна уу, төсөөтэй юм ойролцоогоор нялчихав уу гэдэг онолын асуудал.
-Гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээгээд, хохирогчтой эвлэрээд, хохирлоо 100 хувь төлсөн бол ял эдлэхгүй байхаар шинэчилсэн Эрүүгийн эрх зүйн тухай хуульд заасан. Мөн хууль зөрчсөн аж ахуйн нэгжид эрүүгийн хариуцлага тооцдог болсон. Энэ талаар?
-Шинэ хуулиар хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон нь маш өвөрмөц зохицуулалт юм. Германы Эрүүгийн эрх зүйн онолоор хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оноох нөхцөл бүрдээгүй байдаг. Учир нь хэрэгтэн гэдэг ойлголтод гэмт хэрэг үйлдэх гэж буйгаа мэдэх чадвартай буюу үйлдлийн зүй бусын мэдрэмжтэй “хүн” орно. Хуулийн этгээдэд бус гэмт хэрэг гардан үйлдсэн удирдагчид эсвэл гүйцэтгэгч хүнд шийтгэл онооно гэсэн үг. Тэрнээс аж ахуйн нэгж, байгууллагад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн ойлголт байхгүй.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авахаар хуульчилсан нь Монголын Эрүүгийн эрх зүйд өмнө нь байгаагүй шинэлэг зүйл болсон. Германд ийм зохицуулалт бий. Хэрэгтэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийтгэлээ,хэрэгтэнг тусгаарлаж эрүүгийн эрх зүй үүргээ гүйцэтгэсэн ч хохирогчийн байдал ингэснээр хэрхэн дээрдэхийг бодолцсон зохицуулалт л даа. Хохирогчийн хувьд хэрэгтэн шоронд орсон нь хангалтгүй, хохирлоо өөр хэлбэрээр барагдуулахыг хүсч болно. Хэрэгтэн гэмээ ухаарсан, үйлдсэн хэргээ цагааруулах оролдлого хийж, хохирогчтой эвлэрсэн бол ялыг хөнгөлөх, хөнгөн ялтай хэргүүдэд ялаас чөлөөлөх зохицуулалт Германд байдаг.
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явагдаж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв үү. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хууль бол дураараа өөрчлөөд байдаг хууль хэрхэвч биш. Жишээ нь, Германы Үндсэн хуулийн нэг хэсэгт өөрчлөлт оруулах шаардлага гарвал хэрхэн өөрчилж болохыг тодорхой зааж өгсөн хуулийн дагуу өөрчлөх боломжтой. Гэхдээ ямар ч нэмэлт, өөрчлөлт орсон бай өөрчилж болохгүй “мөнхийн” чанартай зүйл ангиуд бий. Хүний алдар хүндийн халдашгүй дархан байдал, ХБНГУ-ын тогтолцоо, төрийн мөн чанар, ардчилсан дэглэм, төрийн бүх эрх мэдэл ард түмнээс сонгогддог гэх мэт зүйл ангиудыг өөрчлөх боломжгүй байдаг. Ингэснээр үндсэн хуулийн тогтвортой хэрэгжих чанар биелэлээ олдог. Монголын Үндсэн хуулийн эрх зүй Германы загвартай төстэй болохоор нэмэлт өөрчлөлт оруулах журмын дагуу явагдах байх. Хуулийн нэмэлт өөрчлөлт гэдгийг нэр томъёоны өөрчлөлт төдийхнөөр гоомой хандахгүй, жинтэй зөв шинэтгэл хийхийн тулд өнөөх онолын сууриа л дахиад хэлэх байна.
-Монголд Зөрчлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж, гүтгэлгийг зөрчилд тооцож 100 хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулна гэж заасан нь эсэргүүцэл дагуулж, шүүмжлэлд өртөөд байгаа. Гүтгэлгийг зөрчилд тооцох нь зөв үү, эсвэл эрүүгийн хэрэгт тооцох нь зөв үү?
-Энэ тал дээр би баттай эх сурвалж олж, хараахан амжаагүй байна. Интернетэд байгаа мэдээллүүдээс үзэхэд “жинхэнэ замбараагүй” байдал үүссэн нь илт. Гүтгэлэг бол хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжээр гэмт хэрэг мөн. Иймд эрүүгийн хуулиар зохицуулагдах ёстой.
Сурв: Тэрээр эрүүгийн эрх зүйн чиглэлээр докторын зэрэг горилох судалгаа хийхээс гадна өнгөрсөн жил Баварийн Мюнхен хот дахь Мужийн Шүүхийн тэргүүнд тангараг өргөж, герман-монгол хэлний албан ёсны орчуулга хийх итгэмжлэлээ гардан авчээ. Гадаад хэл, орчуулагчийн ажил түүний сонирхол бол хууль эрхзүйн салбар түүний мэргэжил ажээ. Эрх зүйн шинжлэх ухаан түүнд аливаад ул суурьтай хандах, үргэлж үндэслэл бүхий зүйл хэлж, ярьж байхыг сургаж, мөн чамгүй тэвчээр суулгаж өгчээ. Ийнхүү мэргэжил ба хүсэл сонирхол хоёр нь бие биенээ гүйцээж, аль, алиныг хослуулах замаар амжилт өөд тэмүүлж яваа ажээ.
Тэрээр энэ талаар ярихдаа “Гадаад хэл сурах дуртай, хэл сурах хэцүү санагддаггүй байсан тул ерөнхийлөгчийн орчуулагч болно гэж мөрөөддөг байсан. Зурагтаар мэдээ үзээд сууж байхдаа өөрийн эрхгүй дотроо орчуулаад сууж байдаг. Хуулийн оюутан болоод өөр салбарт хөл тавьсан ч сурсан хэлээ бататган, Гёте институтийн герман хэлний их диплом буюу харь хэлтэнд олгодог хамгийн дээд төвшний дипломын шалгалт өгч авсан. Энэ шалгалтын бичгийн хэсгийн нэг даалгавар нь уншиж танилцсан байх ёстой утга зохиолын жагсаалтаас ирсэн бүтээлийн тухай тэмдэглэл бичих. Тэр нь манайхаар "Тунгалаг Тамир" роман шиг гэх үү дээ. Маш хэцүү санагдаж, айж байсан боловч шалгалтанд бэлтгэх курст явж, сайн багштай давтаж байсны ачаар тэнцсэн.
Энэ дипломыг авсны дараа орчуулагчийн улсын шалгалтад орох шаардлага хангадаг болохыг мэдээд үзээд алдсан. Гурав хоног бичгийн шалгалт, эцэст нь аман шалгалт өгч, “Улсаас шалгагдсан орчуулагч” диплом авсан. Монгол хэлний орчуулагчийн шалгалтад орох хүн бусад хэлнийхтэй харьцуулахад цөөн байдаг тул хэдийгээр би Бавари мужид амьдардаг ч заавал Лайпциг хот орж өгдөг.
“Би Германд сурдаг, Герман хэлтэй” гэж байснаас ийм төвшний дипломтой гэсэн нь амьдрал дээр илүү өгөөжөө өгдөг. Мэддэг чаддаг зүйлээ бататгаад, тухайн салбарт авч болох дипломыг авчих нь ажилд орох, орчуулах хүсэлт гаргах гэх мэтэд давуу тал болдог шиг санагдсан. Ер нь Германууд нотолгоо, баримт их шаарддаг.
Бичгийн орчуулга олон цагаар суудаг боловч их зүйл сургадаг. Анхны орчуулсан эрх зүйн нийтлэлүүдээ эмхтгээд ном болгосон. Одоо түүнийгээ уншихаар ичдэг. Түүхий байж дээ гэж боддог шүү. Гэхдээ хүн аливаа зүйлийг хийж байж дадал олж авна, сайжирна. Тийм болохоор энэ номыг гаргаагүй бол өдийд алдаагаа олж харах чадвар суугаагүй л байх байсан. Тэгэхээр муу ч, сайн ч эхлэл тавих нь хамгийн чухал гэдгийг ухаарч явна. Хийж, бүтээнэ гэдэг өөрөө хүнд сайн багш болдог. Германы эрүүгийн эрх зүйн олон давуу талыг монгол хэлээр буулгавал хууль боловсруулагч, судлаач нарт хэрэгтэй болов уу гэж бодсоны үүднээс багшийн лекцийг ном болгон гаргах ажлаа дараа нь эхлүүлсэн. Багшийн лекц гэвч хэтэрхий товч, эрх зүйн үндсэн мэдлэгтэй, Герман оюутнуудад илүү тохирсон, монгол уншигчдад ойлгомжгүй байх мэт санагдаад "Энэ дээр би ингээд нэмчих үү, ийм зүйл нэмээд тайлбарлачих уу" гээд байн, байн асуугаад байхаар багш залхсан уу нэг өдөр "Чи ерөөсөө өөрөө бич" гэж билээ. Ингээд орчуулах байсан хүн хамтран бичих болж “Германы эрүүгийн эрх зүйн ерөнхий анги” номоо бичсэн”.
Харин “Сониуч зүрх” номоо зөвхөн сонирхолдоо хөтлөгдөн бичжээ. Аялал, загвар, урлагийн салбарт өөрийнхөө үзсэн дуулсан сонин хачин, болон зарим томоохон үзэсгэлэнгийн сонингоос хуваалцаж, хэн нэгнийг сайхан зүйл рүү тэмүүлүүлж, шинэхэн урам зориг, шинэ мөрөөдөл өөртөө ургуулахад нь тус болж мөрөөдөлдөө тууштай, түүнийхээ төлөө хичээж, тэмцэж, бүтээж чаддаг байхад нь хувь нэмэр оруулах зорилгоор бичжээ.
Хүний дотор мөрөөдөл байна гэдэг маш том хөдөлгөгч хүч болдог. Тэр мөрөөдлийг энэ номоороо дамжуулан залуустаа өгөхийг зорьжээ. Утга учиртай, хайр дүүрэн амьдарч, амьд оршиж байгаа нь хэн нэгний инээх, баярлах, урамших, хайрлах шалтаг болж байвал, энэ амьдралаараа хүний хорвоод гэгээн дурсамж, сайхан мөр үлдээх нь түүний амьдралын том зорилго, хүсэл тэмүүлэл ажээ. Ингээд бидний яриа хэн нэгнийг мөрөөдөлтэй болгож, урам зориг өгөхийг зорьдог түүнийг хэн мөрөөдөлтэй болгож, урам зориг өгдөг талаар үргэлжилсэн юм.
-Таны үлгэр дууриал, урам зориг авдаг хүн хэн бэ?
-Миний үлгэр дууриал авдаг маш олон хүн бий. Ажил мэргэжил талаасаа гэх юм бол 18 дугаар зууны соён гэгээрүүлэгч, Францын алдарт зохиолч, фиолософич Вольтер. Түүний 1763 онд гаргасан “Хүлээцтэй байхуйн тухай” гэдэг ном байдаг. Эрх мэдэл ялангуяа шүүх эрх мэдлийг урвуулан ашиглахаар ямар хор хөнөөлтэйг ойлгуулж, шашны аль нэг урсгалыг хэт дагаж, бусдыг үгүйсгэснээс үүддэг бусармаг үйлийн тухай шүүмжлэн бичсэн энэ бүтээл их алдартай, европын олон хэлээр орчуулагдсан. Өөр шашинтай болохоор сургамж болгохын тулд баримт нотолгоогүй, эрүүдэн тамлаж алсан харгис хэргээс үүдэн бичсэн түүний энэ бүтээл Европ даяар олон хүнийг сэхээрүүлж, европын эрүүгийн эрх зүйг шинэчлэх хандлага бий болгосон. Энэ ном одоо ч агуулгаа алдаагүй. Нийгэмд тогтсон зүй бус үйлийг зоригтой бичиж, бусдад ойлгуулах, үзэл бодлын өөрчлөлт хийх гэдэг асар том хүч биш гэж үү. Нэг хүний ч болов ухамсарт нөлөөлнө гэдэг миний хувьд гайхалтай зүйл.
Монголын эрдэмтэн мэргэдээс билгүүн номч Бямбын Ренчин гуайгаас үлгэр дуурайл авдаг. Түүний саяхан хэвлэгдсэн 10 боть номыг ээж минь бэлэглэсэн. Бичсэн, орчуулсан мөр бүрээс нь нямбай, чин сэтгэлээс хандсан нь илт харагдана. Бэр цэцэг шүлгээ орос, англи хэлээр орчуулсан байдаг. Тэр тайлбар хийж байгаа нь хүртэл их нямбай. Эх хэлээ хайрлах, хамгаалахын чухлыг би түүний бүтээлүүдээс ойлгодог.
Аав минь бага байхад өөд болсон болохоор, хайраар дутаахгүй өсгөж, өдий зэрэгт хүргэсэн ээждээ үргэлж талархаж явдаг. Ээж шигээ хайр дүүрэн, сайн ээжийн дайнд багахан ч гэсэн дөхөж очвол маш том амжилт байх даа.
Эмэгтэй хүн талаасаа гэвэл Одри Хепбёрны “улаан фен”. Тэр хөөрхөн алаг нүдтэй жүжигчин, эмэгтэй хүний гадаад гоо үзэсгэлэнгээс илүү дотоод үзэсгэлэн ямар байдгийг харуулж чадсан гэж боддог. Түүний тухай бусад хүмүүсийн бичсэн, хэлсэн үг бүрт зөвхөн сайхан чанар дурдагдсан байдаг.
-Таны бусдаас ялгарах давуу тал, ажлын онцлох арга барил юу вэ?
-Бичих, тэмдэглэх, төлөвлөх гэдэг аливаа үйлийг эхлүүлэх бодит алхам болдог. Миний хувьд жил, сар, өдрийнхөө төлөвлөгөөг гаргаж, зорилгоо тодорхойлон хуанли хөтөлж, өдрийн тэмдэглэл бичдэг.
Шинэ оны эхэнд миний хамгийн түрүүн сольдог зүйл бол ширээний хуанли. Долоо хоногт хийх зүйлсийн эрэмбэ, уулзалт, тов бүгдийг нэг дор харах нь цагаа зөв хуваарилахад тус болно. Өдрийн тэмдэглэлийг багаасаа л хөтөлж ирсэн. Ердөө л дотоод ертөнцөө уудлан, бодлоо бичдэг байсан гэмгүй энэ үйлдэл ямар их тустай болохыг хожим олж мэдсэн юм. Дотоод сэтгэлээ гадагшлуулан чөлөөлөх нь сэтгэл зүйн асар их засал болдог, эмчилгээний чанартай болохыг шинжлэх ухаанаар тогтоосон байдаг. Зигмунд Фройд жишээ нь аливаа зүйлийг бичснээр далд ухамсар, ухамсар хоёрын хооронд холбоос үүсч, дотоодод нуугдсан хүч энергийг идэвхжүүлж өгдөг гэдгийг тогтоосон байдаг. Түүнчлэн сэтгэлийн дарамт болж буй зүйлийг санаж, бичснээр уг дарамтыг боловсруулж байдгийг онцолсон байдаг.
Миний хөтөлдөг өөр нэгэн дэвтэр бол "Бүтээлч санаа"-ны дэвтэр. Хүнд заримдаа гэнэт гоё хийж бүтээх санаанууд орж ирдэг дээ. Бодол болоод л өнгөрөхөд харамсалтай тийм санаануудаа хурдхан шиг тэмдэглээд авчихвал, дараа нь завтай үедээ уг санаагаа хэрэгжүүлэх алхам хийхэд дөхөмтэй бас урамтай байдаг. Тэгээд ч бичиж тэмдэглэсэн зүйл үлдэцтэй, амархан мартагддаггүй шүү дээ. -Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаад юу гэж зөвлөх вэ?
-Нэгдүгээрт, Монголчууд зүгээр ч нэг “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж хэлчихээгүй. Өөртэйгээ чин үнэнчээр ярилцаад, юу хүсч байгаа, ямар зам мөр хөөхөө олж мэдэх их чухал. Юу хүсч буйгаа мэдсэн бол түүндээ хүрэх алхмуудаа толорхойл. Надаас олон хүн асуудаг” Германд яаж сурах вэ?” гэж. Чи Германд сурмаар байгаа бол наанадаж, Герман орны тухай, их сургуулиудын тухай интернетээр мэдээлэл авчих хэрэгтэй. Хэлний мэдлэг тааруу бол Германы ЭСЯ-ны цахим хуудас дээр монгол хэлээр Германд сурах тухай анхны мэдээллүүд бий. Хүнээс бэлэн зүйл хүсэх биш өөрөө алхам хийж, судлаад “ийм сургуульд энэ чиглэлээр явах гэсэн юм яах вэ” гэж нарийвчилсан асуултуудаа асуух нь зүйтэй. Германууд өөрсдийн чадах бүх зүйлээ хийчихээд, түүнийгээ тайлагнан юун дээр гацсанаа харуулж, тусламж хүсдэг. Өөртөө тусалж буй хүнд туслах хүн ч их олддог болов уу.
Хоёрдугаарт, зорилгоо тодорхойл, түүндээ хүрэхийн тулд өөрийгөө хөгжүүл. Санхүүгийн бэрхшээл бол амьдралд тохиолддог зүйлийн нэг. Хэзээ ч бүү мөнгөнөөс болж урам хугараарай. Би арван жилээ төгсөөд Туркэд Истанбулын их сургуульд явах хуваарь авсан юм. Өндөр төлбөртэй сургуульд явах боломж надад байгаагүй. Нэг сайн уйлж аваад, Монголдоо авсан хуваариар хичээлдээ явж, герман хэл сурч эхэлсэн. Хожим эрдэм шинжилгээний хуралд оролцон, Истанбулд өнөөх их сургуулийн лекцийн танхимд илтгэл тавих гээд зогсож байхдаа энэ сургуульд ямар ч байсан ирэх хувьтай байснаа ухаарсан. Гэхдээ оюутан биш судлаачийн хувьд очих байж. Амьдрал заримдаа өөр боломж бэлэглэх гээд бүтэлгүйтэл хайрладаг. Хэзээ ч бүү хувь заяандаа гомдоорой. Хэн ч чамд өргүй. Гагцхүү чи өөрийн хүссэн амьдралыг бий болгохдоо ямар алхам хийж, өөрийгөө хэрхэн бэлтгэж байна вэ гэдэг чухал.
Сурв: Гоо үзэсгэлэн харагддаг, ухаан сонсогддог, сайхан сэтгэл мэдрэгддэг болохоор нотлох хэрэггүй гэдэг үгтэй адилаар Д.Чанцалдуламын ярианаас олон сургамж, зөвлөгөөг авсан гэдэгт итгэлтэй байна. Ярилцлагын урилгыг хүлээж аваад олон залууст урам, зориг эрч хүч өгсөн танд баярлалаа.
Монгол хүний ур ухаан, оюуны чадамж, авьяас билгийг дэлхийд таниулан үндэстэн дамнасан томоохон компаниудад ажилладаг, гадаадын шилдэг их сургуульд суралцдаг олон монгол залуус бий. Тиймээс iToim эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуусыг ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагаараа танилцуулж байна. Бидэнтэй itoimagency@gmail.com, 77057758 дугаараар холбогдоно уу.