Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Да Хүрээ: Автомашины үнэ 300 мянгаас 3 сая төгрөгөөр нэмэгджээ

Да Хүрээ: Автомашины үнэ 300 мянгаас 3 сая төгрөгөөр нэмэгджээ
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 26
Улсын бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дийлэнх буюу 75-85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байгаа нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж, агаарын бохирдлын хэмжээг нэмэгдүүлэх нэг шалтгаан болоод буй. Иймд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 2017 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж онцгой албан татварын хэмжээг нэмэхээр болсон билээ. 
Тодруулбал, 
  • 4500 см3-аас доош мотортой суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос шалтгаалж 3-15 хувь буюу 25.000-2.275.000 төгрөг
  • 4501 см3-аас дээш мотортой бол 40-250 хувь буюу 4.060.000-47.125.000 төгрөг
  • Хайбрид болон цахилгаан хөдөлгүүрт, хийгээр ажилладаг машинд 375.000-6.675.000 төгрөгийн татварыг тус тус ногдуулахаар болсон. 
Онцгой албан татварын хууль ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх хэдий ч тавтар нэмэх сургаар машины үнэ хэр нэмэгдсэн талаар сурвалжилж, машины татвар нэмэгдэж буйд ченж нар болон иргэд ямар байр суурьтай байгааг сонсохоор Да хүрээ захыг зорьлоо. 
Биднийг очиход өдрийн 12.00 цаг болж байсан бөгөөд Да хүрээ зах ид бужигнасан хөл хөдөлгөөнтэй байлаа. Татвар нэмэгдэх сургаар хямд машин худалдаж авах гэсэн иргэдийн эрэлт эрс нэмэгджээ. 

Монголчуудын хамгийн их унадаг, худалдаж авдаг приус машины онцгой татвар 5 сая төгрөг, гаалийн татвар нь 15.5 хувьтайгаа нийлээд 6 сая төгрөгийн татвар нэмэгдэхээр хуульд тусгагдсан. Иймд хамгийн түрүүнд бид приус машины одоогийн үнэ хэд байгааг сонирхсон юм.
Да хүрээ зах дээр  2004-2007 оны приус-20 машины дундаж үнэ 11-12.5 сая төгрөгийн үнэтэй байгаа бол приус-30 машины үнэ оноосоо хамаараад дээд тал нь 19 саяар зарагдаж байгаа ажээ. Энэ талаар машин худалдан авахаар явж байсан иргэн С.Цолмон “Приус 30 авах санаатай 14 сая төгрөгтэй гарч ирсэн чинь олдохгүй байна. Долоон хоногийн өмнө ирэхэд дөнгөж орж ирсэн приус 30-ыг 16 саяар зарж байсан юм. Долоо хоногийн дотор үнээ нэмсэн байна. Уг нь татвар нэмэгдэхээс өмнө ганц машин авчихъя гэсэн дийлэхгүй бололтой” хэмээн ярилаа.

Мөн энэ талаар машины ченж Л.Баярхүү “Татвар нэмэгдчихвэл 2004 оны приус-20 гэхэд 14 саяар зарагдана . Хуучин тэрэг ийм үнэтэй авахыг хэн ч хүсэхгүй. Харин ч одоо бол хямдхан байна. Ер нь тэгээд татварын асуудлаас болж машин импортлогчид нар маш их хохирдог. Бид гаалиар машин оруулж ирэхдээ татвараа тухайн үеийн долларын ханшаар бодож өгдөг. Энэ нь машин импортлогчдын хувьд их алдагдалтай байдаг. Одоо тэгээд татвар нэмчихээр бүр л их алдагдалд орно” гэв.

Харин хайбрид болон цахилгаан хөдөлгүүрт, хийгээр ажилладаг машины үнийг сонирхоход 2002 оны crown 10 сая, estima 9 саяар зарагдаж байгаа ажээ. Энэ төрлийн машины хувьд оноосоо хамаараад 375.000-6.675.000 төгрөгийн татвар нэмэгдэж байгаа юм. Хайбрид машин зарж буй ченж “ер нь татвар нэмэгдэх сургаар доод талын машин 300-500 мянган төгрөгөөр нэмэгдсэн” гэв.

Ингээд машины татварын талаар машины ченж А.Лувсансамбуутай цөөн хором ярилцлаа.

-Татвар нэмэгдээгүй байхад зарим ченж нь машиныхаа үнийг аль хэдийн нэмсэн байна. Таны хувьд ямар төрлийн машныг хэдэн төгрөгөөр зарж байна вэ?
-Татвар нэмэх сургаар зарим ченж нар машиныхаа үнийг нэмсэн л байна. Гэхдээ бүгдээрээ гэж ойлгож бас болохгүй. Хуучин үнээрээ худалдаж байгаа хүмүүс ч бий. Машиныхаа үнийг нэмээд байгаа ченж нарын хувьд бол ихэнх нь хууль батлахаас өмнө Японоос машин аваад ачуулчихсан байсан хүмүүс. Тэдний хувьд асар их алдагдалд орж байгаа учраас зардлаа нөхөхийн тулд машиныхаа үнийг нэмсэн байх гэж бодож байна. Зах зээлийн хууль шүү дээ. Хууль батлагдахаас өмнө татвар нэмэгдэнэ гэдгийг мэдэлгүйгээр авчихсан байсан асар олон хайбрид хөдөлгүүртэй машин бий. Тэдгээр машиныг оруулж ирэх хугацаа нь дор хаяж 45 хоног байдаг. Нэг үгээр хэлбэл, авсан байсан машинаа оруулж ирж амжаагүй байхад татвар нэмэгдчихээр ченж нар асар их алдагдалд ороод байгаа юм. Бид татвар нэмж болохгүй гэж эсэргүүцмээр байгаа боловч дийлэхгүй. Тиймээс ядаж хууль гарахаас өмнө авчихсан байгаа машиныг хуучин хуулиар тооцуулан, оруулж ирмээр байгаа юм.
Ер нь татвар нэмэх сургаар машины үнэ нэмэгдэхээс гадна олон асуудал гарч байна. Машинаа дарчхаад зарахгүй байгаа ченж нар ч байна. Мөн хямд үнээр олноор нь худалдаж авчхаад цааш нь шаглаж зарахаар бэлдэж байгаа хүмүүс ч байна.
-Машинаа дарчхаад зарахгүй байгаа ченж нар, мөн олноор нь машин худалдаж авч байгаа хүмүүс байна гэж байна. Энэ ямар учиртай юм бол?
-Татвар нэмэгдсэний дараа онцгой албан татвартай машины үнэ огцом нэмэгдэнэ. Тэр үед үнэтэй зарах гээд бэлдэж байгаа юм.
-Түрүүнд бидэнтэй ярилцсан машины ченж гаалиар оруулж ирсэн машины татвараа тухайн үеийн долларын ханшаар тооцож өгдөг болохоор импортлогчдын хувьд алдагдалтай байдаг гэж байсан. Энэ талаар?
-Тийм. Нэг үгээр хэлбэл, хуулинд заасан нэрлэсэн татвараа биднээс авдаггүй гэсэн үг. Монгол мөнгөөр биш тухайн үеийн долларын ханшаар тооцож авдаг болохоор бид тогтоосон татвараас их мөнгө төлдөг. Хуучин бол яахав машины татвар арай бага байсан болохоор бид давж дийлээд болдог байса. Одоо шинэ хуулиар машины татвар ингэж өндөр нэмэгдэхээр машин зарах хүнгүй болно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн