Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Манай улсын хэмжээнд 1992 оноос хойш ДОХ-той хүмүүсийн тоо 218-д хүрээд байгаа бөгөөд өнгөрсөн жил гэхэд ДОХ өвчнөөр найман хүн нас баржээ. Мөн ДОХ-ын халдвар нь оношлогдсон 218 хүнээс гадна 200 гаруй хүн ДОХ-ын халдвар тээгээд явж байх магадлалтай гэсэн тооцоог ХӨСҮТ-ийн ХДХВ-ийн тасгийн туршилт судалгааны албанаас гаргаад байгаа ажээ. Вирусын халдвар авсан л бол эмчлэгдэггүй үхлийн аюултай энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн ХДХВ-ийн тасгийн албаны дарга, их эмч Ж. Даваалхамтай ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар Монголд ДОХ өвчинтэй хүмүүсийн хэд дэх тохиолдод бүртгэгээд байна вэ. Мөн энэ өвчний тархалт ямар төвшинд байна?
-ДОХ-ын халдвар аваад ирж байгаа хүмүүс ихэвчлэн ямар замаар халдвар авсан байна вэ?
-ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь бэлгийн замаар дамжин халдвар авсан байдаг. Одоохондоо манайд илрээгүй байгаа ч гадаадын орнуудад зүү тариураар буюу цусаар дамжин ДОХ-ын халдвар авсан тохиолдол их байдаг. Бид ч мөн үүнээс болгоомжлох хэрэгтэй. Нэн ялангуяа сүүлийн үед залуучууд шивээсийг ихээр хийлгэх болсон. Гэтэл шивээсээр элэгний B,C-ийн вирусаас эхлээд олон халдвар дамжиж байна. Энэ нь нэг л өдөр ДОХ-ын халдвар авахыг үгүйсгэхгүй маш эрсдэлтэй. Мөн онцгойлоод гадаадаас ДОХ-ын халдвар тээгээд ирж байгаа хүмүүс их байна.
-Энэ жил найман хүн ДОХ-оор нас барсан гэж байна. Эмчилгээ хийгээд насыг нь уртасгах боломжтой юу?
-2013 оноос хойш Засгийн газраас ретровирусын эсрэг эмчилгээний эмийг хариуцан үнэ төлбөргүй нийлүүлдэг болсон. ДОХ-оор өвчилсөн хүмүүс энэ эмийг уугаад зуун хувь эмчлэгдэхгүй ч амьдрах хоногийн тоо нэмэгддэг. ДОХ-ын халдвар аваад ямар ч эмчилгээ хийлгээгүй тохиолдолд дээд тал нь 10 жил амьдарна. Харин халдвартай гэдгээ эрт оношлуулж эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ хугацаа нэмэгдэх боломжтой байдаг. Манайд 1994 онд ДОХ-оор өвчилж одоог хүртэл эмчилгээгээ сайн хийлгээд амьд явж байгаа хүн байна. Гэтэл хүмүүс вирусын халдвар авсан гэдгээ эрт оношлуулж мэдээгүйн улмаас өвчин хүнд шатандаа шилжиж үхэхээс өөр сонголтгүй болдог. Мөн ДОХ-ын халдвартай жирэмсэн эхчүүд эрт оношлуулсан тохиолдолд хүүхдийг нь эрүүл төрүүлэх боломжтой байдаг. Манайд халвартай ээжүүдээс 14 хүүхдийг халдваргүй төрүүлсэн. Тиймээс иргэдийн гол анхаарах ёстой зүйл бол эрсдэлтэй алхам хийсэн үедээ заавал оношилгоо, шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй. -ДОХ-той гэдгээ мэдэхгүй олон жил явснаас болоод эцсийн шатанд орж улмаар эмчилгээний тусламж авч чадахгүй нас барж байна гэлээ. Энэ өвчний халдвар авсан үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
- ДОХ-ын халдвар авсан хүнд шинж тэмдэг илрэхгүй үе рүү шилжихээс өмнө буюу халдвар авсан даруйд суулгах, хатгалгаа тусах, ханиалгах, тунгалгийн булчирхай томрох шинж тэмдэг илэрдэг. Үүнийг манайхан ханиад хүрлээ гээд өнгөрүүлчихдэг. Ер нь ханиадыг манайхан их хөнгөнд тооцоод байдаг. Ханиад гэсэн онош өөртөө тавиад сууж буйн цаана ДОХ-ын халдвар аваад шинж тэмдэг нь илэрч байх магадлалтай байдаг. Тиймээс ханиад хүрсэн гэлтгүй эмчид үзүүлж, шинжилгээ өгч байх хэрэгтэй. Халдварын дараах үеийн шинж тэмдгийг мэдэхгүй өнгөрөөчих юм бол шинж тэмдэггүй үе рүү шилждэг. Улмаар шинж тэмдэггүй үе рүү шилжиж олон жил явсны эцэст дархлаа ихээр суларч уушгины хатгаа, сүрьеэ гэх мэт хүнд хэлбэрийн өвчнүүдээр илэрч гарч ирдэг.
-ДОХ-оос хэрхэн сэргийлэх зөвлөмж өгөөч?
-ХӨСҮТ-ийн ХДХВ-ийн тасгийн туршилт судалгааны албанаас гаргасан тандалт судалгаагаар Монголд 457 хүн ДОХ-ын халдвартай байх магадлалтай гэсэн тооцоог гаргасан. Үүнээс одоогоор бүртгэгдэж, илрүүлэгдсэн нь 218 тохиолдол байна. Үлдсэн 200 гаруй хүн өөрийгөө ДОХ-той гэдгээ мэдэхгүй, халдвар тараагаад явж байх өндөр магадлалтай . Тийм болохоор ямар ч хүн ДОХ-ын халдвар авах өндөр эрсдэлтэй. Үүнээс сэргийлэхийн тулд тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих хэрэгтэй. Мөн залуучуудын хувьд шивээс хийлгэхээс татгалзаж, зайлшгүй хийлгэсэн тохиолдолд нэг удаагийг зүү ашиглахыг анхааруулмаар байна. /Эх сурвалж: ДОХ, Сүрьеэтэй Тэмцэх Үндэсний сан/