Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн жилийн хувьд нийслэлд хүүхдийн 19 зуслан үйл ажиллагаа явуулсан бол энэ жил хүүхдийн 27 зуслан зөвшөөрөл авах мэдэглээ гаргаад байгаа ажээ. Эдгээр зусланд мэргэжлийн байгууллагууд зургадугаар сарын 5-наас 8-ний өдрүүдэд шалгалт хийж, стандарт шаардлага хангасанд нь энэ зун ажиллах эрх олгох юм байна. Ингэснээр ажиллах зөвшөөрөл, эрхийн бичгээ авсан хүүхдийн зуслангууд зургадугаар сарын 10-наас албан ёсоор хүүхдүүдээ авч эхлэх юм байна. Харин "Найрамдал" хүүхдийн зуслан зургадугаар сарын 2-ноос хүүхэд амрааж эхлэх аж. Энэ үеэр Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийгөөс зарим асуултад тодруулга авлаа.-Хүүхдийн зуслангуудад шалгалт хийж зөвшөөрөл олгоно. Ямар зуслангуудад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох вэ? -Хамгийн нэгдүгээрт, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийнэ. Мөн энэ жилийн хувьд зусланд ажиллах багш нарыг сургалтад хамрагдсан эсэхийг нарийн шалгана. Хүүхдийн зуслангийн багш сургалтад хамрагдсан албан ёсны гэрчилгээтэй байх ёстой гэсэн шалгуурыг тавьж байна. Үүнээс гадна орчны эрүүл ахуй, сургалтын хөтөлбөр гээд тус бүрт нь мэргэжлийн байгууллагууд шалгалт хийнэ.-Хүүхдийн сургууль цэцэрлэг амарсантай холбогдуулан танай байгууллагаас ямар төсөл хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж байгаа вэ. Хөнгөлөлттэй зусланд амраах хөтөлбөр бий юу?-Жил бүр зорилтот бүлгийн 300 хүүхдийг албан ёсоор зусланд хамруулдаг. Энэ хүүхдүүдийг харьяа дүүрэг хорооноос нь сонгон үнэ төлбөргүй зусланд амраадаг. Мөн энэ жилийн хувьд хүүхдүүдийг зусланд хамруулах тал дээр илүү анхаарч "Цэвэр агаар, уушги" гэсэн төсөл бичиж Цэвэр агаар санд хүргүүлээд байна. Төсөл батлагдах юм бол 4000 хүүхдийг хөнгөлөлттэй зусланд амруулна. Хүүхдүүдийн эцэг, эх 40 хувь, зуслан 15 хувь, сангаас 45 хувийг гаргаж зусланд амраах төсөл юм.-Хүүхдийн зуслан үнэтэй байна гэх гомдол,санал эцэг эхчүүдээс маш их гардаг. Хүүхдийн зуслангуудад тогтоосон үнэ байгаа юу?-Энэ жил зуслангуудад нэг хүүхэд өдрийн 23.000-25.000 төгрөгөөр амраана гэсэн нэгдсэн жишгийг тогтоож байгаа. Зуслангууд нэгдсэн байдлаар зургадугаар сарын 1-ний өдөр үйл ажиллагаагаа танилцуулж, зарим зуслан хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг гардуулна. Мөн зургадугаар сарын 4,5-нд Сүхбаатарын талбайд мөн энэ үйл ажиллагаааг зохион байгуулах болно.-Энэ зун хөдөлмөр зуслан ажиллах уу?-Шинэ Монгол сургуулийн дэргэдэх "Хөдөлмөр" зуслан ажиллаж эхэлнэ. Албан ёсоор ажиллах зөвшөөрлөө ирүүлсэн. Зөвхөн тус сургуулийн сурагчид хамрагддаг байгаа. Мөн "Ирээдүйн эзэд" гээд шинэ хөдөлмөр зуслан байгуулагдаж байгаа. Гэхдээ энэ жилээс хараахан үйл ажиллагаагаа явуулж амжихгүй гэх мэдээлэл ирсэн.