Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлөөс өнгөрсөн тавдугаар сард ээлжит бус "Их эе" хурлыг хийж Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийг чөлөөлж, "Гацуурт" компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг сонгосон. Гэвч Р.Нямдорж уг шийдвэрийг хууль бус хэмээн эсэргүүцэж, ажлаа өгөхөөс татгалзаад байгаа юм.
Тиймээс МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүс Бөхийн өргөөний гадна наадмын өмнөх өдрүүдээс эхлэн жагсаал хүртэл зохион байгуулаад байгаа билээ. Энэ талаар Ү.Хүрэлбаатар "Р. Нямдорж тамга тэмдгээ өгөхгүй, биднийг Бөхийн өргөө рүү ч оруулахгүй байна" гэх тайлбарыг хийсэн.
Иймд бид Бөхийн өргөөн дээр ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар сурвалжлахаар очиход Бөхийн өргөөний байрыг хамгаалалтад авч гаднаас хэнийг ч оруулахгүй байх үүрэгтэй хамгаалалтын ажилчдыг үүдэнд зогсоожээ. Өнөөдөр ажлын өдөр ямар шалтгаанаар гадны хүн оруулахгүй байгаа талаар тэднээс тодруултал, "Гаднаас хэнийг ч оруулж болохгүй гэсэн" гэхээс өөр асуултад хариу өгсөнгүй. Тэд зөвхөн гаднаас ямар нэг хүн оруулахгүй тушаал авсан бөгөөд Бөхийн Өргөөний ажилчин, түрээслэгчид ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа гэнэ.