Open iToim app
Анализ | 5 мин уншина

Ш.Болд: Монголын уламжлалт анагаах ухаанд архаг өвчнийг эмчлэх 1002 жор бий

Ш.Болд: Монголын уламжлалт анагаах ухаанд архаг өвчнийг эмчлэх 1002 жор бий
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 11
Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор академич Ш.Болдтой Монголын уламжлалт анагаах ухааны хөгжил, шийдлийн талаар ярилцлаа. Тэрээр  “Монголын анагаах ухааны түүх” дөрвөн боть бүтээл болон “History and Development of Traditional Mongolian Medicine” англи хэлээр бичсэн боть номоо хэвлүүлэн гаргажээ.  Түүнчлэн тэрээр сүүлийн 20 гаруй жилд уламжлалт анагаах ухааны салбарт 458 бүтээл туурвиж, тэдгээр бүтээлүүд дундаас нь НҮБ-ын зургаан хэл дээр хэвлэгдсэн судалгааны ажил цөөнгүй ажээ.
-Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх ямар боломж, бололцоо байна. Уламжлалт анагаах ухааны хөгжүүлснээр түүнээс хүртэх үр өгөөж хэр их вэ?
-Монголчууд нэгэн цагт эр цэргээ агсаад, идэр морьдоо унаад дэлхийн талыг эзэлж явсан. Одоо яаж 21-р зуунд дэлхийн талыг эзэлж болох вэ, бас л сэлмээ агсаад, морио унаад явах уу. Бидэнд тийм боломж байхгүй.  Харин яг тэр үеийнх шиг дэлхийг анагаах ухааны салбарт, тэр дундаа уламжлалт анагаах ухааны салбарт байлдан дагуулах боломж бий. Яагаад гэдгийг тайлбарлахын тулд Монголын уламжлалт анагаах ухааны салбарт дэлхийн зах зээл дээр ямар боломж байгаа талаар хийсэн судалгаагаа танилцуулъя.
НҮБ-ын ажиглагч гол байгууллага болох Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ) 35 гишүүн орон бий. Эдгээр улс дэлхийн хүн амын 18 хувийг эзэлдэг. Мөн энэ 35 орны жилийн дундын төсөв 377 сая евро. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээрх хамгийн өндөр орлоготой, хүний хөгжлийн индексээрээ хамгийн өндөр орнууд юм.  Тэгвэл бид яагаад  374 сая еврогоос авч болохгүй гэж. Боломж байгаа. Яагаад гэвэл энэ улсуудад Монголын уламжлалт ангаах ухаан гэдэг зүйл байхгүй.
Жишээлбэл, энэ 35 орны нэг болох Белги улсад нийт хүн амынх нь 31 хувь уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламжийг авах хүсэлтэй байдаг. Мөн Канадад хүн амынх нь 70 хувь уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ авах хүсэлтэй байна. Гэтэл тэнд нь уламжлалт анагаах ухаан, тэр тусмаа Монголын уламжлалт анагаах ухааны тухай ойлголт огт алга байна. Бид энэ боломжийг олж харах хэрэгтэй. 2005 он гэхэд дэлхийд нийт зарагдсан байгалийн гаралтай уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүн 65 тэрбум доллар байсан. Жилийн өсөлтийг нь дунджаар 15 хувь гэж тооцвол 2050 он гэхэд 5 триллилн долларт хүрэх юм. Хэрэв бид зөв бодлоготой, түүнийгээ зөв хэрэгжүүлж чадвал 2050 он гэхэд дэл­хийн анагаах ухааны зах зээлийн нэг хувийг авахад л 50 тэрбум ам.доллар олно.
Монголыг дэлхийд мөнхлөх Нобель ойрхон байна
Тийм боломж нь Мон­голын уламжлалт ана­гаах ухааны эмч, эм, эмчил­гээний технологи юм. 21-р зуун бол архаг өвчний зуун юм. Дэлхий даяарх нийт өвчлөгсдийн 80 хувь нь архаг өвчний оноштой байдаг. Гэтэл Монголын уламжлалт анагаах ухаанд архаг өвчнийг эмчлэх 1002 жор бий. Нэг үгээр хэлбэл, архаг өвчтэй хүмүүсийг эмчлэх 1002 төрлийн брэнд бидэнд байгаа гэсэн үг юм.
1901-2017 оны хооронд Анагаах ухаанын салбарт 108 удаа Нобелийн шагнал олгосон байдаг. Гэтэл гайхалтай нь энэ нээлтүүд бүгдээрээ эртний уламжлалт анагаах ухааны судар бичгүүдэд их бага хэмжээгээр бичигдсэн байгаа юм. Анагаах ухааны дөрвөн үндэс дотор өнөөг хүртэлх Нобелийн нээлтүүд, цаашдаа хийгдэх Нобелийн нээлт, шинэ санаа бүгд багтсан байна. Монголын уламжлалт анагаах ухааны эмч нар дундаас дараагийн Нобелийн шагналтан төрөх боломж байна.  Нобель их ойрхон бий. 
2015 онд халуун хумхаа өвчний эсрэг эм бүтээсэн эрдэмтэн анагаах ухааны Нобелийн шагнал хүртсэн. Эмийн гол түүхий эддээ бидний өдөр тутамдаа хэрэглэдэг царванг судалж хийсэн байдаг. Гэтэл энэ эмийн жорыг Хүннүгийн нүүдэлчдийн үеийн сударт тэмдэглэсэн байдаг.  
-Таны хувьд уламжлалт анагаах ухааны салбарт олон жил судалгаа хийсэн хүн. Тухайлбал, Монголын уламжлалт анагаах ухаанд Нобельд хүч үзэж, Монголын нэрийг дэлхийд мөнхлөх ямар санаа, шийдлүүд байна вэ?
-Арванзургадугаар зууны сүүлчээр  бичигдсн төвдийн  «Анагаах ухааны дөрвөн  үндэс» - ийн нэгэнд хүний хөгжлийн эхийн хэвлий дэх үеийг  бие тогтох ёсон гэж нэрлээд,  бие тогтох шалтгаан, бойжих нөхцөл, нярайлах тэмдэгийн талаар нарийн нягт тэмдэглэсэн байдаг. Ингэхдээ үр тогтоод 14 хоногийн дотор ургийн хүйс тодорхой болоогүй байдаг бөгөөд ургийн хүйсийг сольж болох арга бичигдсэн байдаг. Ганцхан энэ аргыг судлаад гаргаад ирэх юм бол эрэгтэй хүүхэдтэй болох гэсэн дэлхийн баячууд Монголыг зорьж ирдэг болно. Үүний үр дүнд уул уурхайгаар бус уламжлалт анагаах ухаанаар гурван сая иргэнээ дөмөгхөн тэжээж болно шүү дээ.
 Дараагийн нээлтийг гайхамшигт долоон судас барих аргаар хийж болно. Судас барих дотор гал усыг урвуулах гэсэн арга бий. Ээж нь өвчтэй гэртээ хэвтэж байхад хүүхдийнх нь судсыг бариад эхийнх нь өвчнийг оношилдог арга Монголын уламжлалт анагаах ухаанд байна. Энэ бол дэлхийн анагаах ухааны салбарт шинэ нээлт хийх оношилгооны арга. АНУ-д сурч байгаа хүүхдийнх нь судсыг бариад Монголд амьдарч байгаа ээжийнх нь өвчнийг оношилж болох агуу ухаан бидний өвөг дээдсийн өв уламжлал дунд бий. Үүгээр бид брэнд бүтээж болно.
Монголын уламжлалт анагаах ухаанд судас барьж, шээс шинжлэх оношилгооны 38 брэнд. Өвчнийг анагаах 98 арга буюу брэнд. 5000 орчим эмийн жор, 5000 уламжлалт анагаах ухааны хүний нөөц байна. Энэ бол Монголын гурван сая иргэнээр зогсохгүй дэлхийн долоон тэрбум хүнийг тэжээх боломж, шийдэл юм.
2006 онд Австралийн хоёр эрдэмтэн хеликобактерийг нээж Нобелийн шагнал хүртсэн. Тэд ходоодны хавдрын 80, нарийн гэдэсний хавдрын 90 хувь нь хеликобактериас vvсдэг гэдгийг нотолсон. Гэтэл манай євєг дээдэс энэ євчнийг урьдчилж мэдээд бvр урьдчилан сэргийлэх аргыг нь хvртэл гаргачихсан байдаг. Хvн бvр хувийн ариун цэврийг чанд сахиж єєрийн аягатай бай гээд. Энэ євчний vvсэл нь бохир гар, чанаргvй хvнс, хувийн ариун цэвэр сахиагvйгээс л vvсдэг байхгvй юу.
Жишээ нь, тархины доргилт. Тархины доргилтыг Монголоос өөр хаана ч оношилж, барьж эмчилдэг арга техник байдаггүй. Би Төвдөд 1993-1994 онд суралцаж байхад Төвд эмч нар тархины доргилтыг барих тухай ойлголт байхгүй. Зөвхөн эм өгч эмчилдэг байсан. Тэгэхээр тархи доргилтыг эмчлэх нь Монголчуудын унаган арга, брэнд мөн. Энэ  аргыг сайн хөгжүүлж сургалтад сайн заах хэрэгтэй. 
-Уламжлалт анагаах ухааныг ашиглан брэнд гаргасан туршлага бусад улс орнуудад хэр их байдаг вэ?
-Хамгийн наад захын жишээ 1992-2011 оны хооронд АНУ-ын уламжлалт анагаах ухаанд зарцуулсан хөрөнгө нь 5.6 тэрбум америк.доллар. АНУ-д өөрсдөд нь уламжлалт анагаах ухаан гэсэн ойлголт байхгүй. Гэхээд энэ том гүрэн уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ хүн амд нь чухал гэдгийг ойлгоод бусад орны уламжлалт анагаах ухааныг судлаад түүнд их хэмжээний хөрөнгө хаяж байна.   
Мөн Норвеги улс гэхэд засгийн газрын төслөөр Хятадын уламжлалт анагаах ухааныг өөрийнхөө уламжлалт анагаах ухаан гэж гэрээлээд авчихсан байна.  
Уламжлалт анагаах ухаанаас ашиг олж буй орнууд гэвэл Япон, БНСУ зэрэг улсууд энэ салбараас жилдээ 120 тэрбум доллар олж байна. Хятадын уламжлалт эмийн худалдаа 2005 онд 14 тэрбум доллар байсан бол 2010 онд 48 тэрбум долларт хүрсэн. Дунджаар 30 хувийн өсөлттэй гэж үзэх юм бол 2025 онд 130 тэрбум долларыг дэлхийн зах зээл дээрээс Хятадын уламжлалт анагаах ухаан олохоор байгаа юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн