Хүй долоон худагт дөрвөн улирлын турш тогтмол үйл ажиллагаа явуулдаг болгох зорилгоор “UB Resort” цанын баазыг байгуулахаар болжээ. Энэ талаар "Монгол наадам цогцолбор"-ын орлогч дарга Я.БОЛДБААТАР-аас цөөн асуултад хариулт авлаа.
-Хүй долоон худагт цанын бааз байгуулахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-“Монгол наадам цогцолбор” байгууллагаас Хүй долоон худгийг жилийн дөрвөн улирлын үйл ажиллагаатай болгохоор зорьж ирэх жилээс орчин үеийн цанын баазыг бүрэн утгаар нь барьж, нийслэлчүүдээ амраах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Яагаад Хүй долоон худагт цанын бааз байгуулахаар болсон юм бэ. Газарзүйн хувьд ямар давуу тал байна?
-Нэгдүгээрт иргэд очиход амар хялбар. Хоёрдугаарт салхиныхаа дээр буюу хотын баруун талд байдаг болохоор маш цэвэр агаартай байдаг нь цанын бааз байгуулах томоохон давуу талууд бий болж байна.
-Цанын бааз ямар үйлчилгээтэй байх вэ. Мөн хэзээнээс ашиглалтад орох вэ?
-Тус газар дэд бүтэцтэй холбогдсон, иргэд очоод цана, чаргаар гулгахад 00, цахилгаан, дулаанаар хангагдсан газар. Энэ жилийн хувьд бид цана, чарганы үйлчилгээ, мөсөн шагай, мөсөн гулгуурын талбайг бүтээн байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байгаа. Ойролцоогоор ирэх долоо хоногоос ашиглалтад оруулж, нийслэлийн иргэдэд үйлчилгээ үзүүлнэ . Мөн иргэдэд харьцангуй хямд, аюулгүй үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна. Харин ирэх жилээс томоохон хэмжээний хөрөнгө оруулалтууд эхэлж, Хүй долоон худгийг орчин үеийн стандарттай цанын бааз болгохоор төлөвлөж байна. -Цанын бааз барих хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэж байгаа вэ. Хэд орчим төгрөгөөр цанын бааз барих вэ?
-Энэ жилийн хувьд бид хөрөнгө оруулалтаа байгууллагынхаа дотоод нөөц бололцоог ашиглаж, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хэмжээг нь тодорхой хэлэх боломжгүй байна.
-Цаашид Хүй долоо худагт ямар бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөж байна?
-2020 он гэхэд Хүй долоон худагт 30 мянган хүний стадион барих, сурын болон шагайн асар, цэвэрлэх байгууламж барих гэдээ олон ажлыг төлөвлөж байгаа.