Уургийн бэлдмэл хэтрүүлэн хэрэглэж, түүндээ тохирсон дасгал хөдөлгөөн хийгээгүйн улмаас зүрхний хэм алдагсан, даралт ихэсч харвалт өгсөн 19, 23 настай залуус Шастины нэрэмжит Гуравдугаар эмнэлэгт хандаж байгаа талаар тус эмнэлгийн Зүрх судасны тасгийн эмч Д.Нарантуяа бидэнд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан. Тиймд бид спортоор хичээллэж байгаа залуус уургийн бэлдмэлийг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар Герман улсад химийн ухааны докторын зэрэг хамгаалж өдгөө Хайдбелберг хотод "CaRla" институтид судлаачаар ажиллаж буй Б.Билгүүний зөвлөмжийг Эрүүл монгол буландаа онцолж байна.
Спортоор хичээллэж байгаа залуус яагаад уургийн бэлдмэл хэрэглэх хэрэгтэй вэ гэхээр амин хүчлээс бүрдсэн уураг нь хүний биеийн булчинг сэргээх, өсөлтийг сайжруулах үүрэг гүйцэтгэдэг. Спортоор хичээллэж байхдаа уураг уухгүй бол булчин сэргэхгүй, харин ч эсрэгээрээ ядаргаанд орж сульдаж болно гэсэн үг. Гэхдээ уургийг хэтрүүлэн хэрэглэх юм бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Биеийнхээ жингээс хамаараад уургийг хэрэглэх хэрэгтэй. Өөрийнхөө биеийн жинг 1.5 граммаар үржсэнтэй тэнцэх хэмжээний уураг уух хэрэгтэй. 75 кг жинтэй хүн байлаа гэхэд өдөрт 112 грамм уураг олж идэх хэрэгтэй.
Уургийг бэлдмэлээр мөн түүнээс гадна идэж байгаа хоол хүнснээс авч болно. Хоол хүнсний тухайд амьтны гаралтай бүтээгдэхүүн болон ургамал гэсэн хоёр зүйлээс уургийг нөхөж болно. Амино хүчлийн бүрэлдэхүүнээс шалгаалаад мах, өндөр, ургамал нь өөр өөр байдаг. 100 грамм маханд 25 грамм уураг, хоёр чанасан өндөгт 13 грамм уураг агуулагдаж байдаг. Өндөгний тухайд цагаан хэсэгт нь уураг гэхээс илүү холестиол буюу тос агуулагдаж байдаг болохоор хэтрүүлэн хэрэглэх юм бол жин нэмэх эрсдэлтэй. Нэг үгээр хэлбэл, уураг ихтэй гээд өндөг хэрэглээд байх юм бол эсрэгээрээ жин нэмэх эрсдэлтэй гэсэн үг.
Харин уургийн бэлдмэлийн хувьд хэзээ уух нь маш чухал байдаг. Залуус ихэвчлэн ямар уураг уувал сайн бэ гэж зөвлөгөө авдаг. Сайн гэхээсээ илүү хэзээ уух, мөн хэмжээгээ тохируулах нь хамгийн чухал юм.
Уургийн бэлдмэл нь дотроо "Whey", "Casien" гэсэн хоёр төрөл байна. "Whey" төрлийн уураг нь уусны дараа хурдан хугацаанд амино болж хувиран цусаар дамжин үйлчилдэг. Тиймд үүнийг фитнесс хийгээд ядарч, биедээ хэт их ачаал өгсний дараа уух хэрэгтэй. Харин "Casien" нь биед удаан шингэдэг учраас унтахын өмнө ууж хэрэглэх нь зохистой.