Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

​Ч.Бат-Эрдэнэ: Говь-Алтай аймагт дөрвөн томоохон бүтээн байгуулалт хийгдэнэ

​Ч.Бат-Эрдэнэ: Говь-Алтай аймагт дөрвөн томоохон бүтээн байгуулалт хийгдэнэ
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 17
Говь-Алтай аймагт ирэх дөрвөн жилийн хугацаанд хийгдэх бүтээн байгуулалт, аймаг орон нутгаа хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Ирэх даваа гаригт Говь-Алтай аймгийн хөгжлийн форум Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм.
-Сайн байна уу. Ирэх долоо хоногт Говь-Алтай аймгийн хөгжлийн форум Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Энэ талаар яриагаа эхлүүлье? 
-Алтай нутгийн удирдлагууд, салбар бүрийн бизнес эрхлэгчдийг хамарсан Говь-Алтай аймгийн хөгжлийн форумыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар энэ жил анхны форумаа Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Форумаар Алтай нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил ямар төвшинд байна, ирэх дөрвөн жилийн турш ямар, ямар бүтээн байгуулалтыг хийж, төсөл хөтөлбөрт хэрхэн хамрагдах боломжтой талаар нутгийн уугуул иргэдтэй уулзан хэлэлцэж, зарим төсөл хөтөлбөрүүд дээр гарын үсэг зурах юм. Удирдлагуудын зүгээс ирэх дөрвөн жилд хийх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, томоохон хөрөнгө оруулагчидтай хамтрах нь энэ удаагийн форумын нэг зорилго оршиж байгаа. Говь-Алтай аймгийн төсөвт улсаас 60-аад тэрбум төгрөгийг зөвхөн төрийн ажил, үйлчилгээ явуулах зориулалттай тусгасан байгаа. Энэ мөнгөөр бүтээн байгуулалт хийж, орон нутгаа хөгжүүлэхэд хүрэлцэхгүй тул бид тус нутгаас төрөн гарсан томоохон бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагч болж, нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг уриалах зорилготой юм. Гэхдээ үүнийг мөнгө гуйж байна гэж ойлгож болохгүй. Бид зөвхөн нутаг орноо хөгжүүлэх ийм, ийм боломж, гаргалгаа байна гэдгийг л санал болгож, танилцуулах юм. 
-Ирэх дөрвөн жилийн хугацаанд Алтай нутагт ямар, ямар бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна вэ. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ямар, ямар ажлууд тусгагдсан бэ?
-Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт дулааны цахилгаан станц барих, Завхан голоос усны шугам татаж Алтай нутгийн иргэдийн цэвэр усаар хангах, Тайшираас 100 к.байтын хүчин чадалтай шугам татаж эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, Баянхонгороос Говь-Алтай хүртэлх 257 км замыг засмал болгох гэсэн дөрвөн томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж, төсөв нь шийдэгдсэн. Үүнээс гадна аймгийн Засаг дарга салбар бүрт хийх ажил, хэрэгжүүлж төсөл, хөтөлбөрүүдийг баталсан. Тухайлбал, ирэх дөрвөн жилд арьс шир малын гаралтай түүхий эдээ орон нутагтаа боловсруулж, ашиг шимийг нь хүртдэг байхын тулд сум бүрт нэг үйлдвэр байгуулна гэсэн зорилттой ажиллаж байна. Мөн газар тариалангийн салбарт олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь аймгийнхаа төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангаж, монгол хөрсөнд ургасан үрийн төмсөөр чипсний үйлдвэр байгуулах зэрэг ажлууд хэлэлцээрийн шатанд явж байна.
-Баянхонгороос Говь-Алтай хүртэлх 257 км замыг засмал болгоно гэж байна. Хэдий хэр хугацаанд засмалтай болно гэж төлөвлөж байгаа вэ. Томоохон бүтээн байгуулалтуудын төсвийг хэрхэн шийдэв?
-Бүтээн байгуулалтад шаадлагатай хөрөнгө улсын төсвөөс гарч байгаа. Энэ төсвийг улсын төсвөөс гаргуулахад бол Говь-Алтай аймгаас сонгогдсон Ш.Раднаасэд гишүүн маш их хичээл зүтгэл гаргаж ажилласан байгаа. Засмал замын төсөв гэхэд шийдэгдсэн. Удахгүй бүтээн байгуулалтын ажлаа хийгээд эхэлнэ. Санхүүжилт зогсохгүй, өөр ямар нэг саад гарахгүй бол ойрын хоёр, гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулна гэж тооцоолж байна.
-Говь-Алтай аймгийн иргэдийг цэвэр усаар бүрэн хангана гэж байна. Энэ талаар?
-Тайшир сумын Завхан голоос Говь-Алтай аймаг руу цэвэр усны шугам татна. Одоогоор цэвэр усны үйлдвэр ажиллаж байгаа ч аймгийн хэрэглэгчдийг цэвэр усаар 100 хувь хангаж чадахгүй байгаа юм. Тиймээс бүх айл крантаасаа цэвэр усаа авдаг шугамыг холбож өгнө. Энэ бол маш том бүтээн байгуулалт болно гэж харж байгаа. Төсөв нь бүрэн шийдэгдсэн. Ингэснээр ус шаардлагатай үйлдвэрүүд даган хөгжих юм.
-Төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ 100 хувь хангаж, чипсний үйлдвэр байгуулна гэлээ. Мөн сум бүрт нэг үйлдвэр байгуулна гэсэн үү?
-Аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт нэг сумд нэг үйлдвэр байгуулна гэж тусгагдсан. Сум бүрийнхээ онцлог, давуу талд тулгуурлан, байгалийнхаа нөөцийг ашиглан жижиг, дунд оврын үйлдвэр байгуулах юм. Үйлдвэр гэхээр л заавал том байх албагүй. 4-5 хүнтэй ч байсан болно гэж тооцоолж байгаа. Үүний эхлэл болгож аймгийнхаа 3-5 сумд сүүний үйлдвэр байгуулахаар ажиллаж байна . Бидний хувьд төсвөө зөв зүйлд зарцуулж, зарлагаа танана гэсэн чиглэлийг баримтлан ажиллаж байна. Улсаас аймагт хуваарилсан төсөв бага байгаа тул бид  давуу талаа ашиглан орлого бүрдүүлэх боломжийг судалж байгаа юм. Мөн уул уурхайн компаниудтайгаа хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагынх нь хүрээнд тэднийг татан оролцуулахаар төлөвлөж байна. 
-Ирэх ням гаригт Говь-Алтай аймгийн уугуул, суугуул иргэдийн нэгдсэн золголт болох гэж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ оноос Говь-Алтай аймаг шинэ удирдлага, шинэ засаг дарга нартай болж , томоохон хэлтэс, агентлагийн удирдлагууд шинэчлэгдсэн. 2017 он бол энэ хүмүүсийн хувьд гарааны жил болж байгаа юм. Тиймээс Улаанбаатарт амьдарч байгаа иргэдэд зорилго, зорилтоо танилцуулж, тэдний амар мэндийг нь эрж, золгон бид нэг Алтайнхан юм гэдгийг харуулах юм. Нэг амьтай, нэг сэтгэлтэй байж Алтай нутаг хөгжинө шүү дээ.  Говь-Алтай аймгийн хөгжлийн төлөө нэг бодол, нэг сэтгэлтэй болох зорилготой юм. Золголтод оролцохорр сумдын засаг дарга нар, төлөөллүүд мөн хүрэлцэн ирсэн. Энэ үеэр Говь-Алтай чуулгаас уран бүтээлчид ирж ая дуугаа өргөн, аймгаас төрөн гарсан хүчит бөхчүүдийн барилдаан болох юм.
Ярилцлагын төгсгөлд нь, Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм ажил албаа маш сайн хурдтай, хариуцлагатай, шударгаар гүйцэтгэж байгаа гэдгийг онцолмоор байна. Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдэд Алтай нутгийн иргэд, аймгийн удирдлагын зүгээс талархаж буйгаа илэрхийлье. Аймаг, орон нутагтайгаа маш сайн хамтран ажиллаж, томоохон бүтээн байгуулалтын төсвүүдийг улсаас гаргуулахад өөрийн хүчин чармайлтаар гар бие оролцон, аймаг орон нутгийнхаа хөгжлийн хувьд дуу хоолой нь болж чадаж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. 
“Амар мэндийн Алтай” Говь-Алтайчуудын нэгдсэн золголт:  2017 оны гуравдугаар сарын 19-ний 10 цагт Монгол бөхийн өргөөнд 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн