Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт ажиллагаа эхэллээ. Наадмыг нээж Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч үг хэллээ.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм хүндэт наадамчид аа
Туурга тусгаар Монгол Улсын нийслэл Улаабааатар хотноо төрт ёсны их баяр наадмын энэ гэгээн сайхан өдрийн халуун мэндийг наадамчид олон та бүхэндээ дэвшүүлж амрыг айлтган мэндчилье.
Монголын тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Ардчилсан хувьсгалын 27 жилийн ойн баяр энэ өдөр тохиож байна.
Монголын сайн нэрийг өндөрт өргөж яваа хүн бүрийн халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэл, өөрсдөө эзэн байх их ухаан дээр эх орон минь өөдлөн дэвжиж явна.
Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх байна. Хөдөлмөрч хичээнгүй Монгол ялж хөгжил дэвшлийн замд тэмүүлж байна. Баяр наадмын энэ өдөр ч гэсэн бид хийж хэрэгжүүлэхээр зорьж буй олон ажлаа төлөвлөж, ярьж, хэлж байх ёстой гэж би бодож байна. Улс орон, ард иргэдийн маань тулгамдсан ажилгүйдэл, ядуурал, иргэдийн амьжиргаа улам бүр дордуулахад нэрмээс болж байгаа зарим өрийн асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулна.
Монгол Улсын эдийн засгаа тогворжуулж бүтээн байгуулалтын иж ажлаа цаг алдалгүй өрнүүлэх том зорилт бидний өмнө байгааг наадмын энэ индрээс би зориуд та бүхэндээ дурьдаж байна.
Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж буй Монгол наадам маань бидний нэгэн чухал өв соёл билээ. Төрт ёсны уламлжлал, түүх соёлын гайхамшиг түмэн олны сэтгэлийн цэнгэл хосолсон үндэсний их баяр наадам маань дэлгэр зуны сайн цагт ийнхүү эхэлж байна.
Их түүх хэл соёлоороо бахархан, омогшдог монгол хүн бүрийн сэтгэлд нар гийсэн наадмын сайхан өдөр зон олны минь сэтгэл тэнүүн цог золбоо дүүрэн, морь нь хурдан, бөх нь хүчтэй, харваачид нь мэргэн байг.
Дэлхийд ганцхан монгол наадам маань дэнж дүүргэн эхэлж байгааг даяар олноо дуурсган зарлаж байна. Сайхан наадаарай.
Туурга тусгаар улс орон минь хөгжин бадраг, түмэн олон минь амгалан байг.