Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Байр суурь: М.Сарнай, Ц.Сувд-Эрдэнэ нарын хэнд нь итгэх вэ

Байр суурь: М.Сарнай, Ц.Сувд-Эрдэнэ нарын хэнд нь итгэх вэ
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 8
Мянга, мянган зовж, зүдэрсэн амьдралын нэг нь медиа дамжин олны сэтгэлд хүрэхэд халуун сэтгэлийн гэх тодотголтой хандивын аян өрнөдөг. Тэдгээрийн нэг нь хүний, өөрийн 30 хэдэн хүүхэдтэй М.Сарнай гэх эмэгтэйд тусалж, Сарнай хүүхдийн төв байгуулах ажил байв. Хэдэн сарын дотор ард түмний сэтгэлийг хөдөлгөж чадсан уг аян идэвхитэй өрнөж, хүүхдийн төвийн шав тавих ёслол нь  ч боллоо. Гэтэл хэд хоногийн өмнө аяныг зуучлан эхлүүлсэн “Итгэл сэтгэлийн гүүр” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудаснаа Сарнай төвийг байгуулах аяныг зогсоож байгаа тухай мэдээлэл цацаж, М.Сарнай гэх эмэгтэй хүний хүүхдүүд барьцаалж бизнес хийсэн гэх хэргээр цагдаад шалгагдаад байна. Олон нийтийг төөрөгдүүлж, залилсан энэ хэргийн талаарх мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Итгэл сэтгэлийн гүүр” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ, М.Сарнай, Дэлгэр нартай холбогдож байр суурийг нь сонслоо. 

-“Сарнай” хүүхдийн төв байгуулах аяныг зогсоосон. Үүнтэй холбоотой асуудлууд сүүлийн үед соошиалд шуугиан тариад байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй. Яагаад энэ аяныг зогсоох болов? 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Бямбасүрэн гэдэг нэртэй охин 15 хүүхдийг тэжээдэг Сарнай хэмээх эмэгтэйд туслаач гэсний дагуу бидний нөхөд очиж амьдралтай нь танилцсан билээ. Тухайн үед Сарнай эгч өөрийн амьдралын тухай ярьж түүнийг нь фэйсбүүк хуудсандаа оруулснаар бидний хандивын аян эхэлсэн. Бид 6 ханатай гэр авч өгөхийг зорьж хандив цуглуулан гэрийг нь авч өгсөн. Маш олон хүн хоол хүнс хувцас хунар эд материалын туслалцаа үзүүлж байлаа. Гэтэл нэг өдөр өөрийгөө Лам хүн хэмээн танилцуулсан хүн "Асрамжийн төв" барихад санхүүжилт нэмэрлэнэ гэсэн тул Сарнай эгчтэй уулзуулснаар аян маань үргэлжилсэн юм. Явцдаа тэр хүн оролцохоос татгалзсан. Гэвч бид шантраагүй барина гэсэн итгэлээр урагшаа явсан. Дөрөвдүгээр сарын 15-нд Дэлгэр эгч Сарнай эгчийн төрсөн өдрийг тэмдэглэж өгөөд бидэнд туслая хандивын аянаа идэвхижүүлэхийг хүсч "Нэг хүн нэг тоосго" аян болгож үргэлжилсэн. Ингэхдээ Дэлгэр эгч өөрийн нэр дээр данс нээж хандив цуглуулна гэсэн хүсэлтээр Дэлгэрийн гурван өөр банкны гурван данс. Итгэл сэтгэлийн гүүр сангаас төрийн банкинд данс нээж аяны бүх танилцуулга брошур дээр байршуулсан. Энэ бүх хугацаанд Сарнай эгчид итгэж хүндэлж хайрлаж явлаа. Тэгтэл Сарнай эгчийн хороонд амьдардаг иргэн Баярмаа надад Сарнай эгчийн талаар миний төсөөлж байгаагүй мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг нягталж шалгаад Сарнай эгчийнд байдаг хүүхдүүдийн 90 хувь нь эцэг эхтэй болохыг оршин суугчдаас мэдсэн. Хүүхдүүдийн тухай судалж үзэхэд хогийн цэг дээр амьдарч байсан хүүхэд бараг байсангүй. Мөн хүүхдүүдийн 90 хувь нь эцэг эхтэй гэр оронтой хүүхдүүд. Үлдсэн 10 хувийг нь би мэдэхгүй. Хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахад Сарнай эгч тэдэнд гэртэй болгоно хүүхдээ өг гэсэн байна. Мөн зарим хүний гэрийг барьцаалж хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан байгаа юм. Өмнө нь Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас та нар хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж хэлэхэд нь Сарнай эгчид итгэж, өмгөөлж байсан. Энэ талаар Дэлгэр эгчээс асуутал хорооны хүмүүсийг зохицуулсан, Сарнайд ямар ч буруу байхгүй гэж хэлсэн юм. Дараа нь энэ асуудлаар хоёр ч удаа энэ аяныг ингээд зогсооё гэж хэлсэн ч өөдөөс “Галт тэрэг нэгэнт хөдөлсөн" гээд хүлээж аваагүй. Тиймээс олон нийтийн сүлжээгээр дамжуулан энэ үнэнийг дэлгэж, Цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт тавьсан. Хууль хяналтын байгууллага үнэнийг нь тогтоож өгнө гэдэгт итгэж байна. Олон нийтэд ил болоогүй ноцтой баримтууд олон бий. Тэр бүгдийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн байгаа. -Тухайлбал, М.Сарнайтай холбоотой ямар баримтууд байна вэ? -Сарнайгийн амьдарч байсан охидууд дундаас бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай гэсэн баримтууд ч бий. Төрсөн ээж дээрээ буцаж ирсэн 10 настай охины яриа, бичлэг бидэнд бий. Хууль хяналтын байгууллага шалгаж, буруутанг тогтоох учир хүлээж байна. Хүнээ танихгүй ард түмнийг ийм зүйлд уриалсан би хамгийн том буруутан. Маш олон хүний сэтгэл маш олон хүний хөдөлмөрийг нурааж байгаадаа маш их харамсаж байна. Өөр ямар ч арга байсангүй.

-Хүүхдүүдийн 90 хувь нь эцэг, эхтэй гэр оронтой хүүхдүүд. Мөн зарим хүний гэрийг барьцаалж, хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан гэсэн байсан. Танайд одоо хэдэн хүүхэд байна вэ? -Манайд нийт 20 хүүхэд байсан. Одоо үлдсэн нь 17 хүүхэд одоо манай гэрт байна. Би хүүхдүүдээ аав, ээжгүй гэж хэлэхгүй. Миний хүүхдүүдийн дийлэнх нь ар гэрийн боломжгүй, хог дээр гарсан, шорон оронд орсон хүмүүсийнх. Ээж нь шоронд байгаа таван настай охин, хойд эцгээсээ хөөгдөөд ирсэн охин гээд зовж зүдэрсэн хүүхдүүд бий. Би эх хүн. Хүүхдээр бизнес хийж, худлаа хэлнэ гэдэг байж боломгүй зүйл. Энэ явдалд үнэхээр харамсаж байна. -Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны хэд хэдэн иргэн бичлэг хийж, таны талаар ярьсан байсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу? -Тэнд нөхрөөсөө салаад над дээр гурван хүүхэдтэй гурван жил ирж амьдарсан Баяржаргал гэдэг эмэгтэй ярьсан байна лээ. Тэднийг Сонгинохайрхан дүүргийн хорооноос газартай, гэртэй болгож өгч байсан. Архичин эмэгтэйн үгэнд итгэж намайг хэлмэгдүүлж байна. Харин тэр манай хорооны Баярмаа гэдэг эмэгтэй удаа дараа надаас мөнгө нэхэж байсан . Тэр үед нь өгөөгүй болохоор намайг маш их занасан. Эцэст нь энэ хүмүүс Ц.Сувд-Эрдэнэтэй нийлээд намайг гүтгэж байгаад харамсаж байна. Хамгийн гол нь тэр хүмүүс намайг бидэнтэй адил гуйлгачин байсан мөртлөө одоо баяжиж байна гэж өс санаад байгаа юм. -Таныг Цагдаагийн байгууллагад өгч шалгуулах хүсэлт тавьсан гэсэн. Энэ асуудлаар таныг байцаасан уу? -Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс дуудаж байцаасан. Би энэ хүүхдүүдийг арван хэдэн жилийн өмнөөс тэжээж, харж хандаж ирсэн болохоор үүнийг гэрчлэх хүмүүстэй ч холбож өгсөн. Цагдаагийн байгууллага үнэнийг шалгаж тогтооно гэдэгт итгэж байна.

-Хандивын мөнгө М.Сарнай та хоёрын хамтын дансанд ордог гэсэн. Аяны хүрээнд 40 сая төгрөг цугларсан гэж байсан. Энэ үнэн үү. Одоогоор хандивын мөнгө хэдэн төгрөг байгаа вэ?
-Өнгөрсөн бүтэн сайн өдөр энэ асуудлаар цагдаад мэдүүлэг өгөөд ирсэн. Хандивын дансны орлого, зарлагын бүх тайланг өгсөн. Хандивын дансанд нийт 44 сая 900 мянган төгрөг цугласан. Түүнээс нэг сая 771 мянган төгрөгийг нь М.Сарнайг нүүлгэх, хандивын хайрцаг зэрэг зардалд зарцуулсан. Үлдсэн мөнгө нь хандивын дансанд хадгалагдсаар байна. Хандив одоо ч зогсоогүй үргэлжилсээр байна. 
-“Их нигүүлсэхүй” ТББ-ыг яагаад байгуулахаар болсон юм бэ. Ер нь таны хувьд яагаад анхнаасаа М.Сарнайтай хамтрахаар болсон юм бэ?
-М.Сарнай бол манай “Их нигүүлсэхүй” ТББ-ын тэргүүн биш гишүүн нь байгаа юм. Би тэргүүн. Манай ТББ-д дуучин Т.Дэлгэрмөрөн, өмгөөлөгч Өнөржаргал, Баасанжаргал, эмч Алимаа зэрэг хүмүүс багтсан байдаг.
Сарнай хүүхдийн төвийг байгуулахад хуулийн дагуу ТББ байгуулага байх ёстой гэсэн тул миний зүгээс тусалж дэмжихээр хамтарч байсан. Миний хувьд бол ард түмэнтэй адилхан хандивлагч, сайн санааны үүднээс тус хүргэх гэсэн л хүн.
-Ц.Сувд-Эрдэнэ та хоёрын хувьд аль аль нь М.Сарнайд туслах гэсэн статустай байсан хүмүүс. Тусалж, хамтрахаас өмнө М.Сарнайгийн талаар судалж байсан уу?
-М.Сарнайг хэлмэгдүүлж байгаа юм. Би М.Сарнайд итгэж байна. Ц.Сувд-Эрдэнэ мөнгөний асуудлаас болж бидэнтэй маргасан. Хандивын хайрцагаар орж ирдэг мөнгө М.Сарнай бид хоёрын хамтын дансанд, гадаадаас ирсэн мөнгө Ц.Сувд-Эрдэнийн дансанд ордог байсан. Гэтэл тэр мөнгөнөөс ганцыг ч бидэнд өгөөгүй. Тооцоогоо нэгтгэмээр байна гээд ярихаар Ц.Сувд-Эрдэнэ "Би үрчихсэн, машин авчихсан. Удахгүй нөхөөд хийнэ" гэдэг байсан. Эцэстээ биднийг гүтгэж байна. Мөн нэг удаа Сарнайд газар өглөө гэсэн очоод үзсэн чинь хэн ч газар өгөөгүй гэж хэлсэн. Яагаад гэж асуутал Сувд-Эрдэнэ "Би таниас өрсөх гэсэн юм. Та МАН-ыг сонгуулиар пиардах гээд байна" гэсэн. Тухайн үед би газар өгөөч гээд хотын даргад хүсэлт гаргаж байсан юм л даа. Энэ мэт зүйлүүд олон бий. 
Энэ хэрэгтэй холбоотой асуудлыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэргийг хариуцсан байцаагч Мягмаржаваас энэ талаар тодруулахад "М.Сарнай, Дэлгэр нартай холбоотой хэргийг Ц.Сувд-Эрдэнийн гомдлын дагуу шалгаж байна. Хэргийн мөрдөн байцаалт анхан шатандаа явж байна. Холбогдох гэрчүүдтэй уулзаж, баримтуудыг нягталж, шалгаж байна" гэсэн хариу өглөө. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн