Германы "Frankfurt Coincidences" уран сайхны киноны гол дүрд тоглож, тус кино нь Мюнхен хотын олон улсын кино наадмын үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж байсан Г.Ариунболорыг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН буландаа урьж ярилцлаа. Тэрээр олон улсын кино наадмуудад Германы өсөх ирээдүйтэй жүжигчин номинацид нэр дэвшиж байсан бөгөөд Германы сүүлийн үеийн томоохон уран сайхны, олон ангит кинонуудад дүр бүтээх болжээ.
10 настайгаасаа Германд амьдрах болсон тэрээр Берлин хотын Кино драммын ангийг төгсөж, тэндээ уран бүтээлээ туурвин эх орныхоо нэрийг гаргаж яваа аж. Г.Ариунболорыг "Дурлалын гэмт хэрэг" киноны Уранчимэг бүсгүйн дүрээр бид илүү танина. Түүнтэй Монголдоо ирэх үеэр нь ярилцах боломж олдсон юм.
-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээн аваад ярилцахааар болсон танд баярлалаа. Эх орондоо ирсэн хэрэг зорилго хэр бүтэмжтэй байна. Монголдоо хэр их ирдэг вэ?
-Сайн. Баярлалаа. ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН булангийн зочдын ярилцлагыг унших дуртай. Энэ удаагийн зочин нь болж уригдсандаа баяртай байна. Монголдоо хамгийн сүүлд 2013 онд “Дурлалын гэмт хэрэг” кинонд тоглоход ирж байсан. Улаанбаатар хот маань ирэх бүрт хөгжсөн, шинэ бүтээн байгуулалт нэмэгдсэн байх юм.
-Хоёулаа яриагаа таны багын мөрөөдлөөс эхлүүлье. Мэдээж том мөрөөдөл, түүнийхээ төлөө хичээж зүтгэсэн уйгагүй хөдөлмөр байсан болохоор тэр том өрсөлдөөнтэй зах зээлтэй, өндөр хөгжилтэй оронд жүжигчин гэдэг мэргэжлээр өөрийн байр сууриа олж, амжилттай яваа байх гэж бодож байна?
-Урлагийн хүний мөрөөдөл бага наснаас нь илэрч, түүнийхээ төлөө хүсэл тэмүүлэлтэй амьдардаг гэж боддог. Намайг гурван настай байхад манай ээж өөд болж байсан. Ээж минь мундаг жүжигчин хүн байсан гэдэг. Ээжийнхээ мөрөөдлийг гүйцээнэ гэсэн сэтгэлээр жүжигчин болсон.
Харин манай аав намайг сэтгүүлч болоорой гэдэг байсан. Жүжигчин хүн ар гэрийн амьдралдаа зав гаргаж чаддаггүй, хэцүү ажил гэж хэлдэг байсан. Тэгсэн ч мөрөөдөл маань өөрчлөгдөөгүй. Ээжээсээ илүү том амжилтад хүрч, илүү өндөрт гарна гэсэн зорилгыг өөртөө тавьж байсан. Ээжийнхээ жүжиглэж байх үеийн зургуудыг хараад л их урам зориг авдаг байлаа. Тэгээд намайг арван настай байхад манайх Герман руу нүүсэн. Миний хувьд Германд бага, дунд, коллежио төгсөөд дараа нь Берлин хотын Кино драммын ангийг төгссөн.
Германд анх очоод хэлийг нь мэдэхгүй, хичээлээ ойлгохгүй гээд хүндрэлтэй зүйлүүд олон гарч байсан. Дөрөвдүгээр ангиасаа эхлээд театрт жүжиглэж эхэлсэн. Германд бага сургуулийн хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой төрөл бүрийн дугуйлан, курс, өдөр өнжүүлэх төвүүд байдаг. Бүжиглэж байх хугацаандаа герман хэлийг маш сайн сурч чадсан.
15 настайдаа Германы өсвөр насны хүүхдүүдийн дунд зохиогдсон "D's Style" гээд телевизээр гардаг тэмцээнд ороод түрүүлж байсан. Тэр тэмцээнийг зохион байгуулдаг хүн нь Германы алдартай бүжигчин байсан. Тэмцээнд түрүүлээд дараа нь тэр бүжигчний хичээлүүлдэг бүжгийн сургуульд гэрээгээр бүжиглэж байсан. 18 настайгаасаа бүжгийн сургуульд багшилж эхэлсэн.
-18 настайдаа бүжгийн багшаар ажиллаж байсан гэхээр таны амжилт их бага наснаасаа эхэлжээ. Берлин хотын Кино драммыг төгссөн гэсэн. Кино драммын ангид элсэхэд шалгуур өндөртэй байв уу?
-Уран бүтээлдээ хэрхэн хөл тавьж байв. Анх ямар кинонд тоглож байсан бэ?
-Гуравдугаар курст байхдаа анх удаа орон даяар бүх хотуудаар цацагддаг томоохон рекламд тоглож байсан. Дараа нь дөрөвдүгээр курст байхдаа 21 настайдаа “Frankfurt Coincidences” уран сайхны киноны гол дүрийг бүтээж байсан. Урлагийн сургуулийн ангийн оюутнууд төгсөхдөө заавал нэг кино хийдэг. Миний анхны уран бүтээл төгсөлтийн ангийн кино байсан. Аав дүүтэйгээ өнчин хоцроод маш их зовлон туулж байгаа бүсгүйн дүрийг бүтээсэн. Тэр кино маань 2011 онд Mьюнхен хотын олон улсын кино наадмаар үзэгчдийн нэрэмжит киноны шагналт хүртэж байсан. Харин миний хувьд Германы өсөх ирээдүйтэй жүжигчин гэсэн номинацид нэр дэвшиж байсан. Тэр кино наадамд дэлхийн маш олон алдартай кинонууд өрсөлддөг. Ази хүн тэр тусмаа оюутан хүний хувьд маш том амжилт байсан. Германд Ази хүн том амжилт гаргах их хэцүү. Германууд үндсэрхэг үзэлтэй хүмүүс байдаг болохоор гадаад хүнийг өөрдөөсөө дээш гарахыг тэвчиж чаддаггүй зан чанар тэдний цусанд нь байдаг. Ямар ч зүйл дээр өөрийн ард түмнээс дорд үзэж, ялгаварлаж үзэх нь бий. Өгч байгаа дүр нь хүртэл ялгавартай байдаг.
Өмнө ажиллаж байсан агентлагтаа маш олон дүрийн саналыг буцааж байсан. Үйлчлэгч, асрагч, 00 цэвэрлэдэг хүний дүрд тоглохгүй гэж хатуу тэмцдэг байсан. Анхнаасаа өөрийгөө "би бол бусдаас өөр" гэдгээ таниулах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол гадаад хүнд ямар ч дүр өгсөн болно гэсэн ялгаварлах үзэл байдаг. Гэхдээ тухайн үед бууж өгөөгүй, өөрийнхөөө байр суурин дээр баттай зогсож чадсан. Харин одоо бол Австрид салбартай "Nielsen" гээд том агентлагийн жүжигчнээр ажиллаж байна. Энэ агентлагт ялгаварлах хандлага бага ажиглагддаг, намайг маш сайн дэмжиж, үнэлж чаддаг.
-Анхны киногоороо л нэлээд том амжилтад хүрчээ. Өөр ямар ямар кинонд дүр бүтээж байсан бэ. Ер нь кино зохиолын дүр сонголтдоо ямар шалгуур тавьдаг вэ?
-Богино болон урт хэмжээний нэлээд олон кинонд дүр бүтээсэн. Мөн Германд театрын жүжигчнээр хэсэг хугацаанд ажиллаж байсан. Харин одоо Германы хоёр том сувгийн нэг "ZDF ARD" телевизийн жүжигчнээр ажиллаж байна. Тухайн телевизийн хийсэн олон ангит кинонд тоглодог байгаа. Дүрийн хувьд өөрийгөө эвдсэн, чадвар шаардсан дүр бүтээж тухайн дүрээрээ нийгэмд хэн нэгний дуу хоолой болохыг хүсдэг.
-Мэдээж бүтээсэн дүр бүртээ хөдөлмөр шингээж, хичээдэг байх л даа. Тэр дундаас хамгийн их хөдөлмөр, авьяас чадвар шаардсан хэцүү нь ямар дүр байсан уу?
-Жүжигчин хүний хувьд том, жижиг гэлтгүй өөрт оногдсон дүрээ сайн гаргахын тулд бүхнээ дайчилдаг. Надад ч мөн сэтгэлийн хувьд дутуу хандсан дүр байхгүй. Хамгийн сүүлд Кино драммын төгсөлтийн ангийн киноны дүрд тоглосон. Гадаад хүүхэд болохоор бусдад гадуурхагдаж байгаа тухай кино. 30 настайдаа коллежид сурч, найз залуутай болсон ч жирэмсэн болсон. Хүүхдээ гаргах гэтэл өөрөө хорт хавдартай болсон байдаг. Тэгээд хүүхдээ гаргах уу, хагалгаанд орох уу гэсэн хоёр том сонголтын өмнө ирж байгаа зовсон эмэгтэйн дүр тоглосон. Тэр кино миний хувьд илүү ажиллагаатай, чадвар шаардсан дүр байсан. Дүрдээ сайн орохын тулд хамгийн түрүүнд зохиолоо маш сайн ойлгож, цаад утга нь яг юу хэлэх гээд байгааг ойлгох хэрэгтэй байдаг.
-Таны хувьд монгол жүжигчидтэй “Дурлалын гэмт хэрэг” кинонд тоглож байсан. Ер нь герман, монгол жүжигчид чадварын хувьд ялгаатай байдаг уу?
-Германд жүжигчид нь зураг авалтын өмнө нь ам, биений халаалт маш их хийж байж ордог. Өөрийгөө маш сайн бэлддэг гэсэн үг. Харин монгол жүжигчид тэгж сайн бэлтгэл хийдэггүй ч дүрдээ маш орж чаддаг. Хөдөө зураг авалт хийж байхад бол хоол унд, сав суулга, шанага гэж байснаа зураг авалт гэхээр юу билээ гэж үгээ нэг асуугаад л гараад маш сайн жүжиглээд буугаад ирдэг юм билээ. Монгол жүжигчид маш чадварлаг, шууд дүрдээ ороод явчихдаг. Ямар нэг техник хэрэглэх шаардлага байхгүй. Жүжиглэлтийн чадвар тал дээр бол германуудаас хэд дахин илүү гэж хардаг.
-"Дурлалын гэмт хэрэг" киноны гол дүр Уранбилэг гэдэг бүсгүйн дүрийг бүтээж, энэ бүтээлээрээ "Academy Award 2013" - ын шилдэг жүжигчнээр нэр дэвшиж байсан. Тус кинонд яагаад дүр бүтээхээр шийдсэн бэ?
-Намайг Германд байхад Guys хамтлагийн Лхагваа ах киноны санал тавьж холбогдож байсан. Тухайн үед зохиолтой нь танилцаад их таалагдсан. Тэгээд урилгыг хүлээж аваад Монголд ирэхэд өвөл болчихсон маш хүйтэн, утаа их байсан. Ирээд удаагүй ханиад хүрчихсэн. Хоолой гарахгүй их зовж байж дүрдээ орсон. Уг нь тэр дүрд жүжигчин Пүрэвсүрэнг тоглуулах гэж байсан юм билээ. Монголдоо анх удаа кинонд тоглосон болохоор маш том дурсамжийг надад үлдээж чадсан гэж боддог. Миний дүр бол амьдралын төлөө тэмцдэг нэгэн бүсгүйн тухай байсан. Монголд эмэгтэй хүн сайн амьдрахад ямар асуудлууд хөвөрдөг вэ, мөнгө үү, хайр сэтгэл үү. Мөнгөнөөс болж хайр сэтгэл үнэ цэнээ алдах уу зэрэг олон асуултад хариулт өгсөн дүр байгаа. Кинондоо продюсер Д.Лхагва, ХБНГУ-ын жүжигчин Г.Ариунболор, жүжигчин Н.Ялалт, О.Долгор, А.Баттүшиг нар тоглосон.
-Театрын тайзнаа тоглох, дэлгэцийн бүтээлд тоглох ялгаатай гэж олон жүжигчин хэлдэг. Таны хувьд тайзнаа дүр бүтээх, дэлгэцийн урлагт тоглох хоёр юугаараа өөр гэж хэлэх вэ. Мөн Монголын театр урлагийн хөгжлийг Германы театртай харьцуулж харж байв уу?
-Тайзан дээр бол үзэгчидтэй шууд амьд харилцаа үүсгэдэг. Тэр үед кинонд тоглох арга ажиллагааны талаар маш олон зүйлийг сурч авдаг. Мөн алдаагаа засах боломжийг театрын тайз олгодог. Ямар ч сайн жүжигчин, тоглолтын явцад алдаа гаргах үе бий. Харин тайз өнөөдөр алдсан бол маргааш алдаагаа засаад явах боломжтой. Дэлгэцийн бүтээл бол тийм биш шүү дээ. Нэг харц, нэг илүү хөдөлгөөн илүү хийж болдоггүй. Алдсан бол алдаа тэр хэвээрээ үлдэнэ.
Монголд хэд хэдэн удаа Драммын театрт жүжиг үзэж байсан. Мэдээж үнэхээр мундаг санагддаг. Гэхдээ тавьж байгаа жүжгүүд нь илүү классик талдаа юм уу гэсэн бодол байдаг. Сонгодог жүжгүүдийг орчин үе болгож, эвдэж тогловол үзэгчдэд илүү хүрэх тал бий. Ромеог гэр хорооллын хүү болгож, харин Жулеттаг баян айлын охин болгодог ч юм уу. Тийм байдлаар эвдэж чадвал орчин үеийн залууст илүү хүрэх болов уу гэж хувьдаа боддог.
-Монгол хүнийхээ хувьд баримталж явдаг зарчим байдаг байх. Ер нь монгол хүн гэлтгүй хувь хүнийхээ хувьд баримталж, сахьж , хадгалж явдаг үнэт зүйл байдаг байх. Энэ талаараа хуваалцаж болох уу?
-Аав минь“Алдаа гаргаж хэн нэгнийг гомдоосон бол түүнийгээ уучилж, хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй” гэж үргэлж захидаг. Уучлалт гуйж чадаж байна гэдэг өөрийгөө ялж чаддаг хүний хамгийн том шинж гэдэг. Мөн байгаа зүйлдээ үргэлж сэтгэл хангалуун байх гэж хичээдэг.
Түүнээс гадна хүнийг хүнээр нь хүлээж авч, харьцаж, хандаж байх нь хамгийн чухал чанар гэж боддог. Энэ нь миний хувьд хүн хоорондын харилцаан дээр хамгийн чухалд тооцож баримталдаг зарчим гэх юм уу.
Би Монголд бага сургуульд байхдаа үнэхээр муу сурдаг хүүхэд байсан. Хичээлээ ойлгохгүй байна гэж ангийнхандаа шоолуулна, багшдаа зэмлүүлнэ. Муу сурдаг гэдэг нэрнээсээ болоод өөртөө итгэлгүй, дээрээс нь ангийн хүүхдийн надтай харьцах хандлага ч өөр байдаг байсан. Харин Германд очоод эхэндээ хэл сайн мэдэхгүйгээс болоод хичээлдээ муу байсан ч хэн ч намайг гадуурхаж, муу сурч байна гээд муугаар хараагүй. Хүн гэдгээр маань хүлээж авч харьцаж байсан. Тэр байдал надад маш их таалагдсан. Харин ч түүнээс нь урам зориг авч илүү сайн хичээсээр онц сурдаг хүүхдүүдийн эгнээнд орж чадсан.
Тэр зүйл дундаас мэдэрсэн хамгийн том зүйл бол тухайн хүнийг хэн байх, ямар статустай байхаас үл хамааран хүн гэдгээр харьцаж нөхөрлөж, хандаж байх нь хамгийн чухал гэдгийг ухаарсан. Хүн бүртэй хүн гэдгээр нь харьцахыг баримталдаг даа.
-Ойрын 5-10 жилийн төлөвлөгөө юу байгаа вэ. Одоо ямар дүр дээр ажиллаж байна?
-Монголд ирэхийн өмнө Швейцарийн airline-ийн нүүр царай болоод ирлээ. Очоод онлайнаар гардаг олон ангит киноны зураг авалтад орно. Цаашдаа бодсон зүйл их бий. Манай нөхөр найруулагч хүн байдаг. Нөхөртэйгээ хамтран уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа. Кино зохиолоо бичээд кино хийх бэлтгэл ажилдаа явж байна.
Германд улсаас кино хийхэд маш том дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ тэр дэмжлэгийг авахын тулд маш сайн кино хийх ёстой гэсэн өндөр шалгуур байдаг. Нэг хотод жил бүр улсын төсвөөс дөрвөн хүнд кино хийх дэмжлэгийн мөнгө гэж өгдөг. Тэр дэмжлэгийг бид хоёр авсан байгаа. Гэхдээ кино хийх мөнгөө өгөхдөө нарийн шалгууртай. Эхлээд кино зохиолоо бичиж тэнцвэл мөнгө авна, дараа нь бэлтгэл хийхдээ дахин шалгаруулалтад орж байж тал дэмжлэгээ авна, хамгийн сүүлд киногоо хийх мөнгө авахад мөн дахин шалгаруулалтад ордог. Бид хоёрын хувьд бэлтгэл мөнгөө авчихсан явж байгаа. Том фестифальд орно гэж төлөвлөж байгаа. Киноныхоо эмэгтэй голд дүрд өөрөө тоглож байгаа. -Гаднын зах зээлд өрсөлдөх боломж хэр байдаг вэ. Гадаадын тайз, дэлгэцнээ өрсөлдөх сонирхолтой жүжигчин мэргэжилтэй залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Эхний ээлжинд тухайн улсын хэл дээр сайн ярьж чаддаг байх ёстой. Жүжигчин хүн бол хэлээрээ жүжиглэдэг. Төрөлх хэлийг нь маш сайн сурах хэрэгтэй. Боломж үргэлж нээлттэй байдаг. АНУ-д гэхэд л томоохон агентлагууд киноны дүрүүддээ нээлттэй сонгон шалгаруулалт хийж авдаг. Холливуудын жүжигчидтэй ч өрсөлдөх боломжтой байдаг.
Нөгөөтэйгээр монгол залуус маань сайн нэгдэж, хамтарч чаддагүй юм уу гэсэн бодол байдаг. Дэлхийд алдартай шилдэг кино хэрхэн бүтдэг вэ. Тэд хамтарч чаддагт байгаа юм. АНУ-д гэхэд “Writers room” гээд ганцхан киноны зохиолыг гэхэд л арван хэдэн зохиолч хамтарч бичдэг. Олон сайн зохиолч хамтарч чадах юм бол тэр дундаас шилдэг бүтээл төрж чаддаг. Манай монголчууд ч гэсэн ялгаагүй. Чадварлаг зохиолчид нь хамтарч зохиолоо бичээд, шилдэг жүжигчид, найруулагч нь хамтарч чадах юм бол дэлхийд дээр өрсөлдөх хэмжээний кино гарах боломжтой.