Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

"Амазон"-ы ахлах инженер Н.Шагай: Их сургуульд төгсөхдөө энийг л сурчих

"Амазон"-ы ахлах инженер Н.Шагай: Их сургуульд төгсөхдөө энийг л сурчих
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 9
 М-Си-Эс Кока-Кола компанийн "Happiness center"-ээс зохион байгуулдаг "Завгүй залуу нас" цуврал лекцийн зочноор "Амазон" компанид ахлах инженерээр ажилладаг Н.Шагай оролцож залуусын сонирхсон асуултад чөлөөтэй хариуллаа. Уулзалтад оролцсон залуус түүнээс ихэвчлэн программ хангамжийн холбогдолтой болон хувь хүний хөгжлийн талаар сонирхож байлаа.  Ингээд түүний тавьсан илтгэлийн зарим хэсгийг хүргэж байна. 

Монголд ирээд залуустай уулзахаар “надад нэг гоё санаа байна” гэж хэлдэг. Тэр үед нь би "тэгээд яагаад хийхгүй байгаа юм бэ" гэж асуудаг. 21-р дүгээр зуунд залуусын хамгийн гол өрсөлдөх чадвар юу гэдгийг хэлэх үү.
Тэр бол туршлагаар олсон мэдлэг. Өөрийн биеэр туршиж хийж, алдаж, бүтэлгүйтсэн сургамж, түүнээс олж авсан мэдлэг юм. Бодож, мөрөөдөж суухын оронд шууд хийж эхлэх хэрэгтэй. Оролдоод, хийгээд үз. Ингэж чадсан бол энэ чиний бусдаас ялгарах давуу тал, өрсөлдөх чадвар болно. Энэ бол 21-р зуунд үнэд орох чадвар . Их сургууль төгсөхдөө энийг л сурчих. Заавал онц сурах шаардлагагүй. Харин заавал нэг хийсэн зүйлтэй, нэг аппликейшнтэй ч болов төгс. Би одоо хүртэл үржүүлэхийн хүрд мэдэхгүй. Зөвхөн нэмэх аргыг л мэднэ. Би арван жилд, их сургуульд байхдаа онц сурлагатан байгаагүй. Зүгээр л хийж, оролдож эхэлсэн. 
Тэгвэл юуг, яаж хийх вэ. Эхлээд юу хийхээ сонгох хэрэгтэй тийм үү. Хулгай хийгээд үзэж болохгүй ш дээ.
Чиний хийсэн зүйлийг хэн нэгэн хараад ойлгохгүй байна уу. Шууд хэлье. Тэр зүйл чинь хог новш гэсэн үг. Үнэхээр супер санаатай, олон хүнд хэрэгтэй аппликейшн бүтээж, код бичиж сурмаар байна уу. Тэгвэл хийсэн зүйлээ эмээдээ үзүүл. Товчхондоо, чиний хийсэн зүйлийг эмээ чинь ойлгохгүй бол хог новш гэж ойлго.
Тэгэхээр эмээдээ хүртэл ойлгуулж чадах зүйл бүтээх мэдрэмж, шинэ санаа чамд хэрэгтэй гэсэн үг. Мэдрэмжтэй, сэргэг байхын тулд яах хэрэгтэй вэ. Бусдын хийсэн хоолыг амталж, үнэрлэж сур. Сайн тогооч, муухан тогоочийн хийсэн хоолонд таваглалтаас эхлээд ялгаатай зүйл олон бий. Гэхдээ зарим хүний хувьд адилхан л хоол харагддаг.  Түүнтэй адил сайн програмисст, инженер, сайн код бичдэг хүн байхын тулд бусдын хийсэн зүйлийг ялгаж таньдаг, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ингэж чадвал маш том туршлага хуримтлуулахаас гадна юуг, яаж хийх ёстой гэдгээ тэндээс олж мэднэ.
Бусдын хийсэн зүйлийг тэр тусмаа маш сайн код бичдэг хүний хийснийг ойлгодог болчих. Тэр дундаас чи өөрийгөө хэн бэ, юу хийх вэ гэдгээ олж харж чадна.
Эцэст нь хэлэхэд, эцсээ хүртэл битгий бууж өгөөрэй. Хэн нэгнээс үгүй гэсэн хариуг 99 удаа авсан ч битгий шантар, битгий бууж өг . Амжилт хүсье. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн