Open iToim app
Зочин | 11 мин уншина

“Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнийн ээж Т.Цэрмаа: Хүүгээ бөх болгох гэж Б.Бат-Эрдэнэ аварга руу хүртэл ярьж байлаа

“Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнийн ээж Т.Цэрмаа: Хүүгээ бөх болгох гэж Б.Бат-Эрдэнэ аварга руу хүртэл ярьж байлаа
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 12
Хэн нэгнийг амжилтад хүрэхэд түүний ард гэр бүл нь хамгийн хүчтэй, бас хамгийн баттай тулгуур болдог. Эхнэр, эсвэл ээж, аавын халамж, дэмжлэггүйгээр оргил өөд мацсан, тэгээд оройд нь гарсан нэгээхэн ч хүн үгүй. Тэдний нэг бол Монголын барилгын салбарын топ аж ахуй нэгжийн нэг “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ юм. Бид түүний аав А.Хадбаасангийнд зочилж, энэ удаагийн ТҮМНИЙ НЭГ цувралаа бэлтгэлээ. А.Хадбаасан гуайнх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд амьдардаг ажээ. 
Биднийг очиход хоёр буурал нэлээд л хүлээсэн бололтой “эмээ нь буузаа арай эрт тавьчихаж, хөрөх шахлаа. Гэхдээ юундаа яарах вэ, миний хүүхдүүд эхлээд халуун хоол идчих. Тэгээд ярих зүйлээ тухтай ярилцъя” хэмээн мэндийн сайхан үгс, ширээ дүүрэн амттан, идээ будаагаар манай сурвалжлах багийг угтлаа.
А.Хадбаасан, Т.Цэрмаа хоёр гэр бүл болоод өдгөө 40 гаруй жил болж байгаа бөгөөд дөрвөн хүүхдийн аав, ээж, найман ач, зээгийн эмээ өвөө болжээ. Бага ач нь эмээ, өвөө хоёртойгоо амьдардаг бөгөөд хоёр буурал түүний хичээлийг хийлгэх, сургуульд нь зөөж хүргэх үндсэн ажилтай.
“Нэрэн дээрээ дөрвөн хүүхэдтэй ч, нэдэр дээрээ 12 хүүхэдтэй шүү. Ач, зээ нар бүгд л бидний гараар өсөж хүмүүжиж том болцгоосон. Одоо цагийн хүүхдүүдийг өсгөнө гэдэг бидний үеийнхтэй адилгүй болжээ. Хичээлийг нь хийлгэх гэж заавал нэг ам тангараг авч, шагнал амлах юм. Бидний үед бол толгойг нь тоншиж байгаад л хичээлийг нь хийлгэдэг байлаа. Одоо эд нарт чинь гар хүрэх нь бүү хэл ганц ширүүн үг хэлчих юм бол гомдож туниад, хошуугаа унжуулаад, аав, ээждээ зарга бариад гүйчих юм. Ширүүхэн хандчихвал гэр рүүгээ харина гэнэ. Насны нар 70 хэвийсэн бид хоёрт эд нар чинь хань байхгүй юу" хэмээн Цэрмаа эмээ хуучиллаа.

Тэд амьдралаа анх Амгалангийн дэнжид таван ханатай гэрт гурван цагаан ортой эхлүүлж байсан ч үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлсний ачаар, тэднийхээ сайн сайхан амьдралыг харж, түүгээр зогсохгүй Х.Бат-Эрдэнэ хүүгийнхээ бэлэглэсэн дөрвөн давхар хаусанд амьдрах болжээ.
Гэрийн эзэн “Би Говь-Алтай аймгийн Шарга сумынх. Анх Улсын Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн даргын жолоочоор ажилладаг байв. Эхнэр маань манай нийгэмлэгийн морин спорт клубын шигшээ багийн тамирчин байсан. Тэр үед л танилцаж Амгалангийн дэнжид таван ханатай гэрт амьдралаа эхлүүлж байлаа. Тухайн үедээ таван ханатай гэртэй, гурван цагаан ортой байна гэдэг нэлээн хөлжингүй айлд тооцогддог байсан шүү. Би тээвэрт яваад хэдэн сараар эзгүй. Тэр хойгуур эхнэр маань л энэ хэдэн хүүхдийг өсгөж, хүний зэрэгтэй хүн болгосон. Үр хүүхдүүд маань өдий зэрэгтэй амжилтад хүрч, насны эцэст жаргаж суугаа амьдралаа эргээд харахад манай эхнэрийн энэ гэр бүлд оруулсан хувь нэмэр үнэлж барашгүй их. Мэдээж түүнээс гадна аав хүний байр суурь, хүмүүжил хүүхдэд маань нөлөөлсөн нь л байх” хэмээн ярилаа.

А.Хадбаасан гуай тээврийн жолооч байх үедээ жилийн 365 хоногийн 270 орчмыг хээрээр гэр, хэцээр дэр хийж явахдаа Монгол Улсын нутаг дэвсгэрт туулаагүй говь, даваагүй даваа үлдээгээгүй ажээ. 20 тонны ачааг 20 гаруй хоног тээвэрлэж явахдаа ард үлдсэн дөрвөн хүүхэд, айх, ядрахын мэдэхгүй ганцаар зүтгэж яваа эхнэрээ бодон хүнд хэцүү тээврийн замыг туулдаг байжээ. Түүнийг тээвэрт яваад ирэхэд гэрийн буурь нь эзэнгүй, шинэ байранд орчихсон үеүд цөөнгүй угтдаг байсан гэнэ. Энэ талаар тэрээр дурсахдаа “Нэг удаа намайг тээвэрт явсан хойгуур Амгаланд гэрт амьдарч байсан хэд маань хашаагаа солиод байшинд орчихсон байж билээ. Гэр үерт автаад Долоон буудалд хэсэг амьдарч байгаад буцаж Амгаландаа ирээд эхнэр маань хэдэн хүүхэдтэйгээ нийлж зуны амбаар бариад түүндээ орчихсон байсан. Тэгээд гэртээ ирээд байж байтал, хажуу хашааны хүмүүс “Хөөрхий энэ хойд айлын дөрвөн хүүхэдтэй хүүхэн дээр том тэрэгтэй залуу ирчихсэн байна” гээд ярьж байсан гэдэг шүү” 

Жилийн 365 хоногийн цөөн хэдэн хоногийг гэртээ өнгөрүүлдэг А.Хадбаасан гуай ар гэрийн амьдрал, үр хүүхдийнхээ хүмүүжлийг зөнд нь орхилгүйгээр аав хүнийхээ үүргийг хэнээс ч дутахааргүй биелүүлсээр иржээ. Сургуулийн амралтаар хүүхдүүдээ тээврийн замд дагуулж явна, амьдралын хатуу хөтүүг мэдрүүлэн хал үзүүлнэ. Тэрээр энэ талаар “Манай хүүхдүүдэд самар зарахаас эхлээд газар ухаж грааш барих, ачаа зөөх, тээврийн замд явж нойргүй хонох, дугуй нөхөх гээд хийж үзээгүй хар бор ажил байхгүй. Ямар ч ажлыг голохгүй хийж сургасан нь хүмүүжилд нь маш том нөлөө үзүүлсэн гэж боддог. “Ажил хүнийг голохоос биш, хүн ажлыг голдоггүй” юм гэж сургадаг байсан. 20 тонны даацтай том тэрэгний арван хэдэн дугуйг нөхөж өссөн дөө миний хүүхдүүд” гэж хуучиллаа.
Мөн аав нь хүүхдүүддээ ах, захтай, эв найрамдалтай, бие биеэ асарч хамгаалдаг байхыг сургасан нь “Алтай констракшн” компанийг дунд дүү нь байгуулсан ч ах дүү дөрвүүлээ тус компанийн тулгыг түшилцэж, эвт шаазгай буга барина гэдэг үгийг гэрчлэн амьдарч байгааг Монголын ард түмэн бэлээхэн мэдэх билээ.
Дөрвөн хүүхдийн хамгийн том нь холбооны инженер мэргэжилтэй, харин хоёр хүү нь авто болон мото спортын олон улсын мастер цолтой. Хоёр хүүгийнх нь мэргэжил, сонирхол аавтайгаа хамт тээврийн замд явахдаа сэтгэлдээ тээсэн мөрөөдөл. Харин Х.Бат-Эрдэнийн хувьд ээжээс өвлөсөн морины хорхойтой нэгэн ажээ. Тиймдээ ч тэрээр Монгол Улсын тод манлай уяач цолыг хүртэж, аавынхаа нутгаар овоглон улс, бүсийн наадмаас олон түрүү хүртжээ.

“Эр өсч, эсгий суналаа гээд эцэг эхийн сургамж хэрэггүй“ гэдэг хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ А.Хадбаасан гуайн дөрвөн хүүхэд шинэ бизнес эхлүүлэхээс эхлээд болохгүй, бүтэхгүй зүйлээ аавын сургамж, зөвлөгөөгөөр эхлүүлж, засаж залруулсаар иржээ. Х.Бат-Эрдэнийн хувьд анх бизнесийн салбарт анх хөл тавьж байх үедээ аавдаа “Найзтайгаа хамтран бизнеэс эхлүүлэх гэсэн юм. 50 мянган төгрөг зээлээч” хэмээн ирж байжээ. Тэр 50 мянган төгрөг нь өдгөө Монголын барилгын салбарын топ аж ахуй нэгжүүдийн нэг “Алтай констракшн”-ийг байгуулах эхлэл болжээ. Ааваас зээлсэн 50 мянган төгрөгөөр чингэлэг авч, грааш барьж, бизнес нь өргөжсөөр барилгын салбарт хүч сорин том компанийн эхлэл болсон түүхтэй ажээ.
Биднийг ийн ярилцаж байтал гэргий Т.Цэрмаа гуай “Хүүхдүүд амжилттай явахад манай хөгшний үүрэг роль их бий. Манай гэрийн “нууц ноёнтон” шүү дээ. Хүүхдүүд маань аавыгаа их хүндэлнэ, шинэ бизнес эхлүүлэх, шинэ машин авах гээд бүгдэд ааваасаа зөвлөмж авч, юу хийх гэж байгаа талаараа ярина. Аавын зөвлөгөөнөөс хазгай гишгэдэг хүүхэд манайд байхгүй. Тэр дундаа техникийн талын зүйлүүдийг маш сайн зөвлөнө. Машины доктор, профессор шүү дээ” гэж ярианд оролцлоо.
А.Хадбаасан гуай, би нэгэн түүх яръя. Манай баазад “Маахуурын морин толгойт” хочтой Дэмчигжав гэж слесарь байсан юм. Зодоон нүдээн хийнэ, хэнд ч захирагдахгүй. Тэгсэн тухайн үеийн Эвлэлийн үүрийн дарга байсан Жасрай гэдэг хөгшин “Наад хүнээ Эвлэлийн гишүүн болгочих” гэж хэлэхэд нь олон хүн эсэргүүцэж “Ийм бүтэлгүй толгойг Эвлэлийн гишүүн болгож болохгүй” гэж гэнэ. Тэгээд ямар ч арга хэмжээ аваад тус болдоггүй байсан нөхрийг эвлэлийн үүрийн дарга болгосон чинь мандан бадарч баазын дарга хүртлээ дэвшиж, Монгол Улсын гавьяат тээвэрчин болсон юм. Учир нь хүнд хариуцлага гэдэг зүйлийг үүрүүлээд ирэхээр тэгж өөрчлөгддөг гэдгийг харуулсан түүх бол энэ. Слерсарийн ажлаас гавьяат тээвэрчин болсон тэр нөхөр тухайн үеийн манай баазын дарга байсан байхгүй юу. Бидний үеийн жолооч нар ёстой нөгөө гутал тосолдгоос нь эхлээд гутал хийх хүртэл нь ажилласан болохоор техникт асар арвин туршлагатай. Машины дууг сонсоод л юу нь болохгүй, яагаад байгааг мэдчихдэг байсан. Тухайн үед даргыгаа их шүтэн биширдэг байсан ч одоо бодоод байхад техник хүний чихэнд хоногшихдог юм билээ. Түүнтэй адил миний хувьд амьдралын асар арвин туршлагаа л хүүхдүүдтэйгээ хуваалцаж, зөвлөлддөг байхгүй юу” хэмээн хуучиллаа.

Ингээд МУГТ, Морин спортын анхны эмэгтэй тамирчин Т.Цэрмаа гуайтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Эмэгтэй хүний хувьд морин спортоор хичээллэж, түүгээр зогсохгүй МУГТ цолонд хүртэл амжилт гаргана гэдэг амаргүй даваа. Таны амьдрал яагаад морьтой холбогдох болов. Багадаа хурдны морь унадаг байв уу?
-Манай аав Төв аймагт адуучин байсан. Би таван настайгаасаа хурдны морь унаж эхэлсэн. Тэгээд 13 нас хүртлээ морь унаж байгаад Морин спортын клубт орж байсан. Тэгээд 15 настайдаа шигшээ багийн тамирчин болж байлаа. Адгуус амьтантай ноцолдож, сургаж, хичээллэнэ гэдэг эр зоригийн спорт. Зүгээр нэг морь сургахгүй, сургасан морио унаж саад харайлгана, морьтойгоо бүжиглэнэ гээд маш өндөр шалгуур үзүүлэлтийг давах хэрэгтэй болдог. Тиймдээ ч эмэгтэй хүний хувьд ховор олдох мэргэжил. Мөн Улсыг батлан хамгаалах туслах нийгэмлэгт ажилладаг байхдаа морин спортоос гадна шүхрээр буудаг, буудлагаар хичээллэдэг их л эршүүд эмэгтэй байсан даа.
Шигшээ багийн тамирчин байх үед хэд, хэдэн их сургуулиас урилга ирж байсан ч морин спортоо орхиж чадаагүй. Тийм л дуртай байсан даа.

-Эмэгтэй хүнд ахадсан спортоор хичээллэж, түүнээс гадна хүүхдүүдээ хүмүүжүүлэх гээд хүнд хэцүү үеүдийг олон туулсан байх. Энэ бүхнийг хэрхэн амжуулдаг байв?
-Аав нь тээвэрт явсан хойгуур бүх амьдрал, үр хүүхдүүдээ нуруундаа үүрээд явдаг байсан. Тухайн үед ганц бодогддог байсан зүйл нь “Хүүхдүүдээ аавынх нь эзгүйд буруу хүмүүжилтэй болгочих вий” гэж их айдаг байсан.
Олон сараар тээвэрт явсан хүнтэй орчин үетэй адил утсаар яриад мэдээлэл авчихна гэж байхгүй. Нөхрийнхөө явсан зүгийн цаг агаарыг хүүхдүүдтэйгээ хамт үргэлж сонсоно, тэнгэр муудна гэж сонсох юм бол хэдэн сар нөхрийнхөө араас залбирдаг байлаа. Нөхрийн эзгүйд хэдэн хүүхдийн тус нэмэр маш их. Манай гурван хүү анх Амгаланд дөрвөн өрөө 16 мерт байшин барьж байсан. Багаасаа ажил хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч өссөн хүүхдүүд. Тэр үед цаг завгүйгээс болоод нойргүй хоносон үеүд олон бий. Хүний амьдрал хэчнээн хүнд хэцүү байсан ч туулаад л гардаг юм билээ. Тэр бүхнийг эргээд дурсаад ярихад их сайхан байдаг.
-Х.Бат-Эрдэнийн моринд “хорхойтой” болсон нь таньтай бас холбоотой байх. Хүүдээ морь уях арга ухааны талаар зааж зөвлөж байв уу?
-Нөхрийнхөө эзгүйд амралтын өдрөөр хэдэн хүүхдээ дагуулаад ажил дээрээ очиж бэлтгэлээ хийнэ. Тэр үеэс л манай хүүхдүүд морь унаж сурсан. Хүмүүс намайг уяач гэж буруу ойлгоод байдаг. Би морин спортын тамирчин хүн. Гэхдээ ямар морь хурдлахыг хараад бол танина. Тэглээ гээд хүүдээ ингэ, тэг гээд зааварлаж байсан удаа байхгүй. Морь уях, сонгомол морин спорт хоорондоо тэс өөр, ялгаатай. Тэгээд ч “эмэгтэй хүн морины уяанд орж болохгүй” гэж манай аав багад сургадаг байсан.
-Ихэнх хүний амжилтад хүрсэн түүхийг багын дүр төрхтэй нь холбож тайлбарлах нь бий. Х.Бат-Эрдэнийн хувьд ах, эгч нараасаа юугаараа ялгаатай хүүхэд байв?
-Бага байхдаа их л хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Бусдаас ялгарч онц сурахгүй, сахилгагүй, хичээлээ сайн хийдэггүй чихнээс хонх уядаг хүүхэд байсан. Харин ахлах сургуульд ороод их даруу төлөв болсон доо. Манай Х.Бат-Эрдэнэ аав шигээ аливаа зүйлд маш тууштай, зорьсон зорилготой хүүхэд байсан. Мөн хичээл хийдэггүй мөртлөө ой тогтоолт сайтай.Бусдыгаа бодох юм бол илүү хөдөлгөөнтэй, юманд өртөхдөө амархан хүүхэд байсан. Тийм болохоор Х.Бат-Эрдэнийн бага насны онигоо их бий шүү. Нэг зун бид нар гэр бүлээрээ Говь-Алтайд амраад буцаж явахдаа Өвөрхангайд хөгшиний танил нэг их айрагтай, олон хүүхэдтэй айлд очсон юм. Тэгсэн айлд нэг их удаагүй байж байтал манай Х.Бат-Эрдэнэ бөөлжөөд, толгойгоо даахгүй холбирч унаад санадаргаж гарлаа. Бид ч яарч гараад Өвөрхангайн эмнэлэг явлаа. Тэгсэн нэлээн явсны дараа нөгөөх маань гайгүй шүү. Гэтэл хажуунаас ах нар нь "Наадах чинь тэр айлд баахан айраг уугаад байсан. Тэгээд согтчихсон байсан юм биш үү" гэж хэлж, бөөн инээдэм болж билээ. Тэр үед манай хүү чинь сургуульд суугаагүй л жаахан байсан. 
Бас нэг онигоо бий. Би яахав нөхрийн эзгүйд хэдэн хүүхдээ ажил дээрээ дагуулаад очино. Тухайн үед нэг тэмцээнд орох гээд л бэлтгэл хийж байсан байх аа. Манай хүүхдүүд тэнд очихоороо номхон морь унадаг. Х.Бат-Эрдэнэ үргэлж хашин саарал морь унадаг байсан юм. Тэгсэн тэр удаа морио андуураад өөр саарал морь барьж унаад ойчиж байсан түүхтэй. Багын явдлуудыг нь бодохоор бусад ах, эгч нараасаа их онигоотой, хөгтэй явдлууд олон бий. Тэр хэрээрээ их хөдөлгөөнтэй хүүхэд байсан даа. 
-Та өөрөө их завгүй байсан ч хүүхдүүдээ хичээлээс гадуурх дугуйлан секцэнд их хамруулдаг байжээ?
-Тэгэлгүй яах вэ. Хүний хүүхэд юу сурч байна вэ, тэр бүгдийг хүүхдүүддээ сургах гэж хичээнэ. Х.Бат-Эрдэнэ багадаа мундаг барилддаг байсан. Хүүхдийн барилдааны Улсын аваргад Д.Дагвадоржтой үзүүр түрүүнд үлдэж, цол авч байсан. Хүүгээ бөхийн дугуйланд оруулах гээд л Б.Бат-Эрдэнэ аварга руу хүртэл утасдаж байлаа. Хүүхдүүдийнхээ хөгжилд их анхаарал хандуулдаг байсан. Манай хоёр хүү мото, авто спортоор хичээллэдэг. Нэг нь олон улсын уралдаанд орж байсан. залуу байхад төрөл бүрийн спортоор хичээллэх сайхан л байдаг байлаа. Нас ахиад ирэхээр хүүхдүүдээ унаж бэртэж, гэмтэх вий гэхээс их айх юм. Тэгээд заримдаа энэ хэдийгээ хориглохоор “Өөрөө дурлаж, нойр хоолгүй явсан байж хүүхдүүдээ эсэргүүцлээ” гэж хэлдэг. Хэлээд ч нэмэгүй дээ хүн дуртай зүйлдээ хэзээ ч хоригддоггүй юм.
Өнөөдөр ямар үр суулгана, маргааш түүнийгээ хураана 

Өнөөдөр суулгасан үр ямар байхаас хожим хураах тарианд шууд нөлөөлдөг шиг үр хүүхдээ хэрхэн өсгөн хүмүүжүүлснээс, тухайн хүүхдийн ирээдүй ихээхэн хамаардаг болохыг энэ гэр бүлийн амьдралын түүхээр улам илүү бататгасан юм. Х.Бат-Эрдэнэ одоогоор компаниа улам томруулан өргөтгөж, олон салбарт, шинэ бизнест хүч сорьж басхүү олон ч хүнийг ажлын байраар хангах болжээ. Хүнийг ажилтай байлгана гэдэг бол өөрийнхөө ажлыг хийлгэхийн нэр биш, харин ч түүнд цалин өгч, гэр бүлийнх нь амьдралд тусалж яваа юм. Тэрээр зөвхөн цалин л өгөөд байдаггүй, сайн ажилласан, тууштай зүтгэсэн хүмүүсээ байраар шагнадаг байна. Бидний мэдэхийн “20 гаруй ажилчиндаа байр бэлэглэсэн байх шүү, хамгийн сүүлд өнгөрсөн шинэ жилээр компанийнхаа нэгэн жолоочдоо гурван өрөө байр өглөө гэсэн. Нэг жолоочид өгч байгаа боловч, түүний гэр бүл, ах дүү хамаатан садан гээд олон хүнийг баярлуулж, бас хамт ажиллаж байгаа бусаддаа урам өгнө шүү дээ. Хүнд өгөх шиг сайхан юм байхгүй, өгч байж авдаг нь ертөнцийн хууль” гэж хоёр буурал хуучилснаар бидний яриа өндөрлөлөө. 
                                                                                                                                   
                                                                                                                                         Гэрэл зургийг Э.Ганзориг 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн