Нийтийн тээврийн автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн картаар зорчуулахаар болжээ. Учир нь бэлэн мөнгөөр зорчуулах нь өдрийн орлогоос 23 хувийг алдагдалтай ажиллахад нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг Нийтийн тээврийн газраас гаргажээ. Ийнхүү, ирэх сарын эхний өдрөөс эхлэн автобусаар бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зорчуулж байгаатай холбогдуулан Нийтийн тээврийн газраас картын худалдаанд зарим хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнд:
"Улаанбаатар смарт" ХХК-аас өдөрт 1000 төгрөгөөр хэдэн ч удаа хаашаа ч зорчиж болох картыг дөрөвдүгээр сарын 1-нээс худалдаалж эхлэхээр болсон байна. Картын нэг удаагийн үнэ том хүн 25 мянга, хүүхэд 8000 төгрөг байна. Нэг удаа худалдан авсан бол цаашид интернэтээр төлбөрөө төлж, сунгуулан ашиглах боломжтой ажээ.
Өнөөдрөөс U money картыг 50 хувийн хямрдалтай буюу 2000 төгрөгөөр худалдаалж эхэлнэ. Мөн дөрөвдүгээр сарын 1-нээс захын хорооллуудаар 20 мянган ширхэг картыг үнэгүй тараах юм байна.
Нийслэлийн хэмжээнд 438 карт худалдаалах цэг байгаа бөгөөд цаашид энэ тоог 500 болгон нэмэгдүүлэхэлд анхаарч ажиллах юм байна. Мөн иргэдэд картыг хүртээмжтэй болгох зорилгоор карт худалдаалж байгаа цэгүүдийг өглөө 07.00 цагаас орой 19.00 цаг хүртэл, орой 21.00 цагаас 23.00 цаг хүртэл ажиллуулж урамшуулал олгох юм байна.
Хөдөө орон нутгаас Улаанбаатарт түр хугацаагаар ирж буй иргэдийн хувьд орон нутгаас ирсэн тээврийн хэрэгслүүд зогсдог авто терминалуудад байрлах Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн үйлчилгээний цэгээс түр картыг 3600 төгрөгөөр худалдан авна.
Картын бэлдэц, хүрэлцээ болоод бусад зохицуулалтын талаар “Улаанбаатар смарт карт” компанийн үйл ажиллагааны хэлтсийн дарга Р.Ган-Эрдэнэээс цөөн асуултад хариулт авлаа.
-Бэлэн мөнгөөр зорчсоноор өдрийн нийт орлогын 23 хувь алдагдалд оруулж байна гэлээ. Энэ нь ямар хүчин зүйлтэй холбоотой байна вэ?
-Бэлэн мөнгөөр зорчсоноор өдрийн нийт орлогын 23 хувь алдагдалд орж байна гэсэн судалгааг хийсэн. Учир нь иргэд бэлэн мөнгөний хайрцагт хуурамч мөнгө, уранхай тасархай, бутархай мөнгө ихээр хийж байна. Тиймээс картаар зорчуулахаар болсон.
-Одоогоор хэчнээн мянган иргэн автобусны карттай байна вэ. Бүх иргэдийг картаар хангах боломж, нөөц бий юу. Картын бэлдцийг аль компаниас хийж байгаа вэ?
-Нөөцөд 110 мянган карт бий. Иргэдийн гарт 750 орчим мянган карт очсон байгаа. Манай компанийн захиалгаар картыг БНСУ-д үйлдвэрлэж байна.
-Бэлэн мөнгөний хайрцгийг өмнө нь хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ. Хайрцгийг хураагаад өөр зүйлд ашиглах уу. Автобуснаас хэчнээн бэлэн мөнгөний хайрцаг хурааж авах вэ?
-Бэлэн мөнгөний хайрцаг нэг бүрийн үнэ 600 мянган төгрөг. Нийт 3000 орчим бэлэн мөнгөний хайрцаг хурааж авна. Картаар зорчдог болж байгаа тул цаашид ашиглах боломжгүй болж байгаа юм.
-Иргэд өөр ямар төрлийн картаар үйлчлүүлэх боломжтой вэ?
-U money карт болон хязгааргүй зорчих эрхийн картаас гадна Банкны салбар, ATM, Интернетээр цэнэглэн Нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглан боломжтой “Сити пасс” картаар зорчих боломжтой. Энэ картыг Улаанбаатар хотын Хаан банкны салбаруудад картаа захиалан авна. Мөн гар утасны сим картаа солиулан NFC сим картаар төлбөрөө төлөн зорчих боломжтой. NFC сим картыг Юнителийн үйлчилгээний салбарт хандаж авна.