Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль санаачлах эрхийнхээ хүрээнд "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төсөл санаачилж, УИХ-д яаралтай горимоор өргөн барихаар болсноо өнөөдөр мэдээллээ. Ингэхдээ уг санаачилсан хуулийн төсөл нь Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалтыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх гол зангилаа хууль болно гэж тайлбарлав.
Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын эрх үүргийг тодорхой заасан байдаг. Мөн энэ гурвыг Монгол Улсад хууль санаачлах эрхтэй гурван субъектээр нэрлэсэн. Хэн нь ямар эрх үүрэгтэй, ямар хүрээ, хязгаарт захирагдан үйл ажиллагаа явуулахыг ч заасан байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх гурван субъект хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно гэж Үндсэн хуулийн 26.1-д заасан. Тэгвэл УИХ-ын тухай хууль болон Үндсэн хуульд заасан хууль санаачлах хүрээ, хязгаарын хүрээнд Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачлах эрхгүй бололтой. Энэ талын хэлэлцүүлэг, тайлбарыг хуульчид нийгмийн сүлжээнд ч өрнүүлж байна.
Хуульд хэрхэн заасантай танилцъя.
36 дугаар зүйл.Хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаар
36.1.Доор дурдсан хууль тогтоомжийн төслийг дараах хууль санаачлагч санаачилна:
36.1.1.Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлаар хэлэлцэх, батлахдаа дагалдах хэлбэрээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно;
36.1.2.Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний тодотгол, гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмч, татвар, эрүү, иргэн болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль тогтоомжийн төслийг зөвхөн Засгийн газар санаачлах.
/Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
36.2.Монгол Улсын Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар энэ хуулийн 36.1-д зааснаас бусад асуудлаар хууль тогтоомжийн төсөл санаачилж болно.
36.3.Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална.
36.4.Энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан хууль санаачлах эрхийн тодорхой хүрээ, хязгаарыг хуулиар тогтоож болно.
36.3-д зааснаар бол Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Үндсэн хуульд заасан хэсгийг баримтлах бөгөөд түүнийг баримтлан хууль санаачлах эрхийн тодорхой хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно гэж заажээ.
Тэгвэл Үндсэн хуулийн тодотгосон заалтыг харцгаая.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг "Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно" гэжээ.
Түүнчлэн, УИХ-ын тухай хуулийн 36.1.1-д УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачилна гэж тодорхой заажээ. Ерөнхийлөгч, Засгийн газар УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хууль санаачлах эрхгүй гэсэн үг.
Гэхдээ УИХ-ын үйл ажиллагаа гэдэгт гишүүнийг эгүүлэн татах харилцааг хамааруулж ойлгох уу гэдгээс их зүйл шалтгаална. Хэрвээ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал нь өөрөө УИХ-ын үйл ажиллагаанд хамаарна гэж үзвэл Ерөнхийлөгч хууль зөрчиж, УИХ-ын гишүүдийн хууль санаачлах онцгой бүрэн эрхэд халдсан үйлдэл болж мэднэ.
Тэгэхээр энэ мэтээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл нь Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээ, хязгаараас хальсан уу гэдэг асуудал маргаан дагуулах нь дамжиггүй боллоо. Хуулиар тогтоосон хүрээ, хязгаараас давбал энэ нь өөрөө хуулийн хамгийн том гажуудлыг үүсгэх эрсдэлтэй юм.
Ер нь төрийн байгууламжууд бие биеийнхээ бүрэн эрхэнд, ялангуяа засаглалын онцгой бүрэн эрхэнд халдах эрхгүй. Хэрвээ Монгол Улс парламентын засаглалтай, төрийн эрхийг барих дээд байгууллага нь УИХ мөн л юм бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, чөлөөлөх нь УИХ-ын онцгой бүрэн эрх, түүнд хамаарах асуудал байлтай. Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд тусгаж буй УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах бүхий 4 үндэслэл дунд "Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татдаг болгох" гэсэн заалт багтааж байгаа нь УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдаж байгаа ноцтой үйлдэл биш гэж үү. Парламентын засаглалтай орнуудад парламентын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг ихэнхдээ Засгийн газар эсвэл парламентын гишүүн санаачилдаг. Хэрэв ийм хууль батлагдсан бол зарим улсад иргэд эргэн татах үйл явцыг эхлүүлэх боломжтой байдаг. Харин олон парламентын ардчилсан оронд эгүүлэн татах тогтолцоо байдаггүй бөгөөд гишүүдийг дараагийн сонгууль, парламентын дотоод хариуцлага эсвэл шүүхийн шийдвэрээр хариуцлага тооцдог.
Их Британид Парламентын гишүүдийг эгүүлэн татах тухай хуулийг 2015 онд Засгийн газар санаачилсан байна. Хууль санаачлах эрх нь сонгогдсон Засгийн газар болон Парламентын мэдэлд байдаг нь парламентын бүрэн эрхт байдлын зарчимтай холбоотой.
Герман улсад ч мөн адил Үндсэн хуулийн дагуу хуулийн төслийг Холбооны Засгийн газар, Бундестагийн гишүүд, эсвэл Бундесрат санаачилж болно. Холбооны Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй бөгөөд зөвхөн батлагдсан хуулийг нийтлэн хүчин төгөлдөр болгох үүрэгтэй. Түүнчлэн Германд холбооны түвшинд парламентын гишүүнийг эгүүлэн татах тогтолцоо байдаггүй.
Парламентын засаглалтай Энэтхэг улсын хувьд хуулийн төслийг сайд нар эсвэл парламентын гишүүд санаачилж болно. Ерөнхийлөгч нь Сайд нарын зөвлөлийн зөвлөмжөөр ажилладаг бөгөөд хууль бие даан санаачлах эрхгүй байдаг. Тус улсад үндэсний түвшинд парламентын гишүүнийг эгүүлэн татах журам байхгүй.
Парламентын засаглалтай орнуудад хууль санаачлах эрх нь улс төрийн хариуцлага хүлээдэг Засгийн газар болон парламентын гишүүдэд харьяалагддаг бөгөөд бэлгэдлийн, институцийн болон хяналтын чиг үүрэгтэй төрийн тэргүүнд байдаггүй аж.