Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нүүрсний хулгайн асуудлаар энэ 7 хоногийн даваа гарагт мэдээлэл хийнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл тэрээр энэ мэдээллээ өнөөдөр хийж, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах "Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатар нартай холбоотой гурван баримтыг дэлгэлээ. Тэрээр мэдээллийнхээ дараа өөрт байгаа баримтуудыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэв.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг дэлгэлээ. Мөн "Админерал" ХХК-тай холбоотой асуудлаар УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байх үеийн хурлын протокол, шийдвэрүүд устгасан байсныг ил болгов.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Б.Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй “Херо энтертайнмент групп” ХХК “Гэрэгэ тауэр”-ын 14, 15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн. Иргэнээс дээрэмдэж авсан баримтыг дэлгэв.
“Эрдэнэс Оюутолгой” компани хяналт тавих гэрээг Оюу толгой компаниас 20 сая ам.доллар авсан. Үүнийг нууцын тамгатай зарцуулсан. Анхнаасаа нууцын тамгагүй мэдээлэл байсныг хууль зөрчиж нууцад авсан. 20 сая ам.долларыг 11 багц гэрээний хүрээнд зарцуулсныг дэлгэлээ.
Нэгдүгээр баримт, би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод 17 хонож байна. Үүнээс хойш өөрийн өмнө нь ярьсан хэргүүдийн хойноос уйгагүй ажиллаж байгаа гэдгийг нотлох баримттайгаар танилцуулж байна. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлийг прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татсан бөгөөд Д.Амарбаясгалан тогтоолтойгоо танилцаж, гарын үсэг зурсан.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан руу андуурч бичсэн мессежийг нотлох баримтаар үзүүлж байна. Энэ баримт одоог хүртэл мөрдөн шалгах ажиллагааны хавтаст хэрэгт байхгүй. Энэ баримтыг нотлох баримтын бүрдэл хангаж хууль хяналтын байгууллагад хүлээлгэж өгнө. 2019 оны долдугаар сард “Эрдэнэс Тавантолгой майнинг” охин компани байгуулсан. Энэ охин компанийн нэр дээр Бортээгийн өмнөд хэсэгт хамаарах тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн. 2024 оны дөрөвдүгээр сарын 27-нд Засгийн газрын 146 дугаар тогтоолоор энэ охин компанийг байгуулсан тогтоолоо хүчингүй болгосон. Хэрвээ Бортээгийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компани болгосон бол "Админерал" ХХК-ийг тойрсон нүүрсний хулгайн асуудал гарахгүй байсан. Бортээгийг Эрдэнэс Тавантолгой компанид 100 хувь шилжүүлсний дараа 2020 оны аравдугаар сарын 15-нд Бортээгийн нөөцийг ил уурхайн аргаар ашиглах ТЭЗҮ-ийг баталсан. 2021 оны хоёрдугаар сарын 9-нд Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах төлөвлөгөө баталсан. Бортээгийн уурхай 400 их наядын нүүрсний нөөцтэй, 100 тэрбум ам.долларын үнэлгээтэй орд.
2020.5 сард Бортээгийн ТЭЗҮ-ийг баталсан.
2021.3 сард худалдан авах ажиллагааг байгуулаад 21-нд цуцалсан.
2021.7 сард "Админерал" ХХК байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нь хоёр хятад компани.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байх үеийн хурлын тэмдэглэл олдохгүй байсан. Энэ тэмдэглэлийг би цаасан болон аудио хэлбэрээр олсон. Энэ баримтыг хууль хяналтын байгууллагад хүлээлгэж өгнө. Энэ хурлын аравдугаар сарын 4, 10 гэдэг өдрийг сайн хараарай. Олдохгүй байсан, устгасан протокол дотор Д.Амарбаясгалан дарга "Hong Kong Hensd" компанитай "Эрдэнэс Тавантолгой" компани туршилтын нүүрс оруулж ирэх асуудлыг шийдвэрлэж байгаа. Аравдугаар сарын 10-ны өдөр. Эрдэнэс Тавантолгой хурал болохоос өмнө буюу аравдугаар сарын 4-нд тэр компанитай нь гэрээгээ байгуулсан байсан. Хоёрдугаарт, "Админерал" ХХК-тай Д.Амарбаясгалан дарга ямар ч холбоогүй, мэдэхгүй гэж байсан бол Hong Kong Hensd компанийн эзэн Жан гэж Хятад улсын иргэн нь "Админерал" ХХК-ийн үүсгэн байгуулагч гэдэг нь нотлогдож байгаа. Энэ бол цоо шинэ баримт. Энэ асуудлыг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр тухайн үеийн Засгийн газрын хуралд дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөндөж ярьж байсан аудио бичлэгийг сонсгов.
Хоёрдугаар баримт, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй “Херо энтертаймент групп” ХХК “Гэрэгэ тауэр”-ын 14,15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн. Иргэнээс дээрэмдэж авсан. Энэ асуудлыг судалж үзсэн. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байршилтай оффисын зориулалттай барилга. 14 давхар нь 476.7, 15 давхар нь 556 мкв оффис байна. 2014 оны зургадугаар сард “Герман стандарт” компанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байсан. “Герман стандарт” болон “Херо энтертайнмент групп” ХХК 2017 оны арваннэгдүгээр сарын 22-нд 15 давхрын 556 мкв байрыг худалдах, худалдан авах гэрээ хийж худалдсан. Тухайн үед мкв-ыг 680 мянган төгрөгөөр үнэлж нийт 378 сая 80 мянган төгрөгөөр гэрээг байгуулж байсан. 2018 оны аравдугаар сарын 4-12-ны хооронд “Херо энтертайнмент групп” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. 2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр “Герман стандарт” компани Грийнпинус компанийн хооронд үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 14 давхрын 476.7 мкв-ыг 700 сая төгрөгөөр үнэлж Грийнпинус компани худалдан авсан байна. 2025.01.08-нд “Херо энтертайнмент групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021.01.08-ний тогтоолоор 14 давхрын 476.6 мкв талбайтай оффисыг худалдан авахыг зөвшөөрсөн тогтоол батлаад гэрээнд гарын үсэг зурахыг Баатар захиралд зөвшөөрсөн. 2025.01.09-нд Грийнпинус компани “Херо энтертайнмент групп” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулж 14 давхрын 476.7 мкв байрыг 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж, 2025.1.20-ны өдрийн дотор мөнгийг нь шилжүүлэх нөхцөлтэй байсан. 01.09-ний өдрөө буюу гэрээ байгуулсан өдрөө үл хөдлөхөд мэдүүлгээ гаргасан. Мөн худалдан авах тал бус худалдаж байгаа тал нь татвар төлсөн. Мөн тэр өдрөө үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. Мөнгөө шилжүүлээгүй байхад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараад “Херо энтертаймент групп” ХХК руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, 14 давхрын оффисыг мкв-ыг гурван сая төгрөгөөр үнэлсэн. Мөн мөнгийг нь өгөөгүй байж өөрийнхөө нэр дээр авсан. Тиймээс энэ асуудлыг цааш шалгах ёстой гэж үзэж байгаа. МХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Т.Дүүрэн энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгөөд явж байгаа. Өнөөдөр энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж албан ёсоор шалгуулна.
Гуравдугаар баримт, Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр нууцын тамганы дардастай "Эрдэнэс Оюу толгой" компани 20 сая ам.долларын зарцуулалттай холбоотой их хэмжээний баримт бичиг байсан. Нууцад авч "Эрдэнэс Оюу толгой" компанид шилжүүлсэн 20 сая ам.долларыг 11 багц гэрээний хүрээнд зарцуулжээ.
Маурис гэх хувь хүнтэй 2021 оны аравдугаар сарын 1-нээс 2022 оны аравдугаар сарын 31-ний хооронд нэг өдрийн ажлын хөлсийг 5500 фунт, сард 55,000 фунт, бонус нь 3 сая ам.доллар байх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Бонусын төлбөрийн 15 хүртэлх хувьтай тэнцэх төлбөрийг захиалагч өөрийн үзэмжээр олгож болно гэж гэрээндээ заасан. Нийт 715 мянган фунт стерлингийн гэрээ хийсэн.
Ричард Боули гэх иргэнтэй өдрийн 2200 фунт, сарын 33,000 фунт, бонус нь 3 сая ам.доллар. Бонусын төлбөрийн 15 хүртэлх хувьтай тэнцэх төлбөрийг захиалагч өөрийн үзэмжээр олгож болно гэж гэрээндээ заасан. Нийт 420 мянган фунт стерлингийн гэрээ хийсэн.
Аттикус гэж компанитай 2022 оны гуравдугаар сарын 21-нээс 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан. Эхний зургаан сар 500 мянган ам.доллар шилжүүлсэн. Үүнээс 305 мянган ам.доллар нь халааснаас гарах шууд зардал (pocket money) нэртэй байсан.
2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаанд Аттикус компанид дахин 500 мянган ам.доллар шилжүүлсний 320 мянган ам.доллар нь халааснаас шууд гарах зардалд гаргасан.
Аттикустай 2023 оны гуравдугаар сарын 16-нд дахин гэрээ хийж, 200 мянган ам.доллар шилжүүлсэн.
Аттикустай 2023 оны аравдугаар сарын 1-нээс 2024 оны долдугаар сарын 1 хүртэл дахин 500 мянган ам.доллароор гэрээлсэн. Үүний 140 мянган ам.доллар халааснаас шууд гаргах зардал.
Аттикус гэх компанид нийтдээ 1.170 сая ам.доллар гэрээ байгуулсны 770 мянган ам.доллар нь халааснаас гарах зардал гэсэн нэртэй гэрээ байжээ. Энэ хэсгийн үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.