Оюу толгой компаниас Эрдэнэс Оюу толгой компани рүү шилжүүлсэн 20 сая ам.долларын зарцуулалттай холбоотой асуудлыг улсын нууцад авсан байсныг өмнө нь мэдээлсэн. Энэ мөнгөний зарцуулалт, гэрээнүүдийг ил болгохыг 2025 оны ёсдүгээр сарын 24-нд Засгийн газрын хуралдаанаар шийдэврлэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болгосон байдаг. Тэгвэл энэ асуудал нь улсын нууцад хамаарахгүй буюу Байгууллагын нууцын тухай хуульд заасны дагуу байгууллагын нууцын тамга тэмдэг ашигласныг анхааралдаа авна уу гэдгийг ТЕГ-аас зөвлөмж байдлаар хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ асуудал нь анхнаасаа улсын нууцад хамаарахгүй байсан байхад хууль зөрчиж нууцад авсан байжээ.Б.Энхбаяр 2025 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоныхоо дараа энэхүү асуудлыг илүү өргөн хүрээнд нягталсан байна. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр Эрдэнэс Оюу толгойн 20 сая ам.долларын зарцуулалттай холбоотой их хэмжээний баримт бичиг нууцын тамгатай байсан байна. Тиймээс Б.Энхбаяр сайд 2025 арваннэгдүгээр сарын 4-ний өдөр хууль тогтоомжийн дагуу ажлын хэсэг байгуулж, нууцын тамгатай материалуудад дүн шинжилгэээ хийж, дүгнэлт гарахаар шийдвэрлэжээ. Тухайн өдөртөө багтаад "Эрдэнэс Оюу толгойтой холбоотой 130 хуудас нууцын тамгатай материалд дүн шинжилгээ хийж, ил болгох асуудлаар санал дүгнэлт гаргана уу" хэмээн Тагнуулын ерөнхий газарт хандсан. Тагнуулын байгууллагаас 11-р сарын 7-ны өдөр "130 хуудас бүхий нууцын тамгатай материалыг ил болгохыг дэмжиж байна" гэдэг бичгээ ирүүлсэн байна.Өчигдөр буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ий өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар Эрдэнэс Оюу толгойтой холбоотой Хэрэг эрхлэх газар болон Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр байсан бүх албан бичиг, хурлын шийдвэрийг нууцаас гаргахаар шийдвэрлэжээ. Тиймээс өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Оюу толгой компаниас Эрдэнэс Оюу толгой ХХК-д шилжүүлсэн 20 сая ам.долларыг хэрхэн зарцуулсан зарим баримт мэдээллийг дэлгэв.