Тэрээр "Сүүлийн өдрүүдэд манай улсын нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор гадаадын хэвлэл мэдээллээр зарим ташаа мэдээлэл гарч буйтай холбогдуулан Монгол Улсын Их хурлын гишүүн, гадаад харилцааны салбарыг хариуцаж ирсэн Засгийн газрын гишүүн, цаашилбал иргэний хувьд санаа зовниж, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ.
The Times мэдээллийн сайтад 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр манай улсын дотоод улс төрийн нөхцөл байдал, үйл явдлыг гуйвуулсан, бодит үндэслэлгүй, хүмүүсийг айдаст автуулах зорилгоор санаатай зохион байгуулж, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгджээ. Уг нийтлэл нь Монголын ардчиллыг дорд үзсэн, гадаад уншигчдад төөрөгдөл үүсгэх замаар ямар нэг ашиг хонжоо хайсан агуулгатай нь илт байна. Улмаар асуудлыг хөрш орнуудын харилцаатай хамаатуулан, бодит байдлыг гажуудуулсан нь ихээхэн сөрөг үр дагавартай үйлдэл юм.
The Times сайт “засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр” хэмээн хэдэнтээ дурдсан ч бодит байдал, бусад эх сурвалжийн мэдээллийг орхигдуулж, хэт өрөөсгөл хандсанд харамсаж байна. Эш татсан “сурвалжууд” нь үнэн хэрэгтээ улс төрийн эрх мэдэл, байр сууриа алдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн бусармаг үйлдлээ ямар ч үнээр хамаагүй хаацайлах гэсэн этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Тэдний үйлдэл, өөрсдийн эрх ашгийг хамгаалах өчүүхэн сонирхлын дор улс орны нэр хүндийг олон улсын тавцанд унагааж буй нь эх орноосоо урвасан үйлдэл гэж үзэхэд хүргэж байна.