Их Британийн “The Times” сонинд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс явуулсан харлуулсан кампанит ажиллагааны үр дүн гэх утга бүхий нийтлэл цацагдсаныг орчуулан хүргэж байна.
Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж байсан ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс явуулсан үр дүнтэй төрийн эргэлтийн золиос болжээ.
Нэг нь АНУ-д боловсрол эзэмшсэн, өмнө нь буяны байгууллагад ажиллаж байсан хүн. Харин нөгөөх нь цэргийн офицер асан бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путины шүтэн бишрэгч. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хувиар эдгээр хоёр хүн стратегийн чухал ач холбогдолтой тус улсын эрх мэдлийн төлөө хэдэн долоо хоног үргэлжилсэн үл үзэгдэх тэмцэлд оролцсон билээ.
Гэвч Ерөнхийлөгч Владимир Путинтэй өмнө нь хэд хэдэн удаа, хамгийн сүүлд тавдугаар сард уулзсан хүн энэ тэмцэлд ялалт байгуулсан бололтой. Монгол Улсын Зэвсэгт хүчний хурандаа асан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг албан тушаалаас нь түлхэн унагажээ.
Л.Оюун-Эрдэнэ “The Times” сонинд өгсөн онцгой ярилцлагадаа "Миний харамсаж байгаа зүйл гэвэл алсын хараа, бодлого төлөвлөгөөгүй, зөвхөн албан тушаал булаацалдсан хүмүүсийн улстөржилт манай улсын хөгжлийг ухрааж болзошгүй байгаа явдал" хэмээжээ. Мөн “Парламентын ардчилал хүчтэй, тогтвортой байхын тулд дараа дараагийн алхмуудыг зөв хэрэгжүүлэх нь чухал” гэжээ.
ЗХУ-ын дагуул байсаар ирсэн Монгол Улс 1990 онд Берлиний хана нуран унаснаас хэдхэн долоо хоногийн дараа коммунист дэглэмийн долоон арваны ноёрхлыг тайван хувьсгалаар эцэслэж өнөөдрийн энэхүү сонгуулиар сонгогддог засаглал бүхий нээлттэй, эрх чөлөөт нийггээ бий болгосон. Харвардын их сургуульд боловсрол эзэмшиж, АНУ-ын “Дэлхийн зөн” буяны байгууллагад ажиллаж байсан 44 настай Л.Оюун-Эрдэнэ нь 2021 онд Монгол Ардын Намаас Ерөнхий сайдаар томилогдсон.
Гэвч Монгол Улс ардчилсан орнууд дундаа эмзэг байрлалд байдаг. Ирландын хүн амаас ч цөөн хүн амтай, Их Британиас зургаа дахин том газар нутагтай Монгол Улсын хувьд Орос, Хятад гэсэн хоёр том авторитар хөршийн дунд хавчигдсан, далайд гарцгүй орон юм.
Тус улс Оросоос газрын тос, байгалийн хийн импортын хамааралтай. Харин Хятад улс Монголын нүүрс, эрдэс баялаг, ноолуур, Рио Тинто компанийн олборлодог зэсийн хамгийн том худалдан авагч билээ. Монголын зэвсэгт хүчин жижиг тул хоёр том хөршийнхөө алиных нь ч довтолгоог няцаах чадваргүй. Зүүн Азийн хуурай газраар тусгаарлагдсан улс учир Украины хүлээн авсан шиг цэргийн дэмжлэг авах боломжгүй юм.
Нэмж дурдахад тавдугаар сард нацист Германы ялалтын 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх үеэр У. Хүрэлсүх мөн цугласан олны дунд байв. Мөн олон улсын шүүхээс Путиныг баривчлах шийдвэр гаргасан байсан ч Монгол Улсад төрийн айлчлал хийж, У. Хүрэлсүх нийслэл хотдоо найрсгаар хүлээн авсаныг Украины талаас буруушааж байсан билээ. Энэ айлчлалыг ерөнхий сайд Л. Оюунэрдэнэ дэмжээгүй гэдгийг Засгийн газрын эх сурвалжууд мэдээлж байв.
Л.Оюун-Эрдэнийн гэр бүл авлига авсан гэх шалтгаанаар хэдэн долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд түүнд итгэл хүлээлгэх эсэх талаар санал хурааснаар Л. Оюунэрдэнэ огцорч Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Засгийн газрын эх сурвалжууд түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс хийсэн “төрийн эргэлтийн” золиос болсон гэж үзэж байгаа бөгөөд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа сунгах, төрийн эрх мэдлийг авахад түүнийг өөрийн талын “утсан хүүхэлдэй” байсангүй хэмээн огцрууллаа гэж зарим эх сурвалжууд үзэж байна.
Өнгөрөгч даваа гарагт МАН-аас Л.Оюун-Эрдэнийн оронд У. Хүрэлсүхийн ойрын хүн, Тамгын газрын дарга Гомбожавын Занданшатарыг Крөнхий сайдад нэр дэвшүүлжээ. Түүнийг УИХ-ын чуулганаар пүрэв гарагт хэлэлцэн батлах ёстой.
Оюун-Эрдэнэ өөрийнхөө авлигын хэрэгт холбогдсон гэх мэдээллийг үгүйсгэж, үүнийг "улс төрийн харлуулах кампанит ажил" хэмээн нэрлэжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн эрх мэдлийг Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн хооронд хуваарилдаг. Ерөнхий сайд парламентаас томилогдож, Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилдог бол Ерөнхийлөгчийг ард иргэд шууд сонгодог ба Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, шүүхийн томилгоонд оролцдог.
Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр энэ жил 56 настай У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жилд нэг удаа хэрэгжүүлэх хязгаарлалт бүхий Үндсэн хуулийг өөрчилж, дахин нэр дэвших боломжтой болгохыг олон жил дотроо эрмэлзэж ирсэн гэнэ. Харин Л.Оюун-Эрдэнэ үүнийг нь эсэргүүцэж байжээ. Гэвч энэ онд нөхцөл байдал түүнээс өөрөөс эргэж эхлэв.
Түүний 23 настай хүү Тэмүүлэнгийн сүйт бүсгүй олон нийтийн сүлжээнд тансаг гар цүнх, өндөр үнэтэй бөгж, Mercedes-Benz машинынхаа зургийг байршуулсны дараа олон нийтийн хардлагыг өдөөсөн юм. Тийнхүү “улстөрчид төрийн албан тушаалаа ашиглан хөлждөг” гэх олон жилийн итгэл алдралтыг бататгаснаар иргэд Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаж эхлэв. Л.Оюун-Эрдэнэ өөрийн гэр бүлийн хөрөнгийг төрийн цалин болон өөрийн оролцоотой кино үйлдвэрлэлийн компанийн орлогоос бүрэн тайлагнаж чадна хэмээн мэдэгдэж байлаа.
Л.Оюун-Эрдэнэ “Энэ бол зөвхөн залуусын органик хөдөлгөөн байгаагүй. Зарим хэсэг нь үнэхээр өөрсдийн санаачилгаар гарч ирсэн байх, гэхдээ зориуд зохион байгуулсан хэсэг ч байсан” хэмээн “The Times” сонинд хэлжээ. Тэрээр нэмж хэлэхдээ “Энэ бол хүүг минь ашиглан намайг гүтгэх улс төрийн кампанит ажил байсан” гэв.
Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр, Л.Оюун-Эрдэнийн стратегийн ач холбогдолтой уурхайнуудын 34 хувийг төр буцаан авч эзэмшиж баялгийн сан байгуулна гэсэн нь томоохон бизнес эрхлэгчдийн дургүйг хүргэсэн байна.
Гэвч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулалттай байсан гэх ямар нэгэн нотолгоо алга. Улс төрийн дарамт шахалтаас үүдэн Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарснаар Ерөнхий сайдын тэргүүлж байсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар задарсан нь Ерөнхий сайдыг унагах нэг хүчин зүйл болжээ.
У.Хүрэлсүхийн Тамгын газраас энэ талаар ямар нэгэн тайлбар хараахан хийгээгүй байна.