Улаанбаатар хотод нэг шөнө бороо ороход л Туул, Сэлбэ гол дагасан нийтийн эзэмшлийн орон сууцууд усанд автаж, хэдэн зуун айл цахилгаанаа хязгаарлуулж, амьдрах аргагүй болж байсан нь саяхан. Тиймдээ ч түүнээс сургамж авч, голын голдирол өөрчилж, барилга барьсан компаниудад хариуцлага тооцох асуудал хөндөгдөж байсан ч хоёр жил өнгөрөхөд өнөөх л янзаараа байсаар байна. Уг нь үер буусны дараа Онцгой хамгаалалтын бүс буюу Сэлбэ гол дагуу Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт нийт 1,187, эзэмших 1,483, ашиглах 28, өмчлөх зөвшөөрөлтэй 376 нэгж талбар байгааг нийслэлээс мэдээлсэн. Засгийн газраас Ерөнхий сайд үүрэг өгч, усны онцгой хамгаалалтын бүсийг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр ч гарсан. Ингэхдээ онцгой бүсийн 50, 100 метр дотор тусгай хэрэгцээнд авах эсэхээ судалгаанд үндэслэн хэрэгжүүлэхээр болсон. Усны онцгой хамгаалалтын бүсийн 50 метр дотор гурван объект нэр заан дурдагдахад "Aqua garden" буюу авлига хороолол багтсан ч энэ хугацаанд төр нь цахилгаан, дулаанаар хангаад зогсохгүй, тун удахгүй ашиглалтад орох боллоо.