Open iToim app
Спорт | 2 мин уншина

Лука Дончичийн солилцооны нөлөө

Лука Дончичийн солилцооны нөлөө
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 4
NBA-ийн супер од 25 настай словени залуу өнгөрсөн амралтын өдөр солилцоонд орж АНУ-ын түүхэн дэх хамгийн том спортын солилцооны нэг болж үлдсэн билээ. Уг үйлдэл нь сая, сая хүнийг гайхшируулаад зогсохгүй лигйин үзэлт маркетинг гээд олон хүчин зүйлд салхи оруулсан үйлдэл болсон юм. Тэгвэл тус солилцоо нь хоёр багийн хувьд болон Лукагийн хувьд ямар нөлөө үзүүлсэн талаар товчлон хүргэе.
Лос Анжелес Лэйкерс баг өөрсдийн дараагийн ирээдүй болсон тоглогчоо маш хямд үнээр авсан нь энэ баг ямар гайхалтай нүүдэл хийх чадвартайг харуулж байгаа аж. Тэд ойрын хугацаандаа бүх цаг үеийн шилдгүүдийн эгнээнд бичигддэг ЛеБрон-д төсөөлж ч байгаагүй хамтрагч авчирсан. Харин урт хугацаандаа тэд аваргын төлөө өрсөлдөх багийн суурийг томоор тавьсан юм. Нэг үгээр ЛеБрон Жэймсээс хойш санаа зовсон ирээдүйг үгүй хийсэн гэхэд буруудахгүй.
Харин Даллас Мавериксийн хувьд өөрсдийн бүтээсэн ирээдүйгээ явуулсанд хэн хүнгүй гайхаж байна. Тэд солилцоо хийсэн шалтгаанаа “Хамгаалалтгүй баг хэзээ ч аварга авахгүй явдал” гэж тайлбарлаж байгаа ч яагаад бусад багуудаас санал сонсож, өөрсдөдөө ашигтай наймаа хийгээгүйд хэн ч хариулж чадахгүй байгаа юм. Хэдий тэд хойд шугамдаа Энтони Дэвисийг авсан ч энэ нь хэтдээ тус багийн уналтын үеийг эхлүүлэх солилцоо болсон гэж шинжээчид тайлбарлаж байна. Мөн тэдний инстаграм дагагчийн тоо 700 мянгаар буурсан нь хөгжөөн дэмжигчдийнх нь урам хугарч байгааг харуулав.
Лукагийн хувьд амьдралынхаа багагүй хугацааг зориулсан хот нь түүнээс нүүр буруулж өөрөөс нь ч асуулгүй сольсонд сэтгэл гонсойсон нь аргагүй биз. Гэхдээ нөгөө талаар АНУ-ын хамгийн том зах зээлтэй хотод очсоноор түүнд илүү олон боломж нээгдэх нь гарцаагүй. Багийн хувьд ч Лэйкерс лигийнхээ түүх зузаан багт тооцогдоно. Тиймээс Лука өөрийн карьерын шинэ эринийг эхлүүлэхэд нэгэнтээ бэлэн болжээ.
Өмнө нь манай сайтын бэлтгэж байсан Лука Дончичийн тухай нийтлэл "Хэзээ ч бүү шантар, хэзээ ч бүү бууж өг"
Б.Өсөхбаяр нь 2025 оноос iToim.mn сайтад ажиллаж байна. Тэрээр МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны танхимын IV түвшинд суралцдаг болно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн