Open iToim app
Спорт | 4 мин уншина

Лука Дончич: Хэзээ ч бүү шантар, хэзээ ч бүү бууж өг

Лука Дончич: Хэзээ ч бүү шантар, хэзээ ч бүү бууж өг
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 6
Лука Дончич дөнгөж 18 насандаа буюу 2017 онд шигшээ багаа сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлүүлсэн билээ. Энэ нь Словени улсын спортын түүхэн дэх хамгийн том амжилт байсан юм. Дараа улиралдаа Испанийн Реал Мадрид багийн хамтаар Евро лигт түрүүлж шигшээ тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг давхар хүртсэн байна. Харин 2018 оны НБА-ын драфтын гурав дахь сонголтоор Даллас Маверикс багт сонгогдсоноор түүний хүүхэд насны мөрөөдөл биелсэн юм.
Лука Дончич 1999 оны хоёрдугаар сарын 28-нд Словенийн нийслэл Люблян хотод мэндэлсэн байна. Түүний аав Саша Дончич нь Сербиэс дүрвэж ирсэн сагсан бөмбөгийн дасгалжуулагч бөгөөд өмнө нь мэргэжлийн тамирчин байжээ. Харин түүний ээж Миряам Потэрбин нь хувийн гоо сайхны салоны бизнес эрхэлдэг аж. Эцэг эх нь хуучин Сербийн харъяа байсан Косово улсад анх танилцсан бөгөөд дараа нь Словени улсад нүүж ирсэн байна. Харамсалтай нь, түүний эцэг эх 2008 онд гэр бүлээ цуцлуулснаар ээж нь Лука Дончичийн албан ёсны асран хамгаалагч нь болж үлдсэн аж.
Тэрээр анх долоон сартай байхдаа сагсан бөмбөгийн бөмбөгд гар хүрсэн байна. Түүнийг нэг настай байхад нь түүний аав өрөөнд нь жижиг сагсан бөмбөгийн цагариг тогтоож өгсөн бөгөөд ихэвчлэн түүгээрээ тоглодог байжээ. Лука Дончич хүүхэд байхаасаа маш олон төрлийн спортоор хичээллэж байжээ. Тэрээр хөлбөмбөгт үнэхээр авьяастай байсан ч хэт өндөр болсноор уг спортыг орхисон байна. Тэрээр хожим нь “би угаасаа л спортын хүн болох байсан. Хэрвээ сагсан бөмбөгч болоогүй бол хөлбөмбөг тоглох байсан юм” гэж ярьж байжээ. Долоон  наснаасаа эхлэн сургуулийнхаа сагсан бөмбөгийн хичээлд хамрагдах болсон байна. Тухайд үед тэрээр үргэлж өөрөөсөө ах хүүхдүүдтэй тоглодог байсан байна. Лука Дончич энэ тухайд “Тэд мэдээж надаас илүү хүчтэй, хурдтай бас туршлагатай байдаг байсан. Тэгээд би талбай дээр тэднийг ухаанаараа ялдаг байлаа” гэж ярьсан байна.
Лука Дончич 13 насандаа Испанийн эзэн хааны Реал Мадрид багт нэгдсэн байна. Дөнгөж 16 насандаа анхны насанд хүрэгчдийн тоглолтод оролцсоноор багийнхаа бүх цагийн хамгийн залуу тамирчин болсон юм.
Сагсанбөмбөгийн мэргэжилтнүүд түүнийг төрөлхийн авьяас, ухаалаг шийдвэр гаргах чадвар болон нөөц бололцоогоо ашиглан бүх цаг үеийн шилдгүүдийн нэг болох боломжтой гэж харж байгаа юм. Мөн Леброн Жэймсээс хойших хамгийн олон талт тоглолттой тоглогч гэж үзэж байна. Зарим алдартай мэргэжилтнүүд “Лука Дончичид зөвхөн тэнгэрт л хязгаар байгаа. Энэ хүүгийн нөөц бололцоонд битгий эргэлзээрэй” гэсэн юм.
Гэхдээ Лука Дончич НБА-д хөл тавихаасаа өмнө аль хэдийн сагсан бөмбөгийн ирээдүй гэгдэж байсан юм. Гэвч олон хүн түүнд эргэлзэж байсны дотор зарим нь хэт өндрөөр үнэлэгдсэн жаал хүү гэж тодорхойлж байлаа. Харин тэр НБА-ын эхний тоглолтоосоо эхлэн шүүмжлэгчдийн амыг таглаж Даллас Маверикс багийн ирээдүй, лидер болохоо харуулж эхэлсэн юм. Ердөө хагас жилийн дотор түүнийг танихгүй сагсанбөмбөг сонирхогч гэж үгүй болсон билээ.
Тэрээр энэ жил буюу НБА-ын анхны улиралдаа одоогийн байдлаар 59 тоглолтод оролцохдоо 32,1 минутад 20,9 оноо, 7,2 самбараас бөмбөг авалт, 5,5 оновчтой дамжуулалт, нэг бөмбөг таслалт дундчилж байна. Хэрэв энэ чигээрээ улирлыг дуусгавал НБА-д анхны улиралдаа тоглож буй тоглогчид гардуулдаг шинэ залуу тоглогчийн шагналыг бараг өрсөлдөгчгүй авах нь тодорхой биз ээ. Өмнө нь энэ шагналыг Майкл Жордан, Шакил О нил, Тим Данкан, Аллен Айверсон болон Леброн Жэймс зэрэг шилдгүүд хүртэж байсан юм. Мөн Лука Дончич энэ жилийн НБА-ын бүх оддын тоглолтод итгэмээргүй өндөр санал авч, эхний улиралдаа бүх одод тоглогч болох шахсан билээ. Гэхдээ бусдыг өөртөө татах чадвар болон нөөц бололцоондоо тулгуурлан дараа дараагийн жилүүдэд тогтмол бүх одод болох болно гэж үзэн энэ жилийн арга хэмжээнд түүнийг оролцуулаагүй аж.
Даллас Маверикс баг нь түүнийг ирээдүйгээ гэж харан түүнийг түшиглэн аваргын цөмийн төлөө дайралт хийх шинэ баг босгох ажилд ороод байгаа юм. Багийн хамтрагчид нь ч түүнийг зүй ёсоор багийн лидер гэж харж байгаа аж.  
Лука Дончичийн “IQ” маш өндөр бөгөөд дөрвөн хэлээр ярьж чаддаг байна. Тэрээр төрөлх Словени болон Серби, Испани, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг аж. Түүнд шигшээ багийн тамирчны хувиар Испани, Серби болон Словенийн багт тоглох боломж байсан юм. Учир нь түүний Серби гарал болон хүүхэд наснаасаа Испанид амьдарсан нь өөр улсын шигшээ багийг сонгож болоход хүргэсэн ч тэрээр төрж өссөн Словенийн шигшээ багийг сонгосон байна.    
undefined
Лука Дончич маш даруу төлөв, бусадтай нээлттэй, тусч нэгэн бөгөөд бүх анхаарлаа бэлтгэлдээ зарцуулж, бэлтгэл сургуулилт, амралтын нарийн дэглэм барьдаг. Тэрээр зөвхөн өөрийнхөөрөө байж тухайн мөчөөсөө аз жаргал, таашаалыг мэдрэхийг эрхэмлэдэг байна. Тиймээс ч хөгжөөн дэмжигчдийг ихээр татаж, олны хайртай тоглогч нь болсон байх. Зөвхөн сайн тоглолтоор нь бус олон эмэгтэй сагсан бөмбөг сонирхогчид түүнийг хамгийн царайлаг тамирчин гэж үздэг аж. Тэрээр найз бүсгүйтэй бөгөөд Анамариа Голтес хэмээх Словени загвар өмсөгч бүсгүйтэй үерхдэг юм.
Түүний хүүхэд насны шүтээн нь Грекийн алдарт сагсан бөмбөгч Василис Спанулис байсан аж. Реал Мадрид клубт тоглож байхдаа түүнийг хүндэтгэн долоо дугаартай өмсгөлийг авсан байна. Харин Даллас Маверикст өөр тоглогч энэ дугаарыг эзэмшдэг тул 77 дугаарыг сонгосон аж. Лука Дончич Латин хэлний “non desistas, non exieris” буюу “Хэзээ ч бүү шантар, хэзээ ч бүү бууж өг” гэх үгийг өөрийгөө зоригжуулахын тулд үргэлж хэлдэг байна. Хэрвээ тэр өөртөө бууж өгөхгүй улам бүр өөрийгөө сайжруулсаар байвал сагсан бөмбөгийн ирээдүйг эзэгнэх нь дамжиггүй биз ээ.
Эх сурвалж: lukadoncic.com, nba.com, ESPN
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн