Олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч Б.Хуланг урьж ярилцлаа. Тэрээр Люксембургийн их сургуульд магистр хамгаалж, HSBC банк зэрэг олон улсын томоохон санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангуудад ажилласан туршлагатай. Хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газар болон Францын “Орано Майнинг” САС компанийн хооронд байгуулах ураны Хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэгт Монгол Улсын ЗГХЭГ-ын даргын зөвлөхөөр ажиллаад байгаа юм. Өмнө нь манай Дэлхийн Монгол буланд мөн зочноор оролцож байсан. Түүнтэй ураны Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярилцлаа. -Ураны Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар 20 гаруй жилийн дараа энэ төсөл хэрэгжих боломж бүрдлээ. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг эхлүүлж байгаа нь манай эдийн засагт ямар ач холбогдолтой вэ гэдгээс яриагаа эхлье?
-Сүүлийн жилүүдэд мега тренд болоод буй “ногоон шилжилт” гэдгийн цаана эрчим хүчний шилжилт, эрчим хүчний шилжилт гэдгийн цаана эрдэс баялаг буюу нүүрс, байгалийн хий зэрэг шатах ашигт малтмалаас зэс, болон газрын ховор элемент зэрэг зай хураагуур, хагас дамжуулагч, ногоон ба цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглагддаг ашигт малтмал руу шилжиж буй шилжилт явагдаж буй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.
Нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний тухайд эрчим хүчний хольцын тодорхой хувь хэмжээ болдог ч тохируулга хийх боломж, найдвартай байдлаараа тодорхой бэрхшээлүүдийг дагуулдаг. Уран бол цөмийн эрчим хүчний гол түүхий эд. Цөмийн эрчим хүчийг зарим улс орнууд цэвэр, найдвартай эрчим хүчний эх үүсвэрт тооцож, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.
Дэлхийн зах зээлд цөмийн түлш, ураны эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар 32 улс 440 цөмийн реактор ашиглаж байгаа бол шинээр барьж байгаа 63, барихаар төлөвлөсөн 88 буюу ирээдүйд 344 реактор нэмэгдэх төлөвлөлт байна. Олон Улсын Атомын энергийн агентлаг (IAEA) -аас ураны эрэлт 2050 гэхэд 177 мянган тонн болж хоёр дахин өсөх тооцоолол гаргасан.
Ураны Хөрөнгө оруулалтын гэрээ бол том зургаараа Монгол Улс дэлхийн зах зээл дээрх цэвэр эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээний нэг хэсэг болохоор зорьж байгаагийн илэрхийлэл гэж хэлж болно. Энэ утгаараа стратегийн ач холбогдолтой.
Гэрээ хэрэгжсэнээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого өсөж, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, ҮБС-гийн нэрийн дансан дахь хуримтлалыг бүрдүүлэх, шинэ технологи нутагшуулах зэрэг олон талын үр өгөөжтэй.
-Ураны төсөлд Монгол Улсын Засгийн газар хувь эзэмшихгүй, давуу эрхийн 10 хувийн хувьцаа эзэмших болсон. Энэ нь ямар давуу талтай вэ? Гэрэнд тусгасан заалтуудын хүрээнд Монгол Улс энэ төслөөс 51 хувийн ашгийг хүртэх боломжтой юу. Төслийн нийт борлуулалтын орлого 14 тэрбум ам.доллар болно. Үүнээс 4 тэрбум ам.доллар нь үйл ажиллагааны зардалд зарцуулна. Хувааж болох өгөөж 10 тэрбум ам.доллароос 5.2 тэрбум ам.долларыг нь Монгол Улс, 4.9 тэрбум ам.долларыг нь хөрөнгө оруулагч тал авна гэж хэлээд байгаа?
-Компанийн ашиг биш үр өгөөж гэж нэрлэх нь зүйтэй. Хөрөнгө оруулалтын гэрээгээр талуудын үр өгөөж гэдгийг тодорхой нэрлэж зааж өгсөн. Гол агуулга нь төслийн үр өгөөж (benefit) гэдгийг тодорхойлоод түүний дийлэнх нь Монгол талд байх, аливаа нөхцөл байдлын улмаас уг хувь хэмжээндээ хүрээгүй тохиолдолд түүнд хүргэх тохируулах төлбөр авах нөхцөл гэрээнд тусгаж өгсөн.
Тухайлбал, хөрөнгө оруулагч талын авах нөү-хау, маркетингийн төлбөр, ногдол ашгийг хөрөнгө оруулагч талын үр өгөөжид тооцохоор оруулсан. Онцгой нөхцөл үүсэж, хувь нийлүүлэгчдийн зээлийг Монгол талын зөвшөөрснөөр хөрөнгө оруулагч тал төсөл хэрэгжүүлэгч компанид олгосон тохиолдолд зээлийн хүү нь холбоотой этгээдийн зээл гэдэг утгаараа мөн хөрөнгө оруулагч талын үр өгөөж болох юм. Иймд хөрөнгө оруулагч тал хөрөнгө оруулалтаа нөхөх, үр өгөөжөө хүртэл гол суваг нь ногдол ашиг. Тэгэхээр зардал хэмнэх, цаг хугацаандаа ашиглалтад оруулах, цаашлаад санхүүгийн зохистой менежмент хийх хөшүүрэг нь бүрдсэн.
Ураны үнэ нэг фунт нь 75 ам.доллар байхад, төслийн нийт хугацаанд Монгол талын хүртэх үр өгөөж хорогдуулаагүй дүнгээрээ 4.7 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулагч талын хүртэх үр өгөөж 4.5 тэрбум ам.доллар байхаар, үнэ 80 дээр байхад Монгол талын үр өгөөж 5.2 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулагч талын хүртэх үр өгөөж 4.9 тэрбум ам.доллар байхаар тооцоолол гарсан.
Мэдээж урт хугацааны төслийн санхүүгийн төсөөлөл гэдэг нь одоо мэдэгдэж байгаа мэдээлэл болон ирээдүйн тренд суурь таамаглал дээр үндэслэдэг. Сценари шинжилгээ хийж үзсэний үндсэн дээр зах зээлийн нөхцөл байдал төсөөлснөөр болохгүй бол яах вэ гэдэг асуултад үр өгөөж тохируулах төлбөр гэдгээр түгжээ хийж өгсөн. Цөмийн эрчим хүчний эрэлт нийлүүлэлт, ураны дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлөхүйц томоохон үйл явдал болох зэрэгт тооцооллоо шинэчлээд явах нь зүйтэй.
Төслийн дотоод үр өгөөжийн хувьд ураны үнээс хамаарч ам.долларын 12-20 хувь байх боломжтой тооцоо гарсан. Энэ бол учиргүй өндөр биш ч мөн боломжийн өгөөж. Тэгэхээр нөгөө талдаа мөн эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдолтой төсөл.
-Төрийн эзэмшлийн 34 хувиа авахгүй, 10 хувийг нь давуу эрхийн хувьцаагаар, 24 хувийг нь АМНАТ-өөр орлуулна гэсэн. 24 хувь нь тусгай төлбөрийн хэдэн хувьтай тэнцэж байгаа юм бэ?
-2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн айлчлалын үеэр хөрөнгө оруулагч талтай тогтворжуулалт, төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны суурь, өсөн нэмэгдэх, тусгай төлбөр, бүс нутгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах зэрэг нөхцөлүүдийг тохирч, протоколд гарын үсэг зурж баталгаажуулсан.
34 хувийн энгийн хувьцаа эзэмших хувилбарын тухайд Монгол талын үр өгөөжийн бүтцийг харвал 40 орчим хувь нь ногдол ашгаас, 55 орчим хувь нь АМНАТ болон бусад татвараас орж ирэх тооцоолол гарсан. Ногдол ашиг бол компанийн бүх өртөг, зардал, татвар хураамж, элэгдэл хорогдол тооцсоны дараах үлдсэн ашгаас хуваарилах боломжтой дүн учир тэр хүртэл үйл ажиллагаанд гарах эрсдэлд өртөмхий гэж үзэж болно. Олон улсын томоохон төслүүд дээр зардал хэтрэх бол нийтлэг байдаг зүйл. Харин одоогийн энэ хувилбар тодорхой эрсдэлүүдийг бууруулах, Монгол талын хүртэх үр өгөөж тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж хэлбэл тохирно. Өөрөөр хэлбэл, үр өгөөжийн 80 хувь нь АМНАТ болон бусад татвараар, 13 хувь нь давуу эрхийн хувьцаанд ногдох ногдол ашгаас орж ирэх нөхцөл бүрдэх юм.
Өмнө дурдсан протоколын дагуу Монгол талын эзэмшиж буй энгийн хувьцааг хувь нийлүүлсэн хөрөнгийн 10 хувьтай дүйцэх давуу эрхийн хувьцаа болгож оруулж ирсэн. Давуу эрхийн хувьцаа гэдэг бол компани ашигтай ажиллаад ногдол ашиг хуваариллаа гэхэд тэргүүн ээлжинд ногдол ашгаа авдаг. Давуу эрхийн хувьцаанд ногдол ашиг олгогдоогүй тохиолдолд нөгөө тал ч мөн ногдол ашиг авах эрх үүсэхгүй.
Олон улсад давуу эрхийн хувьцаа нь бонд, хувьцааны аль аль шинжийг агуулсан саналын эрхгүй хувьцаа байдаг. Компаниуд энгийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэйгөөр санхүүжилт босгохдоо түгээмэл ашигладаг. Харин Оранагийн Хөрөнгө оруулалтын гэрээний онцлог бол Монгол тал давуу эрхийн хувьцаа эзэмшиж байгаа хэр нь саналын эрхтэй, алтан хувьцаа шиг хориг тавих эрх нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, бид хувь хэмжээгээ бууруулж байгаа ч компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, барьцаа батлан даалт гаргах, лиценз шилжүүлэх зэргээр Монгол талын эрх ашигт нөлөөлж болохуйц чухал ач холбогдолтой заалтууд дээр хориг тавих эрхийг давуу эрхийн хувьцаандаа авч чадсан. Мөн давуу эрхийн хувьцаа эзэмшиж байгаа боловч анхны болон цаашдын хөрөнгө оруулалтад ямар нэг байдлаар санхүүжүүлэх үүрэг хүлээгээгүй. Уг нь бол нэмэлт хөрөнгө оруулалт дээр өөрт ногдох хувьд санхүүжилтээ гаргах асуудал үүсдэг. Ингэж харвал, тухайн үед Монголын тал санхүүгийн боломжгүй бол зээлээр шийдэх нөхцөл байдал руу орох зэрэг эрсдэлийг хааж, аль ч шатанд хөрөнгө оруулах үүрэг хүлээгээгүй.
Ер нь ийм урт хугацааны төслийн хувьд ирээдүйд зах зээлийн нөхцөл байдал эерэг, сөргөөр өөрчлөгдөх боломжтой. Тийм зүйл тохиохгүй гэж найдах биш, болох үеийн төслийн болон Монгол талын эрсдэлийг үнэлж, бууруулах, шилжүүлэх арга механизм оруулж ирэх нь Хөрөнгө оруулалтын гэрээний гол зорилгуудын нэг.
-Одоо гэрээнд гарын үсэг зурсан ч хэзээнээс талууд ашгаа хүртэж эхлэх вэ?
-Одоогийн ТЭЗҮ-д туссанаар олборлолт хийгдээд бүтээгдэхүүн экспортлох үеэс буюу 2028 оны сүүлээс АМНАТ, зах зээлийн нөхцөл байдал тогтвортой үед 2031 оноос ногдол ашиг хуваарилах тооцоололтой байгаа.
-Төслийг 30 гаруй жил хэрэгжүүлнэ гэсэн. Энэ хугацаанд орон нутагт очих үр өгөөжийг хэмжвэл?
-Төслийн бэлтгэл үе шат 2024-2028, олборлолт 2028-2044, уурхайн хаалт түүнээс цааш 10 жил үргэлжилнэ. Орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бэлтгэл үе шатанд жил бүр 300 мянган ам доллар, олборлолтын оболон хаалтын үе шатанд жил бүр 1,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх, дунджаар 1600 орчим шинэ ажлын байр бий болгох, уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60 хувиас доошгүй, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40 хувиас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээд байхаар тус тус тохирсон. Мөн төсөл хэрэгжүүлэгч компанийн мөнгөн гүйлгээний дор хаяж 50 орчим хувь нь дотоодын банк санхүүгийн байгууллагаар дамжихаар гэрээлсэн.
-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.