Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн баталж, 2024 оны аравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсад бүртгэлтэй зарим эмийг жороор олгохоор болсон. Үүнтэй холбоотойгоор иргэд өдөр тутамдаа хэрэглэдэг ханиад болон өвчин намдаагч, даралтны эмээ авч чадахгүй, эмийн сангууд заавал жор нэхэж байна гэсэн гомдол ихээр гарах болсон. Тодруулбал, зарим эмийн сан АЦЦ, Терафлю авахад хүртэл эмчийн жор шаардаж байгаа талаар мэдээлсэн. Угтаа бол эдгээр эмүүд нь жороор олгох эмийн жагсаалтад багтаагүй. Гэтэл бодит байдал дээр эдгээр эмүүдийг авахад эмчийн жор нэхэж байна гэсэн асуудал дагуулаад байгаа юм. Хэрэв жоргүй олгох заалттай эмийг авахад эмийн сангууд жор нэхэж байвал 51-260182 дугаарт хандан мэдээлэх боломжтой юм байна.
Үүсээд буй нөхцөл байдлын талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын дарга П.Цэцгээгээс тодрууллаа.
-Зарим эмийн сан ханиад томуунаас урьдчилан сэргийлэх АЦЦ, Терафлю, зүү, тариур зэргийг авахын тулд заавал эмчийн жор шаардаж байна гэх мэдээлэл иргэдийг бухимдуулж байна. Эдгээр эмүүд нь шинэчлэгдсэн хуульд зааснаар жороор олгох эмийн жагсаалтад багтсан уу?
-Жороор олгох эмийн жагсаалтыг манай байгууллагын албан ёсны мэдээний сан (Licemed)-аас харах боломжтой. АЦЦ, Тайлол хот, Терафлю, зүү, тариур зэргийг жороор олгоно гэдэг нь ташаа мэдээлэл. Жишээ нь, Тайлол хот жоргүй, Тайлал кот бол жортой олгох эм. Үйлдвэрлэгч байгууллага эмийг жортой жоргүй олгох эсэхийг шийдвэрлэж, түүнийг нь үндэслэж манай эмийн зөвлөл тухайн эмийг бүртгэж авдаг. Ирүүлсэн материалд нь үндэслээд жортой, жоргүй олгох нөхцөлийг эцсийн байдлаар шийддэг гэсэн үг. Licemed дээр жоргүй олгоно гэж байвал тухайн эмийн сан жоргүй л олгох ёстой. Манай улсад бүртгэл, зөвшөөрөлтэй жоргүй олгодог 1154 эм бий. Жоргүй олгох нөхцөлтэй эмийг жороор олгоно гэж байгаа тухайн эмийн сангийн холбогдох мэдээлэл, утас хаягийг манай байгууллагын 51-260182 дугаарт холбогдож мэдээлээрэй. Бид тухайн эмийн сантай холбогдож арга зүйгээр хангаж, зөвлөгөө өгч ажиллана.
-Өвчин намдаах ибуфропен /400гм, 600 гм/-ий хувьд Орос болон Энэтхэгт үйлдвэрлэсэн нь жоргүй, харин БНХАУ, Герман улсад үйлдвэрлэсэн нь жороор олгоно заасан байна. Энэ ямар учиртай вэ?
-Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж, олгох нөхцөлийг тогтоохдоо дандаа үйлдвэрлэгчээс ирсэн бүртгэлийн материал дээр үндэслээд шинжээч ажиллаж, эмийн зөвлөлөөс тухайн эмийг жортой, жоргүй олгох нөхцөлийг тогтоодог. Ер нь бол жороор олгох эсэхийн 90 хувь нь үйлдвэрлэгчээс тогтоодог. Тухайн эм ямар найрлагатай байгаагаас шалтгаалан эрсдэл, аюулгүй байдлыг тооцож үзээд эмийг жороор олгодог. Үйлдвэрлэгч орон жортой жоргүй олгох эсэхийг шийдвэрлэж, түүнийг нь үндэслээд манай эмийн зөвлөл бүртгэхдээ тогтоодог. Ирүүлсэн материалд нь үндэслээд жортой, жоргүй олгох нөхцөлийг шийддэг гэсэн үг. Хуулиараа үйлдвэрлэгч 100 хувь шийднэ гэсэн үг биш. Үйлдвэрлэгч жоргүй олгоно гээд ирүүлчихсэн байхад манай улсад зохисгүй хэрэглэх, эрсдэлтэй байгаад байх юм бол түүнийг жороор олгох болгож өөрчлөх эрх нь эмийн зөвлөлд байдаг. Бид эмийн сангуудад QR код байршуулж байгаа. Гар утсаараа QR кодыг уншуулаад жоргүй олгох эм, эмийн мэдээллийг харах боломжтой. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль 2024 оны зургаадугаар сарын 5-нд шинэчлэгдэж, 10 сарын нэгнээс мөрдөнө гэж заасан. Мөрдөгдөж эхлэнгүүт л ташаа мэдээлэл цахим орчноор тарж байна.
Иргэд ихээр хэрэглэдэг, жоргүй олгодог олон эм маш олон сөрөг нөлөөтэй байдаг байна. Жишээлбэл бидний мэдэхээр үрэвсэл бууруулж, өвчин намдаадаг эм болох ибупорфеныг жороор олгож байгаад иргэд бухимдалтай хандаж буй. Гэтэл тус эм нь дотроо олон янз байдаг бөгөөд орц найрлагын ялгаа болон өндөр тунгаас нь шалтгаалж жороор олгодог байна. Тухайн эмийн гаж нөлөө нь ховор тохиолдолд,
Цус ба тунгалагийн системийн эмгэг- Цус төлжилт өөрчлөгдөх (цус багадалт, цусны цагаан эс ба тромбоцит цөөрөх, цусны бүх эсийн тоо цөөрөх, мөхлөггүй цагаан эсийн тоо олшрох),
Дархлалын системийн эмгэг - тууралтат болон загатнаат хэт мэдрэгших урвалууд, мөн түүнчлэн гуурсан хоолойн багтрааны хөдлөл (заримдаа цусны даралт бууралттай хамт илэрнэ),
Хэт мэдрэгшлийн хүнд хэлбэрийн ерөнхий урвал болох нүүр хавагнах, хэл болон төвөнх хавагнаж амьсгалын зам нарийсах, хүчилсэн амьсгал, зүрх дэлсэх, цусны даралт буурах болон амь насанд аюултай шокийн шинжүүд,
Сэтгэцийн эмгэг- солиорлын урвалууд, сэтгэл гутрал илэрч болно,
Элэгний үйл ажиллагааны алдагдал, элэгний эмгэгшил, ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед элэгний дутагдал болон элэгний цочмог үрэвсэл (хепатит) үүсч болно.
Улаан хоолой ба нойр булчирхайн үрэвсэл,
Чих шуугих, сонсгол буурах, Зүрх дэлсэх, хавагнах, зүрхний дутагдал зэрэг хүндрэл үүсэж болдог, сөрөг нөлөөтэй байна,
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гараагүй бөгөөд хуульд заасны дагуу, жороор олгох жагсаалтад багтаагүй эмийг эмийн сангаас хэвийн олгох аж.