УИХ өнгөрсөн зургадугаар сард Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн баталж, 2024 оны аравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлээд байна. Уг хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор эмийн замбараагүй, зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор Монгол Улсад бүртгэлтэй зарим эмийг заавал эмч, эмнэлгийн байгууллагын жорын бичгийг үндэслэн олгохоор болсон.
Үүнтэй холбоотойгоор иргэд өдөр тутамдаа хэрэглэдэг ханиад болон өвчин намдаагч, даралтны эмээ авч чадахгүй байна, эмийн сангууд заавал жор нэхээд байна гэсэн гомдол ихээр гарах боллоо. Мөн уг асуудалтай холбоотойгоор жор хүссэн иргэд эмнэлгийн байгууллагыг зорих нь ихэсч, эмнэлгүүд ч ачааллаа дийлэхгүй байх асуудалтай тулгарч байна. Иргэд ханиадтай хүүхэддээ, хөгшчүүл нь даралт, зүрх судасны эмээ авахын тулд эмчийн жор хэрэгтэй учраас эмнэлгийн байгууллагыг ихээр зорьж байгаа аж. Түүнчлэн, хөдөө орон нутагт амьдардаг иргэд өмнө нь зүгээр хэлээд авчихдаг байсан өвчин намдаагч эм зэргээ заавал эмчийн жороор авах шаардлагатай нүүр тулжээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас "1998 оноос хойш мөрдөгдөж байгаа эмийн зохицуулалт хэвээрээ үргэлжилж байгаа. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн 4110 эмээс 2800 гаруй эмийг жороор олгох, 100 гаруй эмийг эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай байдаг. 1100 гаруй эмийг жоргүйгээр эмийн сангаас хэвийн олгогдож байгаа" гэж тайлбарлажээ.
Гэхдээ бодит байдал дээр эмийн сангууд "Дээрээс бүх эмийг жороор олго гэж үүрэгдсэн, бид хуулиа л барьж ажиллана" гэсэн шаардлагыг иргэдэд тавьж, хаана хаанаа төөрөгдөл үүсээд байгааг учирлаж байв. Тухайлбал, та доорх эмийн санч болон иргэний харилцан ярианы аудио бичлэгээс нөхцөл байдал ямар байгааг сонсч болно.
Зарим эмийн сан АЦЦ, Терафлю авахад хүртэл эмчийн жор хүсч байгаа нь бодит байдал дээр иргэдийг бухимдуулж байна. Уг нь АЦЦ, Тайлол хот, Терафлю зэрэг ханиад томуунаас урьдчилан сэргийлэхдээ хэрэглэдэг эмүүд жоргүй олгох эмийн жагсаалтад багтсан. Гэтэл эмийн сангууд дээрээс жороор олго гэж үүрэгдсэн зэргээр иргэдийг төөрөгдүүлэх байдал газар аваад байна.
Харин өвчин намдаах ибуфропен /400гм, 600 гм/-ий хувьд Орос болон Энэтхэгт үйлдвэрлэсэн нь жоргүй, харин БНХАУ, Герман улсад үйлдвэрлэсэн нь жороор олгоно заасан байна.
Бид уг асуудлаар үргэлжлүүлэн төрийн захиргааны байгууллага болон эмийн төв байгууллагын төлөөллийн байр суурийг тодруулан хүргэх болно.