УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргаж, парламентад суудалтай АН, ХҮН намд хамтарсан Засгийн газар байгуулах санал тавьсан билээ. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хоёр дахь танхим гурван намаас бүрдэж, Ардчилсан нам, ХҮН намын дарга нарыг ч эгнээндээ элсүүлээд авсан.
16 яам, 23 сайдтай хамтарсан Засгийн газарт МАН 13, АН 8, ХҮН 2 суудалд хүнээ томилоод буй. Хуульд Ерөнхий сайд танхимын сайд нараа томилж, чөлөөлнө гэж заасан ч хамтарсан Засгийн газар байгуулж байгаа учраас эхлээд нам дотроо тохироогоо хийж, үүний дараа Ерөнхий сайд сайд нараа УИХ-д танилцуулан, томилсон юм. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт ашиг сонирхлын зөрчилтэй сайд цөөнгүй бий.
Ерөнхий сайдаас гадна 22 сайдынх нь 8-9 нь их бага хэмжээгээр ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс томилогдсон.
"Ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно" хуульд гэж заасан байдаг. Засгийн газрын гишүүн бол нийтийн албан тушаалтан юм. Энгийнээр тайлбарлавал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд гэдэг нь тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес, компанитай хэрнээ тухайн салбараа тэргүүлэн ажиллаж байгаа гэсэн үг. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Хамтарсан Засгийн газрын ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг цувралаар танилцуулж байна.