Аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэхгүйгээр Монгол Улсын эдийн засгийг өсгөх талаар санах ч хэрэггүй юм. Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж байж монголчууд бид хэрэглэгч биш, үйлдвэрлэгч орон болох буюу үйлдвэрлэл дагасан олон мянган ажлын байр бий болгосноор өрхийн орлого нэмэгдэж, эдийн засгийг олон талаар өсгөх зөв үндэс суурь нь тавигдах учиртай.
Тийм ч учраас Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эдийн засгаа хөгжүүлэх гол цөм болгон тодорхойлоод байгаагийн зэрэгцээ Засгийн газар энэ дагуу 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан. УИХ Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Говийн бүс аж үйлдвэрийн цөм нь хэмээн тодорхойлоод байна.
Аж үйлдвэрийн салбарт хүнд, хөнгөн аж үйлдвэрлэл буюу уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл хамаарч байгаагийн зэрэгцээ аялал жуулчлалын салбар нь Говийн бүсийн хөгжлийн тулгуур байна хэмээн харж байгаа юм. Тэгвэл энэ бүхэн яриад өнгөрөх биш бодитой хэрэгжих эрх зүйн үндэс болсон Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг Төмөртогоогийн Энхтүвшин гишүүний ахалсан УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо амжилттай хэлэлцүүлэн батлуулсан юм. Уг хуулийг баталснаар уул уурхай болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ эцсийн шатанд боловсруулах цогц үйлдвэрүүдийг барьж байгуулах боломж бүрдээд байна.
Говийн бүсэд л гэхэд Дундговь аймгийн мал аж ахуйн салбарыг түшиглэн мах, ноос, арьс шир боловсруулах, сүү цагаан идээний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бол Өмнөговь аймагт өдгөө 90 хувь нь түүхий эдээрээ хилээр гарч байгаа байгалийн баялгийг боловсруулж, эцсийн шатанд үйлдвэрлэх үйлдвэрүүдийг эхнээс нь байгуулах. Уг хуулийн хүрээнд энэ бүх үйлдвэрлэлийг төрөөс импортын болон бусад татвараар хөнгөлж, дэмжих бодлогоо боловсруулсан. Аж үйлдвэрлэлийн хөгжил энэ хуулийг дагаж урагшлах нь дамжиггүй болоод байгаа нь энэ. Т.Энхтүвшин УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороог амжилттай даргалсан бөгөөд нийт 32 хуулийн Ажлын хэсэгт орж ажилласнаас 17 Ажлын хэсгийг нь ахалж, 10 гаруй хуулийг санаачилж батлуулав.

Түүний ахалж, санаачилж батлуулсан эдгээр хуулийн үр дүнд дараагийн 30 жил Монгол Улс түүхий эдээ хилээр шууд гаргах бус нэмүү өртөг шингээж, уул уурхай төдийгүй хөдөө аж ахуйн салбарын орлогыг нэмэгдүүлэх, олон мянган ажлын байр бий болгож, дундаж давхаргын амьдралын чанарыг сайжруулах суурь бодлого бий болоод байгаа нь хамгийн гол ач холбогдол юм. Аж үйлдвэрлэлээ хөгжүүлж байж л Монгол Улс хөгжиж, эдийн засаг томрох билээ.