Улс төрийн намууд | 3 мин уншина

Part 2: МАН-ын мөрийн хөтөлбөрийг дүгнэе

Part 2: МАН-ын мөрийн хөтөлбөрийг дүгнэе
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 27
Манай редакц 2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөрөөс иргэн, аж ахуйн нэгжийн амьдралд хамгийн их хамааралтай зургаан бүлгийг сонгож, тус бүрийн таван амлалтад хариулт хайж, сонгогч танд эргэцүүлэх, дүгнэлт хийх эрхийг олгож байна. Эхний хэсэгт “Орлоготой иргэн” бүлгийн амлалтыг хэрэгжилттэй нь хүргэсэн бол энэ хэсэгт “Эдийн засаг”-ийн амлалтад хариулт хайлаа.
undefined
Амлалт: 150 мянган ажлын байр бий болгоно.
-Эрх баригч МАН нэг ч шинэ ажлын байр бий болгоогүй гэвэл худал хэлсэн болно. Харин шинээр бий болгосон ажлын байраа бүртгэх, салбар бүрийн уялдааг холбох гол ажлаа тэд хийж чадсангүй. Үндэсний аудитын газраас уг амлалтын хэрэгжилтийг 30 хувьтай гэж дүгнэсэн.
Шалтгаан нь, “Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр “Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”-ыг 2021 онд хийсэн гэх боловч тус ажлыг хэрэгжүүлснээр ямар ахиц гарсан, ямар ажлыг тус загварын тусламжтай оновчтой хийж гүйцэтгэж байгаа нь тодорхой бус байна. Мөн эдийн засгийн загварчлалд суурилсан бүтээн байгуулалт, салбар дундын зохицуулалтыг бий болгоогүй, туршин хэрэгжүүлээгүй байна” гэж дүгнэв.
undefined
Амлалт: Үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн өсөлтийг хүн бүрд хүргэнэ
-Эрх баригчид энэ хаврын чуулганд багтаж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг батлахаар зэхэж буй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн хэлэлцээд, төслөө УИХ-д өргөн барих аж. Өөрөөр хэлбэл, МАН сонгуулиас өмнө зарим хуулийг машиндаж, амлалтаа биелүүлсэн нэр зүүнэ. Баялгийн сантай болсноор иргэд байгалийн баялгаас олсон орлогоос бодитой хүртдэг болно гэж МАН дөрвөн жил ярив.
undefined
Амлалт: “Атрын IV” аяныг хэрэгжүүлж, органик хүнс экспортлогч орон болно
-Эрх баригчид Атрын-IV аянг эхлүүлсэн. Гэхдээ Атрын IV аяны хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэл 50 хувьтай гэж Үндэсний аудитын газар дүгнэсэн байна.
Тухайлбал, баруун, зүүн бүсэд улаанбуудайн элеватор байгуулах замаар газар тариалангийн үр ашгийг сайжруулна гэж байв. Энэх хүрээнд Увс аймгийн Баруунтуруун сум, Дорнод аймгийн Хэрлэн суманд барих элеваторын зураг төслийн ажил 2023 оны 11 дүгээр сард дууссан боловч барилгын суурийн ажил дуусаагүй байна. Зорилтод түвшинд хүрээгүй.
Органик хүнсний хувьд УИХ-аар 2022 онд Органик бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн баталсан. Харин органик хүнс үйлдвэрлэгч орон болоогүй. Монгол Улсад хүнд , хөнгөн үйлдвэрүүд хангалттай хөгжөөгүйгээс гадна дотоодын хүнсээ өөрсдөө 100 хангаж чадаагүй байгаа юм.
undefined
Амлалт: Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина
-Энэ амлалт хэрэгжээгүй төдийгүй 2023-2024 онд орон даяар цахилгааны хязгаарлалттай, улсаараа хөлдөх эрсдэл дунд өвөлжсөн. Энэ хавар, зун, намар ч цахилгааны хязгаарлалт үргэлжилнэ Эрчим хүчний яамнаас мэдээлж буй.
Монгол Улс Эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангаж чадахгүй байгаа бөгөөд оргил ачааллын үеэр хоногт ОХУ-аас 350МВт цахилгаан эрчим импортоор авч байна. Үндэсний аудитын газраас эрчим хүч, дулааны чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажлууд хамгийн муу буюу 0 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэжээ.
undefined
Амлалт: Олон улсын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ.
-МАН-ын мөрийн хөтөлбөрөөр хамгийн бодитой хэрэгжсэн амлалтын нэг нь аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар дээшлүүлэх. Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, жуулчдыг татах чиглэлд багагүй хөрөнгө мөнгө зарж, улсаа сурталчилсан. Үр дүнд нь, Монголд Улс түүхэндээ байгаагүй жуулчин буюу жилд 650 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого нэг тэрбум ам.доллар давсан.
Харин БОАЖЯ-ны хувьд жуулчдын тооноос өөр ажилд ахиц гаргаагүй, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гүйцэтгэл хангалтгүй байгааг ҮАГ-ын дүгнэлтэд дурдсан байв.
Дараагийн хэсэгт “Орон сууцтай өрх” бүлгийн таван амлалтад хариулт хайж, хүргэх болно.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн