Алтан шар нар тунаран гийсээр, шинэ өдөр эхэллээ. Шанд цастай. Цасны жавар хүйтэн. Өртөө буудал ирэх, угтах олны хөлд онцгой дарагдана. Хүйтнийг ч үл ажрах. Амьдрал ийм эрт буцална. Хүн хөгжил, боломжоо дагана. Монгол орны хөгжилд жин дарах томоохон төслүүд энд бий. Тэр төслүүд ирэх цагийг өнгөлөх, тодруулах учиртай. Бидний боломжийг нэмэх, хөгжлийн яриаг бодитой болгох юм. Ийм хүлээлт дор цаг хугацаа цахилна. Эрчтэй хөгжлийн гараан дээр Дорноговь эргэлтгүй, буцалтгүй иржээ.
Хутагтын нутаг аж үйлдвэр, аялал жуулчлал, тээвэр логистик, сэргээгдэх эрчим хүч, боомт, дэд бүтцийн төв болон хөгжих нь тодорхой юм байна. Боловсруулах, баяжуулах, эцсийн бүтээгдэхүүний эхлэл цэг нь болж, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хэдийнэ оржээ. Дорноговь улсад орлого төвлөрүүлдэг аймаг. Татаас авдаггүй. Өөрөө өөрийгөө тэтгэх, бусдад хуваалцах том эдийн засаг. Аж үйлдвэрийн тэргүүлэх төслүүд тэнэгэр говьд ид хэрэгжиж байна. Хаялга, нөлөө нь орон нутагт мэдрэгдэж, бараа сүр нь улс даяар сонсогдоно. Гэрэлт говь, Алтан ширээ аж үйлдвэрийн паркууд үндэсний мөрөөдлийг нүдэн дээр амилуулж, ширэм, ган үйлдвэрлэх, нүүрснээс кокс гарган авах алхмыг компаниуд эрсдэл үүрэн тавиад байна. Тэд эхлүүлж, тууз хайчлах цаг наашлах. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар боомт хүртэл төмөр зам тавигдаж, Ерөнхий сайд очиж нээж байлаа, Дорноговьд. Газрын тос боловсруулах үйлдвэр хараат бус эдийн засгийг цогцлоох шийдэл болж, ажил ундарч, бүтээн байгуулалт төслийн талбайд урагшилж байгааг дуулгая.
Сайн мэдээний эх ундарга нь Дорноговь өөрөө болж байна, эдийн засагт. Энэ нутаг цаашид нөлөө бүхий бүс нутаг болон хөгжих нь ээ. Хөгжих, тэлэх, томрох итгэл үнэмшил батжин бэхжив. Сая, сая тонны хүчин чадалтай, хуурай аргын технологитой хувийн хэвшлийн цементийн үйлдвэрүүд дотоодын хэрэглээг бүрдүүлж, тогтвортой, тасралтгүй бүтээн байгуулалтын “талх”-ыг нийлүүлж байна.
Цагаан суварга төсөл Эрдэнэт, Оюутолгойн араас залгах мөч ойртон буй. Одоо ураны түүхий эд шар нунтаг экспортлох төсөл хөдөлж, Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх тун чиг дөхөөд байна. Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 2016 оноос тогтмол байраа ахиулж, 21 аймгийг Дорноговь 2022 оны байдлаар тэргүүлсэн. Монголын хамгийн урт төмөр замтай аймаг бол Дорноговь. Төмөр замын сүлжээ нь улам уртсаж байна. Боомтууд нь дараагийн түвшинд шилжиж байна. Замын-Үүд, Ханги боомтууд худалдааны гүүр, эдийн засгийн мөнгөн урсгалыг дэмжиж, тэжээж байна. Шинэ терминалууд ашиглалтад орж, ачаа эргэлт, хүний урсгал торох саадгүй зорчдог болж байна.
Чөлөөт бүс “чөдөр” бус чөмөг суух боломжийг хувийн хэвшилд ойртуулах нь. Ийм орчин нөхцөл бүрдэж байна. “Шинэ сэргэлт” гэж Засгийн газрын дунд хугацааны хөгжлийн бодлого байгаа. Үүгээр зарласан зургаан сэргэлт Дорноговьд аль хэдийнэ ажил болж эхэлсэн байна. Эрчим хүч, аж үйлдвэр, боомт, хөдөөгийн сэргэлт, төрийн бүтээмж гээд явна. Сэргэлтийн бодлогууд дорнын говьд эрчимжиж, аж үйлдвэржилт илүүтэй энэ дундаасаа ялгарч байна. Орон нутагт ирэх жилийн төсөв яригдаж, орлого, зарлага, үр дүнд суурилсан төсөв, түүнийг хэрхэн нутагшуулах, нийгэм эдийн засгийн үр ашгийн тухай олуулаа хэлэлцэж байна. Уламжлалт төсвийн аргачлал өөрчлөгдөж, арга хэмжээнээс үр дүнд шилжиж байна. Үүнд зорьж, хөгжлийн төлөвлөлт, төсвийн шинэчлэл хэв загвараа шинээр олж эхэлж байна. Хэрсүү төсөв төлөвлөх, батлах суурь тавигдаж байна. Дорноговь Монголын аж үйлдвэр, боловсруулах салбарыг бойжуулах, өргөжүүлэх, олон улсын зах зээлд зорих, тэмүүлэх “цахиурын хөндий” болохоор байна. Эдгээрийг дагаж мянга түмэн бизнесийн боломж олгох өсөн дэвших үржил шимтэй “хөрс” энэ нутагт бүрдэж байна. Амьдрал сайжрах, ажлын байр нэмэгдэх, орлого өсөх найдвар тэр юм. Хөдөөгийн сэргэлтийн хөшүүрэг нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт татах төслүүд төр, хувийн хэвшлийн түншлэл, аж ахуйн нэгжүүдийн үйл хэргээр хөгжлийн цангааг тайлж байна. Дорноговийн цаг эхэлжээ.