Open iToim app
Парламент | 4 мин уншина

Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 12
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нь Ерөнхий сайдын санал, НИТХ-ын дэмжлэгээр хотын даргаар сонгогдсон. Иймд түүнийг УИХ-ын гишүүний үүрэгт албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжлээ. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцож буй гишүүдийн 60.5 хувийн саналаар дэмжив.
Ингэснээр тэрээр УИХ-ын гишүүний ажлаа өгч, Хотын даргаар ажиллахаар болж байна. Түүний УИХ-ын гишүүнээр сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт Сонгуулийн тухай хуулийн дагуу нөхөн сонгууль хийхгүй. Учир нь, уг хуульд сонгууль болохоос нэг жилийн өмнө нөхөн сонгууль хийхийг хориглосон байдаг байна.
Түүнийг ажлаа өгөх үед гишүүд захиасаа хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдаар ажиллахдаа авлигын асуудлыг илчилж, шударга байдлыг тогтооход хүчин чармайлт гаргаж ажилласан. Нэг зүйлийг онцгойлон хэлмээр байна. Нийслэлд хамгийн их хүн ам төвлөрсөн, хүүхдүүд аюулгүй байх нөхцөл бүрдээгүй хот. Хотод түгжрэл, утаа нэн тэргүүний асуудал боловч хүүхдийн асуудлыг анхаарч ажиллахыг хүсье. Нийслэлийн хүүхдийн байгууллага хангалттай ажиллахгүй байгаа. Иймд хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд анхаарлаа хандуулахыг хүсье.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Нийслэлд тулгамдаад буй асуудлуудыг шийдэхэд бодлогын шинэчлэл хийх зориг байгаа гэж найдаж байна. 2040 он гэхэд Улаанбаатарын хүн ам 2.6 сая болох нь. Нийслэлийн эрх зүйн статусыг УИХ-ыг баталж өгсөн. Нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байдаг. Цэцэрлэг сургууль барих, улсын төсөвт суулгах асуудалд газрын асуудал тулгардаг. Иймд газрын, татварын асуудалд анхаарал хандуулахыг хүсье. Нийслэлд хийгдэж буй дугуйн зам, нийтийн талбайг нэмэх тал дээр ажиллаж өгнө үү.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Х.Нямбаатарт амжилт хүсье. Үнэндээ явуулмааргүй байна. Яалт ч үгүй хотын ажлын үр дүнгээс хамаарч бидний ажлын үр дүн харагддаг. Иймд галтай цэг дээр ажиллах гэж байгаад амжилт хүсье. Хотод олон асуудал бий. Яривал асар их. Түүнийг Х.Нямбаатар очоод учрыг нь олчих байх гэж итгэж байна.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Хотын хувьд Х.Нямбаатар шинэ хүн биш. Улаанбаатарын хамгийн хүн ам ихтэй дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэгт ИТХ-ын даргаар ажиллаж байсан. 10 жилийн өмнө Сонгинохайрхан дүүрэг хотын захад хаягдсан байдлаар төсөөлдөг байсан бол одоо хөгжиж, дэд бүтэц сайтай болж, олон асуудлаа шийдэж чадсан. Би нэг зүйлийг хэлье.
Д.Сумъяабазар даргын хийсэн нэг ажил бол Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Ингэснээр УИХ, Засгийн газар, хот хамтраад асуудлаа хамтдаа шийдье гээд явж байна. Энэ агшинд хотод ажиллаж байсан, УИХ, Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай, юмаа мэддэг, хурдтай, зоригтой хүн очиж байна. Хотын иргэд түүнийг сайн дэмжээсэй.
УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Баяр хүргээд байх том албан тушаал, эрх мэдэл дээр очоогүй. Маш хүнд хүчир, зовлонтой, хэр баргийн аавын хүү аваад явчихдагггүй ажил дээр өөрийнхөө хүслээр бус очиж байна. Надад хотын дарга болох санал тавьсан бол үгүй л гэх байсан. Энэ ажлыг хийгээд гэрэл гэгээ тусгачих болов уу гэж хүлээж байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Олон чухал албанд нэр төртэйгөөр ажилласан. Шинэ сайд ч бас энэ үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх байх. Нийслэл бол маш том айл. Хог шороо, нохой гахай, гэрэлтүүлэг гээд орохгүй ч юм байхгүй. Аж ахуйн гол ажил явж байдаг. Миний бие хотын иргэн болоод хоёр жил боллоо. Аж ахуйн ажил хөөцөлдөөд энэ бүхний ард гарах хүнд. Иймд Улаанбаатар хотын эрх зүйн асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой. Аж ахуйн ажил хийхээс гадна улс төрийн манлайлал дутагддаг юм байна. Газрын асуудалд зоригтой шийдэл гаргаасай гэж хүсэж байна. 2023 онд УИХ төсөв батлахдаа орон нутагт нэг ч шинэ хөрөнгө оруулалт тавиагүй. Тэгсэн мөртлөө Улаанбаатар хотын нийтийн тээврийн сайжруулна гээд төсөв тавиад өгөхөд өнөөдөр бид шинэ автобустайгаа золгож чадаагүй л байна. Хаана нь ажил гацаад байдгийг илрүүлж гаргах байх гэж найдаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Төв аймаг Улаанбаатар хотын бүслэн оршдог. Улаанбаатар хот болон Төв аймаг уялдаатай ажиллах ёстой. Улаанбаатар хоттой Төв аймгийн долоон сум газар нутгийн маргаантай, байнга тэлэх бодлого явуулдаг. Иймд айл саахалттайгаа уян хатан байна гэж найдаж байна. Монголчууд салхин доорх айлтайгаа мууддаггүй. Адуу үхэр мал нь салхинд уруудаад очиход муу айл бол хэлдэггүй. Тэрэн шиг эргэн тойронд амьдарч буй Төв аймгийнхантай хамтарч ажиллахыг хүсье.
Түүний нийслэлд хийх ажлын талаар ЭНД дарж уншина уу.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн