Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх улс төрийн шийдвэр гаргасан. Улмаар тус шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн. Тэгвэл өнөөдөр НИТХ-ын ээлжит бус хурлаар Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар сонгох асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигчээс цаг үеийн болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлогын асуудлаар асуулт асууж, хариулт авлаа. Х.Нямбаатарын хариултаас нийслэлд хэрэгжүүлэх алсын хараа, бодлогыг тоймлон хүргэж байна.
Ажлын байр хайсан нүүдэл нийслэлийн хүн амын өсөлт, өнөөгийн тулгамдсан асуудлуудын суурь шалтгаан болсон
1990-ээд оны сүүл хүртэл Улаанбаатар хотын хүн ам 600 мянга орчим байж ирсэн. Гэтэл өнөөдөр нийслэлд 1.7 сая хүн амьдарч байна. 1970-аад оны дундуур ОХУ-ын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын III ерөнхий төлөвлөгөөг хийсэн. Ингэхдээ Улаанбаатар хот 500 мянган хүн амтай, 60 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй байхаар тооцож дэд бүтэц, инженерийн байгууламжууд баригдсан. 1990 оноос хойш нийгмийн шилжилт өрнөж хөдөө орон нутагт байсан үйлдвэр, аж ахуй нэгж, нэгдэл, улсын үйлдвэрийн газрууд татан буугдаж хувьчлагдсанаас шалтгаалж ажлын байр хайсан шилжилт хөдөлгөөн нийслэлийн хүн ам механикаар өсөж, өнөөдрийн байдал бий болоход хүргэсэн. Мөн 1990-ээд оны сүүлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарч Улаанбаатарт шилжин ирэх татварыг чөлөөлсөнтэй холбоотой.
Энэхүү хүн амын механик өсөлт нь боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, агаар, хөрс, усны бохирдөл зэрэг нийслэлд тулгамдаж байгаа асуудлуудын үндсэн шалтгаануудын нэг болсон. Тиймээс бид энэ асуудлуудыг хамтдаа цэгцлэхээс өөр арга байхгүй.
Иргэд автомашин худалдан авахыг хязгаарлахаас илүүтэй нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломж нөхцлүүдийг бий болгох чиглэлд захиргааны шийдвэрүүд гаргана.
Х.Нямбаатар
Автомашины импортыг хязгаарлах, нийтийн тээврийг нэмэх замаар нийслэлийн автозамын түгжрэлтэй захиргааны аргаар тэмцэнэ
Өнөөдөр Улаанбаатар хотын автозамын дундаж хурд 5км/цагаас доош орох түвшин рүү явж байна. Дэлхийн дунджаар 11км/цагаас дээш хурдыг харьцангуй түгжрэл багатай гэж үздэг.
Өнөөдөр Улаанбаатар хотод 650 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчиж байна. Гэтэл нийслэлийн автозамын сүлжээ 80 мянган автомашин зорчих даацтай байгаа нь түгжрэлийн хамгийн үндсэн шалтгаан болж байгаа. Энэ дээр жилд 20-30 мянган автомашин импортоор орж ирдэг. Тиймээс автомашины импортыг хориглох зэргээр Улаанбаатар хот дахь тээврийн хэрэгслийн механик өсөлтийг хязгаарлах, шинээр автозамууд барих, нийтийн тээврийн масс тээврийн хэрэгслүүдийг бий болгох, хооронд уяж интеграцид оруулах ажлыг хийхээс өөр гарц байхгүй. Гэхдээ бид иргэд автомашин худалдан авахыг хязгаарлахаас илүүтэй нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломж нөхцөлийг бий болгох чиглэлд захиргааны шийдвэрүүд гаргана.
Шахмал түлшээр бус орон сууцжуулалт, дэд бүтцийн хангамжийг сайжруулах замаар агаарын бохирдолтой тэмцэнэ
Бид шахмал түлшний үйлдвэрийн үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг бодлогоос татгалзах ёстой. Эсрэгээрээ шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг хэрхэн бууруулж, иргэдийг орон сууц, хэсэгчилсэн халаалт, инженерийн шийдлүүдийг жил бүр хэрхэн шат дараатай нэмэгдүүлэх вэ гэдэг шинэ бодлого руу явах ёстой. Өнөөгийн дахин төлөвлөлтийн бодлогыг эргэж харах хэрэгтэй. 1960-аад онд Өмнөд Солонгосын орон сууцжуулалтын бодлого дээр гарсан алдааг давтахгүй байх, бусад улсын туршлагуудыг нэвтрүүлэх бодлогыг ойрын хугацаанд боловсруулж ажиллана.
Би шийдвэр гаргахаас огт айдаггүй. Ногоон автобусны асуудалд цэг тавьж, энэ ондоо багтаан хуулийн дагуу шинээр автобус худалдан авна
Шийдвэр гаргахад надад эргэж судалъя, хойш нь тавъя гэдэг бодол байдаггүй. Би шийдвэр гаргахаас огт айдаггүй. Шийдвэр болгоны үр дүн тулгамдаж, хүлээгдэж байгаа асуудлуудын гарц гаргалгаа гогцоог тайлахад чиглэж байх ёстой.
Ногоон автобустай холбоотой асуудал дээр худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж зөрчигдсөн бол үүнд цэг тавиад, өр төлбөртэй холбоотой зүйлс дээр хэлэлцээ хийгдэх ёстой. Шинэ автобусны худалдан авалтыг худалдан авалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу энэ ондоо багтаан хэрэгжүүлж, нийслэлийн иргэдэд нийтийн тээврийн шинэчлэлийг цогцоор нь үзүүлэх чиглэл рүү дорвитой арга хэмжээ авна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс улс төрийн шийдвэр гаргаж намайг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлсэн. Өөрийн бодол санаа, тооцоо судалгааг НИТХ-д танилцуулж, бодлого шийдвэр гаргаж явна
УИХ дахь МАН-ын бүлэг дээр намайг Нийслэлийн Засаг даргаар томилох асуудал огт яригдаагүй. Улс төрийн намын тухай хууль болон МАН-ын үндсэн дүрэмд заасны дагуу намын Удирдах зөвлөл дээр улс төрийн шийдвэр гарч, уг шийдвэрийн дагуу НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж нэр дэвшүүлэх процесс явагдаж байгаа. Хуулийн сайдын чиглэлээр нийслэлийг удирдах уу гэдэг асуулт байгаа. Би нэг зүйлийг маш тодорхой хэлье. Би ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан. Тиймээс ХЗДХЯ болон одоогийн ХЗДХ-ийн сайдын байр суурь, бодлого шийдвэр, хуулийн талаар ямар нэгэн тайлбар хэлэх бодолгүй байна. Хийсэн, үлдсээ цаг хугацаа ард үлдэх ёстой. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн асуудал гарвал хуульч хүнийхээ хувиар байр сууриа илэрхийлнэ.Түүнээс ажлаа өгчихөөд дараагийн хүмүүсийнхээ ажилд оролцоно гэдэг тодорхойгүй асуудал. Хэрэв НИТХ-аас намайг дэмжиж, Ерөнхий сайд захирамжилсан цаг үеэс эхлэн нийслэлийн хөгжил цэцэглэлт, хотын сайн сайхан амьдралын төлөө өөрийн бодол санааг мэргэжлийн хүмүүсийн тооцоо судалгаа, зөвлөмжтэй НИТХ-д танилцуулж, бодлого шийдвэр гаргаж явна.
Мэргэжлийн байгууллагууд агаарын чанарт төдийлөн эерэг нөлөөгүй гэж үзэж байгаа учир татвар төлөгчдийн мөнгийг хагас кокс туршихад үрэх шаардлагагүй
Би Налайх дүүрэгт байгаа сайжруулсан түлшний үйлдвэртэй очиж, хагас коксийг хэд хэдэн галлагааны аргаар түлж турших процессыг харж, мэргэжлийн багажаар хэмжиж үзсэн. Зарим мэргэжлийн байгууллага хагас кокс болон сайжруулсан түлшний хооронд зарчмын ялгаа байхгүй гэж үзэж байгаа. Тиймээс мэргэжлийн байгууллага агаарын чанарт төдийлөн өөрчлөлт гарахгүй гэж үзэж байгаа тохиолдолд татвар төлөгчдийн энэ их хэмжээний мөнгийг хагас коксыг туршихад үрэх шаардлагагүй гэж бодож байна.
Сайжруулсан түлш хэрэглэж байгаа бусад улс орнууд V үеийн сайжруулсан түлш, зуух хэрэглэж байгаа. Бидний хэрэглэж байгаа түлш болон зуух маш хоцрогдсон байгаа тул үүн дээр мэргэжлийн байгуулагын дүгнэлтийг үндэслэж богино хугацаанд шийдвэр гаргах боломжтой.