Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

"Авлига хороолол"-ыг барихад авлига нэхсэн хүмүүсийг А.Амарбаясгалан зарлав

"Авлига хороолол"-ыг барихад авлига нэхсэн хүмүүсийг А.Амарбаясгалан зарлав
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 25
Олон нийтэд "Авлига хороолол" хэмээн нэрлэгдээд буй "Aqua Garden" хотхоныг барьж бу "M and G" констракшн компаниас мэдээлэл хийлээ. Тус компаниас хотхоны хоёр блокийг нураах захирамжийг эсэргүүцэж, үе үеийн Нийслэлийн Засаг дарга нарын дарамт шахалтын талаар мэдээлэв.
"M and G" констракшн ХХК-ийн захирал А.Амарбаясгалангийн мэдээлснээр "Aqua Garden" хотхоныг барьж буй газар болох 11.8 га газрыг анх орон сууц барих зориулалтаар авсан. Тухайн үед 40 мянган айлын орон сууц барих Засгийн газрын шийдвэр гарсан байлаа. Ингээд НИТХ-аас газрыг орон сууц барих зориулалтаар Нийслэлийн Засаг дарга У.Билэгтийн захирамжаар 2008 онд газраа авсан юм. Үүний дараагаар 2011 онд газрын гэрчилгээг цуцалж, газар нь Капитал банк руу шилжсэн байна. Компаниас гурван шатны шүүхээр явж ялсан. Үр дүнд нь 2013 онд Нийслэлийн Засаг дарга байсан Э.Бат-Үүл шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, орон сууцны газрыг гаргаж өгөх ёстой байтал жил зургаан сар гаргаж өгөхгүй гацаасан. Тухайн үед надтай тохир, надтай ярь гэдэг дарамтыг үзүүлсэн. Э.Бат-Үүл даргын үед очиж уулзаагүй учир газрын зөвшөөрлийг ногоон байгууламж болгов. Өөрөөр хэлбэл, зориулалт нь өөрчлөгдсөн гэсэн үг. Улмаар 2020 онд усан парк, спорт цогцолборын ажил эхлүүлэх зөвшөөрлөө дөнгөж авч байтал НЗД-ын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан газрыг цуцалсан байсан. Тэр үед "сонгууль болж байна, та нар ойлгоорой, одоо яах гэж байна" гэсэн.
Усан парк, спорт цогцолборын ажил эхлүүлэх зөвшөөрлийг цуцласан учраас бид Нийслэлийн захиргааны шүүхэд хандаад ялсан. Манайхыг Усны тухай хууль болон холбогдох хуулийг зөрчсөн гээд байгаа ч шүүхээр зөрчөөгүй гэдгийг нотолсон. Голын эрэг дагуу 3999 гэрчилгээ байгаагаас зөвхөн манайд л үйлчлээд байгаа юм. Шүүхийн шийдвэр 2021 оны гуравдугаар сард гарсан боловч бидэнд одоо хүртэл зөвшөөрөл өгөхгүй байна.
Бидний гүтгэж, хууль зөрчсөн мэтээр яриад байна. Манайд "Авлига хороолол" гэдэг нэрийг Шилэн Цогоо гэж хүн өгсөн. Бид ямар ч авлига өгөөгүй байхад бидэнд ийм нэр өгч, нийгмийг турхирсан. Удахгүй шүүхэд өгч, нэр төрөө цэвэрлүүлнэ. Тараасан хэлбэрээрээ компанийн нэр хүндийг сэргээлгэнэ. Авлига өгсөн гээд байгаа, том артай гээд яриад байгаа нь үндэслэлгүй. Бид авлига өгсөн бол авлига авсан хүн байж л таараа. Тэр авлигыг авсан хүмүүс нь энэ дарга нар юм уу. Тийм баримт та бүхэнд байна уу. Намайг хууль хяналтын байгууллагынхан бүгд шалгаад хэрэг үүсгээгүй.
Үерийн асуудлыг манай компанитай холбоотой гээд байгаа юм. S'Outlets дэлгүүр голын голдирлын тал дээр бариад гол сэтэрч үер болсон шүү дээ. Энэ үер нүхэн гарцаар манай барилга руу орж ирсэн. Тэрнээс биш манай хэсгээр бол үер болох боломжгүй. Нийслэл өөрсдөө алдаа гаргасан мөртлөө бидэн рүү чихэж байна. Ийм байж нураана гэж муйхраар зүтгэж болохгүй.
Одоо барилгын ажил хэвийн үргэлжилж байна. Бид хууль зөрчөөгүй байж яагаад ажлаа зогсоох ёстой юм. Нийт 500 айл мөнгөө өгөөд 40 тэрбум төгрөгөөр захиалгаа хийсэн. Ийм байхад бид зогсоож чадахгүй. БХБЯ-аас түдгэлзүүлсэн асуудал бий. Тэр бол шалгалт хийх хугацаанд түдгэлзүүлсэн асуудал. Бид шалгаад өгөөч гэж гуйхад шалгалт огт хийгээгүй.
Хотын дарга манай барилгын 2 блокийг нураах захирамж гаргасан гэсэн. Гэвч захирамжийг нь албажиж гарсныг харсан хүн байна уу. Бидэнд захирамж ирээгүй. Энэ захирамжийг олбол нийтэд тавиад өгөөч. Одоо бидний дулааныг өгөхгүй гэнэ ээ. Бид ямар тоглоом юм уу. Анхнаасаа болно бүтнэ гээд зөвшөөрлөө өгсөн мөртлөө дээрээс чиглэл ирсэн тул дулаан өгөхгүй гэнэ. Бид чиглэлээр ажилладаг улс юм уу, хууль журам гэж байхаа больсон хэрэг үү. Өгөх ёстой юм аа өгөхгүй байгаа нь авлигын нэг хэлбэр. Биднээс юм харж байна л гэсэн үг шүү дээ.
Бид 25 тэрбум төгрөгийн зээлтэй. Сар болгон 450 сая төгрөгөөр төлөлт хийж байна. Зөндөө хүн хохирч байна, энд. Надад ирсэн мэдээллээр Шунхлай ШТС, S'Outlets хоёртой тохирч нураахаар болсон гэнэ. Тэд тохироод нурааж болно. Манайх бол өөр шүү. Бидний ард гэр орноо хүлээж буй 500 өрх байна. Манайхтай тохирно гэдэг асуудал байхгүй. Бид голын дунд барилга бариагүй. Хулгай дээрмээ нуухын тулд бидэн рүү дайрч байна.
Энэ бүх процесс манай компанийн газрыг дээрэмдэж, булаан авах гэсэн үйлдлээс эхлэлтэй. Авлигачид бидний авлига хороолол гэж нэрлэдэг юм билээ. Бидний ард хэн ч байхгүйг мэдсэн учраас яаж бол яаж л авна гэж дайрсан. Нурааж санасандаа хүрсэн тохиолдолд дараа нь барилга баригдана шүү. Хэн барихыг нь та бүхэн хараарай. Бүх юмаа би үзлээ, хууль зөрчөөгүй байхад намайг дарамталж, сүрдүүлж эхэлсэн" гэв.
Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Энэ бүхний ард хэн байна гэж хардаж байна вэ?
-Хэн байгааг нь мэднэ, гэхдээ хэлэхээс айж байна. Миний машины дугуй руу байнга боолт шааж сүрдүүлж байна. Би бүх хүнтэй олон нийтийн өмнө мэтгэлцэхэд бэлэн. Манай барилгыг нураах мөнгө нь татвар төлөгчдийн мөнгөнөөс л гарна шүү дээ.
-Танай хотхоныг барьж байсан 19 настай залуу гэмтэж, гэмтлээ даахгүй өөд болсон хэрэг гарсан. Энэ талаар?
-Тийм ээ. Тийм харамсалтай зүйл болсон. Үнэн. Манай туслан гүйцэтгэгч компани помп гаднаас түрээсэлж авсан юм. Тэр помп осолдсон хэрэг гарсан. Ар гэртэй нь холбогдсон.
iToim.mn сайтын Усан парк "Авлига хороолол" болсон түүх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн