Open iToim app
Нийтлэл | 4 мин уншина

АН эхлүүлж МАН зогсоож буй ипотекийн хөтөлбөр

АН эхлүүлж МАН зогсоож буй ипотекийн хөтөлбөр
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 17
ТОВЧ АГУУЛГА
Өнөө сулдаа ганхан жороолох Ардчилсан нам эрх мэдлийн сэнтийд эзэн суухдаа орон сууцны хөнгөлөлттэй зээл буюу ипотекийн хөтөлбөрийг хүртээмжтэйгээр эхлүүлж байлаа. Төрийн гурван өндөрлөг, УИХ, Төв банк цөм Ардчилсан намын мэдэлд байсан цаг үе. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл залуусын амьдралд том түлхэц, дэмжлэг болж өгсөн юм. Өнөөдрийн 100 гаруй мянган зээлдэгч дээрх хөтөлбөрийн үр дүнд амьдрах орчин нөхцөл, ахуйгаа сайжруулж авсан. Үл хөдлөх хөрөнгө, орон сууцны зах зээлийн эрэлт, эргэлт дагаад эрчимжиж, сэргэсэн. Барилгын салбар ч томорсон. Гэр хорооллоос орон сууц руу олон, олон айл өрх нүүж байсныг тод санаж байна. 
Хүмүүс байрны урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж, үлдсэн 70 хувьд нь зээлээр орон сууцны хэрэгцээгээ хангаж байлаа. Цагаа олсон хөтөлбөр гэдгийг нь олон нийт хүлээн зөвшөөрч, сайшаан дэмжиж, сонгуулийн оноо, эрх баригчдын уралдан ярих дуртай сэдэв нь байсан юм. Агаар болон хөрсний бохирдолтой тэмцэх үр дүнтэй аргуудын нэг нь ипотек гэж цоллож байлаа. Монголд ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох замаар энэ ажил эхэлсэн түүхтэй. Хөгжиж буй болон хөгжингүй орнуудын шалгарсан туршлага, бодит үр дүн авчирсан шийдвэр ийм л байсан.
Байртай болох боломжийг ойртуулсан энэхүү хөтөлбөр тасралтгүй арав гаруй үргэлжлээд Ардын нам дангаар ноёлж байгаа энэ үед амь тавих эрсдэлд оржээ. Орон сууцны үнэ нэмэгдсэн, дээр нь ипотекийн зээлийн олдоц улам ховордож, санхүүжилт байхгүй гэсэн хариултыг залуус хандсан банк, харилцсан зээлийн эдийн засагчаасаа хамгийн ихээр сонсож байна. Шантарч бас урам нь хугарч байна. 
“30 жилийн турш хуримтлагдсан асуудал” хэмээн өөрсдөөсөө хариуцлагыг бултуулах гэж зүтгэх эрх баригчид залууст найдвар төрүүлж байсан ипотекийн хөтөлбөрийг урагшлуулах бус зогсоох зам руу нь орууллаа. Цаг хугацаагаар нь мөн хамт торгож байна. Төв банкны хажууд эхэлсэн цагаасаа хойш дагалдсан хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх үйл явц нэн удааширч, эцэст нь хэнд ч хүртээлгүй, хүртээмжгүй болж хувирах нь.
Манай редакц руу холбогдсон иргэнд банкны зүгээс санхүүжилт орж ирээгүй, зээл түр хугацаагаар зогссон гэж удаа дараа хариулсаар. Энэ хариулт зуны гурван сарын турш давтагдаж, иргэнийг мохоожээ. Зээл хүлээх иргэд банкнаас ярихыг нь, хэзээ дуудахыг нь харуулдан хүлээсээр зуны гурван сарыг барж байна. Өвөл айсуй. Их хүйтрэл, их утаа, их асуудал залгах хүнд сарууд нэг мэдэхэд л цас шиг дарж авна.
Ажил хийж, нийгмийн даатгал төлж, улмаар ипотект хамрагдах хүсэлтэй залуус эх орноосоо явж харьд ажиллахыг илүүд үзэж байна. Байрны урьдчилгаа 30 хувиа өөрөөсөө харамлан байж бүрдүүлээд ч ипотек олдохгүй болохоор гадагш явах нь олширч эхэллээ. Найз минь хүртэл зээл хүлээж, өчнөөн итгэл тавив. Эцэст нь бүтэхгүй, зогссон, санхүүжилт байхгүй, засагт шилжсэн хариулт авсаар гадагшаа явахыг сонгосон.
Монголбанкнаас иргэд найман хувийн зээл сураглаж асуухаар “Манайх санхүүжүүлэхгүй, Засгийн газар санхүүжүүлнэ” гэж хэлээд ам таглана. Эрх баригчид ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлтэй холбох, хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, хөлжүүлэх ажил үндсэндээ өнгөрсөн хугацаанд хийгдсэнгүй. Олгосон зээлийн эргэн төлөлтөөс дараагийн зээлийг банкууд цэнэглэж өдий хүрэв. Энэ хугацаанд орон сууцны үнэ багадаа 40 хүртэлх хувиар өсөж, зээл хүсэх иргэдийн санхүүжилтийн дүн нь нэмэгдсээр. 
2024 оны төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг төв банк яг одоо боловсруулж байна. Гэтэл энэ оны төрөөс мөнгөний бодлогын талаар баритлах үндсэн чиглэлд тусган хуульчилсан заалт товлосон хугацаандаа хэрэгжсэнгүй. Учир нь, тус чиглэлд 2023 оны эхний хагаст багтааж ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх байсан. УИХ-ын баталсан хууль, гаргасан шийдвэрийг Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам хэрэгжүүлсэнгүй. 2023 оны эхний хагас гэдэг нь аль хэдийнэ өнгөрч оджээ.
Орон сууцны хөтөлбөрийг дээрх хугацаанд хүлээн авч, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх яамны ажил чухам хойшилсоор. Өнгөрсөн онд найман мянга гаруй орон сууцны зээл олгогдсон. Чамлалттай тоо байгаа биз. Харин энэ жил 5-6 мянган зээл олгогдох тооцоолол бий боловч бодит байдал дээр энэ түвшинд ахиад л хүрэхгүй байх шинжтэй.
Ипотекийн хөтөлбөр Засгийн газарт шилжиж байгаа гээд гурван сарын нүүр үзлээ. Өнгөрсөн өвлийн адаг сард л шилжих, шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгааг Төв банк мэдэгдэж байсан. Хавар эхэлж, зун болсон ч бэлтгэл ажил дуншиж, Барилга, хот байгуулалтын яам хөтөлбөрийн хүрээнд тодорхой шийдэл гаргаж чадахгүй өнөөдрийг хүргэв. Үндсэндээ засагт шилжсэн цагаас хойш царцсан байдалтай хүнд сурталд ипотек хөл алджээ.
Б.Баяртогтох нь iToim сайтад 2023 оноос сэтгүүлчээр ажиллаж байна. Эдийн засаг, уул уурхай, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
Bayartogtokh Batbayar-facebookБ.Баяртогтох-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн