Open iToim app
Анализ | 3 мин уншина

Чухал ашигт малтмалын төлөө АНУ, БНСУ, Монгол Улс хорших уу

Чухал ашигт малтмалын төлөө АНУ, БНСУ, Монгол Улс хорших уу
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 15
АНУ-д хийсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалаар яригдсан онцлох сэдвийн нэг нь критикал минерал байв. Манайх чухал ашигт малтмал гэж хөрвүүлээд буй. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд анх удаагаа дээрх нэр томъёог оруулж өгсөн. Хуульчлах гэж оролдож байгаа нь энэ. Цаашид үүсэх эрх зүйн харилцааг журмаар зохицуулах эсэх нь хууль эцсийн мөчид хэрхэн гаргахаас шалтгаалах биз ээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс хэд хэдэн удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тал талын эрх ашиг, ашиг сонирхолд хүлэгдсэн хуулийн төсөл урагш муутай яваа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкенийг хүлээн авч уулзах үеэр тэдний дунд өрнөсөн гол яриа дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд чухал ач холбогдолтой ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай байжээ. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд чухал ашигт малтмал чухлаар тавигдах нь гэдгийг тэдний уулзалт, албан мэдээний “уур амьсгал” илэрхийлж байлаа.
АНУ-ын Эрчим хүчний яамнаас чухал түүхий эдийн жагсаалтдаа хамгийн сүүлд зэсийг албан ёсоор нэмж, 50 гаруй нэр төрлийн ашигт малтмалыг чухал түүхий эд гэж авч үзсэн байсан. Наадмын өмнөх өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын эдийн засгийн чуулганы гол илтгэлийг хэлэлцүүлсэн “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон “Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаагаар хүн төрөлхтөн өнгөрсөн 100 мянган жилд 700 сая тонн зэс олборлож, боловсруулжээ. Гэтэл дэлхий дахинд ирэх 25 жилд нүүрсхүчлийн хийн ялгарал шингээлтийн харьцааг тэглэж, ДНБ-ий 3.5 хувийн өсөлтийг хангахын тулд 700 гаруй сая тонн зэс шаардлагатай болно. Энэхүү зэсийн ирээдүй л Рио Тинтог Монголд хөтөлсөн...” хэмээн онцолсон.
Америк, Монгол хоёр улсын чухал ашигт малтмалын хамтын ажиллагаанд зэс том байр суурь эзлэхийг үгүйсгэх аргагүй юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эрчим хүчний шилжилт, геополотикийн шинэ хуваарилалт, аж үйлдвэрийн хувьсгал нь чухал ашигт малтмалд тооцогдох бүхнийг улам тодруулсаар байна.
Чухал ашигт малтмал нь дан ганц Ерөнхий сайдын Америкт хийсэн айлчлалаар  хөндөгдөж байгаа юм биш. БНСУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлалаар ч мөн яригдсан. Хоёр улсын түвшинд судалгааны төв байгуулах, хөрөнгө мөнгийг нь Солонгосын талаас бүрэн хариуцахаар болж байгаа. Хүний нөөцийн хувьд ч хамтарч бэлтгэхээр тохиролцсон. БНСУ-ын талтай чухал ашигт малтмал, түүнтэй холбоотой хамтын ажиллагаа нэлээд гүнзгийрсэн гэж хэлж болохоор.
Манай улсад энэ оны зургадугаар сард айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе В.Фернандес чухал ашигт малтмалыг онцлон хэлэлцэж, тус айлчлалын үеэр Монгол Улс, АНУ, БНСУ-ын хамтарсан уулзалтыг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулж байлаа. Энэхүү уулзалтаар санамж бичиг байгуулж, улмаар чухал ашигт малтмалын нөөцийг хөгжүүлэх, олж илрүүлэх, нарийвчлан тогтоох, сайн туршлагаа талууд хуваалцахаар болсон. Чухал ашигт малтмал тойрсон зөвшилцөл бодит хамтын ажиллагаа руу шилжиж байгааг дээрх үйл явдлууд нэг талаар илтгэх. Монгол Улс чухал ашигт малтмалыг өөрсдөө нарийвчлан тодорхойлох бус худалдан авагч зах зээл, их гүрнүүдийн жишгээр улс төр, эдийн засаг, гадаад харилцааны түвшинд ярилцах гол “хөзөр”-өө болгож байгааг эндээс анзаарч болох юм. Нөөцийн хувьд авч үзвэл, газрын ховор элементийн 4 орд, 80 гаруй илрэл манайх тогтоогоод байгаа.
Цар тахлын дараа дэлхийн их гүрнүүдтэй Монгол Улс ярилцах, хэлэлцэх сэдэв нэмэгдсэн нь критикал минерал буюу чухал ашигт малтмал. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, зөрчилдөөний нэг эх үүсвэр нь чухал ашигт малтмалтай холбогддог юм. Хятадыг сөрөх геополотик нь Монголын чухал ашигт малтмалаар дамжих хэрэгжих үү, эсвэл найдвартай нийлүүлэгчийн эрэлд Америк гарсан уу гээд олон асуулт хариулт нэхэн үлдлээ.
Б.Баяртогтох нь iToim сайтад 2023 оноос сэтгүүлчээр ажиллаж байна. Эдийн засаг, уул уурхай, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
Bayartogtokh Batbayar-facebookБ.Баяртогтох-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн