Open iToim app
Зочин | 27 мин уншина

"Акуа гарден"-ны захирал А.Амарбаясгалан: Д.Сумъяабазар дарга хууль зүйн хувьд хамгийн үндэслэлтэй шийдвэр гаргасан

"Акуа гарден"-ны захирал А.Амарбаясгалан:  Д.Сумъяабазар дарга хууль зүйн хувьд хамгийн үндэслэлтэй шийдвэр гаргасан
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 2
“Aqua garden" буюу олон нийтийн нэрлэж заншсанаар "Авлига хороолол”-ын асуудлаар стратегийн өмгөөлөл хийж буй "Онч шийдэл" ТББ-ын хуульч Ө.Эрдэнэ-Очиртой ярилцсан. Маргалдагч талуудын байр сууриийг тэнцвэртэй хүргэх зорилгоор энэ удаа “Aqua garden" орон сууцны төслийг хэрэгжүүлэгч "Эм энд Жи Констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амарбаясгалантай ярилцлаа.
-"Эм энд Жи Констракшн" ХХК усан паркийн газрыг анх хэрхэн авсан талаар яриагаа эхэлье. Тухайн үед газрыг дуудлага худалдаагаар авсан гэдэг. Дуудлага худалдаанд хэрхэн оролцсон бэ. Танайх хэдэн төгрөг төлж газрыг авсан юм бэ. НЗД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаясгалан 2020 онд танай газрыг цуцалсан захирамжийг цуцлуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан танай нэхэмжлэлд газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 380 сая төгрөг төлсөн гэсэн байдаг. Гэтэл уг шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ та дуудлага худалдааны анхны үнэ болох 207.6 сая төгрөг төлж авсан гэж мэдүүлсэн байдаг. Мөнгөн дүнг яагаад ингэж зөрүүтэй мэдүүлсэн юм бэ?
-Нийгэмд усан парк барих нэрийдлээр газар авч орон сууц барьсан гэдэг асуудал яригдаж байгаа. Анх 2007 оны долдугаар сарын 4-ний өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарсан. Зөвшөөрөл олгох тухай уг тогтоолд Засгийн газрын хэрэгжүүлж байгаа 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тухайн үеийн ХУД-ийн I хороонд "Эм энд Жи Констракшн" ХХК-д орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр 11.8 га газар олгох тухай тогтоол гарсан. Дараа нь, 2008 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр ХУД-ийн Засаг дарга асан Д.Загджав газар ашиглах эрх олгох тухай дугаар 23 захирамж гаргасан. Уг захирамжид мөн адил Засгийн газрын 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд "Эм энд Жи Констракшн" ХХК-д 11.8 га газрыг нийтийн орон сууцны зориулалтаар олгосон.
ХУД-ийн Засаг даргын дугаар 23 захирамжийг үндэслэж 2008 оны есдүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг дарга асан Т.Билэгт газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон. Тиймээс усан паркийн зориулалтаар авсан газар дээрээ орон сууц барьсан зүйл байхгүй. Нийслэлээс анхнаасаа орон сууцны зориулалттай газар олгосон.
Бид анх газрыг дуудлага худалдаагаар аваагүй. Дуудлага худалдааны анхны үнийг төлдөг. Тухайн үед дуудлага худалдааны анхны үнэ болох 207.6 сая төгрөг төлсөн. 380 сая төгрөг гэдгийг мэдэхгүй. Манай компани 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл зөвхөн газрын төлбөрт 1.1 тэрбум төгрөгийг төлсөн. Тухайн үеийн 207.6 сая төгрөг болон өнөөдрийг хүртэлх 1.1 тэрбум төгрөгийн өнөөгийн ханшаар тооцсон үнэ цэнийг харвал өөр зүйл харагдах байх.
-Тэгэхээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дуудлага худалдааны анхны үнэ болох 380 сая төгрөгийг төлсөн гэсэн нь техникийн алдаа байсан гэж хэлж байна уу?
-Тийм ээ. Техникийн алдаа байсан байх. Эсвэл хэдэн он хүртэлх гэдэг тэр хугацаанд төлөх ёстой төлбөр нь байсан байх.
-Та нэгэнт бүх асуудлаар нээлттэй хариулна гэсэн учраас шууд асуугаад явъя. 380 сая төгрөг болон 207.6 сая төгрөг гэдэг тоо зөрөхөөр яах ч аргагүй хардлага төрж байна л даа. Зөрүү 170 гаруй сая төгрөг хаачсан бэ. Хэн нэгэнд авлига болж очсон юм биш биз гэдэг асуулт төрж байна?
-Би 380 сая төгрөг гэдэг тоог мэдэхгүй. Анх удаа л харж байна. Техникийн алдаа байх. Түүнээс 380 сая төгрөг гаргачихаад албан ёсоор 207.6 сая төгрөг тушаасан гэдэг асуудал байхгүй.
-Анх газрыг орон сууцны зориулалттай олгосон баримт нь байна. Гэхдээ "Эм Энд Жи Констракшн" ХХК тухайн үед Загсийн газрын 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэгчээр сонгогдож уг газрыг авсан байдаг. Гэтэл өнөөдөр Акуа гарден баригдаж байгаа газар тухайн үед 40 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх байршлын жагсаалтад багтаагүй байсан юм билээ. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Тэрийг би мэдэхгүй ээ. Засгийн газрын 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд гээд газар олгосон. Компани өөртөө газар олгохгүй шүү дээ. 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд газар олгосон. Ингэхдээ дуудлага худалдааны анхны үнийг төлж авсан.
-Тухайн үед нийслэлд Засгийн газрын 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх байршлуудын жагсаалт гарсан гэдгийг мэдээгүй гэсэн үг үү?
-Огт мэдээгүй. Ийм байршлуудад орон сууц барина гэдэг жагсаалт гарч байсныг одоо л сонсож байна.
-Тэгвэл Засгийн газрын 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх компаниудыг хэрхэн сонгон шалгуурсан юм бэ?
-Тэрийг мэдэхгүй ээ. "Эм Энд Жи Коснтракшн" ХХК бол "Blue Sky", "Monnis Tower"-ыг барисан компани. Тухайн үед төмөр карказ барилгыг Монгол Улсад анх удаа барьж, хэрэгжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн барилгын салбарт үлгэр жишээ болж явсан компани учир газар олгож, 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлээч гэсэн.  
undefined
-Газар олгохоос өмнө буюу 2007 онд "Эм Энд Жи Коснтракшн" ХХК ХУД-ийн ИТХ-тай "төрийн албан хаагчдад 30 орон сууц үнэ төлбөргүй өгөх" гэдэг гэрээ байгуулж байсан гэдэг мэдээлэл гарсан. Гэтэл хувийн аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр орон сууц барьчихаад төрд 30 орон сууцыг үнэ төлбөргүй өгнө гэснийг юу гэж ойлгох вэ. Шулуухан хэлэхэд, газар олгох, барилга барих зөвшөөрөл өгөх шийдвэр гаргалтад нөлөөлсөн байж болзошгүй. Тухайн үед үнэхээр ийм гэрээ хийгдэж байсан уу?
-Тийм гэрээ байхгүй. Тийм гэрээ байвал надад үзүүлчих.
-Ийм мэдээлэл явж байгаа. Энэ үнэн үү гэдгийг л тодруулж байгаа юм?
-Ийм гэрээний талаар анх удаа сонсож байна. Янз бүрийн сонирхолтой зүйлс сонсож байна. Би ийм гэрээ мэдэхгүй. Сонсож ч байгаагүй. Баримтаа бариад асуух нь зүйтэй байх.
-"Авлига хороолол”-ын асуудлаар стратегийн өмгөөлөл хийж буй "Онч шийдэл" ТББ-ын хуульч Ө.Эрдэнэ-Очиртой энэ талаар тодорхой ярьсан учраас танаас тодруулж байгаа юм. Тэгэхээр танд ийм гэрээ байхгүй гэж ойлголоо, зөв үү?
-Байхгүй.
-Тэгвэл "Эм Энд Жи Коснтракшн" ХХК Акуа гарден төсөл дээр өнгөрсөн хугацаанд Нийслэл эсвэл төрийн эрх бүхий аливаа байгууллага, албан тушаалтантай ийм төрлийн гэрээ хийж байсан тохиолдол байгаа юу?
-Байхгүй. Юу гэж тийм зүйл байх вэ. Хэрэв ийм гэрээ хийгдсэн бол жинхнээсээ чиний яриад байгаа авлигал болчихоно шүү дээ. Тийм зүйл байхгүй.
-Он цагийн дарааллаа хөөгөөд цааш явъя. Капитал банктай 2011 онд газрын маргааны асуудал үүсэж, гурван шатны шүүхээр яваад танай талд шийдвэр гарч, газрын гэрчилгээгээ сэргээж авсан байдаг. Тухайн үед ямар шалтгааны улмаас газрын маргаан үүссэн юм бэ. Хамтарч ажиллаж байсан юм уу?
-Энэ асуудал өнөөдрийн сэдэвт тийм ч ач холбогдолтой биш. Гэхдээ ерөнхий мэдээлэл өгөх нь зүйтэй. Бид 2008 онд газрын гэрчилгээгээ аваад, 2009 онд "Алтан өргөө" орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төслийн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулсан. Уг төсөл нь Дунд голын эрэг дагуу бүхэлд нь орон сууц барихаар төлөвлөсөн байсан. Гэтэл манай газрын гэрчилгээг цуцлаад Капитал банкинд шууд олгосон. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхээр явсны эцэст 2012 оны зургадугаар сарын 18-ны өдөр "Эм энд Жи Коснтракшн" ХХК-ийн газрыг хууль бусаар цуцалсан байна гэж үзээд буцаан олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгасан шүүхийн шийдвэр гарсан байдаг.
-Газрыг үндэслэлгүй бусдад шилжлүүлсэн гэдгийг гурван шатны шүүх тогтоосон юм байна. Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр танай газрыг Капитал банкинд шилжүүлэх захирамжийг гаргасан байдаг. Ямар үндэслэлээр танай газрыг Капитал банкинд шилжүүлсэн юм бэ?
-Би тэр хүмүүсийн асуудлыг өмнөөс нь тааж хэлж мэдэхгүй. Шүүхийн шийдвэрээс нь ямар асуудал байсныг нь харчихаж болно.
-Капитал банктай шүүхийн маргаан эцэслэсний дараа 2013 онд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл газрын зориулалтыг "ногоон байгууламж" болгож өөрчилсөн байдаг?
-Дээр дурдсанчлан газрыг анх орон сууцны зориулалттай олгосон. Капитал банкинд шилжүүлсэн газрыг буцаан олгохдоо өмнөх газрын гэрчилгээг сэргээх ёстой байсан. Шүүхийн шийдвэр 2012 оны зургадугаар сарын 18-ны өдөр гарсан. Гэтэл 2013 оны аравдугаар сарын 25-нд буюу бүхэл бүтэн жил хагасын дараа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Мөн орон сууцны зориулалттай газрын гэрчилгээг сэргээж өгөх ёстой байтал ногоон байгууламжийн зориулалттай олгосон.
Эндээс л төрийн дарамт эхэлсэн. Хэрэв бид очиж гуйгаад нөгөө авлигын асуудлыг нь ярьдаг байсан бол манай газрын гэрчилгээ орон сууцны зориулалтаараа л гарах байсан биз. Энэ мэт шантааж хийдэг асуудал Э.Бат-Үүл даргын үед хамгийн их болсон.
-Ногоон байгууламжийн зориулалттай болчихоор орон сууц барих боломжгүй болно, тэр нь нийтийн эрх ашигт илүү нийцэх байсан юм болов уу?
-Орон сууцны зориулалт нь нэгэнт шүүхийн шийдвэрийн дагуу учир бид "шүүхийн шийдвэрийг бариад биелүүл ээ" гэж хандсан. Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх л ёстой. Гэтэл биднийг шүүхийн шийдвэрээ бариад явихаар танай төсөл, төлөвлөгөө чинь асуудалгүй. Газрын гэрчилгээг чинь янзалж, дахиад гаргаж өгнө гээд удаагаад яваад байдаг байсан. Бүр Э.Бат-Үүл даргын үед газрын гэрчилгээг гаргаж өгөхдөө "Эм Энд Жи Коснтракшн" ХХК гэж байгааг "Эм Энд Жи" ХХК гээд биччихсэн байх жишээтэй. Мэдээж хуулийн этгээдийн регистрийн дугаар нь нийлж байгаа учраас манай компанийнх гэдэг нь нотлогдож байгаа. Гэхдээ ийм хариуцлагагүй, хайнга том алдаа гаргасан.  
-Тухайн үед барилгын ажил эхлүүлэхийг зөвшөөрөөгүй юм билээ. Ямар үндэслэлээр барилгын ажил эхлүүлэхийг зөвшөөрөөгүй юм бэ. Та сая Э.Бат-Үүл даргын үед шантаажилдаг зүйл байсан гэж хэллээ. Тухайн үед хэн нэг албан тушаалтан та нараас мөнгө, авлига  нэхсэн зүйл байгаа юу. Ер нь өнгөрсөн хугацаанд хэн нэгэн албан тушаалтан авлига нэхэж байсан тохиолдол бий юу гэдгийг дахиад асууя?
-Ойлгомжтой шүү дээ. Газрын гэрчилгээ нь орон сууц байж байгаад цуцлагдаад, шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ буцаад орон сууц болгохгүй гээд ногоон байгууламж болгочихож байгаа нь л ойлгомжтой шүү дээ. Би 2013 оны асуудлыг л ярьж байгаа шүү. Цаашаа явах уу?
-Цаашаа явахаасаа өмнө дахиад тодруулъя. Хэн нэгэн албан тушаалтан газрын гэрчилгээ, барилгын зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар авлига, мөнгө нэхсэн тохиолдол байсан уу. Ер нь 2008 оноос хойш, эсвэл Акуа гарден төсөл хэрэгжих хугацаанд ийм зүйл болж байсан уу?
-Шууд мөнгө төгрөг нэхсэн асуудал байхгүй. Ажлыг бол тасралтгүй гацаасан. Тэр дундаа усан паркийн төслийг байнга гацаасан. Монголчууд бүгд гадаад руу явж усан паркад тоглох боломжгүй. Бид дэлхийн жишигт нийцсэн, хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх бүтээн байгуулалт хийхийг зорьсоор ирсэн. Би бол энэ төслийг байнга ярьж ирсэн. Гэтэл зөвшөөрлийг нь өгдөггүй.
Ингэж явсны эцэст 2020 оны наймдугаар сарын 5-нд усан паркийн ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө авсан. Ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваад ажлаа эхлүүлээд явж байтал 2020 оны есдүгээр сард нь танай газрыг цуцлах гээд байна, "цуцлах юм шиг байна" гэдэг асуудал яригдсан. Дөнгөж ажил эхлэх зөвшөөрлөө аваад явж байтал ийм асуудал гарч ирсэнд би үнэхээр гайхсан. Ингээд Нийслэл рүү хандахад "тийм зүйл байхгүй" гэдэг. Гэтэл Б.Батбаясгалан Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болсон даруйдаа есдүгээр сарын 30-нд манай газрыг цуцалчихсан байсан.
Цуцалсан үндэслэл нь маш сонирхолтой. Б.Батбаясгалангийн гаргасан захирамж болон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь нээлттэй байгаа. Компани газраа "unegui.mn" дээр тавиад зарах гэж байсан нь тогтоогдсон тул газрыг нь цуцаллаа гэж байгаа юм. Төрийн албан хаагч хүн ийм айхтар шийдвэр гаргасан. Нэгд, бид газраа зарах асуудал огт яриагүй. Хоёрт, ямар нэг айл хашаагаа зарж байгаа биш ийм хэмжээний газрыг "unegui.mn" дээр зарна гээд зар тавиад явна гэж юу байх вэ. Шүүх дээр очоод ямар ч баримтгүй гэдэг нь тогтоогдсон.
undefined

-2021 оны шүүхийн процессыг хойшоо дэлгэрэнгүй ярилцъя. Хэн нэг албан тушаалтан мөнгө, авлиага нэхэж байсан асуудал байгаагүй гэж ойлгох уу?
-Үүнийг ард түмэн өөрсдөө дүгнэх байх. Яагаад 2013 оноос хойш 2020 он хүртэл холбогдох бүх зөвшөөрлийг нь аваад барилгын ажлаа эхлэх гэхээр зогсоох гээд байгаа юм бэ. Бид БХБЯ-нд усан паркийн ажлыг эхлүүлэх зөвшөөрөл хүсэх хүсэлтээ өгчихсөн байгаа.
Би нэг зүйлийг шууд хэлье. Хүмүүс манай төслийг "Авлига хороолол" гэж маш муухайгаар хэлж байгаа. Тэгвэл барилга эхлэхэд шаардлагатай материалуудыг бүгдийг нь бүрдүүлээд аваачаад өгсөн. Хэрэв материалын бүрдүүлэлт үнэн зөв байвал зөвшөөрөл өгөх ёстой. Хэрэв нэг л материал нь байхгүй, эсвэл хуурамч худлаа баримт байгаад Акуа гарден төслийн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосон бол жинхэнэ авлигын асуудал яригдана. Гэтэл тийм зүйл байхгүй. Ийм зүйл байгаа бол хүмүүс "Авлига хороолол" гэж болно. Ямар ч аргагүй.
Логикоор бодоход иргэний үнэмлэх авах гээд очиход ийм материал бүрдүүл гэдэг биз дээ. Тэрийг нь бүрдүүлж өгөөд үнэмлэхээ авахаар "өө, энэ авлига" гэдэггүй шүү дээ. Эсрэгээрээ ямар нэг бичиг баримт дутуу, хуурамч байхад нь тэрийг мэдсээр байж төрийн албан хаагч иргэний үнэмлэхийг нь олгосон бол энд жинхэнэ авлига байгаа.
-Усан парк болон Акуа гарден орон сууцны хороолол гээд хоёр тусдаа төсөл яригдаж байгаа. Төслүүдийн хувьд нийт хэдэн төгрөгийн санхүүжилт зарцуулсан бэ. Хөрөнгө оруулалтаа хаанаас босгосон бэ. Төслийн нийт өртөг хэд вэ?
-Төслийн нийт өртөг Акуа гарден төсөл дээр 200 тэрбум гаруй, усан паркийн төсөл дээр 100 тэрбум орчим буюу нийт 300 тэрбум төгрөгийн өртөгтэй.
Усан паркийн төсөл дээр одоогийн байдлаар 15 тэрбум орчим төгрөг зарцуулсан байгаа. 2013 оноос хойш Усан паркийн ТЭЗҮ-ийг Ангийн компаниар хийлгэж, гаднын маш олон зөвлөх компаниудтай хамтарч ажиллаж ирсэн. Төсөлд зарцуулсан хөрөнгө гэрээ, гүйлгээний баримттайгаа байгаа.   
Акуа гарден төслийн хувьд яг өнөөдрийн байдлаар 100 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Бид санхүүгийн баримтаа үзүүлээд энэ хэмжээний хөрөнгө зарцуулсан гэдгээ хэнд ч үзүүлж болно.
Санхүүжилтийн хувьд гурван эх үүсвэрээс бүрдэж байгаа. Нэгд, Акуа гарден төслийг хэрэгжүүлж байгаа дөрвөн компани өөрсдийн материал хангамж, хөрөнгө оруулалтаар барьж байгаа. Хоёрт, захиалагчдаас 40 тэрбум орчим төгрөгийн урьдчилсан захиалга орж ирсэн. Одоогоор 660 айлын орон сууцанд 500 орчим айл захиалга өгсөн байна. Үлдсэн хөрөнгө оруулалтаа банкнаас арилжааны зээл авч бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, бидэнд хэн нэг даргын нүүрсний хулгай, ямар нэгэн сан цөлмөсөн мөнгийг угааж байгаа зүйл байхгүй. Бохир мөнгө ороогүй. Санхүүгийн тайлан мэдээллээ хэнд ч ил тод харуулж болно.
-Та сая усан паркийн төслийг Английн компаниар хийлгэсэн гэлээ. Миний судалснаар "Vitala Group" гэж компани байсан юм билээ. Танайд ТЭЗҮ хийж өгнө гээд хулхидсан гэж ойлгосон Анх яаж энэ компанитай холбогдсон бэ. Энэ хүмүүсийг хэн танилцуулсан бэ. Яг хэдэн төгрөгөөр хохирсон бэ?
-Энэ компанийг яривал их сонирхолтой юм болно. Бид нар сая ам.долларын төлбөр төлөөд ТЭЗҮ хийлгэсэн. Үүнээс гадна хөрөнгө оруулалт хийнэ гэдэг зүйл яригдаад явж байсан. Гэтэл луйварын компани байсныг нь мэдэхгүй асар их мөнгө өгөөд алдсан. Ийм зүйл болсон.
-Тэгэхээр одоо барилгын ажил эхэлчихсан яваа усан паркийн төсөл энэ компанийн ТЭЗҮ-гээр хийгдээгүй гэсэн үг үү?
-Тийм. Шинээр ТЭЗҮ, зураг төсөл хийлгэсэн.
-Та 2022 оны наймдугаар сард манай редакцад "Vitala Group"-тэй холбоотой асуудлаар бичгээр тодруулга өгч байсан. Тухайн үед энэ компанид хулхидуулсан гэдгээ хэлж байсан. Гэхдээ 2021 оны Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 890 мянган ам.доллаар ТЭЗҮ хийлгэсэн гэсэн байдаг. Гэтэл та шүүх хуралд оролцохдоо 800 мянган ам.доллараар ТЭЗҮ хийлгэсэн гэж мэдүүлсэн байдаг юм билээ. 90 мянган ам.долларын зөрүү...?
-Тийм. За яах вэ сая ам.доллар гээд ярьчихлаа. Яг баримттай нь 890 мянган ам.доллар. Ямар төртэй холбоотой мөнгө төгрөг ч биш. Хувийн компаниудын хооронд болсон зүйлийг тэдэн доллар, тэдэн цент гэж нарийн хэлэх хэрэггүй шүү дээ. Ярианд амарчлаад бүхэлчлээд хэлчихлээ. Түүнээс нэг бүрчлэн, цент бүрээр нь хэлээд байвал бид хоёрын яриа утгагүй болох байх.
-Тийм л дээ. Гэхдээ усан паркийн төсөл "Авлиа хороолол" гэдэг нэр аваагүй. Бусад барилгын төслүүдтэй л ижилхэн явж байсан бол би танаас ТЭЗҮ-г яг хэдэн төгрөгөөр хийлгэсэн бэ гэдгийг асуух ч шаардлагагүй байх. Хувийн компани ном журмаараа бизнесээ хийгээд л явна. Гэтэл ийм нэртэй болчихсон, олон нийтийн анхааралд орчихсон сэдэв учраас асууж байгаа шүү.
-Гол нь ач холбогдолтой зүйлийг ярихгүй. Жижиг сажиг зүйл яриад байхаар ямар ч нэмэргүй шүү дээ. Би тэр утгаараа л хэлсэн юм.
-Гэхдээ л 90 мянган ам.доллар зөрчихөөр энэ мөнгө хаачсан бэ гэдэг асуулт гарч ирнэ?   
-Хоёр хувийн компанийн тооцооны асуудал ямар ач холбогдол байх вэ. "Vitala Group" гээд Английн нэг компанитай гэрээ хийсэн. Хэдэн төгрөгөөр гэрээ хийсэн бэ. Хэдэн төгрөг шилжүүлсэн бэ гэдэг нь баримттайгаа байгаа.
-"Vitala Group"-тай байгуулсан гэрээ, төлбөр төлсөн баримт нь байгаа гэсэн үг үү?
-Байгаа.
-Сэтгүүлч хүнийхээ хувьд усан паркийн асуудлаар маш олон баримт цуглуулж, эрэл хайгуул хийсэн. Ингэж явахад нэг танилцуулга дээр "Усан парк, морин хуур цогцолбор" гэдэг төслийн танилцуулга явж байсан нь анхаарал татсан. Би танаас 2022 онд тодруулга авахдаа бас асууж байсан. "Эм Энд Жи Констракшн" ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Батжаргал гэдэг хүн Жүдо бөхийн шигээ багийн тамирчин байсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамааралтай юу гээд. Гэтэл Морин хуур төслийг тухайн үед хамгийн их дэмжиж байсан хүн нь мөн л Ерөнхийлөгч асан Х.Баттулга байсныг бид бүгдээрээ мэднэ. Үүн дээр тайлбар өгөхгүй юу? 
-Тийм ээ. Танай газар дээр Морин хуур цогцолбор тавина ч билүү, барьж болох уу гэдэг нэг тийм санал явж байсан. Бид зөвхөн усан паркийн төсөл хэрэгжүүлнэ гээд огт зөвшөөргүй. Г.Батжаргал гэдэг хүний хувьд жүдо бөхөөр хичээллэж байсан. Гэхдээ Х.Баттулга гэдэг хүнтэй ямар ч харилцаа, хамаарал байхгүй. Миний мэдэж байгаагаар нэг нам, нутаг ус гэдэг ч юм уу тийм зүйл байхгүй. Би үүнийг итгэлтэй хэлнэ.
-Морин хуур цогцолборыг хамтран хэрэгжүүлье гэдэг саналыг тавьсан юм байна?
-Тийм. Бид Морин хуур цогцолбор ямар ч эдийн засгийн үр ашиггүй төсөл юм байна гэдэг үүднээс зөвшөөрөөгүй.
-Энэ чинь хэдэн оны үйл явдал гэсэн үг вэ?
-2012, 2013 оны үйл явдал. Тухайн үед хальт яригдаад өнгөрсөн л асуудал.
-Тэгэхээр "Vitala Group"-тэй холбогдохоос өмнөх цаг үе болж таарч байна. Тийм үү?
-Үгүй ээ. Яг тэр үе л дээ. Тэр үед ийм яриа болж байсан. Гэхдээ хэрэгжээгүй.
-Та "Vitala Group"-тэй яаж холбогдсон бэ. Хэн зуучилж танилцуулсан бэ гэдэг асуултад хариулсангүй. "Vitala Group"-ын үүсгэн байгуулагч нь Вольф Виерих гэж олон оронд эрэн сурвалжлагдаж байгаа хүн байдаг юм билээ?
-Энэ компанийн өмнөх удирдлагууд зуучилж танилцуулсан. Бид 2013 онд "Эм Энд Жи констракшн" ХХК-г шилжүүлж авсан. Тэр үед л өмнөх удирдлагууд нь Вольф Виерих гэж ийм хүн байна. Бараг 150 сая ам.доллар бэлнээр нь аваад ирж байна гэдэг зүйл яриад, авч ирж танилцуулж байсан. Сүүлдээ баахан мөнгө луйвардуулаад дууссан асуудал.
-Вольф Виерих гэж хүн тухайн үед Монголд ирсэн байдаг юм билээ. Монголд ирэхдээ тухайн үеийн ЗТБХБ-ын сайд буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй хүмүүстэй уулзаад явсан байдаг. Тэр уулзалтуудад "Эм Энд Жи констракшн" ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Батжаргал хамт байлцсан. Энэ баримтуудыг манай редакц өмнө нь гаргаж байсан. Тэгэхээр "Vitala Group" болон Морин хуур цогцолбор гэдэг зүйлийг холбож асууж байгаа юм. Х.Баттулга гэдэг хүнтэй хамааралтай юу?
-Тэрийг харсан. Усан паркийн төсөл хэрэгжүүлэх гэж байна. Гаднаас том хөрөнгө оруулалт ирж байна гээд танилцуулж уулзсан уулзалт юм. Түүнээс ямар нэгэн харилцаа, хамаарал байхгүй. Монгол угаасаа жижиг улс. Тиймээс Х.Баттулга гэж хүн манай ард байсан бол мэдэгдэнэ ш дээ.
undefined
-Цаашаа үргэлжлүүлье. Акуа гарден төслийн барилгын ажил яг хэзээ эхэлсэн юм бэ?
-2022 оны тавдугаар сард эхэлсэн.
-Акуа гарден төсөл дээр 2018 онд архитектур төлөвлөлтийн даалгавар, экспертиз зураг хийлгэсэн байдаг. Гэтэл 2022 онд яагаад дахиад архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулсан юм бэ. Энэ төсөл өмнө нь өөр төсөл байж байгаад өөрчлөгдсөн гэсэн үг үү?
-Тийм ээ. Төсөл өөрчлөгдсөн. Манай төсөл маш олон удаа өөрчлөгдсөн. Анх 11.8 га газар байсан. Гэтэл 2011 онд хүмүүсийн мэдэхээр Нарны хорооллын нүхэн гарцыг манай газар дээгүүр шууд тавьчихсан. Манайхаас огт асуугаагүй. Уг нь АН-ын нийслэлд ялсан үе. Гэвч үнэхээр зэрлэг үе байсан. Дараа нь, Олимпын гүүр барих гээд төмөр замын гармыг хаасан. Ингэхээр тэрүүгээр явдаг байсан автозамын ачаалал баруун тал руу шилжсэн. Тухайн үед Нийслэлийн Засаг дарга Су.Батболд байсан. Манай газрын дундуур түр зам тавихгүй бол болохгүй байна. Нийтийн эрх ашгийн үүднээс түр зам тавиач гэдэг хүсэлт тавьсан. Улмаар Нийслэлийн Автозамын газартай уулзаад Олимпын гүүр ашиглалтад орох хүртэл Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл түр зам тавина гэдэг гэрээ байгуулсан. Нийслэл өөрийн хөрөнгөөр зам тавина. Дараа нь та нар энэ замыг буулгасан ч болно гэдэг гэрээ байдаг. Нийтийн эрх ашгийн төлөө бид үгүй гэж хэлж чадаагүй. Зөвшөөрсөн. Ингээд манай газар гурав хуваагдсан. Дараа нь, Газрын албанаас дуудаад нэгж талбарууд тусдаа байна. Тиймээс нэг гэрчилгээ байж болохгүй гээд 2018 онд газрыг гурав хувааж гэрчилгээ олгосон.
Өөр нэг зүйл гэвэл манай Акуа гардены урдуур Дунд гол хамгийн өргөн урсдаг. Алтай хотхон руу улам нарийсдаг. Манай урд үерийн хамгаалалтын далан хоорондын зай 50 метр буюу ямар ч асуудалгүй. Гэтэл түр зам тавихын тулд Нийслэлээс үерийн хамгаалалтын даланг сэтэлж, хоёр турба тавиад голын урсац чөлөөтэй нэвтрэх боломжгүй болгосон. Жоохон бороо ороход л ус нь чөлөөтэй нэвтэрч чадахгүй болсон. Сая үер болоход гол халиад хамгаалалтын даланг сэтэлсэн. Нийслэлийн удирдлагууд та нар ийм хариуцлагагүй юм хийлээ гээд доод хүмүүсээ загнаж байгаа бичлэг нь байдаг.
Дараа нь, Олимпын гүүр барьж байгаа Хятадуудыг байлга. Үгүй бол газрыг чинь цуцаллаа шүү гэж дуудаад дарамталсан. Ингээд төлөвлөлт бүхэлдээ өөрчлөгдсөн.
-Олимпын гүүрний бүтээн байгуулалтад газраа түр ашиглуулж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Одоо ч гэсэн Хятадуудад ашиглуулж байгаа.
-Газраа ашиглуулахгүй бол газрын гэрчилгээг цуцлана гэдэг нь Нийслэлийн аль Засаг даргын үед гэсэн үг вэ?
-Ер нь манай төрийн арга барил энэ шүү дээ. Чи ингэхгүй бол тэгнэ гэж дарамталдаг. Хувийн хэвшил ажлаа яаж явуулдаг гэж бодож байна аа. Дарга нарыг гуйна, царайчлана. Хэлснээр нь байдаг. Дураараа ингэнэ тэгнэ гээл явчихдаг.
-2008 онд анх газар олгох үеийн хиймэл дагуулын зураглал байгаа юу. Голын гольдрол өөрчилсөн гэдэг асуудал байгаа?
-2008 онд энэ газар ямар байсан бэ гэдгийг хэн ч олоод үзэж болно. Голын гольдрол өөрчилсөн гээд хуульч нар айхтар зүйл яриад байгаа. Бид энэ дээр худал мэдээлэл тараасан гээд явж болно. Гэхдээ өөсрдөө олоод харчих хэрэгтэй. Бид голын урсацыг хааж, өөрчилсөн зүйл огт байхгүй. НИТХ-ын 2011 оны тогтоолоор 2.6 км урт үерийн хамгаалалтын далан барих шийдвэр гаргасан. Өмнө нь яаж урсаж байсан яг тэрүүгээрэй байгаа. 
Бид нар болохгүй байсан газрыг хүчээр авсан зүйл байхгүй. Засгийн газраас хэрэгжүүлж байсан 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд газрыг авсан гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаяслаган 2020 онд газрын гэрчилгээг цуцалсан захирамжийг хүчингүй болгуулах тухай танай нэхэмжлэлтэй Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн маргааны талаар яриагаа үргэлжлүүлье. Шуух хуралд танайх ялсан учраас 2018 онд Су.Батболдын гурав хувааж өгсөн үйлчилгээ, усан паркийн зориулалттай газрын гэрчилгээг сэргээх ёстой байсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдахгүйгээр 2022 оны нэгдүгээр сард газрын гэрчилгээг орон сууцны зориулалтайгаар дахин олгосон байгаа?
-Анх 2008 онд газрыг орон сууцны зориулалттай олгосон. Орон сууцны зориулалтыг цуцлаад шүүх буцааж олго гэдэг шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг гаргахдаа орон сууцны зориулалтаар нь л олгох ёстой байсан. Гэтэл дунд нь Э.Бат-Үүл гэдэг хүн будлиантуулсан гэдэг асуудлыг хэлсэн...
-2011 онд Капитал банктай шүүхдсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг үндэслээд танай компани энэ бүх хугацаанд манайх орон сууцны зориулалттай гээд үе үеийн хотын удирдлагуудтай маргаад явсан гэсэн үг үү?
-Тийм.
Д.Сумъяабазар давж заалдаагүй шалтгаан нь Б.Батбаясгалангийн газрын гэрчилгээг цуцлах захирамж нь тэр чигтээ алдаатай, нотлогдохгүй зүйлс байсан. Шүүх дээр Нийслэлийн хуулийн хэлтсээс ирээд яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ гэхээр ямар ч тайлбайр байхгүй.
Дээрээс нь, усны тухай хууль зөрсөн зөрчөөгүй гэдэг асуудал байдаг. Усны тухай хуулийн 22.4 дээр онцгой дэглэмд орох орохгүйг БОАЖ-ын сайд болон БХБ-ын сайд шийднэ гэдэг 2015 оны хамтарсан захирамж байгаа. Энэ дээр үерийн хамгаалалтын далан байгаа бол онцгой дэглэм тогтоохгүй гээд заачихсан. Тиймээс онцгой дэглэм тогтоохгүй учир бид нар барилга байгууламж барих эрх нь нээлттэй. Энэ дээр Д.Сумъяабазар юун дээр маргах юм бэ. Маргах нь утга учиргүй. Ингээд Д.Сумъяабазар шүүхийн шийдвэрийг биелүүлээд захирамж гаргасан.
-Та өмнө нь 2013 онд Э.Бат-Үүл дарга танай өмнөх газрын гэрчилгээний зориулалтыг ногоон байгууламж бус хуучин орон сууцны зориулалтаар нь олгох ёстой байсан. Гэтэл зориулалтыг нь өөрчилсөн гэсэн. Тэгвэл энэ асуудал 2022 онд давтагдах ёстой байсан биш үү. Өөрөөр хэлбэл, Д.Сумъяабазар дарга 2018 оны Су.Батболдын үйлчилгээ, усан парк гэдэг зориулалтаар нь сэргээх ёстой байтал орон сууц болгочихоор хуулийн ялгаа үүсээд байна шүү дээ?
-Үгүй. Нийслэлийн Засаг дарга хэн байх нэр нь хамаагүй. Анхны зориулалт нь орон сууц байсан гэдгийг бид нар тайлбарлаад байгаа. Бүх зүйл нь харагдаж байгаа учраас Д.Сумъяабазар дарга орон сууцны зориулалттай газар олгосон.
-Тэгэхээр логикийн хувьд энэ асуудлыг Д.Сумъяабазар даргаас өөрөөс нь тодруулах нь зүйтэй юм байна. Таны хэлж байгаагаар Д.Сумъяабазар даргын 2022 оны нэгдүгээр сард гаргасан А/17 захирамж нь 2008 онд анх газрыг орон сууцны зориулалттай олгосон Т.Билэгт даргын захирамжийг сэргээж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Д.Сумъяабазар даргын гаргасан шийдвэр хууль зүйн хувьд хамгийн үндэслэлтэй, зөв захирамж.  
-2008 онд анх газар олгосныг орхиод бодоход 2011 онд Капитал банканд шилжсэн. 2015 онд ТЭЗҮ хийгдээд явж байхад барилга барих зөвшөөрлийг өгөхгүй, дундуур нь зам, нүхэн гарц барьсан. 2020 онд Б.Батбаясгалан газрын гэрчилгээг цуцалсан. Ингээд цаг хугацааны зүй тогтлыг харвал дандаа УИХ болон нийслэл, орон нутгийн сонгуулийн өмнө ийм шийдвэрүүд гараад явж байгаа?
-Харин тийм. Би энэ дээр юм ярихгүй. Та нар өөрсдөө бод гэж хэлмээр байна.
-Тэгээд та яагаад шулуухан хэлчихэж болохгүй байгаа юм бэ?
-Би төрөөс айж байна. Төртэй заргалдаад яах юм бэ. Байгаа хууль журмынх нь хүрээнд чимээгүй л амьдарна. Энэ олон захиалагч, хүмүүсийн эрх ашиг яах билээ. Өнөөдөр төр хүчтэй шүү дээ. Чи өнөөдөр намайг ярь гээд яриулчихдаг. Би цаашаа яах билээ. Би бүх зүйлийг л бодитоор нь ярьж байна. Ямар зохиогоод ярилтай биш. "Авлига хороолол" гээд нэрлэчихвэл бүх юм болчихоод байна шүү дээ. Хэрэв бид нар өнөөдрийг хүртэл авлига өгч явсан бол бүх зүйл ил харагдана. "Авлига хороолол" гэдэг нэрийг би өгсөн гээд нэг хүн зарлаад яваад байна лээ. Хэн нь авлигатай холбоотой билээ. Хэн нь асуудалтай билээ гэдгийг ард түмэн өөрсдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Хэн хэдэн төгрөгийг хаанаас олсон бэ гэдэг дээр зүгээр л дүгнэлт хийх хэрэгтэй.
-"Авлига хороолол" гэдэг нэршил хэзээ үүссэн бэ гэдэг цаг хугацааг нь хөөвөл 2022 оны нэгдүгээр сард Д.Сумъяабазар даргын А/17 дугаар захирамж гарсан. Ингээд архитектор төлөвлөлтийн даалгавраа аваад бусад холбогдох зөөвшөөрлүүдээ аваад барилгын ажлыг эхлүүлэхээр бэлдэж эхлэх ёстой байсан. Гэтэл...
-Архитектор төлөвлөлтийн даалгавар 2009 оноос хойш гараад явж байсан. Шүүхийн шийдвэр гарах бүрд л А даалгавар өөрчлөгдөөд явсан. Акуа гардены А даалгавар газрын гэрчилгээ дуусаад гарсан. Хүмүүс бол 2022 оны нэгдүгээр сард  А/17 дугаар захирамж гараад л бүх зүйл хурдан өрнөсөн гэж бодоод байна. Гэтэл энэ бол аль 2013 оноос эхлэлтэй бичиг баримтын зүйлс явж байгаа...
-Харин тийм. Маш богино хугацаанд бүх гэрчилгээ, зөвшөөрөл гараад барилга эхэлчилсэн. Тэгээд хүмүүс яагаад "Авлига хороолол" гэдэг нэр өгсөн бэ гэдгийг эргээд харахаар тухайн үед Нийслэлийн Мэргэжлийн хяналт татан буугдаагүй байхад Акуа гарден барилгын зөвшөөрөлгүй, кран, ус, тог цахилгаан нь бүгд зөвшөөрөлгүй гээд акт тавиад, 20 сая төгрөгөөр торгосон байдаг. Өөрөөр хэлбэл танайх анхнаасаа Акуа гарден төслийн барилгын ажлыг зөвшөөрөлгүй эхлүүлсэн?
-Тийм. Энэ бол яалт ч үгүй үнэн зүйл. Бид 2022 оны тавдугаар сарын сүүлээр барилгын ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө БХБЯ-нд аль хэдийн өгчихсөн байсан. Өндөр барилга учраас онцгой төвөгшилтэй, Барилгын тухай хууль өөрчлөгдсөн учир өндөр барилгын хурлаар орно гэдэг шинэ асуудал үүссэн. Шат дамжлаг нь нэмэгдээд явчихсан. Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гарсан хугацаа нь 2022 оны долдугаар сар. Өөрөөр хэлбэл, хоёрхон сарын хугацаанд буюу зөвшөөрөл хүлээж байх хугацаанд энэ олон компани, ажилчид зүгээр зогсоод байж болохгүй. Тиймээс барилгын ажил эхлүүлчихсэн алдаа зөрчил бий. Энэ дээр бид нар хуулийн хариуцлагаа хүлээгээд зөвшөөрөл авах хүртлээ барилгын ажлаа зогсоосон. Барилга барьдаг зуны богинохон хэдхэн сар л байгаа. Барилгын хувьд цутгалтаа хийгээд цаг алдалгүй эхлэх тийм л зүйл байсан. Цаана нь банкнаас зээл авчихсан. Хоёр сар таг зогсоход цаана нь зээлийн хүү нэхэгддэг тийм асуудал явж байдгийг ойлгох хэрэгтэй.
-Маш богино хугацаанд орон сууц босоод эхэлсэн. "Эм Энд Жи Констракшн" ХХК-ийн ард хэн нэг том улстөрч, эрх мэдэлтэй албан тушаалтан байна гэдэг хардлага үүсэх нь зүй ёсны асуудал шүү дээ. Танай компани ардаа ямар нэгэн эрх ашгийн зөрчилгүй, хэн нэгний дэмжлэггүй гэдгээ яаж нотлох юм бэ?
-Нэгд, намайг болон надтай хамт ажиллаж байгаа дөрвөн компанийг бүгдийг нь судалж болно. Энэ төслийг хэрэгжүүлж байгаа компаниудын хамаатан садан, төрөл төрөгсдийн дунд хэн нэг улстөрч, улстөрч байсан хүн, дарга, өндөр албан тушаалтан байна уу гэдгийг судлахад нээлттэй. Хэрвээ тийм байсан бол хэвлэлүүд аль хэдийн ухаад олоод гаргаад ирчихсэн байгаа.
Хоёрт, санхүүгийн хувьд бидний ард хэн нэг эрх мэдэлтэй хүн байсан бол янз бүрийн төрийн сан, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны мөнгийг угаах ёстой. Хулгайн мөнгө яаж угаадгийг бүгд л мэдэж байгаа. Гэтэл тийм юм байхгүй. Хөрөнгө оруулалтаа яаж босгосноо би өмнө нь хэлсэн. Бүгдийг нь шалгахад нээлттэй.
Гуравт, өнөөдөр Акуа гарден төсөл дээр туслан гүйцэтгэгч 50, 60 компани ажиллаж байна. Энэ бүх компаниас та нартай хэн гэрээ хийсэн бэ, гүйцэтгэлийг нь хэн шалгадаг вэ гээд асуухад энд ажиллаж байгаа 500 гаруй ажилчид ядаж дотроосоо мэдээд хэлнэ шүү дээ. Намайг ингээд ярихаар чи том артай юм аа гэдэг. Би бол хуульч хүн. Тиймээс надад нэг л арга байгаа. Тэр нь хууль, журмаа барих. Хуулийн дагуу шаардлага тавиад, хууль номынхаа дагуу бичиг баримтаа аваад явж байгаа. Хууль номоороо явж байхад яагаад манай зөвшөөрлийг өгөхгүй байгаа юм бэ гэдэг зүйлийг л яриад явж байна.
Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гарч ирээд "5Ш" ажиллагаа хэрэгжүүлж, авлигатай тэмцэхээ зарласнаар төрийн албан хаагчдын хүнд суртал, шантааж хийдэг, авлига нэхдэг байдал цэгцэрч эхэлсэн юм болов уу гэж боддог. Би бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх ажлын үр шимийг манай компани хүртсэн гэж харж байгаа. Бүх юм шилэн тодорхой болсон учраас та яагаад ийм байхад өгөхгүй байгаа юм гээд хууль ёсны дагуу шаардлага тавьж ажиллахад амар болчихоод байгаа.
-Өнгөрсөн долоо хоногт БХБЯ-наас танай барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Танайх барилгын ажлаа зогсоосон уу?
-Би тэр шийдвэрийг сошиалаас л харсан. "Эм Энд Жи Коснтракшн ХХК"-д гээд мэдэгдэл гэдэг юм яваад байгаа. Бид нарт өгөх ёстой мэдэгдэл байсан юм байна. Гэхдээ яагаад сошиал яваад байгаа юм бэ гэдгийг би гайхаад байгаа. Манай төрийнхөн сошиалаар ажил хийдэг болчихсон юм байна. Хуулийндаа өөрчлөлт оруулаад албан бичгийг шуудангаар, биечлэн хүргүүлнэ гэхийн оронд сошиалаар "mention" хийгээд явуулчихвал нөгөөх нь олоод харна биз. Тэр мэдэгдлийг сошиалаар эхэлж хараад дараа нь авлаа. Гэхдээ мэдэгдлээр түдгэлзүүлнэ гэдгийг гайхаад байна.
"Онч шийдэл" ТББ барилгын ажлыг зогсоох нэхэмжлэл гаргаад явж байгаа. Тэгсэн хэрнэ өөрсдөө шүүх хурлыг хойшлуулаад яваад байгаа. Уг нь хурлаа хийлгээд, түдгэлзүүлэх асуудлыг шүүх дээрээ шийдээд явах ёстой. Шүүх ямар тохиолдолд түдгэлзүүлдэг вэ гэдэг нь хууль дээрээ тодорхой байгаа. Манайд барилгын ажлыг зогсоох нөхцөл байдал бүрдээгүй. Бид хуулиа дээдэлж, хуулийн хүрээнд л ажиллана.
Мөн тэр мэдэгдэл дээр гуравдагч этгээдийн эрх ашиг ноцтой хөндөгдөсөн учир барилгын ажлыг зогсоох гэсэн байна лээ. Бид нараас болоод үер болж, хүмүүст хохирол үүссэн юм шиг зүйл яриад байна лээ. Тэрийг тогтоовол барилгын ажлыг зогсооно гэсэн байгаа. Нэгд, "Эм Энд Жи Коснтракшн ХХК" болно Акуа гарден хорооллоос болоод үер болсныг хэн тогтоогоод байгаа юм бэ. Хоёрт, Д.Сумъяабазар усны мэргэжлийн хүмүүсийг авчраад хуралдахад нөгөө хүмүүс нь хаана, юунаас болоод далан задарч, үерийн ус хальсан бэ гэдэг дээр тодорхой хоёр байгууллагын нэрийг хэлж байгаа. Гэтэл сэтгүүлч нар энэ Акуа гарденаас болсон юм биш үү гээд асуусан. Болсон гэхгүй байгаа биз.
Одоо нэг шалгах ажиллагаа хийгдэх юм шиг байна. Манайхаас болж үер болоогүй гэдгийг тогтоочихвол тэр түдгэлзүүлэх мэдэгдэл хэрэггүй болно гэж би ойлгож байгаа. Одоогоор хэзээ, хэн яаж шалгах талаар мэдэж байгаа зүйл надад алга. Шалгалтын ажлын талаар юу ч яригдахгүй байгаа. Манайхыг 2020 оноос хойш гайхалтай шалгасан. БХБЯ, БОАЖЯ, Газрын алба, Нийслэл, Мэрэгжлийн хяналт манай бүх юмийг шалгасан. Авлига өгсөн асуудлаар АТГ-аас намайг дуудаж шалгасан. Ер нь шалгаж болох бүх газар манайхыг шалгасан. Нууж хаах юмгүй бүх юм аа баримттай нь үзүүлчихсэн.  Тэр шалгасан байгууллагууд нь шалгалтын тайлангаа танилцуулах хэрэгтэй шүү дээ. Үнэхээр зөрчил илрүүлсэн бол бүх баримтаа тавих хэрэгтэй. Тэгэхгүй баахан шалгачихаад тэрийгээ гаргаж хэлэхгүй болохоор муухай байна.
Бид нар концесс, тендер, аливаа төрийн сан, Хөгжлийн банкнаас зээл аваагүй. Тиймээс бид нар шалгуулах яг ямар үндэслэлтэй юм бэ. Чамайг хотын захад нэг газар аваад явж байхад хөлийн улнаас эхлээд бүх юмыг чинь нэгжих ямар хэрэгтэй юм бэ. Хэрвээ тендер аваад, Хөгжлийн банкнаас зээлсэн бол би шалгуулна. Гэтэл үүний хажуугаар нөгөө БЗС-гаас зээл авсан, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүс чинь сугарч үлдээд, баярлаад сууж байна шүү дээ. Тэгэхээр биднийг ингэж хооронд нь талцуулаад байна л гэж ойлгож байна. Хэрвээ танайх ийм хууль, журам зөрчсөн гээд ороод ирвэл энэ асуудлаар би хэнтэй ч мэтгэлцэхэд бэлэн.  
-Барилга үргэлжилж байгаа юм байна. Нэлээд нүсэр шалгалтын ажиллагаа явна гэж харагдаж байгаа. Тэр нь тусдаа хуулийн хүрээнд явах асуудал байх. Үүнтэй зэрэгцээд Акуа гарден буюу "Авлига хороолол"-ыг буулга гэдэг асуудал яригдаж байгаа. Д.Сумъяабазар дарга нэр дурдсан газруудыг шаардлагатай бол нураана гэж хэлсэн дунд танай барилга явж байгаа. Гэтэл та Акуа гарденд 500 орчим айл захиалга өгсөн гэж байна. Хэрэв нураах асуудал үүсвэл хохирлын асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Би энэ дээр Д.Сумъяабазар даргыг доод талынх нь албан тушаалтнууд буруу мэдээллээр хангаад, буруугаар сумлаад байна гэж харж байгаа. Хэрвээ Д.Сумъяабазар дарга өөрөө бүх бичиг баримт, зөвшөөрлийг нь хараад явах юм бол энд ямар ч хууль зөрчсөн асуудал байхгүй. Үер усны асуудал манайхаас болоогүй гэдэг бүх зүйл тодорхой байгаа. Хууль журмын дагуу ажилласан барилгыг ямар үндэслэлээр нураахыг ойлгохгүй байгаа.
Өнөөдрийн байдлаар 24 давхар дөрвөн блок баригдчихсан байна. Үүнд аль хэдийн 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Үүнийг нураахад дахиад хэдэн төгрөгийн зардал болох вэ. Магадгүй дахиад 100 тэрбумын зардал гарах байх. Тэр мөнгө хэний халааснаас гарах вэ. Төрийн мөнгө гэж байхгүй. Та, бидний татварын мөнгөөр л нураана. Цаана нь орон сууц захиалсан 500 хүний 40 тэрбум төгрөг, компанийн хөрөнгө оруулж, зээл авсан 60 тэрбумыг төлнө. Бид нар ямар нэгэн тоталитар дэглэмтэй улсад биш ардчилсан улсад амьдарч байна. Хотын дарга байтугай Ерөнхий сайдад буруу мэдээлэл өгөөд байгаа учир тэр хүмүүс ингэж л ярина.
-Сүүлийн асуулт. Та нийгэмд манай төслийн талаар буруу мэдээлэл өгч байна, гүтгэж байна гэдэг асуудлыг ярилцлагын турш хэллээ. Тэгээд яагаад энэ асуудлууд дээрээ нэхэмжлэл гаргаад заргалдахгүй байгаа юм бэ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг та бүхний энэ байдал өөрөө нийгэмд эргэлзээ үүсгэд байна шүү дээ. Өөрсдөө асуудалтай болохоор шүүхдэж чадахгүй байна л гэж харагдаж байгаа?
-Бид нар бол барилгын компани. Үндсэн ажлаа л хийгээд явж байгаа. Ийм асуудлууд дээр ингэж худлаа ярьж явж байгаад л больчих байх, үнэн юм үнэнээрээ байгаа гээд тоохгүй явж ирсэн. Бидний урд асар их ажил байна. Нөгөө талд би хүний мууг үзье гэж бодоогүй. Нэр бүхий хүмүүсийн тавьсан илт худлаа мэдээллийг цагдаад гаргаад өглөө гэхэд бүх зүйл нь байгаа учир нотлогдоод эрүүгийн хууль эсвэл иргэний журмаар хариуцлага хүлээнэ. Ингээд чимээгүй явах хооронд улам олуулаа гүтгэж байна. Хэрэв голын гольдрол өөрчилж барилга барьсан бол би гэмт хэрэг хийсэн гэсэн үг. Гэтэл тэр бүхэн хиймэл дагуулын зураглалаар батлагдана. Бизнес хийж яваа хүний хувьд би "Замын ноход хуцаж л байдаг. Жингийн цуваа явж л байдаг" гэж бодож яваа. Тэрнээс хэн нэгнээс айгаад, эсвэл шүүх дээр хэн нэгний мууг үзэх хүсэл байхгүй.
-Ярилцсанд баярлалаа.
 
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн