...Тансаг зэрэглэлийн орон сууцанд захиалга авч байна. Хотын төвийн хамгийн үнэ цэнэтэй байршил болох ХУД-ын 15-р хороо, ҮЦХ-гийн урд байршилтай. ЕБС-ын 1-р сургууль, 130-р сургууль, Монгол-Оросын хамтарсан сургууль, Шинэ үе сургууль, ХУД-ийн 218-р цэцэрлэгтэй ойр. Наадам центр, Шангри-Ла малл, Хоум плаза зэрэг үйлчилгээний төвүүдтэй ойр. Хотхондоо 400 автомашины ил зогсоол, 414 автомашины дулаан зогсоолтой. Сагс, теннисний талбай, рольк, скитбордоор гулгах талбай, усан ориглуур, 1100 метр дугуйн замтай. Хамгийн гоё нь, нийт талбайн 31 хувь нь ногоон байгууламж, Дунд голын эрэг дагуух амралтын хэсэг, дэлхийн жишиг усан парк бүхий бүрэн цутгамал “Aqua Garden” хотхоныг танд танилцуулж байна. Эхний ээлжийн орон сууцууд 2024 оны III улиралд ашиглалтад орох бөгөөд давхраасаа хамаарч метр квадратын үнэ 4.3-5.1 сая төгрөгөөр захиалга авч байна. Та урьдчилгаа 30 хувиа төлж, гэрээ байгуулан хотхон ашиглалтад орох хүртэл графикийн дагуу төлөлт хийх нөхцөлөөр “Aqua Garden” хотхонд орон сууцтай болоорой...
Хотын төвийн “A” бүсэд байрлалтай, орчин, тохижилт сайтай ийм үл хөдлөх хөрөнгө худалдаж авбал гарцаагүй үр хүүхдэдээ өвлүүлэх хөрөнгө оруулалт болно. Гэвч ийм сайхан бүтээн байгуулалтыг гутаасан нэг л асуудал бий. Тэр нь “Авлига хороолол” гэх нэршил нь юм. Хураасан хэдээ цуглуулаад захиалга өгч, гэрээгээ байгуултал Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчсөн гээд байрандаа орж чадахгүйд хүрвэл яах вэ. Хууль зөрчиж барилга барьсан эздэд нь хандах уу, эсвэл анхнаасаа онцгой хамгаалалтын бүсэд орон сууцны газар олгосон Хотын удирдлага, энэ бүхний хажуугаар сохор, дүлий мэт явсан албан тушаалтнуудаас хохирлоо нэхэмжлэх үү.
“Авлига хороолол”-ын түүх
Усан паркийн төсөл анх гаднын мэргэжилтнүүдтэй хамтарч өөдрөг эхэлсэн байдаг. Тухайлбал, “Эм энд жи констракшн” ХХК анх 2012 онд Их Британид бүртгэлтэй “Vitala Group”-тэй усан парк, соёл амралтын хүрээлэнгийн ТЭЗҮ-г боловсруулж, төсөлд санхүүжилт босгох гэрээ байгуулжээ. ТЭЗҮ боловсруулах, санхүүгийн зөвлөх үйлчилгээ, санхүүжилт босгох төлбөрт нь 1 сая орчим ам.долларыг шилжүүлсэн байна. Улмаар “Vitala Group”-ын үүсгэн байгуулагч, доктор Вольф Виерих тэргүүтэй эрхмүүд Улаанбаатарт ирж, усан паркийн газар дээр ажиллаж, тухайн үеийн Монголын нэг бус сайд, дарга нартай уулзаж байв.
Английн “Vitala Group”-ын албан ёсны вебсайт, танилцуулгад дэлхийн 100 гаруй оронд хэрэгжүүлсэн гэх 200 гаруй төслийн танилцуулга байх аж. Эдгээрийн дунд Монгол Улсад “Эм энд жи констракшн” ХХК-ийн хэрэгжүүлж буй 186 сая ам.долларын өртөг бүхий “Шонхор цамхаг усан парк, спортын цогцолбор”-ын төсөлд архитектурын зураг төсөл, инженерчлэл, зураг төслийн тодорхойлолт, барилга байгууламжийн төлөвлөлт, стратеги төлөвлөлт, зах зээлийн судалгаа, ТЭЗҮ, санхүү эдийн засгийн үндэслэл, тайлан, хөрөнгө оруулагч, санхүүжилт олох үйлчилгээ үзүүлсэн гэжээ.
“Vitala Group”-ын танилцуулгад 1983 оноос хойш олон улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүсгэн байгуулагч Вольф Виерих нь 1967 оноос хойш амжилттай яваа, нөлөө бүхий хөрөнгө оруулагч гэж онцолсон байна.
Гэвч олон улсын хэмжээнд явагдаж байгаа санхүүгийн луйврын схемийг мөшгөж, хөрөнгө оруулагчдад сэрэмжлүүлэх зорилготой “defaulters.com” вебсайт болон энэ төрлийн “Reddit” хуудсуудад “Vitala Group” болон үүсгэн байгуулагч Вольф Виерих нь ихэвчлэн Ази, Африкийн орнуудад залилан хийдэг, хэд хэдэн оронд эрэн сурвалжлагдаж байгаа талаар анхааруулжээ. Түүнчлэн, тус компани албан ёсны вебсайтдаа олон улсын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэт хуурамч мэдээлэл байршуулсны дотор Монголын томоохон хэвлэлүүдийн нэг болох “NEWS.mn” агентлаг Өмнөд Африкт хэрэгжүүлж буй төслийнх нь талаар мэдээлж байсан мэтээр худал мэдээлэл байршуулсан байх жишээтэй. 
Манай редакц “Эм энд жи констракш” ХХК-иас энэ талаар тодруулахад “Английн Витала групп 2012 онд усан паркийн санхүүжилтийг олж өгнө, ТЭЗҮ хийж өгнө хэмээн тухайн үед 1 сая орчим ам.долларын санхүүжилтийг авсан боловч хөрөнгө оруулагч олж өгөх, ТЭЗҮ хийх зэрэг асуудалд маш хариуцлагагүй хандаж их хэмжээний мөнгө аваад алга болсон. Одоо төслийн хөрөнгө оруулалтад ямар ч хамаарал байхгүй. 2012 онд гэрээ байгуулснаас хойш эргэж огт холбогдоогүй” гэх тайлбарыг өгсөн юм.
Товчхондоо, “Эм энд жи констракш” ХХК усан паркийн төслийн ТЭЗҮ-г хийлгэж, санхүүжилт босгохоор Их Британийн “Vitala Group”-д 1 сая ам.доллар өгсөн боловч, залилуулсан болж таарч байна. Өөрөөр хэлбэл, анхнаасаа усан паркийн ТЭЗҮ огт хийгдээгүй, энэ бүтээн байгуулалтыг хийх нарийн төлөвлөгөө огт байгаагүй бололтой.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлээр дагнан бичдэг “Ergelt.mn” өмнө нь усан парк төслийн захиалагч “Эм энд жи констракшн” ХХК-ийн ерөнхий захирал асан, ерөнхий гүйцэтгэгч “БҮТИ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Батжаргалын төрсөн ах Г.Даваадагва нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон түүний эхнэр Д.Энхгэрэлтэй хамт 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг төгссөн, дотнын найзууд талаар мэдээлсэн. 
https://sport.gov.mn/competitions/i/1091/
Тэгвэл усан паркийн эздийн өөр нэг улс төрийн нөлөө бүхий хамаарал байж болзошгүй баримтыг хүргэе. Дээр өгүүлсэнчлэн, “Vitala Group”-ын үүсгэн байгуулагч Вольф Виерих Улаанбаатарт ирэхдээ тухайн үеийн ЗТБХБ-ын сайд буюу Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, БОАЖ-ын сайд асан Л.Гансүх нартай уулзаж байж. Харин Г.Батжаргал нь нэгэн цагт Үндэсний жүдо бөхийн шигчээ багт харьяалагдаж явсан тамирчин хүн юм.
Тиймээс усан парк, түүнийг тойрсон газрын маргааны асуудалд анхнаасаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөө байсан уу гэх хардлага гарна. Эсвэл Г.Батжаргал жүдо бөхийн шигшээд харьяалагдаж явсан намтраараа Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчид ойртож, Монгол Улсын сайд нарыг луйвар хийгээд зугтсан “Vitala Group”-ийн үүсгэн байгуулагчтай танилцуулав уу.
Компанийн зүгээс Г.Батжаргал нь өдгөө компанид хамааралгүй, Х.Баттулгатай бизнес, танилын хамаарал байхгүй гэх тодруулгыг өгсөн. “Эм энд жи констракш” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан манай редакцад бичгээр ирүүлсэн тайлбартаа “Vitala Group”-тэй 2012 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, залилуулсан гэж мэдэгдсэн. Гэвч усан паркийн газар эзэмших гэрчилгээг цуцлах тухай НЗД-ын 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн Дугаар А/1155 захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан “Эм энд жи констракш” ХХК-ийн нэхэмжлэл бүхий 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн Дугаар 128/ШШ2021/0147 шүүхийн тогтоолд дурдсанаар нэхэмжлэгчийг төлөөлөгч нь “2013 онд газар эзэмших гэрчилгээг дахин авсны дараа “Vitala Group"-т 890.000 орчим ам.доллар төлж ТЭЗҮ хийлгэсэн” гэж мэдүүлж байжээ. Тиймээс “Эм энд жи констракш” ХХК хэвлэлд ташаа мэдээлэл өгөв үү, эсвэл Монгол Улсын шүүхэд худал мэдүүлэв үү гэдэг эргэлзээ үүсгэж байна. Түүнчлэн 2012, 2013 онууд нь УИХ-ын ээлжит сонгуулийн цикль байгаа нь сэжиг төрөх үндэслэл болж байгаа юм. Барилгын компаниуд ажлаа явуулахын тулд улстөрчдийг найрдаг, сонгуулийг нь санхүүжүүлдэг. Гишүүн болоод эргээд асуудлыг нь шийдэж өгдөг жишиг Монголын улс төр, бизнест тогтсон. Манай топ бизнесмэнүүд яагаад улстөрчидтэй сүлбэлдээд байдгаас ч тод харагдана. Үе, үеийн хотын дарга нар хэдхэн бизнесмэнд Улаанбаатар хотын хамаг өнгөтэй өөдтэй газрыг хуваасан шиг “Авлига хороолол” улс төр-бизнес сүлбэлдсэн схемийн нэг хэсэг байж болзошгүй.
Хотын захиргаа нь, Байгаль орчны сайд нь удаа дараа хууль зөрчсөн гэж мэдэгдээд байгаа ч компани ажлаа үргэлжлүүлсээр байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай тэмцэх зорилго тавьсан. Энэ хүрээнд хууль бусаар газар олгосон, авсныг нь илчилж, хариуцлага тооцно гэж мэдэгдээд буй. Бүтэн жил "Авлига хороолол" гэх нэршил аваад байгаа усан паркийн газрыг, эздийнх нь хууль бус ажиллагааг шалгахаас авлигатай тэмцэх, газрын наймааг цэгцлэх ажил эхлэх учиртай. Хууль хяналтын байгууллага хамгийн түрүүнд "Авлига хороолол"-ыг анхааралдаа авч, шалгаж байгаа биз!